Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   10 сарын 17, 2017

Өдрийн тэмдэглэл хөтлөхөд туслах 3 апп

Та бидний сайн мэдэх Анне Франкаас аваад түүхэн дэх олон алдартнууд өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан билээ. Тэдгээр хүмүүсийн өдрийн тэмдэглэл өнөөдөр түүхийн чухал баримт болохоос гадна өөрсдийгөө хөгжүүлэх том зэвсэг байсан нь гарцаагүй. Тэгвэл тэмдэглэл хөтлөх нь таныг хэрхэн хөгжүүлдэг талаар хуваалцаж, энэхүү дадлыг хэвшүүлэхэд туслах гурван апптай танилцуулъя.

ТАНЫ БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ САЙЖРУУЛНА

Байнга бичсэнээр таны мэдээллийг боловсруулах чадвар нэмэгддэг аж. Өдрийн тэмдэглэлдээ өөрт тохиолдсон зүйлсийг бичсэнээр тэдгээрийг эргэцүүлэхийн сацуу анзааралгүй орхисон боломж, шийдлүүдийг олж хардаг.

Хэдийгээр танд өдрийн турш онцын үйл явдал болоогүй мэт санагдаж болох ч үүнийгээ тэмдэглэснээр түүнтэй холбоотой янз бүрийн санаа, бодлууд урган гарах нь элбэг. Энэ бүхнээс л гайхалтай санаа, шинэ арга замууд гарч ирнэ шүү дээ.

Жишээ нь, "Дадал хэвшлийн хүч" номын зохиогч Чарльз Духиг өглөө бүр босоод 30 минутын турш тасралтгүй бичдэг. Учир нь унтаж байх үед далд ухамсар тань янз бүрийн мэдээллийг боловсруулж, шийдэл гаргаж байдаг байна. Тиймээс дараагийн удаа шинэ санаа шийдэл хайж байх үедээ өглөөний тэмдэглэл бичээд үзээрэй.

ТАНЫ АМЬДРАЛЫГ ИЛҮҮ ЭМХ ЦЭГЦТЭЙ БОЛГОНО

Юу ч хийж амжаагүй байхад амьдрал хамаг хурдаараа хажуугаар өнгөрөөд байгаа мэт санагдах үе олонтаа. Ажлын хажуугаар гэр бүлдээ анхаарах, холын зорилгынхоо төлөө шамдахыг бид орхигдуулдаг. Харин өдрийн тэмдэглэл бичсэнээр тогтмол өөрийн алдаа, оноог хянаж, гаргасан алдаагаа дахиж давтахгүй байх, хамгийн наад зах нь зөв хариу үйлдэл үзүүлэхийн эхлэл тавигддаг.

Түүнчлэн, ихэнх цагаа юунд өнгөрөөж байгаагаа ухаарахад тусалж, хэрэггүй зүйлсийг амьдралаас хасаж, хэрэгтэй чухал зүйлсдээ анхаарлаа хандуулахад туслах маш сайн арга юм.

Ийнхүү та өдрийн тэмдэглэл хөтлөхөөр шийдсэн бол яаж хөтлөхөө сонгох хэрэгтэй. Зарим хүмүүсийн хувьд цаасан дээр бичих нь илүү тохиромжтой, зарим хүмүүсийн хувьд апп ашиглах нь дээр санагдаж магад. Миний хувьд апп ашиглах нь хялбар санагддаг. Учир нь давхар дэвтэр "чирж" явах шаардлагагүй, бас тэмдэглэлээ алга болгочихно гэсэн санаа зовох шаардлагагүй. Хэрвээ надтай ижил бодолтой байгаа бол дараах аппуудыг сонирхоод үзээрэй.

1. REFLECTLY 

Хамгийн анхны ухаалаг тэмдэглэл хөтөлдөг апп хэмээх "Reflectly" нь шинээр гарч ирсэн, цэвэрхэн интерфэйстэй апп юм. Аккаунт нээсний дараагаар "Таны түүхүүд" гэсэн нүүр хэсэг угтах бөгөөд өдөр бүрийн бичсэн тэмдэглэл тань гарч ирнэ. Эдгээр дундаас "hashtag" ашиглан хайх боломжтой.

