Би хэрхэн ажилладаг вэ?

Би хэрхэн ажилладаг вэ? - Америкийн продюсерын холбооны гишүүн, зураглаач, продюсер Д.Ангараг

10 сарын 11, 2017


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


28391   10




Кино бүтээгчид, сонирхогчдын баяр - "Улаанбаатар" олон улсын IX кино наадам өчигдөр албан ёсоор эхэлсэн билээ. Өнөөдөр бид тус наадмын шилдэг киногоор шалгарч, нээлтийн киногоор тодорсон "Чингисийн хүүхдүүд" киноны продюсер, "Монгол Фильм" группийн Лос Анжелес дахь салбарын гүйцэтгэх захирал, Америкийн кино, урлаг, шинжлэх ухааны академийн (Кино академи) салбар хорооны гишүүн Д.Ангарагтай ярилцсанаа хүргэж байна. "Бодлын хулгайч", "Ану хатан" зэрэг кинонд зураглаачаар ажиллаж байсан тэрээр сүүлийн үед гадаад дотоодын кинонуудад продюсерээр ажиллаж, Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм. Зочин маань "Чингисийн хүүхдүүд" кино 90 дэх удаагийн Оскарын шагналд "Шилдэг гадаад кино" номинацид өрсөлдөх эрхээ албан ёсоор аваад байгаа сайхан мэдээгээр биднийг угтав. 

Байршил: АНУ, Монгол
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Монгол Фильм группийн Лос Анжелес дахь салбарын гүйцэтгэх захирал, Америкийн продюсерын холбооны гишүүн, Америкийн кино, урлаг, шинжлэх ухааны академийн салбар хорооны гишүүн (Кино Адакемийн гишүүн)
Хэрэглэдэг гар утас: iPhone 7 Plus
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro 15', таблет: iPad Pro
Сошиал хуудсууд: Angarag Andy Davaasuren (фэйсбүүк хуудас) "Чингисийн хүүхдүүд"

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Хүссэн, чадна гэж бодсон ажил руугаа л ордог. Өөрөө ямар кино үзэхийг хүсэж байна, тийм кино дээр л ажиллаж, тийм кино хийхийг л зорьдог гэж болно. Миний нэг онцлог бол ажлыг бүхний түрүүнд тавьдаггүй, өөрөөр хэлбэл аж амьдралаа орхиод ажилдаа улайрдаггүй. Ажил бол хийх ёстой үедээ хийх нь тодорхой зүйл. Хариуцлага, зарчим зэрэг бол тэртэй тэргүй байх л ёстой. Би өөртөө цаг гаргаж, жаргалтайгаар л ажиллахыг хичээдэг.

Сүүлийн үед продюсерийн ажлаа голлон хийж байгаа. Зарим хүмүүс продюсер гэхээр киноны хөрөнгийг олох буюу гаргасан хүн гэж буруу ойлгох нь бий. Энэ бол кинонд хөрөнгө оруулалт татаж, түүгээрээ сайн контент үйлдвэрлээд, хөрөнгө оруулагчдадаа эргээд үнэ цэн авчрах ажил байдаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Gmail, Notes, Calendar. Ялангуяа календарь бол Америкт их хэрэглэгдэнэ. Мөн продюсерийн хувьд мөнгө санхүүгийн аппуудыг сайн ашигладаг. Wells Fargo, Discover, Capital one, Sкypass visa гэх мэт. Viber байна. Мэдээж бас Netflix. Мөн видео тоглоом тоглох дуртай болохоор тоглоомын олон апп бий. Сошиал медиагаас Фэйсбүүк.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Өглөө эрт босохоор их ажил амждаг гэж боддог. Ер нь цагийн юмыг цагт нь хийх л хэмнэлт гэж боддог доо.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Гар утасны Notes, Calendar хоёр дээр. Заримдаа цаасан дээр бас бичнэ ээ.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Зураглаач, зургийн найруулагчийн хувьд аль нэг кино руу орохоосоо өмнө тухайн жанрын киног огт үзэхээ больчихдог. Өөрийнхөө дотроо харж төсөөлснөөр, өөрийн планаар зургаа авах дуртай. Бусадтай ижил план тавьж авахаар миний хийсэн ажил гэхэд хэцүү биз дээ. Продюсерийн хувьд ажлын төлөвлөлт, зохион байгуулалт тал дээр дажгүй гэж боддог шүү.

