Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   10 сарын 21, 2017

Unlock Podcast #18: "Mindset" номын тухай

Подкастын ээлжит дугаарт Тэгшээ, Наги хоёр Mindset буюу "Сэтгэлгээ" хэмээх номын тухай ярилцлаа. Энэ бол Станфордын их сургуулийн сэтгэл зүйн профессор Карол Двекийн 2006 онд бичиж гаргасан шилдэг бүтээл юм. "Амжилтын сэтгэл зүй" хэмээн тодотгосон энэ номонд, хүн ямар үзэл хандлагатай байвал өсөж дэвждэг тухай, ямар үзэл бодолтой байвал ахиж урагшилдаггүй талаар задлан шинжилжээ.

НОМЫН ТУХАЙ

Уламжлал ёсоор эхлээд зохиогчийн тухай товч өгүүлье. Карол Двек бол хувь хүний зан чанар, нийгмийн сэтгэл зүй, хөгжлийн сэтгэл зүйгээр дагнадаг дэлхийн тэргүүлэх судлаачдын нэг юм. Тэрээр өмнө нь Колумбиагийн их сургуульд ажиллаж байсан бөгөөд Америкийн урлаг, шинжлэх ухааны академийн гишүүн юм.

Зохиогч олон жилийн судалгааны үр дүнд нэгэн энгийн бөгөөд гайхалтай санааг олж нээсэн нь mindset буюу сэтгэлгээний хүч юм. Түүний үзэж байгаагаар, хүн fixed буюу тогтмол/хөшингө, growth буюу өсөлтийн гэсэн хоёр янзын сэтгэлгээтэй байдаг гэнэ. Тогтмол сэтгэлгээтэй байх уу, өсөлтийн сэтгэлгээтэй байх уу гэдэгт бидний аав ээж, багш нарын заах хүмүүжүүлэх хандлага, арга барил ихээхэн нөлөө үзүүлдэг байна.

Би угийн л математикт сайн биш, эсвэл би спортын эвсэлгүй хүн гэж ярьдаг, итгэдэг хүмүүс бол тогтмол сэтгэлгээтэй хүмүүсийн жишээ юм. Хэдий гень биднийг нөхцөлдүүлдэг нь үнэн ч бидний зан чанар, онцлог, чадварууд төрөлхийн тогтчихсон байдаггүй аж. Бид Майкл Жорданыг "төрчихсөн амьтан" гэж итгэдэг ч бодит байдал дээр Жордан ахлах сургуулийнхаа багт гологдож явсан, удаан хугацаанд тууштай хөдөлмөрсний дүнд мөн чанараа харуулсан тамирчин юм. Тэр өсөлтийн сэтгэлгээтэй байсан тулдаа өнөөгийн өндөрлөгт хүрчээ.

Анзаарвал хүмүүс тогтмол сэтгэлгээнд ихэд автамхай байдаг. Бид бараг бүгдээрээ л би энэндээ муу даа, би тэрэндээ сайн, би тийм зүйл хийгээд угаасаа дэмий гэж боддоггүй гэж үү. Энэ л итгэл үнэмшил бидэнд ямар их гарзтай байгаа бол. Жишээ нь, тогтмол сэтгэлгээтэй хүн өөрийгөө ямар нэг авьяастай гэж итгэдэг бол түүнийгээ улам тэтгэж хөгжүүлэхийн оронд баталж харуулах гэж ихээхэн цагийг зарцуулдаг аж.

Харин өсөлтийн сэтгэлгээтэй хүмүүс оюун ухаан, ур чадварыг яг л булчин шиг хөгжүүлж болно гэж итгэдэг. Тэд аливаа хүний хүчин чадал, нөөц бололцоог шууд тааж хэлэх аргагүй, хүн шаргуу суралцаж, нөр хөдөлмөрлөж, зүрх сэтгэлээ зориулж чадвал яаж ч өөрчлөгдөж болно гэж үздэг. Өөрөөр хэлбэл амжилтаас илүү суралцахад, үйл явцад төвлөрдөг гэнэ. Гэхдээ зохиогч гень, удамшил гэдэг зүйлийг огт үгүйсгээгүй. Гагцхүү ухамсарт хэдийнэ тогтчихоод байдаг үзэл бодлуудыг халахын, ямар ч зүйлд суралцаж болно, сайжирч болно гэсэн сэтгэхүйтэй болохын чухлыг бичсэн юм.

Номонд эцэг эхчүүд, багш нар, менежер лидерүүд, тамирчид өсөлтийн сэтгэлгээтэй байснаар ямар гайхалтай үр дүнгүүдийг гарсан тухай жишээнүүд олон гардаг. Эдгээр жишээний заримыг подкастад өгүүлсэн бий.

Ингээд бүтэн номын агуулгыг нэг л цагт хураангуйлан сонсдог ажилдаа орж, сэтгэлгээндээ анализ хийе. Та өөрийгөө би ийм, би ингэх хэрэггүй гээд бат итгэчихсэн байгаа юм биш? Хайртай дотнын хүмүүсээ чи ийм, тийм гээд "хайрцагт" оруулаад байгаа юм биш?

Подкаст сонсох

Энд дарж сонсох: Mindset #18

iTunes дээр манай подкастуудыг сонсох бол энд дарж subscribe хийгээрэй. Мөн Фэйсбүүк хуудсанд маань нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

46252   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.