7 Хоногийн Тойм

7 хоногийн тойм: 30 дахь ерөнхий сайд + Лас Вегасын халдлага + Нобелийн шагналтнууд

10 сарын 08, 2017


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


8985   1




10 минутын турш үргэлжилсэн тасралтгүй буун дуу зугаа цэнгэлийн нийслэл Вегасыг айдаст автуулав

У.Хүрэлсүх Монгол улсын ерөнхий сайдаар сонгогдлоо

10 сарын 4-ний өдөр буюу лхагва гарагт Монгол улсын 30 дахь ерөнхий сайдаар өмнөх засгийн газарт шадар сайдаар ажиллаж байсан Ухнаагийн Хүрэлсүх сонгогдож тамгаа гардан авлаа. Ерөнхий сайдыг томилох тухай хэлэлцсэн УИХ-ын чуулганы хуралдаан 47 гишүүний бүрэлдэхүүнтэй буюу 61,8% ирцтэй явагдсан бөгөөд бүгд дэмжсэн санал өгч тэрээр 100%-ын саналаар сонгогджээ. Шинэ ерөнхий сайд сонгогдсоныхоо дараа "авлигачтай тэмцдэг, ард түмнээ өмгөөлдөг ерөнхий сайд болно." хэмээн ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ онцлон дурдав. Түүний засгийн газар ирж буй долоо хоногт байгуулагдаж, сайдын нэрс тодорхой болох төлөвтэй байна.

Ikon: У.Хүрэлсүх Монгол улсын ерөнхий сайд боллоо
Eagle: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн онцлох 12 эшлэл

Хүлээлт дүүрэн шинэ ерөнхий сайд

Дэлхий дахинд

Өнгөрсөн ням гаригт Америкийн орчин цагийн түүхэн дэх хамгийн том буут халдлага Лас Вегаст болж, дэлхий нийтийг цочирдууллаа. Энэхүү халдлагын улмаас одоогийн байдлаар нийт 58 хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархадсан байна. Тэдний дийлэнх нь хөгжмийн фестивалд хүрэлцэн ирсэн үзэгчид байсан бөгөөд хажууд нь байрлах зочид буудлын 32 давхраас 64 настай Стивен Паддок хэмээх эр гал нээж дараа нь амиа хорлосон аж. Одоогоор холбогдох байгууллагууд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй тэтгэвэртээ гарсан нягтлан бодогч яагаад энэ хэргийг үйлдэх болсон тухай шалгаж, терроризмын ямар нэгэн холбоос байгаа эсэх талаар ажиллаж байгаа юм.

NYTimes: Лас Вегасын халдлагын талаар бидний мэдэх бүх зүйлс

Испаний зүүн хойд нутагт сууршиж ирсэн, автономит засаглал бүхий 5 сая гаруй Каталоничууд 10 сарын 1-нд нийт иргэдийнхээ дунд тусгаар тогтнолын санал асуулга явууллаа. Каталонийн засгийн газрын хэлж буйгаар нийт иргэдийн 90-ээс илүү хувь нь дэмжсэн санал өгсөн аж. Үүнийг "хууль бус" хэмээн үзэж буй Испаний ерөнхий сайд Мариано Рахой үндсэн хуулийн 155 дугаар заалтын дагуу Каталоний засгийн газрыг тарааж шинээр сонгууль явуулж магадгүй болоод байна. Тэдний салан тусгаарлах оролдлого нь Испаний банк болон бусад байгууллагуудыг Каталониос нүүхэд хүргэж, эдийн засгийн хувьд баталгаагүй байдлыг үүсгэх шинжтэй байгаа учир Европын холбоо болон дэлхий нийт анхааралтай ажиглаж байна.