За тэгээд видео тоглоом тоглохдоо сайн байх. Assasin's creed гээд тоглоомонд эхлээд сонирхож орсон, одоо бүр автаад дахиад эхнээс зохиолыг нь сайн судлаад тоглоод явж байна.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Контентийн бизнес гэдэг бол яг л мөрийтэй тоглоом гэсэн үг. Нэг бол том амжилт олно, үгүй бол байдаг л нэг контент болж хувирдаг. Эрсдэлтэй, гэхдээ үр өгөөж өндөртэй. Кино үйлдвэрлэл бол маш түвэгтэй ажил. Ихээхэн туршлага хийгээд авьяас шаарддаг. Миний хамгийн дуртай, кайф авч ажилладаг үе бол кино хөгжүүлэлтийн үе. Санаанаас эхлээд зохиол дээр ажиллаж, цаасан дээр буулгах тэр үе юм даа. Үүний дараа үйлдвэрлэлийн өмнөх, үйлдвэрлэлийн, үйлдвэрлэлийн дараах гэсэн олон шат бий. Хөгжүүлэлтийн энэ үед олон зүйл тодорхой болж, киноны дүр зураг гардаг. Яг зураг авах, үйлдвэрлэлийн үе бол магадгүй нийт ажлын 10 хувь л байх.

Зураглаачийн ажлын онцлог гэвэл, ер нь аливаа кино зураглаачийн нүдээр үзэгчдэд хүрдэг. Маш чухал, хариуцлагатай ажил. Зураглаачийг нүд, найруулагчийг тархи, хөгжмийн найруулагчийг чихтэй зүйрлэх нь бий. Би үүнийг оновчтой зүйрлэл гэж боддог. Зураглаач гэдэг нэг талаас технологид нэвтрэн камер техникээ бүрэн эзэмшсэн, нөгөө талаас уран зураг, дүрслэл, хөдөлгөөнийн урлагийг эзэшмсэн, энэ хоёрын нэгтгэн гүүр болж ажилладаг хүн байдаг. Зургийн найруулагч хүний киноны бүх процессийг сайн мэддэг болохоор продюсер болоход их дөхөмтэй байдаг. Кино урлагаас доороос нь эхлээд бүх үе шатыг нь дамжаад явсан болохоор продесюрээр ажиллахад хүндрэлтэй зүйл огт гардаггүй.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

"Чингисийн хүүхдүүд" кино маань өчигдөр "Улаанбаатар" олон улсын кино наадмын шилдэг киногоор шалгарч, уг наадмыг албан ёсоор нээлээ. Анх Д.Золбаяр найруулагч санал тавиад, киноны 3 продюсерийн нэгээр ажилласан. Бид жил зургаан сарын хугацаанд ажиллаж киногоо ийнхүү нээж байна. Өндөр ач холбогдол өгч сайн ажилласан болохоор Монголыг дэлхийд сурталчлах брэнд контент болж чадсан гэж итгэж байна. Хөгжүүлэлтийн үедээ л том амжилт авчрах кино болох юм шиг мэдрэгдэж байсан. Нэг баярт мэдээ бол кино маань Оскарын шилдэг гадаад кино номаницийн өрсөлдөөнд орох эрхээ авсан. Монголоос 15 жилийн дараа албан ёсоор өрсөлдөх эрхээ авсан кино болж байна. Гэхдээ яг сүүлийн шатанд үлдэх эсэх нь тодорхой болох болоогүй.

