Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   09 сарын 25, 2017

Онцлох бизнес: Морин Жолооч - Анхны даатгалтай, мэргэшсэн дуудлагын үйлчилгээ

Дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлдэг олон газар байдаг. Харин өнөөдрийн бидний онцолж буй "Морин Жолооч" бол үйлчилгээгээ бүрэн даатгуулсан анхны бөгөөд цор ганц компани гэдгээрээ онцлог. Тэд үүнээс гадна үйлчилгээндээ олон шинэлэг зүйлийг нэвтрүүлж байгаа бөгөөд 24/7 цагаар үйл ажиллагаа явуулдаг. Бараг л машинтай хүн болгонд тулгардаг асуудлыг шийдэх "Морин Жолооч"-ийг үүсгэн байгуулагчтай ярилцсанаа хүргэе.

Бизнесийн нэр: Морин Жолооч
Хаяг: Яаралтай түргэн тусламжийн баруун талд, Шүрэн төв, 5 давхар
Үйл ажиллагааны чиглэл: Дуудлагын жолооч
Үүсгэн байгуулагч: Н.Отгонбаяр
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 9 сар
Ажилтны тоо: 22
Вэбсайт: Морин Жолооч (фэйсбүүк)

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Анх энэ бизнесийг үйлчлүүлэгчийн байр сууринаас харан, яагаад гэсэн асуулт асууж эхлүүлсэн. Улаанбаатар хот 500 мянган автомашинтай, 1.5 сая хүнтэй метрополитан хот. Гэтэл яагаад албан ёсны мэргэшсэн хариуцлагатай дуудлагын жолоочийн үйлчилгээ эрхэлдэг компани байхгүй байна вэ гэж бодсон. Мөн 2016 оны 9 сарын 1 нээс мөрдөгдөж эхэлсэн замын хөдөлгөөний тухай хуулиар согтуугаар жолоо баривал 400 мянган төгрөгөөр торгуулж, 2 жил эрхээ хасуулахаар заасан нь энэ чиглэлийн бизнесийн эрэлт хэрэгцээг улам бүр нэмсэн. Үүнийг дагаад дуудлагын жолоочийн үйлчилгээ эрхлэгчид борооны дараах мөөг шиг олширсон л доо. Гэхдээ голдуу хувийн машинаараа халтуур хийдэг хүмүүс нийлэн, орой үдэш баар цэнгээний газрын ойролцоо тавьсан машинууд дээр дуудлагын жолоочийн нэрийн хуудас хавчуулж, салхины шилэн дээрх утасны дугаар уруу нь мессеж бичин, үйлчилгээ үзүүлж байгаа.

Өөрөөр хэлбэл үйлчилгээний соёл, стандарт, аюулгүй байдал, даатгал байхгүй, нэг үгээр буух эзэн буцах хаяггүй хувь хүмүүс энэ үйлчилгээг халтуур хэлбэрээр хийдэг тул мэргэшсэн найдвартай үйлчилгээ үзүүлэх санаа анх төрсөн.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Би нэг хэсэг улс төр, нийгмийн ажил хийж байсан юм. Улс төрөөс нэг ёсондоо сэтгэл хөрөөд бизнесийн салбарт орохоор шийдсэн. Найз нартайгаа нийлээд 3 жижиг бизнес зэрэг эхлүүлж жил хэртэй 10-аад залуутай бужигнасан. Жилийн дараа ганцаараа оффис дээрээ үлдсэн байсан (инээв). Тэр үед унаж байсан машинаа зараад, 5 сая төгрөг зээлж, нэг приус 10 аваад 5 залуутай "Морин Жолооч"-ийг эхлүүлсэн. Ёстой хамаг л юмаа шавхаж байгаад компаниа байгуулсан даа.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Анх байгуулагдсан цагаасаа “Бид энэ хотдоо хамгийн шилдэг нь” хэмээх уриа, зорилтыг тавьж ажиллаж ирсэн. Олон онцлог, давуу тал хэлж болохоор байна. "Морин Жолооч" ХХК нь үйлчлүүлэгч нарынхаа аюулгүй байдал, амь нас, эд хөрөнгийг 100 сая төгрөгийн үнэлгээтэй даатгуулсан анхны бөгөөд бас цор ганц мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг компани. Бид шөнө гэлтгүй өдөр ч, 7 хоногийн 24 цагаар дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлдэг.

