Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   09 сарын 22, 2017

UNREAD-ийн хоёр жилийн ойд: Уншигчдадаа хүргэх захидал

2015.09.23. Энэ бол Unread-ийн анх олны хүртээл болсон өдөр билээ. Unread хэмээх хөлөг онгоц задгай далайд гараад 2 жил болчихсон байна. Жил бүрийн төрсөн өдрөөрөө бид ямар нэг онцгой зүйл хийхийг хүсдэг. Өнгөрсөн жил, нэг насны ойгоороо бид "Unread хэрхэн ажилладаг вэ?" хэмээн өөрсдийн ажлын арга барилыг танилцуулж байсан бол энэ удаа уншигч та бүхэндээ чин сэтгэлийн үгсээ дайсан онцгой нэгэн захидлыг хүргүүлж байна. Ингэхдээ гурван үүсгэн байгуулагч маань Unread-ийн өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар өөрсдийн үгээр хүүрнэлээ. Хариу захидал бичихийг хичээнгүйлэн хүсье :)

Өнгөрснийг дүгнэхүй 

Unread-ийг хамтран байгуулагч Д.Ганзориг

Хүндэт Уншигч танаа,

Яг хоёр жилийн өмнөөс бидний амьдрал маш түргэн хэмнэлтэй болж эхэлсэн юм. Батугийн оффис дээр шөнө 3 өнгөртөл суугаад өглөө нь 11 цагийн үед “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагаа анхлан цацсанаас хойш сар өдрүүд долоо, долоо хоногоор харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд 2 жилийг ардаа үджээ.

Үнэнийг хэлэхэд, бид www.Unread.Today гэсэн хачин нэртэй, өдөрт нэгхэн нийтлэл оруулах, базаж хайрцагласан долоон булантай, 100-аас дээш тэмдэгтээр сэтгэгдэл оруулахыг “шаардсан” сайтаа хүмүүст таалагдана гэдэгт нэлээд итгэлтэй байв. Энэ хүлээлтийн цаана хэд хэдэн шалтгаан байсан юм.

Эхлээд сайтын агуулга талаас ярья. Ижил санаа бодолтой, сонирхол нэгтэй бидэнд бизнес, технологийн чиглэлийн чанартай контент бүхий монгол сайт харагддаггүй байв. Бизнес, технологийн ч гэж, ер нь хоёр жилийн өмнө яг тодорхой сэдвээр төрөлжсөн сайтууд тун ховор байлаа. Энэ үед бидний энтрепренер зөн нэгийг хэлэх шиг болсон. Хэрвээ чиний хүссэн бүтээгдэхүүн үйлчилгээ байхгүй байвал, олдохгүй байвал, түүнийгээ өөрөө бүтээ! Энэ бол энтрепренер хүний алтан дүрэм билээ. Эндээс л шинээр төрөн гарч буй гарааны бизнес, үйлчилгээ, аппликэйшин, номуудыг танилцуулах, тэдний хэрэглэгчдэдээ хүрэх гүүр болох талбарыг бий болгоё гэсэн санаа маань урган гарсан. Бид зорилтот уншигчдаа, өөрсдөө дотор нь багтах 20-35 насныхан буюу залуу мэргэжилтнүүд байхаар сонгосон юм. Ямар контентийг бид уншихыг хүсэх вэ гэж өөрсдөөсөө асуун анх контентуудынхаа санааг гаргаж байлаа. Энэ насныхан яаж өөрийгөө сайжруулж хөгжүүлэх вэ, хэрхэн илүү бүтээлч болох вэ, яаж шинэ бизнес эхлүүлэх вэ, хэрхэн карьераа ахиулах гэж хамгийн ихээр боддог шүү дээ.

Гэхдээ шинэ бүтээгдэхүүний хэлбэр хийц нь хүний нүдэнд агуулгаасаа түрүүнд тусдаг. Хэлбэр талаасаа бид эрс ялгарах ёстой гэдгээ ухамсарлаж байлаа. Манай цахим орчинд нэг асуудал байдаг нь ихэнх сайтууд аль болох олон сэдвээр, аль болох л олон мэдээ мэдээлэл нийтлэхийг эрмэлздэг. Үүний эсрэгээр бид нэг өдөрт нэг л чанартай, оригиналь контент нийтэлье гэж шийдсэн. Бас өөрсдийн цаг зав, нөхцөл боломжид ч нийцүүлсэн нь тэр. Контентийн загвар, ярилцлагын асуултуудаа эхнээсээ нэг мөр тогтоосон нь уншигчдад биднээс юу хүлээх хэрэгтэйг ойлгуулсан, өөрсдөд маань ч цаг хэмнэн хурдтай ажиллах боломжийг олгосон юм. Сэтгэгдэл бичих соёл манайд тааруу байгааг өөрчлөхийг хүссэндээ бид 100-аас дээш тэмдэгтээр сэтгэгдэл бичих “Твиттерээс урвуу”, багахан ч гэсэн хөдөлмөр гаргахыг хүссэн сонирхолтой дүрэм гаргаж, сэтгэгдлийг соёлыг бий болгоё гэж уриалсан. Нийтлэлүүдээ унших ёстой имэйлтэй зүйрлэн Unread гэж нэрийдэн, www.Unread.Today гэх домайн авсан нь утга учиртай, бас хэлбэр талаасаа шинэ цагийг бэлгэдсэн хэрэг байв. Ер нь л бид юм юмаараа шинэлэг, бүтээлч, содон байхыг эрмэлзсэн. Уншигчдаа ч тийм байгаасай, тийм болоход нь туслах болно хэмээн бид сайтаа “Бүтээгч хүмүүст зориулав” гэх уриатай болгосон билээ.