Мөн одоо хэд хэдэн кинон дээр ажиллаж байна. Дисней компани "Араатны хаан арслан" хүүхэлдэйн киног уран сайхны болгохоор ажиллаж байгаа. Би уг киноны продюсерийн багт орж ажиллахаар яригдаж байгаа. Ирэх 3-р сард нээлтээ хийх Pacific Rim 2 кинонд гүйцэтгэх продюсерээр мөн ажиллаж байна. Мөн Монголд Оранж медиатай "Бөөгийн домог" зохиолыг кино болгох төсөл дээр хамтрах санамж бичгүүдээ хийчихсэн. Би бас зомбитой кинонд дуртай болохоор нэг монгол аймшгийн кино дээр ажиллаж байна. Ерөнхийдөө 2019 он хүртэлх төлөвлөгөө маань гарчихсан явж байна даа.

ТАНЫ АМЕРИКИЙН КИНО АКАДЕМИТЭЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ?

Би багаасаа киноны хүн болно гэж мөрөөдөж байгаагүй л дээ. Хүүхэд байхдаа дипломат болно, үгүй бол цагдаа болно гэж мөрөөддөг байлаа. Харин 16 жилийн өмнө Д.Золбаяр найруулагч намайг энэ салбарт татаж оруулсан юм. Чиний гэрэл зураг авч чаддаг чинь дөхөм болно гэж хэлээд. Ингэж л камерны хөл зөөхөөс эхлээд бүх л ажлыг хийж 16 жил явжээ. Энэ хугацаанд олон хүмүүсийн дэмжлэгээр өдий зэрэгт хүрсэн.

2013 онд би Америкийн Кино Зураглаачдын Холбоотой холбогдоод тэнд очсон юм. Тэгээд тэнд байдаг дүүтэйгээ, бас нэг америк партнертай хамтран продакшн компани байгуулсан. "Чингисийн хүүхдүүд" киногоороо Америкийн Продюсеруудын Холбооны гишүүн болсон. Харин өнгөрсөн жил Кино академийн салбар хорооны гишүүн болсон юм. Энэ нь Оскарт дэвшсэн кинонд санал өгөх эрхтэй бус, кино нэр дэвшүүлэх эрхтэй гишүүн юм.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Бүх л төрөл жанрын хөгжим сонсдог. Гэхдээ киноны хөгжим сонсох илүү дуртай. Киноны хөгжмийн цомог цуглуулдаг болоод 12-13 жил болж байна. Одоогоор 5000 орчим цуглуулга бий шүү. Сонсоод хэзээ ч уйддаггүй, ядрахаараа тавьдаг хөгжим бол Эрик Валли хэмээх франц найруулагчийн бүтээсэн "Хималай" киноны хөгжим.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Уран зохиолын ном унших дуртай. Яагаад ч юм би зөгнөлт, хийсвэр сэтгэлгээтэй зүйлсэд дуртай. Удахгүй Game of Thrones-ийн ботиуд руу орох санаатай байна. Туульсын болон аймшгийн зохиолууд уншдаг. Нэг инээдтэй нь аймшгийн зохиол унших дуртай, өөрөө аймшгийн кинонд ажиллах дуртай хэрнээ аймшгийн киног айгаад үздэггүй гэж байгаа.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй талдаа хүн. 200-300 хүнтэй баг удирдаж ажилладаг болохоор тийм байхаас ч аргагүй болдог. Ер нь би олонтойгоо, багаараа байх дуртай хүн. Амжилтад хүрвэл бөөндөө хүрээд, унавал хамтдаа унаад (инээв).