Sky: Каталоны эрх чөлөөний төлөөх тэмцлийг ойлгохуй

Саудын Арабын 81 настай хаан Салман ОХУ-ын нийслэл Москва хотноо 4 өдрийн айлчлал хийж байна. 1500 бараа бологч, алтан урсдаг шат, хувийн хивс, тавилгатайгаа ирсэн гэх тэрбээр 2 ч дээд зэрэглэлийн зочид буудлыг бүрэн түрээслэж аван байрласан ба энэ хугацаандаа эх орноосоо тасралтгүй хоолны материалаа зөөлгөж байсан аж. Хоёр улсын удирдагчид зэвсэг худалдан авах наймааныхаа тухай хэлэлцэж, ирээдүйд газрын тосны зах зээлийг хэрхэн тогтвортой барих талаар мөн санал бодлоо хуваалцсан байна.

Барселон болон Мадрид хотуудад хэд хэдэн жагсаал явагдав. Мадрид нэгдсэн Испанийг, Барселон тусгаар Каталоныг хүссээр.

2017 оны Нобелийн шагналтнууд тодорлоо

Шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарт онцгой амжилт гаргагчид, үлэмж гавьяа байгуулагчдад жил бүр олгодог Нобелийн шагналын энэ оны эзэд тодорсоор байна. Хамгийн эхэнд АНУ-ын Брайндесийн болон Рокфеллерийн их сургуулийн эрдэмтэд болох Жеффри Холл, Майкл Росбаш, Майкл Янг нарт “циркадын хэмнэлийн молекул механизмийн нээлт”-д оруулсан хувь нэмрийг нь үнэлэн энэ жилийн физиологи буюу анагаахын салбарын Нобелийн шагналыг олгохоор шийдвэрлэснээ зарласан. Циркадын хэмнэлийг хүн, амьтан, ургамал гэх мэт олон эст организмуудын унтах-сэрэх давтамжийг “хариуцдаг” биологийн цаг хэмээн тодорхойлж болно. Ойролцоогоор 24 цагийн үетэй хэлбэлзэх биеийн энэхүү дотоод хэмнэл нь өдөр-шөнө солигдох үзэгдлийн шалтгаан болсон дэлхийн тэнхлэгээ тойрон эргэлдэх хөдөлгөөнтэй холбоотой. Зан төлөв, гормоны түвшин, биеийн температур, нойр гэх мэт бидний биеийн амин чухал функцууд нь циркадын хэмнэлээр зохицуулагддаг. Жишээ нь, олон цагийн бүс дамнан онгоцоор нисэх үед үүсдэг нойрны зөрүү гэх мэт тав тухгүй байдлууд нь бидний биологийн цаг хүрээлэн буй орчны өөрчлөлтөөс зөрж эхэлснээр үүсдэг гэнэ.

Мягмар гарагт гравитацийн долгионыг хүн төрөлхтний түүхэнд анх удаа шууд “чагнасан” LIGO/VIRGO туршлагын багийн Райнер Вайс, Барри Бариш, Кип Торн нар физикийн салбарын Нобелийн шагналын 111 дэх удаагийн эздээр тодорсон юм. Гравитацийн буюу хүндийн хүчний долгионыг 1916 онд Эйнштэйн анх таамагласнаар туршлагын физикчдийн 100 орчим жил үргэлжилсэн эрэл эхэлсэн билээ. Энэ эрлийн хүрээнд хийгдсэн LIGO төхөөрөмжийн детекторууд хоорондоо 6.9 миллисекундын зайтай ижил сигнал бүртгэн авсан нь 1.4 тэрбум гэрлийн жилийн зайнд тохиолдсон хос-хар нүхний мөргөлдөөний “цуурай” буюу гравитацийн долгион байсан юм. Уг үр дүн Эйнштэйний Харьцангуйн ерөнхий онолын дэвшүүлсэн боловч туршлагаар батлагдаагүй байсан сүүлчийн таамгуудын нэгийг зөв болохыг харуулаад зогсохгүй огторгуйн гүнд явагдах үлэмж энерги бүхий астрофизикийн үзэгдлүүдийг “тандах”, орчлон ертөнцийн үүслийг илүү гүнзгий танин мэдэх боломжуудыг нээсэн нь гравитацийн долгионы одон орны салбарт шинэ стандартыг тогтоожээ.

