Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   10 сарын 22, 2017

7 хоногийн тойм: Хятадын "шинэ эрин" + #MeToo хөдөлгөөн + Биткойны галзуурал

Сүүлийн өдрүүдэд дэлхий дахины анхаарал Бээжин тийш зүглэв.

Дэлхий дахинд

Дэлхий нийтийн анхаарал энэ өдрүүдэд Бээжин хот руу чиглэж байна. Энд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орныг удирддаг коммунист намын 19-р их хурал эхэлсэн юм. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жинпинг 3 цаг гаруй үргэлжилсэн нээлтийн үгээрээ дамжуулан "шинэ эрин" эхэлснийг тунхаглаж, ирэх таван жилд Хятад улс олон улсын харилцаанд "гол тоглогч" болох болно хэмээн зарлан, технологи инновацийг хөгжүүлэх бодлогыг тэргүүн эгнээнд дэвшүүлж, хүрээлэн буй орчинд ээлтэй, авлигыг бүрэн халсан ухаалаг нийгмийг бий болгоно хэмээн мэдэгджээ. Таван жил тутамд хуралддаг тус хурлаас ирэх жилүүдэд Хятадыг удирдах, цаашилбал 2022 онд Ши Жинпиний халааг авах удирдлагын багийг бүрдүүлнэ гэдгээрээ мөн чухал ач холбогдолтой байгаа. Намын гол удирдах институт улс төрийн товчооны байнгын хорооны 7 гишүүний талаас илүү нь "тэтгэвэрт гарч", ажлаа өгөх учир шинэ лидерүүдийн нэрс ч тодорхой болно. 24-ний өдөр хүртэл явагдах их хурлын төгсгөлд намын 90 сая гишүүдийг төлөөлөн Бээжинд цугласан 2300 төлөөлөгч улсын ирэх таван жилийн төлөвлөгөөг батлан гаргах учиртай билээ.

CNN: Хятадыг удирдах шинэ лидерүүдийг шинжихүй
QZ: Ши Жинпиний 3 цагийн илтгэлийг таван минутанд багцлах нь

Өнөөдөр Италийн хамгийн баян мужууд болох Ломбарди болон Венето иргэдийнхээ дунд автономит эрхийн төлөөх бүх нийтийн санал асуулга явуулж байна. Милан нийслэлтэй Ломбарди, Венеци нийслэлтэй Венето Италийн ДНБ-ийн 30 хувийг дангаараа бүрдүүлж, сул эдийн засагтай бусад мужуудад ихээхэн дэмжлэг үзүүлдэг. Гэвч тэд Ромын засаг захиргаанаас төсвийн зарцуулалт, боловсрол, эрүүл мэнд, цагаачдын бодлого дээр илүү их эрх мэдэл, илүү эрх чөлөөтэй шийдвэр гаргалтын механизмыг хүсэн энэхүү санал асуулгыг явуулж байгаа юм. Сонирхуулахад, Италийг бүрдүүлдэг 20 мужаас Сардин, Сицили зэрэг 5 муж нь автономит эрхтэй байдаг гэнэ.

CNN: Итали дахь олон нийтийн санал асуулгыг тайлбарлах нь

Норвегийн ерөнхий сайд Эрна Солберг шинэ гадаад хэргийн сайдаараа өмнө нь батлан хамгаалах салбарыг тэргүүлж байсан Ине Эриксенийг томилсноо зарлалаа. Ингэснээр тус улсын ерөнхий сайд, сангийн сайд, гадаад хэргийн сайд гэсэн топ гурван албан тушаалыг дан эмэгтэйчүүд хаших боллоо. Энэ үйл явдлыг "түүхэн" хэмээн олон улсын шинжээчид онцлон тэмдэглэсээр байгаа юм. Сонирхуулахад, өмнө нь гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Борге Бренде Дэлхийн Эдийн Засгийн Форумын ерөнхийлөгчөөр ажиллах болсон билээ.

