Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Тогтвортой хөгжлийн зорилгууд   09 сарын 21, 2017

Мэдүүштэй: "Тогтвортой хөгжлийн залуу манлайлагч" хөтөлбөрөөс төрсөн 6 төсөл

Өнгөрсөн ням гарагт Глобал Шэйпэрс Улаанбаатар Нийгэмлэгээс бүтэн зуны турш зохион байгуулсан "Тогтвортой хөгжлийн залуу манлайлагч" хөтөлбөрийн хаалтын ажиллагаа явагдаж, төслийн уралдааны ялагчид тодорлоо.  НҮБ-аас 2030 он хүртэл дэлхийн улс орнууд, хүн төрөлхтний хэрэгжүүлэх гэрийн даалгавар болгон дэвшүүлээд буй "Тогтвортой хөгжлийн зорилтууд"-ын талаарх олон нийтийн мэдлэг, мэдээлэл, боловсролыг дээшлүүлэх, энэ чиглэлээр өөрсдийн эргэн тойрон, хүрээлэн буй орчиндоо эерэг нөлөөлөл үүсгэж чадах элч-манлайлагчдыг бэлтгэх нь энэхүү хөтөлбөрийн зорилго байсан юм.

Хэд хэдэн шатны шалгаруулалтыг даван шалгарсан 30 гаруй оролцогчид өнгөрсөн зуны турш төслийн менежмент, хувь хүний хөгжил, карьер төлөвлөлт зэрэг олон чиглэлийн хүрээнд явагдсан сургалт, лекцүүдэд хамрагдан, эцсийн шатанд өөрсдийн сонгон авсан тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд нийгэмд чиглэсэн төслийг санаачлан, баримт бичиг боловсруулж, санаагаа танилцуулан өрсөлдлөө. Unread энэхүү хөтөлбөрийн үеэр танилцуулагдсан шилдэг зургаан төслийг та бүхэнд хүргэж байна.

Merson

"Мэргэжил сонголт" гэсэн үгсийн товчлолоор нэрлэгдсэн энэхүү төслийн багийнхан ахлах сургууль төгсөгчдийн хувьд хамгийн түгээмэл тулгардаг асуудлын шийдлийг санал болгож байна. Тэд мэргэжлийн холбогдох байгууллагуудтай хамтран дотоодын их, дээд сургуулиудаас эзэмшиж болох мэргэжлүүд, тэдгээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нэг дор нэгтгэх бөгөөд хэрэглэгчдийг нэг дороос бүх шаардлагатай мэдээллээ авах боломжоор хангах юм. Үүнээс гадна тэд мэдээллээр хамгийн дутагддаг бүсүүд болох хотын захын алслагдсан дүүргүүд дэх сургуулиудыг онилон, тэнд суралцагчдад хандсан цуврал лекц, арга хэмжээг зохион байгуулна гэдгээрээ ялгарч байв.

Мэргэжил, сургуулиа сонгох шийдвэр бол ямар ч хүний хувьд амьдралынх нь хамгийн эхний, хамгийн чухал сонголт байдаг ч манай улсад одоог хүртэл итгэлтэй, найдвартай, нэгдсэн мэдээллийн эх сурвалж хомс байгааг төслийн багийнхан дурдаж байв. Ам дамжсан яриа, ээж аавын ятгалга, бүр үзмэрчийн үг хүртэл тэдний мэргэжил сонголтонд нөлөөлдөг гэдгийг тэд өөрсдийн хийж гүйцэтгэсэн судалгааны үр дүнгээсээ олж мэдсэн гэдгээ танилцуулсан нь ихээхэн сонирхолтой байлаа.

Merson-ий хөтөлбөрийн шилдэг судалгааны ажил гүйцэтгэсэн багаар тодров.

Эко Тог

Сүүлийн жилүүдэд хамгийн эрчимтэй хөгжиж, дэлхий нийтийн гол анхаарлын төвд ороод буй сэргээгдэх эрчим хүч, байгальд ээлтэй технологи хөгжүүлэх санаачилгыг "Эко Тог" багийнхан дэвшүүлсэн юм. Тэд оюутан, сурагчдад хамгийн ихээр тулгардаг асуудлуудын нэг бол цахим төхөөрөмжийн цэнэг дуусах, түүнийгээ цэнэглэх хэмээн тодорхойлж, илүү үр ашигтай, илүү хэмнэлттэй цэнэглэх төхөөрөмж бүхий цэгүүдийг бий болгох шийдлийг санал болгосон юм.

Төслийн багийнхан МУИС, ШУТИС зэрэг хэд хэдэн төвлөрсөн цэгүүд дээр нарны панел, цахилгаан хураагуур ашиглан эрчим хүч хуримтлуулж, түүнийгээ ашиглан утас, цахим төхөөрөмж цэнэглэх боломжтой бүтээгдэхүүн хөгжүүлснээ танилцуулгын үеэр олон нийтэд үзүүлсэн нь сонирхолтой байлаа. Монгол улсад ашиглагдаж буй 3 сая гаруй ухаалаг утсыг цэнэглэхэд жил бүр 2 тэрбум төгрөгийн зардал гардаг бөгөөд нарны эрчим хүч ашиглан энэхүү асуудлыг шийдэж чадвал эдийн засагт тодорхой хэмжээний хэмнэлт гаргах боломжтой гэдгээ онцолж байлаа.

"Эко Тог"-ийнхон өөрсдийн бүтээгдэхүүний загварыг гарган танилцуулсан хамгийн бүтээлч баг байлаа.