Лхагва гарагт химийн салбарын Нобелийн шагналын энэ оны эздээр “шингэн доторх биомолекулын бүтцийг өндөр нарийвчлалтай тодорхойлох зориулалттай крио-электрон микроскопыг хөгжүүлсэн” Жак Дубоше (Лозанны их сургууль), Иоахим Франк (Колумбын их сургууль), Ричард Хендерсон (MRC дахь Молекул биологийн лаборатори) нар тодорсон юм. Сүүлийн жилүүдэд хийгдсэн биомолекулын нарийн бүтцийг тодорхойлсон олон судалгааны ажлуудад крио-электрон микроскоп (крио = хүйтэн, грек хэлнээс гаралтай угтвар) гүйцэтгэсэн үүрэг асар их байсан. Жишээлбэл, 2015 онд Бразилаас эхлэн Америк тивээр голдуу тархсан Зика вирусын 3 хэмжээст гадаргуугийн атомын түвшний бүтцийг хэдхэн сарын дотор энэхүү багажийг ашиглан тодорхойлсон нь халдварт өвчний эсрэг ашиглах эм бэлдмэлийг гарган авах үйл явцад чухал нөлөө үзүүлсэн билээ.

Олон нийтийн дунд хамгийн их хүлээлт үүсгэдэг утга зохиолын салбарт олгодог Нобелийн шагналын энэ оны эзнээр Японд төрсөн Англи зохиолч Казуо Ишигүро тодорлоо. Энэ жил 62 настай тэрээр 40 гаруй хэлээр орчуулагдсан 8 зохиолын эзэн бөгөөд The Remains of The Day, Never Let Me Go зэрэг зохиолоос нь сэдэвлэн бүтээсэн дэлгэцийн бүтээлүүд ихээхэн амжилтанд хүрч, зохиолчоо алдаршуулсан билээ. Харин энх тайвны салбарт Нобелийн шагналаар ICAN буюу "Олон Улсын Цөмийн Зэвсгийн Устгах Кампанит ажил"-ыг нэрлэсэн юм. Цөмийн зэвсгийн учруулж болох хөр хөнөөл юу юунаас илүү ноцтой, чухал болж буй энэ үед тус байгууллагын нийгэмд үзүүлсэн нөлөөг нь үнэлэн энэхүү шагнал олгож байгаагаа зохион байгуулагчид онцолжээ. Эдийн засгийн салбарын шилдгийн нэр энэ даваа гарагт тодрох бөгөөд үүний дараа бид та бүхэнд цувралаар хүргэж буй тусгай нийтлэлүүдийнхээ сүүлийн дугаарыг хүргэх болно.


Unread: Тусгай цуврал: Нобелийн шагнал 2017 - Үүдэл түүх, учир шалтгаан, түүхэн баримтууд #1
Unread: Тусгай цуврал: Нобелийн шагнал 2017 - Байгалийн ухааны 3 салбарын шагналтнууд #2

Цөмийн зэвсгийн аюул бодитоор тулгараад буй энэ үед ICAN-д олгосон энэхүү шийдвэрийг цаг үеэ мэдэрсэн хэмээн мэргэжилтнүүд үнэлсээр