Өнгөрөгч долоо хоногт үүнээс гадна Шинэ Зеланд улс эмэгтэй ерөнхий сайдтай болж, 37 настай Жасинда Ардерн тус улсын түүхэн дэх хамгийн залуу удирдагч болжээ. Түүний тэргүүлдэг "Хөдөлмөрийн Нам" өнгөрсөн 9 сард явагдсан сонгуулиар 37 хувийн саналыг авч суудлын тоогоороо хоёрт жагссан. Аль ч нам олонх болж чадаагүй энэ сонгуулийн үр дүнд эвсэл байгуулах шаардлагатай болсон бөгөөд 8 суудал авсан Шинэ Зеландын Ногоон Нам тэднийг дэмжсэнээр удаан хугацаанд засгийн эрхийг барьсан Үндэсний Намыг буулгах нөхцөл үүсжээ. Жасинда нь маш хурдан хугацаанд улс төрийн тавцанд тодорсон залуу удирдагч бөгөөд түүний энэхүү амжилтыг хүмүүс "Жасиндаманиа" хэмээн хүртэл нэрлээд амжжээ.

Эмэгтэй манлайлагчид: Норвегийн сангийн сайд Сив Женсен, гадаад хэргийн сайд Ине Эриксен, ерөнхий сайд Эрна Солберг нар

Улс төрийн тогтворгүй байдал - террорист халдлагууд

Террорист бүлэглэлүүдийн төв болсон, улс төрийн маш тогтворгүй нөхцөлтэй Сомали улсын Могадишу хотноо хоёр дараалсан дэлбэрэлт болж 276 хүн амиа алдан 300 хүн шархадсан гунигт үйл явдал тохиолоо. Энэ нь 2007 оноос хойш энэ улсад болсон хамгийн том халдлагад тооцогдох бөгөөд үүний ард Аль Кайдагийн холбоотон болох Аль-Шабаб бүлэглэл байсан хэмээн олон хүмүүс таамаглаж байна. Үйл явдалтай холбогдуулан Сомалийн ерөнхийлөгч 3 өдрийн гашуудал зарласан бөгөөд "Өнөөдрийн аймшигт халдлага бидний дайснууд манай ард түмэнд зовлон шаналал учруулахын тулд юу ч хийхээс буцахгүй гэдэг нь харагдлаа. Терроризмийн эсрэг хамтдаа тэмцэцгээе" хэмээн твиттер хуудсандаа бичжээ. Хэдийгээр сүүлийн жилүүдэд АНУ болон Африкийн Холбоо Сомалид 20 мянга гаруй цэргийг байршуулж алан хядагч бүлэглэлүүдтэй тэмцсээр байгаа ч үр дүн муутай байсаар байгаа гэдгийг энэхүү үйл явдал батлан харууллаа.

CNN: Аль Шабаб бүлэглэл Сомалиас юу хүсэж байна вэ?

Зөвхөн өнгөрсөн долоо хоногт болсон хэд хэдэн удаагийн халдлага, амиа золиослогчдын үйлдлийн уршгаар 200 гаруй хүн Афганистанд амь насаа алдлаа. Трампын захиргаа америк цэргүүдийг тус улсын нутаг дэвсгэрт үргэлжлүүлэн байршуулахаа мэдэгдсэний дараагаар үүнд эгдүүцсэн талибанчууд Афганыг "оршуулгын газар" болгоно хэмээн заналхийлсэн юм. Хамгийн сүүлд Кабулд цэргийн академийн сонсогчдын сууж явсан автобус болон сүмд залбирал үйлдэж явсан хүмүүсийн ойролцоо амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлж 70 гаруй хүний аминд хүрсэн байна.

АНУ-ын Мэриланд мужид удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан 37 настай эр ажил дээрээ 5 хүн рүү гал нээн гурвыг нь хороосон харамсалтай хэрэг боллоо. Амиа алдагсдын дунд 53 настай монгол эр байсан нь олон нийтийг цочроов. Түүнийг 19-ний өдөр Делавэйр мужид байхад баривчилсан ба зугтаж байх хугацаандаа бас нэгэн хүний аминд хүрсэн нь тогтоогдоод байна. Хэрэгтний сэдэл, яагаад ийм гэмт хэрэг хийх болсон нь одоо болтол тодорхойгүй байна.

Каталоны хямрал үргэлжилсээр. Испанийн ерөнхий сайд Мариано Рахой үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу Каталоны засгийн газрыг тарааж, удирдагчдыг ажлаас нь чөлөөлөх төлөвлөгөөтэй байгаагаа зарлалаа. Хуулийн дагуу Испанийн сенат энэ асуудлыг хэлэлцэх бөгөөд олонхыг бүрдүүлж буй гол намууд бүгд ерөнхий сайдыг дэмжиж байгаагаа илэрхийлээд байгаа юм. Энэ үйлдлийг Каталоны ерөнхийлөгч Карлес Пучемон "ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэсэн, увайгүй үйлдэл" хэмээн тодорхойлж, эрх чөлөө-тусгаар тогтнолынхоо төлөө үргэлжлүүлэн тэмцэнэ гэдгээ мэдэгджээ. Энэ өдрүүдэд Каталоны төв талбайд бараг хагас сая хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал явагдаж байна. 10-р сарын 1-нд явагдсан бүх нийтийн санал хураалтын дүнд Каталоны нийт иргэдийн 90-ээс илүү хувь нь тусгаар тогтнохыг дэмжсэн ч Мадрид үүнийг "хууль бус" үйлдэл хэмээн үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байсаар байгаа билээ.