Ингэж л бид сайтаа эхлүүлсэн юм. Уншигчид маань баяртайгаар хүлээн авахад бид зөв зүйлийг эхлүүлжээ гэж урамшсан, илүү ихийг хийхээр тэмүүлсэн. Зарим сэтгүүлчийн бүтээлч бус байдлаас үүдэн нэр хүндэд нь сэв суусан цахим сэтгүүл зүйн нөхцөл байдлыг өөрчлөх эхний алхмыг хийж чадсан гэж бид итгэдэг. Өнөөдрийг хүртэл бид анх гаргасан нийтлэлийн бодлогоо тууштай үргэлжлүүлж, оригиналь, эерэг, хараат бус байх гэж тодорхойлсон үнэт зүйлсээ алдалгүй барьж ирсэндээ баяртай байна. Энэ хүртэл биднийг тусалж дэмжиж ирсэн бүх хүнд чин сэтгэлээсээ талархан байна.

Медиа бол хүссэнээрээ бүтээлч байж болдог, нөлөөлөл ихтэй салбар. Орчин цагийн технологийн дэвшил, сошиал медиагаас үүдэн хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж буй энэ л чухал салбарт бид өдөр бүхэн - эхлэл цэг гэдгийг гүнээ ухамсарлан, чигээ алдалгүй, гэрэлт цамхгийг зорих ёстой.

Одоог цэгнэхүй

Unread-ийг хамтран байгуулагч А.Ундрал

Өнөөдөр бид 2 насны ойтойгоо золгож байна. 100 зочин, 100 бизнес, 100 апп, 100 зөвлөмж, 100 ном, 100 тойм. Гойд сүртэй, том тоо биш байж магадгүй. Гэхдээ өдөр бүр хүргэдэг нийтлэл бүрийн ард, түүн доторх агуулга, өгүүлбэр бүрийн хойно Unread-ийг тодорхойлох илүү шинийг эрэлхийлсэн, илүү сайн руу тэмүүлсэн хандлага, сэтгэл бас зүтгэл шингэсэн байдаг. Биднийг үргэлж дэмжиж, бүтээлчээр шүүж, улам урагшлах эрч хүчийг бэлэглэдэг уншигч та бүхний итгэлийг алдахгүйн төлөө бид хэзээ хэзээнээсээ ч илүү урам зориг дүүрэн энд зогсож байна. Өмнө ч хэлж байсан, бид яг л сайтаа дөнгөж нээгээд, хүмүүс хэр хүлээж авах бол хэмээн минут тутамд хуудсаа ачаалж байсан эхний өдөр шигээ л сэтгэл хөдөлж, догдолдог хэвээр.

Unread-ийн уншигчидтай уулзсан тохиол бүр, ирүүлсэн цахим шуудан бүр надад гүн сэтгэгдэл үлдээдэг. Харь холын газарт, санамсаргүй таарсан шинэхэн танилынхаа манай нийтлэлүүдийг уншдаг, найзууддаа санал болгодог, дотроос нь олон зүйлсийг олж авдаг хэмээн ярихыг сонсохдоо ямар сэтгэгдэл төрдөг гэж бодно? Үгээр хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй юм. Тэдний түүх, тэдний яриа, тэдний сэтгэгдэл бүр надад нөлөөлж, намайг цэнэглэдэг. Ахиад сайжрах, илүү хүрээгээ тэлэх, бүр шинийг сэдэх хэрэгтэйгээ ойлгож, хийх зүйлс зөндөө дутуу байгааг мэдэрдэг. Бас асар их хүлээлт-итгэл, түүнийг дагаад дутахааргүй их үүрэг хариуцлага ирж байгааг ухамсарладаг.

Бид тогтсон дэгийг эвдэж, тоглоомын дүрмийг өөрчлөх бололцоо дүүрэн үед ажиллаж байгаагаа мартаж болохгүй. Өмнөх өөр ямар ч үеийнхэнд олдоогүй ч байж мэдэх энэ боломжийг, энэ давуу талаа бүрэн гүйцэд эдлэх нь бидний үүрэг мэт. Бизнесүүд медиаг захиалдаг биш, медиагийн бодлогыг хүндэлж байршдаг шинэ жишгийн төлөө зүтгэж байна. Өөрсдийгөө улам бүр хайрцаглаж, хөөсөнд оруулах биш, тэр хөөсийг хагалж, хүрээгээ тэлж ойлголтын зөрүүг ойртуулахыг хүссээр л.