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Эрт унтаж эрт босдог. 12 цагаас хэтрэхгүй унтаад өглөө 6 цаг гээд босчихдог. Ер нь энэ хэмнэлээрээ яваад сурчихсан даа. Сонирхолтой нь би өглөөний наранд их дуртай. Өглөө нар мандаж байгаа үе бол хамгийн сайхан үе гэж боддог. Зуны өглөө бол ялангуяа үнэхээр гайхалтай шүү дээ. Өглөө эртийн нар харангаа кофе шоп орох дуртай шүү.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Юм юм л хийнэ дээ. Гэрээ цэвэрлэнэ, хүүхдүүддээ хоол хийж өгнө, гадуур зугаална. Өглөө фитнессд явдаг. Мэдээж кино үзнэ. Киноноос асар их таашаалыг авдаг. Үзэх дуртай жанр бол хөгжилтэй, дуу шуу ихтэй, технологи ашигласан, товчдоо хөнгөн кинонууд. Би кино үзэхдээ мэргэжлийн хүний биш үзэгчийн нүдээр үзэж, кинонд автан таашаал авахаа л боддог. Түүнээс биш ингээд хийчихэж, ингэвэл дээр байж гэж огт боддоггүй. Заримдаа харин би нэг ийм кинон дээр ажилламаар юм байна гэх зэргийн бодол төрнө.

Монгол кинонуудаа үзэх дуртай. Энд байгаа үедээ аль болох л тасалбарыг нь худалдаж аваад кинотеатрт үзэхийг хичээдэг. Далайд дусал нэмэр юм даа. Киноны урилга олон ирдэг ч худалдаж аваад л үздэг. Мөн кинонд маань санал зөвлөгөө хэлээч гэсэн хүсэлтүүд авдаг ч үнэндээ би хэлж чаддаггүй юм аа. Тэр кино ямар нөхцөлд яаж бүтээгдсэнийг би мэдэхгүй, түүнээс гадна хүн хүний нүд, үнэлэмж өөр шүү дээ.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Хүмүүс надаас ингэж асуух нь их байдаг. Гэхдээ үнэнийг хэлэхэд, юу гэж хэлэхээ би мэддэггүй юм. Онгод, урам зориг хүлээж суудаггүй талдаа хүн юм болов уу. Ажлаа дурлаж хүсэж хийдэг, ямар нэг сөрөг сэтгэл хөдлөлд нэг их автаад байдаггүй болохоор тэр ч байж магадгүй.

Мэдээж хэрэг хийж байгаа ажил, зорьсон мөрөөдөл минь намайг хөглөдөг. Нэг мөрөөдлөө хуваалцахад, би монгол үлгэрийн кино бүтээхийг хүсдэг. Гэхдээ хүүхэлдэйн биш уран сайхны кино юм. Харри Поттер шиг ч юм уу.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Нэг их сүрхий зөвлөгөө өгмөөргүй байна. Өөрөөсөө харсан мэдэрсэн зүйлээ хуваалцъя. Чин сэтгэлээсээ хүсэж мөрөөдөх хэрэгтэй юм билээ. Тэгээд ажлаасаа кайф авч, хүсэж хийх. Мөрөөдөл биелдэг гэдэг нь худлаа биш байх. Би анх салбартаа чадалтай сайн зураглаач болъё гэж боддог байлаа. Монгол киног Оскарт дэвшүүлбэл ямар гоё вэ гэж боддог байлаа. Хүүхэлдэйн кинон дээр ажиллах юм сан гэж боддог байлаа. Бүгдийг нь л бага багаар биелүүлээд явж байна. Залуус бидэнд боломж бол их бий.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦАХЫГ ХҮСЭЖ БАЙНА ВЭ? 

Чингисийн хүүхдүүд кинонд тоглосон Бриттани Бэлт, мөн киноны дууны найруулагч Рикардо нарыг санал болгоё. Энэ хоёр бол манай кино урлагийн хөгжилд том дэмжлэг үзүүлсэн, үзүүлж байгаа хүмүүс. Бриттанигийн хувьд хэд хэдэн телевизийн цувралд болон том ододтой хамт кино тоглосон rising star буюу өсөх ирээдүй залуу жүжигчин.

Гэрэл зургийг Ziferblat кофе шопд Д.Ганзул авав.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.


Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.