BBC: Каталонд юу өрнөж байна вэ?

"Сэтгэл өвтгөм" -Дараалсан халдлагын дараах Могадишу хот

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Bitcoin-ий үнэ анх удаа 6000 долларын босгыг давлаа. Зөвхөн энэ жил 500 хувийн өсөлтийг үзүүлээд буй энэхүү цахим мөнгөн тэмдэгтийн нийт зах зээлийн үнэлгээ 100 тэрбум долларыг давсан нь энэ аж. Сонирхуулахад, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тус улсын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрөгдөх крипторублийг бүтээхийг холбогдох байгууллагуудад даалгасан тухай эх сурвалжууд мэдээлж эхэлжээ.

Vanity Fair: Би биткойн авах хэрэгтэй гэж үү?

Элон Маскийн санаачилсан олон "гайхалтай" төслүүдийн нэг The Boring Company олон нийтэд зориулсан анхны туннелиэ ухах зөвшөөрлөө авлаа. Мэриланд мужийн захиргаа газар доогуур туннель гаргах замаар тээврийн шинэ гарцыг бий болгох The Boring Company-ийн төслийг дэмжиж ажиллахаа мэдэгдэж, 17 км газарт үйл ажиллагаа явуулах эрх өгчээ. Гэхдээ тэд ямар нэгэн санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ онцгойлон дурдсан байна.

QZ: Маскийн "уйтгартай" компани юуг зорьж байна вэ?

Тус тусын салбартаа манлайлагч Apple болон GE шинэ хамтын ажиллагаа эхлүүлж байгаагаа зарлалаа. Тэд олон салбарт мэдлэг солилцох хөтөлбөр хэрэгжүүлж, шинэ төслүүд явуулахаас гадна Apple-ийн төхөөрөмжүүдийг GE-ийн 330 мянга гаруй ажилчид бүгд ашиглаж эхлэх гэнэ. Сүүлийн жилүүдэд корпорацийн хэрэглэгчид рүү онцгойлон анхаарах болсон Apple IBM, SAP, Cisco-той мөн ийм нөхцөлтэй хамтран ажиллаж байгаа гэнэ.

Технологийн тэргүүлэх компаниуд улирлын тайлангаа зарлаж эхэллээ. Санхүүгийн технологийн тэргүүлэгч Paypal аналистуудын тооцоолсноос өндөр амжилт үзүүлж, хувьцааны үнэлгээ нь 4 хувиар өссөн байна. Тэд 3.24 тэрбум долларын борлуулалт хийж, үйлчилгээгээрээ дамжуулан нийт 114 тэрбум долларын гүйлгээг хүлээн авсан нь өнгөрсөн жилээс 30 хувиар өссөн үзүүлэлт болсон аж. Trello, Stripe зэрэг байгууллагын менежментийн хэрэгслүүдийг эзэмшигч Atlassian-ий төлбөрт хэрэглэгчид 100 мянга давж, борлуулалтын орлого нь 200 сая доллар дөхсөн нь мөн л шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт байлаа. Онлайн худалдааны гол платформуудын нэг eBay-ийн борлуулалт 8 хувиар өсөж 2.4 тэрбумд хүрсэн ч хэрэглэгчдийн өсөлт нь удааширч, зардал буурахгүй байгаатай холбогдуулан тайлангаа зарласны дараа хувьцааны үнэлгээ нь 5 хувиар буурсан байна.

Түгжрээн дунд "уйтгарлаж" суухдаа олсон гэх The Boring Company-тай танилцаарай.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Такси үйлчилгээний тэргүүлэх стартапуудын нэг Lyft 11 тэрбум долларын үнэлгээтэйгээр 1 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг шинээр татлаа. Uber-ийн хямрал үргэлжилсээр буй цаг үетэй зэрэгцэн үйл ажиллагаагаа 2 дахин тэлж, өдгөө 500 сая гаруй удаа хэрэглэгчдэд үйлчилсэн гэдгээ зарласан Lyft-д Google-ийн толгой компани Alphabet хөрөнгө оруулж байгаа нь энэ юм. Хамгийн сүүлд Lyft 4-р сард 7,5 тэрбум долларын үнэлгээтэйгээр 600 сая долларын босгоод байсан билээ.

