Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Тогтвортой хөгжлийн зорилгууд   10 сарын 13, 2017

Тогтвортой хөгжлийг уриалсан НҮБ-ийн автобустай аялал

"Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030"-ийн хүрээнд эх дэлхий, цэнхэр гарагийн иргэддээ чиглэсэн олон улсын зорилтуудыг танилцуулах даалгавар бүхий Нэгдсэн Үндэстэний Байгууллагын автобус 10 сарын 1-ний өдөр Улаанбаатар хотоор аялж олон нийтэд нээлттэй танилцуулга хийлээ. Unread тогтвортой хөгжлийн зорилтуудын үнэнч, тууштай дэмжигч бөгөөд "Залуучууд тогтвортой хөгжлийг авчирна - 17 зорилт, 17 санаачилга", "Тогтвортой хөгжлин төлөө хамтдаа" зэрэг нийтлэлүүдийг өмнө нь та бүхэнд хүргэж байсныг санаж байгаа биз ээ. Энэ удаагийн үйл ажиллагааны нэг хэсэг болох Гэрэлт гудамжинд хийгдсэн танилцуулгыг манай үүсгэн байгуулагчдын нэг А.Ундрал хөтөлсөн юм.

Тогтвортой хөгжлийн автобус нь өглөөний 11 цагт НҮБ-ийн байрнаас Сонгино Хайрхан дүүргийн гэр хорооллыг чиглэн урлаг соёлынхон, хэвлэл мэдээллийнхэн, олон нийтийн төлөөллийг суулган хөдөлж орой 17 цагийн үед Гэрэлт гудамжинд өндөрлөв. Замдаа 105-р сургууль, Их Дэлгүүр зэрэг хэд хэдэн газруудад зогсож, Хөгжим бүжгийн консерваторын дуучид, Freedom Dance City Studio-гийн бүжигчид, нүүрэн дээр зураг зурдаг артистууд Монгол улсын хөгжилд олон нийт ямар үүрэгтэй талаар аялагчид, оролцогчдын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх сонирхолтой үйл ажиллагаануудыг өрнүүллээ. Энэхүү сурталчилгааны автобус нь Нэгдсэн Үндэстэний Байгууллагаас 2030 он гэхэд Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хүрэхийн тулд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааны хүрээнд Монгол улсад явуулж буй сурталчилгааны томоохон кампанит ажлыг нэг хэсэг юм.

Хоёр жилийн өмнө Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг дэлхийн удирдагчид хамтран баталж, 2030 он гэхэд хүн бүр ядуурлаас ангижирсан, байгаль дэлхийтэйгээ зохистой харьцаж амар тайван амьдрах дэлхий ертөнцийг бий болгох алсын зорилгыг дэвшүүлсэн билээ.

Энэ нь асар далайцтай зорилт учраас засгийн газруудаас эхлээд олон нийт, иргэний нийгэм, хувийн хэвшлээс хөдөөгийн малчид хүртэл дэлхийн хүн бүр оролцож, өөрийн хувь нэмрээ оруулсан тохиолдолд биеллээ олох боломжтой юм. НҮБ-ын Хүүхдийн Сангийн Төлөөлөгч ноён Алекс Хейкенс Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал дээр олон нийтэд хэлсэн үгэндээ “Тогтвортой хөгжил бол маш том зорилт учраас улс орон бүр, хүн бүр үүнийг өөрийн зорилгоо болгох шаардлагатай. Энэхүү зорилтуудад бид бүгд хувь нэмрээ оруулсан тохиолдолд л хүрч чадах юм” гэв.

Олон нийтийн энэхүү оролцоог дэмжих зорилгоор Нэгдсэн Үндэстэний Байгууллага хүн бүр дор бүрнээ хүнс, усаа хэмнэх, ногоон хариуцлага бүхий компаниудаас худалдан авалт хийх зэргээр хялбархан хувь нэмрээ оруулах боломжуудыг багтаасан танилцуулга, зааварчилгааг гаргасан нь онцлууштай. Монгол Улсын засгийн газар нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг өөрийн хөгжлийн чиг хандлагуудын нэг болгон хүлээн зөвшөөрсөн. Одоо бид эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, дор бүрнээ хичээх л үлдлээ.

"Дэлхийн хамгийн том сорилтуудыг ард иргэдийн дэмжлэгтэйгээр л шийдэж чаддаг. Хүмүүсийн үйлдэл, сонголт, зан үйл нь өнөөдөр бидэнд хэрэгтэй байгаа өөрчлөлтийг авчрах хүчтэй юм. Үйл ажиллагааны зорилтууд нэгэнт гарсан учраас одоо үүнийг хэрэгжүүлж эхэлцгээе гэж уриалж байна. Энэ зорилтонд хүрэхийн тулд бид өөрсдийнхээ амьдарч ирсэн амьдралын хэв маяг, зан үйл, үйлдвэрлэл, хэрэглээ, хөрөнгө оруулалт, биенесийн зарчмаа өөрчлөх ёстой. Ийм үйлдэл бүр бодит өөрчлөлтийг авчирна."

Нэгдсэн Үндэстэний Байгууллагын Суурин Зохицуулагч хатагтай Бийте Транкманн

8127   0


НИЙТЭЛСЭН:

Zack Batsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.