Бид үйлчлүүлэгчдэдээ урамшуулалтай, сугалаатай үйлчилгээ үзүүлдэг. Харилцагчийнхаа нууцлалд их анхаардаг. Эмэгтэй хүмүүс эмэгтэй жолооч үйлчлэх, казах иргэдэд казах жолооч үйлчлэх боломжийг мөн бүрдүүлсэн.

Түүнчлэн мобайл аппликейшинтай тул дуудлага өгөхөд үйлчлүүлэгчдэд хялбар байдаг.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ХЭРХЭН, ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Дуудлагын жолооч гэдэг бол ер нь хүргэлтийн үйлчилгээ. Цаашдаа бид А цэгээс Б цэг хүртэл зөвхөн машин гэлтгүй төрөл бүрийн бараа үйлчилгээ хүргэдэг мэргэшсэн шуудан хүргэлтийн компани болох зорилготой.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ, ҮНЭТ ЗҮЙЛС ТАНЬ ЮУ ВЭ?

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг зарчим барьдаг. Бидний үйлчилгээний чанар эцсийн дүнд жолооч гэдэг хүнээр л илэрнэ. Тэгэхээр анхнаасаа хүмүүсээ сонгож авахдаа хариуцлагатай байх ёстой. Мөн ажилчдынхаа харилцаа, ажиллах орчин, цалин хангамжийг онцгойлон авч үздэг.

Тэрчлэн бид хэдий шинэхэн компани ч гэсэн нийгмийн хариуцлагатай байж, бусдадаа үлгэр жишээ болохыг хүсдэг. Тийм ч учраас "Ид шидийн орон" төсөл 5 жилийн хугацаанд 15 сая төгрөг хандивлахаар нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаад байна.

ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

2018 ондоо багтаад бид "Морин жолооч VIP такси"-тай болох зорилготой ажиллаж байна. Мөн зөвхөн шөнийн цагаар согтолттой үедээ биш өдрийн цагаар дуудлагын жолооч авдаг үйлчилгээг дэлгэрүүлэхийн төлөө ажиллаж байна. Манайд гадуур ажил хөөцөлдөх, хүүхэд хүргэж өгөх, авахаас эхлээд дуудлагын жолоочийн хэрэгцээ шөнө гэлтгүй өдөр ч их байх боломжтой.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Согтуугаар жолоо барьсны улмаас гардаг гэмт хэргийн тоо асар өндөр байдаг. Бид энэ үйлчилгээг явуулснаараа хүмүүсийн амь нас, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалж байгаа. Үр дүн нь дороо гардаг, нийгэмд ээлтэй ажил болохоор сэтгэл өег байдаг.

Нөгөө талаар бас амархан бизнес биш ээ. Янз бүрийн үйлчлүүлэгчтэй таарна. Хүний үнэ цэнтэй хөрөнгийг хариуцна. Даатгалтай болсон нь харин манай эрсдэлийг хамгаалж, сэтгэл амар ажиллах боломжоор хангаж өглөө. Ер нь нэлээн зоригтой байж хийх бизнес гэж боддог. За тэгээд бэрхшээл учирдаггүй бизнес, ажил гэж юу байхав дээ.

ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙХАД УЧИРЧ БАЙСАН СУРГАМЖТАЙ, ХӨГЖИЛТЭЙ ЯВДЛУУДААС ХУВААЛЦАНА УУ?

Манайх харилцагчид болон үйлчлүүлэгчдийн хувийн байдлын талаар нууцын гэрээтэй учир энэ талаар ярих боломжгүй байна.

ТАНАЙ АЛЬ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БАЙДАГ ВЭ?

За шөнө оройн цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дуудах нь мэдээж хамгийн түгээмэл. Гэхдээ бид 24 цагийн турш ажилладаг өдрийн цагаар дуудлагын жолоочийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь өдрийн турш үйлчилгээ авахад 30,000 байдаг. Машин ирж аваад манай эмээг эмнэлэгт үзүүлээд, хүүхэд цэцэрлэгээс аваад өгөөч гэж болно гэсэн үг. Мөн гэрээ хийгээд 7 хоногоор үйлчилгээ авч болно. Хөдөө явахдаа ч дуудлагын үйлчилгээ авч болно.

Гэрэл зургийг Д.Ганзул

30089   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.