Fool: Яагаад Alphabet Lyft-д хөрөнгө оруулав?

Нээлттэй эхэд суурилсан өгөгдлийн сангийн платформ MongoDB IPO-оо амжилттай хийж, 192 сая долларыг босгож чадлаа. Эхний өдрөө л 32 хувийн өсөлтийг үзүүлсэн тэдний зах зээлийн үнэлгээ 1.6 тэрбум доллар болж байна. Adobe, eBay, Citi зэрэг томоохон компаниудын датабаазыг хариуцан ажилладаг тэд өнгөрсөн жил 101 сая долларын борлуулалттай ажилласан гэнэ.

MarketWatch: MongoDB-ийн талаар мэдвэл зохих бүх зүйлс

Зүүн Өмнөд Азийн хамгийн өндөр үнэлгээтэй технологийн стартапуудын нэг SEA Нью Йоркийн хөрөнгийн биржээс 884 сая долларыг амжилттай босголоо. Garena нэртэйгээр өмнө нь үйл ажиллагаагаа явуулж байсан, онлайн тоглоомын зах зээлээс гол орлогоо бүрдүүлдэг тэд онлайн худалдааны салбарт ч амжилттай ажиллаж буй. IPO-ийн эхний өдөр тэдний нэгж хувьцааны үнэлгээ 8 хувиар өсжээ.

Фэйсбүүк хэрэглэгчдэдээ өөрийн хуудсанд тодорхой сэдэв, ангилал бүхий багц цуглуулга үүсгэх боломж олгох Sets нэмэлтээ туршиж байгаа гэнэ. Энэ нь тэд Pinterest-тэй шууд өрсөлдөгч болж байгаа гэсэн үг юм. Одоогоор хэд хэдэн оронд туршиж байгаа энэ нэмэлтээ тэд оны сүүлээр нээлттэй болгох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Фэйсбүүк өрсөлдөгчдийнхөө гол нэмэлтүүдийг "хуулбарлаж", өөрсдөдөө нутагшуулах тал дээр ихээхэн туршлагатай болж буй. Тэд Snapchat-тай Stories, Yelp-тэй ресторан хайлтаар, Youtube-тэй Facebook Watch-аа гаргаж "өрсөлдөж" байгаа нь үүний илрэл. Хамгийн сүүлд тэд эргэн тойронд өрнөж буй гол мэдээллүүдийг хүлээн авах боломж олгосон Explore нэмэлтийг санал болгож эхэлсэн билээ.

Gmail таны бүх имэйлээ шалгадаг нэгдсэн цэг болохыг хүсэж байна. Тэд анх удаа Yahoo, Hotmail зэрэг бусад платформууд дээрх имэйлээ Gmail-ээсээ шалгаж болдог нэмэлтийг туршиж эхэлснээ зарлалаа. Хэрвээ та хүсвэл тэдний бета хувилбарыг ашиглаж, туршилтанд оролцож болно гэнэ шүү.

Энэ зуны хамгийн эрэлттэй сошиал апп байсан TBH-ийг Фэйсбүүк худалдаж авлаа. Голдуу ахлах сургуулийн сурагчдын ашигладаг энэ аппийн нэр нь "to be honest" гэдэг үгээс гаралтай бөгөөд нэрээ нууцлан бусдын талаар санал сэтгэгдлээ хуваалцах боломжийг олгодог аж. Фэйсбүүк илүү залуу сегмент рүү чиглэж, тэднийг ойлгох зорилготой энэхүү шилжилтийг хийж байна хэмээн мэргэжилтнүүд үзжээ.

