Онцлох Бизнес   10 сарын 09, 2017

Онцлох бизнес: Gami - Чөлөөт урлахуйн содон илэрхийлэл

Өнөөдрийн дугаарт street fashion буюу чөлөөт хувцасны нэгэн брэндийг онцлон танилцуулж байна. Энэ бол Gami. Тэднийг Ub Life сайтаас онцлох 9 хувцасны брэндийн нэгээр нэрлэж байсан удаатай. Их сургуулиа дөнгөж төгсөөд, залуусын хувцасны шинэ брэндийг зориглон эхлүүлсэн тэдний загварууд шууд л нүдний хараа булаадаг. Ингээд үүсгэн байгуулагч гуравтай ярилцсанаа хүргэе.

Бизнесийн нэр: Gami
Хаяг: Sunday Plaza-ийн баруун талын ногоон байр, B1 давхар
Үйл ажиллагааны чиглэл: Чөлөөт, өдөр тутмын хувцас
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 8 сар
Үүсгэн байгуулагч: Н.Оюунболд, С.Жаргалтуяа, Б.Уянга
Сошиал хуудсууд: Gami (фэйсбүүк хуудас) Gami (инстаграм)

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

С.Жаргалтуяа: Бид бүгдээрээ хувцасны дизайнераар дээд сургууль төгссөн. Би энэ жил Урлах эрдэм дээд сургуулийг, нөгөө хоёр маань өнгөрсөн жил Сити дээд сургуулийг төгссөн юм. Өнгөрсөн жил би Backstage шоун дээр Уянгаатай танилцаад, үзэл хандлага, арга барил нийлж байсан тул чөлөөт хувцасны брэнд эхлүүлье гэж шийдсэн. Тэгээд хамтдаа нэг коллекц гаргасны дараа Оюунболдтой нэгдсэн гурвуулаа хамтрах болсон юм. Залуусын загварлаг, чөлөөт хувцасны брэндийг бий болгох зорилготой.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Гурвуулаа гурван талаас мөнгө нийлүүлж эхний санхүүжилтээ босгосон.

ТАНАЙ БРЭНДИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Манайх Diffuse буюу стильд баригдалгүй, бүх стилиэс аль хүссэнээ авч загвар гаргадаг стильтэй брэнд гэж хэлж болно. Unisex буюу эрэгтэй, эмэгтэй хүний аль ч өмсөж болдог, голдуу том сул загвартай хувцаснууд гаргадаг. Залуус маань тренд дагаж хувцаслах дуртай. Харин бид трендээс гадна өөр өвөрмөц гоё загвар байдаг юм шүү гэдгийг харуулах зорилготой. Манайх нэг загвараас нэг, за ихдээ л хоёр хувцас гаргадаг учраас таны өмссөн хувцсыг өөр хүн өмсөнө гэж санаа зоволтгүй.

Мөн манайх хувцаснууд дээрээ хэвлэмэл буюу оёсон зурагнуудтай гардгаараа онцлог.
Одоогоор бид 4 бүрэн коллекц гаргаад байгаа. Нэг коллекцод дунджаар 25-30 загвар багтдаг.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Бид street fashion-ийг Монголдоо хөгжүүлэн эндээ хүлээн зөвшөөрөгдсөн том брэнд болж, гадаадын зах зээлд гарахыг мөрөөддөг. Анх загваруудаа танилцуулахад яаж өмсөх юм бэ л гэцгээж байсан. Гэхдээ гудамжны чөлөөт хувцас сонирхдог өмсдөг залуус улам л олширч байна. Ер нь энэ урсгал дэлхийд ид мандаж хөгжиж байгаа.

Манай мэргэжлээр төгсөж буй залуус шууд хувийн бизнесээ эхлүүлэхэд амаргүй байдаг л даа. Харин бидний хувьд баг амархан бүрдэж, аятайхан байр олдож, нэг ёсондоо бүх тохироо бүрдсэн. Тийм болохоор том зорилго, мөрөөдөлтэйгээр л ажиллана даа.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Байнгын шинэлэг, бусдаас өөр байх гэж хэлж болох байх. Бид бүтээгдэхүүнээ зарахад хамаг анхаарлаа хандуулах бус, хэрэглэгч нараа сэтгэл ханамжтай байлгахад давхар анхаарахыг хичээдэг.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Одоо бид 10-р сарын дундуур намар өвлийн шинэ коллекцоо гаргахаар шаргуу ажиллаж байна. Энэ удаа бид коллекцоо цогц байдлаар гаргах гэж хичээж байгаа. Манай хувцаснуудтай зохицох гутал үйлдвэрлэх газартай хамтран ажиллаж байгаа гэсэн үг юм. Тэгж хийхгүй болохоор манай хувцаснуудтай зохицох гутал, малгай зэргийг олоход заримдаа хүндрэлтэй байдаг байж магадгүй. Одоо коллекцийн зураг авалтаа хийгээд сошиал хуудсуудаараа тавина даа. Манай хувцаснууд Гүмүда дэлгүүрт борлогддог.

Мөн давхар захиалгын хувцас байнга хийж, орлогодоо нэмэр болохыг боддог.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ? 

Эхлээд удаагүй болохоор бүх л юм амаргүй хэцүү. Материалын олдоц, мөнгө санхүү гээд л... Гэхдээ гурвуулаа болохоор асуудлуудаа ярьж хэлэлцээд, шийдээд явахад түшигтэй байдаг. Мөн өөрсдийн юмыг хийнэ гэдэг эрх чөлөөтэй, илүү сайн ажиллах боломжийг олгодог. Хүмүүсийн заавар, удирдлага дор ажиллахаар баригдмал болоод, өөрсдийнхөөрөө сэтгэхэд хүндрэлтэй байдаг.

Бидэнтэй ижил стилийн хувцас гаргаж брэнд тун цөөхөн байгаа. Сайн загвар гаргахын тулд дизайны түүхээ сайн мэддэг байх хэрэгтэйгээс гадна дэлхийн загварын том төлөөллүүдээс үлгэр жишээ авах ёстой байдаг. Бид ихэвчлэн Street fashion-ээр дагнасан өвөрмөц содон дизайн бүхий залуучуудыг дагаж санаа авдаг. Коллекц болгон дээр шинэ шинэ юм туршиж, туршлага хуримтлуулсаар явдаг болохоор нэг талаар маш сонирхолтой ажил.

ТАНАЙ ЯМАР ХУВЦАС ХАМГИЙН ИХ ЭРЭЛТТЭЙ БАЙДАГ ВЭ?

Зураг наасан хэвлэсэн хувцаснуудыг их сонирхдог шүү. Энэ нь илүү цаг, хөдөлмөр орсон загварууд байдаг.

12479   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.