Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   10 сарын 20, 2017

Хайрцгаас гадуур сэтгэхэд туслах 6 арга

Ямар ч байгууллага, ямар ч баг шинэ санаа гаргах үедээ "гацаанд" орох нь бий. Ялангуяа төсөл, бүтээгдэхүүнийг эхлүүлэхэд бидний сонсдог нийтлэг асуулт бол "Ямар санаа байна?" хэмээх асуулт юм. Даанч үүний хариулт болгож хэдэн ч цаг суусан, хэдэн ч удаа ярилцсан, нэг л мухардалд ороод байгаа мэт санагдвал дараах 6 аргыг хэрэглээд үзээрэй гэж зөвлөе.

Мөн дараах нийтлэлийг уншихын өмнө та шинэ санаа гаргах үед анхаарах 4 дүрмийг баримталдаг эсэхээ бодоод үзээрэй. Үүнд шүүмжлэхгүй байх, ямар ч "тэнэг" санаа байсан эергээр хүлээж авах, чанартай байхаас илүү хэр их санаа гарч байгаад анхаарлаа хандуулах, хэд хэдэн санааг нэгтгэн шинэ санаа чөлөөтэй гаргах зэрэг багтана. Эдгээр үндсэн дүрмийг баримтлаагүй нөхцөлд ямар ч арга, техник хэрэглэсэн гэсэн та өөрийн хүсэж буй шинэлэг, гайхалтай санааг олж авахад хэцүү байх болов уу.

1. ХОЛБОО ҮҮСГЭХ АРГА

Энэхүү арга нь тэс ондоо зориулалттай эд зүйлсийн холбоог хүчээр олж шинэ санаа гаргахад чиглэгдсэн юм. Иймэрхүү сэтгэлгээний арга нь Apple Watch, ухаалаг гар утас, сандал болж хураагддаг ор гэх мэтчилэн олон зүйл дээр ашиглагдсан байдаг.

Хэзээ: Гарч буй санаанууд хэвшмэл эсвэл хуучин санагдах үед
Яаж:
- Асуудал, ажилтай тань ямар ч хамааралгүй эд зүйлсийг цуглуулах эсвэл үгсийг жагсааж бичээрэй. Хүмүүсийн санаанд оромгүй зүйл байх тусмаа сайн шүү. Мөн толь бичгээс нүдээ аньж байгаад үг сонгох, хүн бүр ямар ч хамаагүй нэг зүйл авчрах, зураг сонгоод түүнийг проектороор харуулах гэх мэт бага зэрэг өөрчлөн туршиж болно.
- Хэрвээ эд зүйлс худалдан авсан бол түүнийгээ нэг уутанд хийгээд сонгуулах, харин үг жагсааж бичсэн бол голдоо тавиад сонгуулаарай. Үүний дараагаар бидний "бүтээлч" процесс эхэлнэ. Хүмүүс зааж өгсөн хугацааны дагуу асуудал болон сонгосон зүйлс хоёроо хооронд нь холбож шинэ санаа, шийдлийг бодож олох юм. Жишээ нь, уутнаас баавгайн чихмэл сонгосон байлаа гэхэд тэр чихмэл хэрхэн таны төсөл эсвэл ажилд яаж хувь нэмрээ оруулж болох вэ? гээд бодоод эхэлнэ дээ.

2. "BRAINWRITING" АРГА

Энэ нь санааг ярихаас илүү бичиж гаргахад суурилсан арга юм. Хүмүүс өөрт байгаа санааг цаасан дээр буулган багийн гишүүддээ дамжуулах бөгөөд түүн дээр багийнхан өөрчлөх, нэмэх зүйлсээ бичээд дахин дамжуулах маягаар явагддаг. Хэдийгээр бичих нь ярихаас илүү удах мэт санагдаж болох ч ярих үед хэрэгцээгүй зүйл хэлэлцэж цаг алдах нь элбэг тул харин ч олон санаа бичсэнээр гарах нь бий. Мөн заавал бичих гэлтгүй зураг зураг маягаар явуулж болдог. "Бүтээлч" хөдөлмөр эрхэлдэг хүмүүс зурах хэлбэрийг нь түлхүү ашигладаг бөгөөд та ч мөн өөрийн мэргэжил, ажилдаа тохируулан эдгээр санааг өөрчлөх боломжтой шүү.