Нээлттэй эхийн нөлөө: MongoDB IPO-оо амжилттай хийсэн нь

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

20-р зууны утга зохиолын салбарын хамгийн гол төлөөлөгчдийн нэг, Чилийн нэрт яруу найрагч Пабло Нерудаг хорт хавдрын улмаас бус "гадны нөлөөтэйгөөр" нас барсан болохыг шинжээчид тодруулсан байна. 1973 онд А.Пиночетийн төрийн эргэлт өрнөснөөс хэдхэн хоногийн дараа түрүү булчирхайн хорт хавдраар нас барсан гэгддэг түүнийг жолооч нь "алуулсан гэдэгт эргэлздэггүй", Мексик руу зугатахаар төлөвлөж байсан ч амжаагүй, нас барсан өдрөө унтаж байхад нь гэдэс рүү нь шингэн шахсан тул эмнэлэг явах хэрэгтэй байна гэж хэлж байсан хэмээн мэдэгдсээр байсан юм. Улмаар олон улсын шинжээчдээс бүрдсэн баг 2013 онд түүний цогцсонд шинжилгээ хийх зөвшөөрөл авч, улмаар үр дүнгээ танилцуулсан юм. Тэд ойрын хугацаанд түүний үхлийн шалтгааныг нарийвчлан тодорхойлно гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ. Сонирхуулахад, Пиночетийн өмнөх ерөнхийлөгчийн дотны найз байсан Пабло Неруда 1971 онд Нобелийн шагналын эзэн болж байсан юм.

BBC: Пабло Нерудагийн үхлийн нууцын эрэлд

Холливудын могул Харри Вейнштейнтэй холбоотой шуугиан дэгдсэнээс хойш бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах, тэднийг дэмжих хөдөлгөөн улам бүр хүчээ авсаар байна. Өмнө нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн ч түүнийгээ хэнд ч мэдэгдэлгүй нууж байсан эмэгтэйчүүдийг ил гарч, түүхээ хуваалцан, бие биедээ дэмжлэг үзүүлэх, энэ явдлыг таслан зогсоох сэдлийг нийгэмд төрүүлэх зорилго бүхий #MeToo хөдөлгөөн энэ долоо хоногийн сошиал медиагийн хамгийн гол сэдэв байв. Өөрийн хувийн хуудсаар түүхээ хуваалцаж, дэмжлэгээ нэмэрлэсэн #MeToo хаштаг ашигласан пост 24 цагийн дотор 12 сая удаа нийтлэгдсэн бөгөөд дэлхий даяар хүчээ авч, 5 сая гаруй хүн нэгдээд байгаа аж.

ABC: #MeToo хөдөлгөөний талаар

Британийн утга зохиолын тэргүүн шагнал болох Man Booker Prize-ийн түүхэнд дөнгөж 2 дахь удаагаа америк зохиолч ялагч боллоо. Америкийн зохиолч Жорж Саундерс энэ оны 2-р сард гаргасан Lincoln in the Bardo нэртэй зохиолоороо энэ жилийн шагналыг хүртсэн байна. Саундерсийн уг номонд Америкийн ерөнхийлөгч Линкольний иргэний дайны үед хүүгээ алдсан гунигт үйл явдлыг 166 сүнсний түүх, яриагаар дүрслэн үзүүлсэн байдаг ажээ.

Playboy сэтгүүл 64 жилийнхээ түүхэнд анх удаа трансжендер моделийг сэтгүүлийнхээ нүүрэнд гаргах болсноо зарлалаа. Үүсгэн байгуулагч Хью Хефнер нь таалал төгссөнөөс хойш гарах эхний дугаарын нүүрийг чимэх болсон модель нь Инес Рау юм. Энэ жил 28 настай Франц модель анх 2014 онд трансжендер гэдгээ зарлаж, улмаар Playboy-д ярилцлага өгч байжээ.


Алдалгүй унших арван мэдээ

Techcrunch: Stitch Fix-ийн хүлээлт дүүрэн IPO-ийн талаар мэдэх ёстой бүх зүйлс
News Lens: Японы сонгуулиас юу хүлээх вэ?
Ikon: Тамгаа гардаж буй шинэ сайдууд
NYTimes: Мугабег элчээрээ томилсон "дуулиант" шийдвэрээ ДЭМБ эргэн харна
The Verge: 3G дэмждэг Нокиа 3310 эргэн ирлээ
VOX: Трамп Кеннедигийн аллагатай холбоотой нууц материалыг дэлгэнэ
Vanity Fair: Snapchat-ийн бал сар дуусав!
Wired: Хятад үнэхээр иргэдээ үнэлэх гэж байгаа гэж үү?
Futurism: Эрдэмтдийн илрүүлсэн энэ таталцлын долгион физикийг тэр чигт нь өөрчилнө
ABC: Мадагаскарыг бүрхсэн тахал гамшгийн хэмжээнд хүрлээ

Дугаарт оролцсон: О.Бүтэд

16151   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.