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Google өнгөрөгч долоо хоногт тусгай арга хэмжээгээрээ дамжуулан хэд хэдэн ухаалаг төхөөрөмжүүдээ олон нийтэд танилцууллаа. Эдгээрээс хамгийн хүлээлт дагуулж байсан нь Pixel 2 утас байсан. HTC-тэй хамтран гаргаж буй энэхүү утасны шинэ хувилбараа тэд хамгийн шилдэг камертай, хамгийн хурдан цэнэглэгддэг, хамгийн хурдан үйлдлийн системтэй хэмээн танилцуулсан юм. Pixel 2 хэмжээ үзүүлэлтээсээ шалтгаалан 649 болон 849 долларын үнэтэйгээр борлуулагдана. Үүнээс гадна тэд Google PixelBook нэртэй 999 долларын үнэтэй, нугарч таблет болдог, хөнгөн бөгөөд нимгэн лаптопоо танилцуулсан. Amazon-ий хүчээ авч буй ухаалаг гэрийн төхөөрөмжийн зах зээлд өрсөлдөх учиртай Google Home Mini, Google Home Max болон Nest-ийн шинэ апдэйтүүд ч сонирхол татав. Гэхдээ үүнээс илүү анхаарал татсан төхөөрөмж нь 40 хэлээр шууд орчуулга хийдэг, 24 цаг баттерейгаа барьдаг Google Pixel Buds нэртэй ухаалаг чихэвч байлаа. Уг чихэвчийг 159 доллараар 11-р сараас эхлэн худалдан авах боломжтой. Мөн тэд хиймэл оюун ухаан ашиглан өөрөө мэдрэн зураг авч боловсруулдаг Google Clips нэртэй жижиг камерыг танилцуулсан нь ч олны ярианы сэдэв болов.

Techcrunch: Google-ийн танилцуулсан бүх зүйлс

Дэлхийн хамгийн анхны масст хүрсэн чат үйлчилгээ AIM буюу AOL Instant Messenger 12-р сарын 15-аас албан ёсоор хаагдах боллоо. 1997 онд нээгдсэн даруйдаа тухайн үеийнхний хамгийн өргөн хэрэглээтэй чат апп болж, бүтэн үеийг интернетэд "дурлуулсан" AIM ухаалаг гар утасны хэрэглээний тэсрэлтийг тооцоолж чадалгүй хоцорч, улмаар хожим гарч ирсэн Facebook Messenger, Whatsapp зэрэг апп-уудад дийлдсээр ийнхүү хаагдаж байна.

CNN: RIP AOL Instant Messenger

Инстаграм хэрэглэгчид өөрсдийн нэмж буй Stories-оо Facebook Messenger-ийн Stories руугаа шууд, давхар оруулах боломжтой боллоо. Энэхүү нэмэлтийн туршилт Португалд амжилттай хийгдэж, энэ долоо хоногоос нийт хэрэглэгчдэд нээлттэй болж байна. Instagram Stories-ийг сард 250 сая хүн хэрэглэж байгаа ч Messenger-ийн энэхүү нэмэлтийг тэрбум гаруй хэрэглэгчээс нь ердөө 70 сая хүн л ашиглаж байгаа тооцоо бий. Фэйсбүүк рүү давхар оруулах боломжтой болсноор хэрэглэгчдийн тоогоо эрс өсгөнө гэж тэд үзэж байгаа юм.

Yahoo 2013 онд хийгдсэн цахим халдлагын дараагаар бүх хэрэглэгчдийнхээ буюу 3 тэрбум хэрэглэгчийн мэдээллийг алдсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Verizon-д зарагдаад 4 сар болж буй тэд өмнө нь энэ тоог 1 тэрбум хэмээн мэдээлж байсан юм. Компанид хийгдсэн нарийвчилсан шинжилгээгээр Fantasy Sports, Flickr, Tumblr зэрэг бусад үйлчилгээнүүдээр дамжуулан хэрэглэгчдийн аккоунт руу нэвтэрсэн гэдэг нь тогтоогджээ.

Google ухаалаг утасны зах зээлд байр суурь эзлэхийг хүсч байна. Pixel 2 тэдэнд амжилт авчирч чадах уу?

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Tesla 10-р сарын сүүлээр хийхээр төлөвлөж байсан Tesla Semi буюу цахилгаан хөдөлгүүрт ачааны машин танилцуулах арга хэмжээгээ хойшлууллаа. Компанийн үүсгэн байгуулагч Элон Маск үүнийхээ шалтгааныг Мариа хар салхинд өртсөний улмаас газар нутгийнхаа 90 хувьд цахилгаангүй болчихоод буй Пуэрто Рикод "туслахаар шийдсэн" хэмээн голчлон тайлбарласан байна. Сонирхуулахад, Мodel 3S энэ улиралд 1500 ширхэг үйлдвэрлэгдэх төлөвлөгөөтэй байсан ч ердөө 260 ширхэг л үйлдвэрээс гарч, худалдан авагчдын гарт очоод байгаа гэнэ.