Хэзээ: Хурдан хугацаанд олон санаа гаргах хэрэгтэй үед
Яаж:
- Шаардлагатай материалууд болох цаас, үзэг/харандаа зэргийг тарааж өгнө. Хэр олон хүн байгаагаас шалтгаалж цаасны хэмжээг тохируулан сонгоно.
- Ерөнхий процессоо тайлбарлана. Жишээ нь, 1 цаасан дээр Х минут, нийт X удаа тойрно, баруун эсвэл зүүн гар талруу дамжуулна гэх мэт.

Энэ аргын хамгийн алдартай хувилбар нь 6-3-5 буюу 6 хүнд 5 минутын турш 3 санаа бичих даалгавар өгч нийт 6 удаа солилцдог хэлбэр юм. Ингэснээр 30-хан минутын дотор нийт 108 санаатай болж амждаг байна.

3. 6 МАЛГАЙНЫ АРГА

"Six Thinking Hats" буюу 6 малгайн аргыг сэтгэл судлаач, зохиогч, зөвлөх Эдвард Де Боно гаргасан бөгөөд хүмүүсийг хэн нэгний оронд өөрсдийгөө тавьж асуудалд хандахад тусалдаг. Санаа, асуудал, хэлэлцэх зүйлсээ 6 хэсэг буюу 6 малгайд хуваах юм. Багийн гишүүн бүр эдгээрээс нэгийг өмсөх бөгөөд зөвхөн тухайн малгайд тохирсон үзэл бодол, өнцгийг илэрхийлнэ. Жишээ нь, та хар малгайг өмсөж байгаа бол тухайн төсөл, санааны сул тал, гарч болох бэрхшээлүүд зэргийг сайтар бодож, эргэцүүлэх ёстой юм. Магадгүй анх удаа туршихад ийм хязгаарлагдмал өнцгөөс асуудалд хандахад эвгүй санагдаж болох ч тэдгээрийг сайтар илэрхийлснээр тухайн асуудлыг сайтар ойлгох юм.

Хэзээ: Шийдвэр гаргах шаардлагатай үед
Яаж:
- 6 малгай бүрийн үүргийг хүн бүр сайтар ойлгосон эсэхийг бататгаад малгайг хуваарилна.
- Малгай бүрд бэлдэх тодорхой хугацааг өгөх ба үүний дараагаар танилцуулах цаг болон дарааллыг тохируулан малгай бүрийн санал, бодлыг сонсоно.
- Эдгээр төрөл бүрийн үзэл бодол дээр тулгуурлан тохиромжтой шийдлийг ярилцана.

4. "СКАМПЕР" АРГА

"S.C.A.M.P.E.R" нь ямар ч санааг сайжруулах, өөрчлөх, туршиж үзэх, үр дүнтэй эсэхийг шалгахад тохиромжтой арга юм. Үсэг бүр нь асуудлыг өөрөөр харах нэг өнцгийг илэрхийлдэг бөгөөд дагалдан асуулттай. Асуулт бүр урд тань байгаа зүйлийн талаар илүү гүн таниулж, шинэ бололцоог нээн илрүүлэхэд туслах болно.