Гэхдээ хамгийн сонирхолтой нь өдөр бүрийн тэмдэглэл бичихэд гарч ирдэг хэсэг юм. Танаас өөрийнхөө өдрийг "маш муухай"-гаас "үнэхээр гайхалтай" хүртэл дүгнэхийг хүсдэг ба хариултаас тань шалтгаалан дараагийн асуултаа асуудаг. Жишээлбэл, онцгүй өдөр байлаа гэж дүгнэвэл "Яагаад онцгүй өдөр байсныг тайлбарлаач", "Өнөөдөр юу сурсан бэ?" гэж асуух бөгөөд гайхалтай өдөр байлаа гэвэл "Өнөөдрийг гайхалтай болгосон гурван зүйлийг нэрлээч", "Яаж илүү гайхалтай болгох байсан бэ?" гэх мэтээр асууна.

Түүнчлэн "Өнөөдрийн асуулт" гэсэн хэсэг нь өдөр бүр өөрчлөгддөг, танд ухаарал, эргэцүүлэл авчрах зорилготой асуултууд юм. Өнөөдөр л гэхэд минийх "Таны мөрөөдөл юу вэ?" гэсэн асуулт байлаа. Ийнхүү 3 асуултыг асуусны дараа өдөр бүрийг тань дүгнэж статистик болгон харуулдаг. Өнгөрсөн сарын хэдэн өдрийг гайхалтай, хэдэн өдрийг сэтгэл ханамжгүй өнгөрүүлснийг ингэж харах нь илүү олон таатай өдрийг бий болгоход туслах сайн арга юм.

Шинээр гарсан апп учраас засаж сайжруулах зүйлс нэлээд бий. Интернет орчинд ажилладаггүй хэдий ч хөгжүүлэгчдийн зүгээс үүнийг засаж байгаа тул удахгүй шинэ хувилбартай болох биз ээ.

UNREAD-ын үнэлгээ: 6 оноо

Татах: iOS, Android

2. DAY ONE

Өдрийн тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө хөгжүүлэхээс гадна дурсамжаа хадгалах арга билээ. Зураг, байршил, цаг агаар гэх мэтийг ашиглан тэмдэглэлээ улам баяжуулах сонголттой "Day One" нь олон хүний сайшаалыг хүртсэн апп юм. Ягштал өдөр бүр тэмдэглэл бичнэ гэдэг бол амаргүй даваа. Тиймээс заримдаа зөвхөн зураг оруулж тухайн өдрөө тэмдэглэх боломжийг олгодог нь таалагдсан.

Түүнчлэн код болон хурууны хээгээр түгжиж болдог нь онцлууштай. Таныг бичиж байх үед автоматаар байршил болон цаг агаарыг уншиж тухайн өдрийн тэмдэглэлд оруулчихдаг нь дараа хайхад хялбар болгодог. Мөн зарим тэмдэглэлдээ "tag" эсвэл "од" нэмж цахим тэмдэглэлийн дэвтрээ улам цэгцтэй болгох боломжтой. Эдгээр тэмдэглэлүүдээ дараа нь Pdf юм уу текст хэлбэрээр татаж авж болдог тул элдэв янзын санаа оноогоо буулгахад тохиромжтой юм.

Харамсалтай нь зөвхөн iPad, iPhone, Mac дээр хувилбартай. Үүнээс гадна тэмдэглэлээ эргэн харах боломж, хөтлөхөд чухал функц болох "sync" тохиргоо нь үнэтэй хувилбар дээр нь л байдаг.

UNREAD-ын үнэлгээ: 7 оноо

Татах: iOS

3. DIARO

Өөр нэгэн алдартай өдрийн тэмдэглэлийн апп бол 3 сая хэрэглэгчтэй "Diaro" юм. One Day-тай адил зургаар тэмдэглэлээ баяжуулах боломжтой бөгөөд тэмдэглэл бүрийг өнгөөр ялган ангилах боломжтой. Dropbox-оо холбох шаардлагатай бөгөөд таны бүх тэмдэглэл Dropbox-той тань холбогддог. Гэхдээ тэмдэглэлийг Diaro-оос уншихад илүү ойлгомжтой.

Дээрх 2 апп-ийгг бодвол интерфэйсийн хувьд гүйцэхгүй ч хайлтын систем нь давуу. Мөн компьютер, утасны бүх төрлийн апптай тул илүү хүртээмжтэй юм.

UNREAD-ын үнэлгээ: 7 оноо

Татах: iOS, Android

Эцэст нь, өдрийн тэмдэглэл бичихэд заавал зориулалтын апп шаардлагагүйг сануулах юун. Google Keep, Evernote зэрэг энэ үүргийг гүйцэтгэж чадах аппууд олон бий.

Холбоотой: Апп тойм: Evernote - Таны цахим санах ой

67397   1


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.