Апп Тойм   10 сарын 03, 2017

Апп тойм: Ажлын дундуур толгойгоо сэргээхэд туслах 4 тоглоом

Өнөөдрийн танилцуулах тоглоомууд зугаатай хэрнээ толгойгоо нэлээн сайн ажиллуулж, логикоор сэтгэхийг шаардана. Шинэ зүйлсийг цээжилж, мэдлэгээ ч нэмэх боломжтой. Зарим нь магадгүй бүр донтуулж ч мэдэх юм шүү.

1. THE WIKI GAME

"The Wiki Game" буюу Wikipedia-д суурилсан энэхүү тоглоом нь ямар нэгэн нийтлэлээс оноож өгсөн нийтлэл рүү холбоосуудаар дамжин очиж тоглодог юм. Жишээ нь, Хайку япон шүлгийн хуудаснаас "husky" нохойны хуудас руу очих гэх мэт. Хуудас хоорондын хамаарлыг олохын тулд бас нэлээн мэдлэг, логик шаарддаг.

Олуулаа тоглох боломжтой бөгөөд хэн нь хамгийн цөөн дарж очих вэ гэх мэтээр уралдаж болно. Жишээ нь, манай найзууд хэн нь хамгийн түрүүнд Гитлерийн хуудсан дээр очих вэ гэж уралддаг байсан. Ерөнхийдөө 3 хуудас дамжаад л очдог. Та ч бас гурван хуудас дамжаад очиж чадах эсэхээ шалгаад үзээрэй. Хэрвээ чадаагүй бол нийтлэлийн хамгийн дор хялбар очих аргыг үлдээе. Түүнчлэн iOS, Android-оос гадна вэб хөтчөөсөө тоглох боломжтой шүү. Доор байгаа тоглох гэсэн дээр дарж вэб хөтчөөсөө тоглоорой.

Тоглох (iOS, Android)

2. GEOGUESSR

Нэрнээс нь ямар төрлийн тоглоом гэдэг нь ойлгогдож байгаа байх. Энэ нь танд "Google Street View" ашиглан дэлхийн ямар нэг газрыг харуулах бөгөөд та тэрийг хаана гэдгийг нь таах ёстой. Хэр ойрхон, хэр хол тааснаас шалтгаалж оноо өгөгдөж явах болно. Заримдаа хэлж мэдэхийн аргагүй тал нутаг, тэгээд хэдхэн мод ч харуулж магадгүй тул сум ашиглан эргэн тойрны газартай танилцан нээж, машины дугаар, замын тэмдэг, барилгын байшингийн хийц, хүний царай гэх мэтийг ашиглан тухайн газар нутгийг тааж болно. Нэг зүйл хэлэхэд, өөрийгөө сорьж тогломоор байгаа бол "Гүүгл" битгий ашиглаарай.

Тоглох (iOS)

3. A DARK ROOM

Зөвхөн текстэн дээр суурилсан энэхүү тоглоомыг та түүхийн нэгэн дүр болсон мэтээр тоглох болно. Хамгийн анх та харанхуй өрөөнд сэрэх бөгөөд зөвхөн "light fire" буюу гал асаах л сонголттой байна. 2 удаа гал асаасны дараа мод түүх, урц барих чадвартай шинэ хүн тан дээр ирэх гэх мэтээр үйл явдлууд хөвөрдөг. Ийнхүү бага багаар хөгжүүлсээр эцэстээ зэр зэвсгийн үйлдвэр хүртэл барих болно. Жаахан цаг авдаг хэдий ч олон хүн донтуулдаг тоглоом гэдгээрээ алдартай. Мөн миний зүгээс сануулахад тоглоомоо хадгалж авч байгаарай. Ямар нэгэн аккаунт нээдэггүй тул зөвхөн код маягаар хадгалах боломжтой нь тиймхэн. Гэхдээ л олон цаг зарцуулсан үйл явцаа устгуулснаас хамаагүй дээр. Нэг сул тал нь англи хэлний багагүй мэдлэг шаардана.

Тоглох (iOS)

4. SPORCLE

Quiz хэлбэрийн тоглоом олон ч Sporcle-ийг гүйцэх нь ховор. Учир нь quiz-нүүд нь зөвхөн нэг форматад баригддаггүй олон сонирхолтой хэлбэртэйгээс гадна хэрэглэгчид өөрсдөө quiz үүсгэх боломж нь баялаг санг бүрдүүлж чадсан. Анх "Harry Potter Top 200" буюу Харри Поттерийн топ 200 дүрийг таадаг тоглоомоос нь болж "орж" байсан миний хувьд сүүл рүүгээ level 15 хүртлээ хар мянган тоглоом тоглосон бөлгөө. Хамгийн алдартай тоглоом нь болох улсууд таадгийг ч бас тоглоод үзээрэй. Вэбээс тоглоход үнэгүй ч апп нь 1.99$-ын үнэтэй юм байна лээ. Утасны вэбээс орж тоглоход жаахан урамгүй, тухгүй. Нэмж хэлэхэд JetPunk гээд төстэй вэбсайт байдаг. Sporcle-ыг бодвол дизайны хувьд дээгүүр ч нөөц бага.

Тоглох (iOS, Android)

The Wiki Game-ыг ашиглан Гитлерийн хуудас руу хамгийн хурдан хүрэх зам: Ямар ч хуудаснаас хамгийн түрүүнд аль нэг улс руу явах холбоосыг олох -> тэндээсээ дэлхийн II дайн -> тэгээд эцэст нь Гитлер. Уг нь амархан байгаа биз. Гэхдээ заримдаа тулгамдаад мэддэг зүйлсээ мартах асуудал ч гарна.

Нийтлэлийг бичсэн: О. Бүтэд (twitter)

18351   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.