Хэзээ: Шинэ санаа гаргах, одоо байгаа санааг сайжруулах
Яаж:
- Хэлэлцэх асуудлаа сонгосны дараагаар үсэг бүрийн өнцгөөс асуудалд хандана.
S - Substitute буюу орлуулах: Хэрвээ X-ийг Y-аар сольчихвол манай төсөлд ямар өөрчлөлт орох вэ?
C - Combine буюу нэгтгэх: Хэрвээ X болон Y хоёрыг нэгтгэчихвэл юу болох вэ?
A - Adapt буюу : Энэ төслийг өөр салбар луу хөрвүүлэхэд ямар өөрчлөлтүүд хийх шаардлагатай вэ?
M - Modify буюу: Илүү үнэ цэн нэмэхийн тулд, сайжруулахын тулд бид ямар өөрчлөлтүүд хийх хэрэгтэй вэ?
P - Put to another use буюу өөр зүйлд ашиглах: Энэхүү төсөл нь өөр ямар зүйлд ашиглаж болох вэ?
E - Eliminate буюу хасах: Илүү энгийн, хялбар болгохын тулд юуг хасаж болох вэ?
R - Reverse буюу : Энэ төслийг яаж дахин өөрчилснөөр илүү үр дүнтэй болгох вэ?

Скампер техниктэй холбоотой нэмэлт асуултуудыг эндээс үзээрэй.

5. БОЛОМЖГҮЙГ ТӨСӨӨЛӨХ АРГА

Хэзээ ч бүтэхээргүй, амьдралд буухгүй санаа хүн бүрд байдаг ч тэрийгээ хэлээд байдаггүй. Тэгвэл энэ удаад түүнийгээ харин ч зарлах хэрэгтэй болох нь ээ. Энэхүү тоглоом нь танай багийн урам сэтгэмжийг нэн тэргүүнд тавих бөгөөд тулгараад байгаа асуудалд хамгийн "солиотой" шийдлүүдийг олоход зорино.

Хэзээ: Шинэлэг санаа хайж байгаа үед
Яаж:
- Энэхүү техникийг бичиж эсвэл ярьж хэрэгжүүлж болох ч санааг шүүмжлэх явдал гарах магадлал өндөр тул бичих нь тохиромжтой байж магад.
- Тодорхой хугацааны турш хүн бүр санаагаа хуваалцаад дараа нь бүгд эхнээс нь хэлэлцэнэ. Ингэхдээ эдгээр санааг "газарт буулгаж", нарийвчлан хэлэлцэх нь зүйтэй. Энэ санааг боломжгүй болгоод байгаа зүйл нь яг юу вэ?, Яаж хүрээг нь багасгаж болох вэ? Яаж зарим хэсгийг нь бусад санаан дээрээ нэмж боловсруулах вэ? гэх мэт асуултад хариулаад үзээрэй.

6. ЗУРАГЛАХ АРГА

Энэ арга нь асуудал болон боломжит шийдлийн талаар хэр зэрэг ойлголттой байгаагаа мэдэх мөн юун дээр илүү ажиллах хэрэгтэй байгаагаа олж харахад тохиромжтой. Визуал маягаар ингэж асуудлыг харснаар түүн доторх санаа, үйл явц хоорондоо хэрхэн холбогдож байгааг хүмүүс сайн олж хардаг ба улмаар шийдвэр гаргахад илүү хялбар болно.

Хэзээ: Асуудлыг эмх цэгцтэйгээр харах шаардлагатай үед
Яаж:
- Шаардлагатай материалууд буюу үзэг, харандаа болон наадаг цааснуудыг бэлэн болгох хэрэгтэй. Мөн наадаг цааснуудаа ханан дээр наах боломжгүй бол том цаас авчрах нь зүйтэй.
- Хүн бүр хүссэн тооны цаасаа аван санаагаа чөлөөтэй бичих ба энэ хугацаанд хэн ч санааг хэлэлцэх эсвэл шүүмжилж болохгүй.
- Бүгд бичиж дууссан бол санаагаа хэрхэн ангилах эсвэл дараалуулах тал дээр хэлэлцэн хуваарилна.

Хөтөлбөр, пресентаци болон илтгэл тавих үед энэ аргыг түлхүү хэрэглэдэг.

55979   3


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.