Хүүхдийн тоглоомын салбарт манлайлагчдын нэг Лего өөрийн төв байрладаг Биллунд хотноо Lego House нэртэй цогцолборыг нээлээ. Жилд 250 мянган хүүхэд хүлээн авах зорилготой энэхүү парк нь 12 мянган метр квадрат хэмжээтэй бөгөөд 31 куб хэлбэртэй байгууламжуудаас бүрдэх бөгөөд лего ресторан, кафе, музей, тоглоомын төвүүдийг дотроо агуулжээ. Ташрамд дурдахад, төв хэсэгт нь 6 сая легогоор угсарч хийсэн аварга мод сүндэрлэн буй гэнэ.

New Atlas: Lego House-аар зочлохуй

Дэлхийн тэргүүлэгч агаарын хөлөг үйлдвэрлэгчдийн нэг Boeing автомат удирдлагатай онгоцны технологи хөгжүүлэгч Aurora-г худалдаж авч байгаагаа зарлалаа. 1989 онд байгуулагдсан цагаасаа цэргийн зориулалттай онгоцны технологи амжилттай хөгжүүлж, туршаад буй Aurora-ийн тусламжтайгаар Boeing иргэний тээвэрт жолоочгүй онгоцыг ашиглах боломжийг эрэлхийлж байгаа нь энэ юм.

Тэгвэл Boeing-ийн гол өрсөлдөгчдийн нэг Airbus 2018 оны эхний улиралд анхны агаарын таксины үйлчилгээгээ туршина гэдгээ олон нийтэд зарлалаа. CityAirBus нэртэй энэ төслийн хүрээнд тэд 4 хүн тээвэрлэх боломжтой, 120 км/цагийн хурдтай нисдэг, баттерейгаар ажилладаг жижиг онгоцыг томоохон хотуудад таксины зориулалттайгаар гаргахаар зэхэж байгаа юм. Airbus 2023 он гэхэд агаарын такси нийтийн хэрэглээнд нэвтэрнэ гэж үзэж байгаа билээ.

Бүх бизнес цахим руу шилжиж, онлайн зах зээлд хөл тавьж буй энэ үед Starbucks онлайн дэлгүүрээ хааж байгаагаа зарлалаа. Тэд аяга, кофе болон бусад дагалдах хэрэгслүүдээ борлуулдаг байсан цахим дэлгүүрээ хаасан нь кофе шоп дахь үйлчилгээндээ илүү анхаарал хандуулж, хэрэглэгчдийг биетээр худалдан авахыг өдөөх зорилготой аж.

Алдалгүй унших арван мэдээ

Vox: Холливудын могул Х.Вейнштэйний бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргийг тайлбарлахуй
Bustle: Bob's Burger-ийн шинэ улирлын нээлт - 62 уран бүтээлч нэг ангид!
NYTimes: Төрсөн өдрийн мэнд, гэхдээ баяртай Путин!
Techcrunch: Uber-ийн ТУЗ-д хийгдэж буй өөрчлөлт, шинэчлэлүүд
Engadget: Apple Music-ийг Мессенжертээ ашиглаж болно
NUM: МУИС-ийн шинэ номын сан нээгдлээ
Bloomberg: SWITCH-ийн IPO хэнд хожоо авчрав?
Recode: Netflix үнээ нэмэв
BBC: Спутникийн нөлөө
ESPN: Аргентин, Уругвай, Парагвай 2030 оны ДАШТ-ийн төлөө

Дугаарт оролцсон: О.Бүтэд, Э.Содбилэг, Ч.Алтан-Өлзий

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.