Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   09 сарын 23, 2017

Unlock Podcast #15: "Living with a SEAL" номын тухай

Ихэвчлэн өөрийгөө хөгжүүлэхүй, бизнес, сэтгэл зүйн чиглэлийн номуудаас тоймлож байсан Unlock Podcast-ийн энэ удаагийн дугаарт огт өөр төрөл жанрын ном орлоо. Энэ бол SEAL буюу АНУ-ын зэвсэгт хүчний тэнгис, агаар, газрын (Sea, Air, and Land) аль алинд үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдсэн "супер" тусгай хүчинд алба хаасан нэгэн цэрэг эртэй 31 өдөрт хамт амьдарч, хамтдаа бэлтгэл хийсэн нэрт бизнесмэний уулга алдуулам түүх юм. Өөрийн дасал болсон, тухлаг орчноос (comfort zone) гарч, чадамжийнхаа хил хязгаарыг тэлэхийг хүссэн хүн бүрийн сонсвол зохих энэ подкастыг Тэгшээ, Дээгий нар бэлтгэн явууллаа.

Энэ бол товчхондоо хоёр галзуу шахуу эрийн галзуу гоё түүх юм. Яагаад гэвэл тэд хоёул хүний санаанд багтамгүй зүйлсийг хийж чаддаг.

Эхлээд номыг бичигчийг товчхон танилцуулъя. Жэсси Ицлер бол Marquis Jet буюу нисдэг тэрэгний "Uber"-ийг 2001 онд хамтран байгуулсан энтрепренер. Тэр энэ компаниа Berkshire Hathaway/NetJets-д худалдаж, наргил модны самрын шүүсний компанийг мөн хамтран байгуулж 2013 онд Coca-Cola Company-д зарж чадсан сүйхээтэй бизнесмэн. Залуудаа реппер байж, MTV-ээр ч клипээ цацаж байжээ. Өдгөө NBA-ийн Атланта Хаукс багийн эзэн тэрээр сагсан бөмбөгийн энэ алдарт лигийн “I Love This Game” хөгжмийн кампанит ажлыг найруулж, Emmy-ийн шагнал хүртэж байсан элдэвтэй нэгэн. Тэгээд болоогүй Spanx дотуур хувцасны брэндийн үүсгэсэн байгуулсан тэрбумтан Сара Блэйклигийн нөхөр, 3 хүүхдийн эцэг юм. Жэсси ултра марафон буюу 160 км-ийн марафонд гүйдэг. Товчхондоо хайрцагнаас гадуур сэтгэдэг, за даа ер нь хайрцаг гэж ойлголтыг ч мэдэхгүй хүн.

Жэсси нэг удаа ултра марафонд найзуудтайгаа буухиалан гүйжээ. Тэгтэл нэг хар арьст булчинлаг залуу ганцаархнаа гүйж байсан нь түүний сонирхлыг татаж, очоод танилцтал 35 насандаа SEAL-ээс тэтгэвэртээ гарсан цэрэг хүн байж. Гүйлтийн урт, бэлтгэлжилтдээ хэдийн дасал болчихоод, үүнийгээ эвдэхийг хүсэж байсан Жэсси ч тэр даруйхан SEAL-д гэрт нь ирж хэсэг амьдрах санал тавьжээ. SEAL түүнд өөрийнх нь хэлснийг үг дуугүй биелүүлж байх нэг л нөхцөл тавьсанд Жэсси ч зөвшөөрсөн байна. Ингэж Жэсси ба дэлхийн хамгийн чанга залуу хоёрын 31 өдрийн адал явдал эхэлсэн юм.

Подкастын хоёр маань энэ номыг уншихдаа хэрхэн ангайснаа, яаж хөхөрч байснаа байн байн ярьж байгаа. Бүтнээр нь унших байтугай нэг цагийн энэ тоймыг сонсоход л ангаймаар юм билээ. SEAL-ийн түүх, түүний биеийн болоод сэтгэлийн тэнхээ, түүний Жэссигээр хийлгэж байсан дасгалууд, тэр завсар болж байсан хөгжилтэй, сонирхолтой түүхүүд, энэ нь Жэссид бизнесийн талбарт хэрхэн нөлөөлж байсан гээд энэ бүхэн таныг ховсдон татах болно. Би яасан гээч, подкастыг сонсож байхдаа үедээ тэсэлгүй гар дээрээ суниаж гарсан юм. Тэгэхээр энэ ном таныг дасгал хийдэггүй байсан бол дасгал хийдэг, хийдэг байсан бол бүр сайн хийдэг болгох өндөр магадлалтай. Хоолны дэглэм, сэтгэл зүйн бяддаа ч гойд анхаардаг болгож магадгүй юм шүү.

Подкаст дээр энэ бүхнийг дэлгэрэнгүй ярих учраас би энэ номыг "томчууд" хэрхэн үнэлснийг сонирхуулаад подкастдаа шилжүүлье.

"Асар хөгжилтэй ном"
Леброн Жэймс

"Энэ бол 100% Жэсси мөн дөө. Юмыг өөрөөр хий, өөрөөр сэтгэ. Хариуд нь ч ангид үр дүн гарга. Тэр насан туршдаа л ингэж амьдарсан, гайхалтай ч үр дүн гаргасан."
АНУ-ын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Майк Крзезевский

"Жорж Форьман надад гайхалтай зөвлөгөө өгсөн. Би түүнд нөхөр маань 160 км-ийн уралдаанд оролцсон гэхэд "Сара иймэрхүү эрчүүдийг ойлгох гэж бүү хичээ. Түүнийг зүгээр л хайрлах хэрэгтэй" гэж хэлсэн"
Spanx-ийн үүсгэн байгуулагч, Жэссигийн эхнэр Сара Блэйкли

Ингээд олныг үл өгүүлэн, хоёр хөтлөгчийн сонирхолтой яриа бүхий подкастаа сонсоцгооё.

Энд дарж сонсох

iTunes дээр манай подкастуудыг сонсох бол энд дарж subscribe хийгээрэй. Мөн Фэйсбүүк хуудсанд маань нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

30170   6


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.