Гэхдээ бидний өмнөх тохиох тааварлаагүй, таамаглашгүй асуудал бэрхшээл бүрийг тойрч гарна гэдэг даанч амаргүй юм. Дутуу тооцоолсон үйлдлүүд, гүйцээлгүй бүтэлгүйтсэн төслүүд, хийгдэж амжаагүй ярилцлагууд, дэмжлэг аваагүй санаанууд ч зөндөө үлдэж. Илүү баяжуулж, чанаржуулж болох л байсан контентууд, бүр ч их хүнд хүргэж болох байсан ярианууд, ахиад илүү сайжруулж, ойлголцож болох л байсан хамтын ажиллагаанууд бас бий. Дан ганц сэтгэл байгаад, түүн дээр юунаас ч дутахгүй хүсэл эрмэлзэл, боломж бололцоонуудыг нэмээд ч хангалттай биш байх тохиол бас гарах юм. Хүний нөөц хүчрэхгүй байх, бяр чадал, туршлага дутах зүйлс цөөнгүй байсаар. Үнэт зүйлсдээ тууштай байхын төлөөх, үнэнч уншигчдаа хадгалж үлдэхийн төлөөх өдөр бүрийн тэмцэл, сорил ихийг ухааруулж байна.

Урам хугалсан мөчүүд, сэтгэл гонсойлгосон өдрүүдээ эргэн нэг саная. Хамтрагчид, уншигчид, найз нөхдөөсөө хүлцэл өчье. Бүтэлгүйтлүүдээсээ суралцахаа, хэлсэндээ хүрдэг, хийнэ гэснээ гүйцээдэг үлгэр жишээ хамт олон болохын төлөө улам бүр хичээхээ бас амлая.

Аялал дөнгөж эхэлж байна.

Ирээдүйг зураглахуй  

Unread-ийг хамтран байгуулагч Б.Батзаяа

Хоёр жилийн өмнө алсад нүүгэлтэн харагдаж байсан зах хязгааргүй том далайн эрэгт бид тулаад иржээ. Зэрэглээ мэт дөхөж очих бүрт үргэн чинагшилж, урам хугарах, улам урагшлах эрмэлзлийг нэгэн зэрэг өдөөн цээжинд цус хуруулж байсан тэрхүү хараа алдрам үл мэдэхүй дор, будаг нь үнэртсэн шинэхэн хөлөг онгоцныхоо дарвуулыг хийсгэж, зангуугаа татчихаад зогсож байна. Энд ирнэ гэдгээ бид мэдэж байсаан.

Ирээдүйг таамаглах аргагүй ч зөн совин, мэдрэмж гэж бий. Ур чадвар, туршлага, зориг зүрх, тэсвэр тэвчээр, дээр нь нэмээд алсыг хамтдаа туулж эцсээ үзэхээр зүрхээ нэгэнт чангалсан хамтрагчид, хамт олон бий. Хийж бүтээх хүсэл мөрөөдлийн эдгээр луужингууд эвдрээгүй байгаа цагт бидний нойрыг хулжаан даллаж, хөхрөн униартах тэр их үл мэдэхүйг нэвт зүсэн дараагийн эх газрыг олж, эрэг дээр нь зангуугаа буулгатлаа зогсолтгүй довтолгох болно. Далайн шуургыг зад цохиж, замын бэрхшээлд үл ажран, цэнхэр тэнгэр хөхрөх ус нийлэн нэг цул болж буй хэний ч гар хүрээгүй тэр л заагт очихыг мөрөөдмүй.

Далайн түрлэг одоо дуусаж татлага удахгүй эхэлнэ. Цаг бидэнд бага байна. Түрлэг биднийг ивээж, хэдий давлагаа бүр нь чичиртэл хүйтэн агаад хүчтэйгээр цохиж байсан ч ихийг өгсөн нь нууц бус. Аян замын олз, өнгөрсөн амжилт, ирээдүйн томоохон зорилгуудаар өдийг хүртэл дүүргэн нөөцөлсөн богцоо бид энэ 11 сард болох UNPLUG 2017 арга хэмжээн дээрээ задлах болно. Шинэчилсэн апп, шинэхэн бүтээгдэхүүнүүд, Unread+, олон улс руу чиглэсэн төслүүд, тэгээд инновацийн төв… Юу болохыг гагцхүү ирээд мэдээрэй.

Нүдний хараа дунд нь цуцах алсыг зорин бид уншигч та бүхний хамтаар хөдөллөө. Энэ аяллаас бид улам ихийг л хүлээж буй. Та бүхний тус дэмжлэг ч ихээхэн хэрэг болох нь дамжиггүй.

Үл мэдэхүйн дунд баяртайгаар учран золгоё.

Хүндэтгэн ёсолсон,
Unread Team

49202   45


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.