"Хэрэглэ. Хая. Хэмнэ" гэсэн уриатай энэ багийнхан МУИС-д суралцаж буй 17 мянга гаруй оюутан, 1400 орчим багш, ажилчдад хог хаягдлыг эх үүсвэрээр нь ангилан ялгах дадалд суралцуулах цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулж, дахин боловсруулагдалгүй хаягдаж буй хог хаягдлын хэмжээг бууруулах зорилго тавьжээ. Тэд энэ хүрээнд төрөл бүрийн арга хэмжээ, видео контент, сургалтууд явуулахаас гадна хог хаягдал ангилан хаях зориулалт бүхий 50 ширхэг хогийн савыг байршуулах аж. Үүний үр дүнд МУИС-ийн хэмжээнд жил бүр гарч буй нийт хог хаягдлын 14 хувийг дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргэх боломжтой гэж тэд үзжээ.

Судалгааны үр дүнгээс үзэхэд, МУИС-ийн хэмжээнд жилд дунджаар 52 тонн хог хаягдал ялгардаг бөгөөд 41 хувь нь цаас, 36 хувь нь ундаа, усны сав байдаг гэнэ. Хэвлэх үйлдвэрийн тоон өгөгдөлтэй нийлүүлэн үзвэл нийт хаягдлын 80 орчим хувийг дахин ангилах, боловсруулах боломжтой байдаг ч шууд хаягдаж байгаа гэдэг нь анхааралдаа авууштай, мэдүүштэй мэдээлэл байсныг энд онцолъё.

3Х багийнхан тэмцээний шилдэг санаа гаргасан багаар нэрлэгдсэн билээ.

Өдье

"Өдөөгч өгье" хэмээх сонирхолтой нэртэй тус багийнхан 12-15 насныхныг нэгтгэсэн клубүүдийг ахлах сургуулиуд дээр байгуулах замаар тогтвортой хөгжлийн боловсрол болон хувь хүний хөгжилд шаардлагатай мэдлэг, мэдээллүүдийг түгээхийг хүсэж байна.

"Сониуч тархи" нэртэй байх клубүүд нь цагийн менежмент, эерэг хандлага, зөв дадал зэрэг өнөө цагт зайлшгүй шаардлагатай ур чадваруудыг хүүхдүүдэд өгч чадах шинэлэг хэлбэр бүхий сургалтын болон үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг санал болгохоос гадна цуврал ярилцлага, багийн ажил, харилцан яриагаар дамжуулан тогтвортой хөгжлийн зорилтуудын талаарх цогц ойлголтуудыг түгээх ажээ.

"Өдөөгч өгье" багийнхан хөтөлбөрийн хамгийн шилдэг багийн ажиллагаатай хамт олноор тодорчээ.

 Upcycle Fashion

Бэлэн хувцас үйлдвэрлэл нь гаргаж буй бохирдол, хаягдлаараа дэлхийд 2-рт жагсдаг салбар. Энгийн нэг цамцыг түүхий эдээс бэлэн бүтээгдэхүүн болгох хүртэл явцад 2700 орчим литр ус зарцуулагддаг. Нийт хуучирч, хаягдаж буй хувцасны 90 орчим хувийг дахин боловсруулж болохуйц байдаг. Эдгээр үндэслэлүүд бол хариуцлагатай хэрэглээг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй хувцас үйлдвэрлэлийн брэнд бүтээх санааг дэвшүүлсэн Upcycle Fashion багийн төслөө хэрэгжүүлэх шалтгаан байлаа.

Хүн бүрт таарахаа больсон, загвараас нь уйдсан, эсвэл загвар нь хуучирсан зэрэг шалтгаануудын улмаас өмсөлгүй хуримтлуулсан хувцаснууд байдаг. Тэгвэл тэдгээрийг нэгтгэн загварыг нь дахин шинэчлэх, нийлүүлэх замаар дахин боловсруулж, шинэ загварын, шинэ хэлбэр хийц бүхий хувцас үйлдвэрлэхийг тэд хүсэж байна. Шалгаруулалтын үеэр тэд дахин боловсруулсан хувцасны материалаар хийсэн цамц, цүнх, хөнжлүүдээ шүүгчдэд үзүүлсэн нь ихээхэн сонирхолтой байв.

Upcycle Fashion багийнхан эцсийн шатны шалгаруулалтанд 2-р байр эзэлжээ.

One Minute

Мэргэжлээ сонгох, тэтгэлэг олох, их дээд сургуулиудад суралцах, элсэх зэрэг боловсролтой холбоотой цогц мэдээллүүдийг 1 минутын богино хэмжээний видео контентууд үйлдвэрлэх замаар түгээх зорилго бүхий "One Minute" төслийнхөн уг төслийн уралдааны ялагчид болсон билээ. Ингэснээр тэд тэмцээний тэргүүн байрын шагнал болох 3 сая төгрөгийн гарааны санхүүжилтийг хүртсэнээс гадна ирэх улирлын Shark Tank телевизийн шоу нэвтрүүлгийг 2-р шатнаас эхлүүлэх боломжтой болсон юм.

Тус багийнхан өнөөгийн залуусын дунд хамгийн дутагдаж буй боловсролын мэдээлэл түгээх контентуудаа харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд ч хүртээмжтэй байдлаар бүтээхээр шийдсэн нь олны талархлыг хүлээснийг онцлох хэрэгтэй. Мөн цахим контентуудаас гадна төрөл бүрийн уулзалтууд, лекц арга хэмжээнүүдийг ч зохиох төлөвлөгөөтэй байгаагаа энэ үеэр дурдсан билээ.

Төслийн уралдааны ялагч One Minute баг бүтээлч, шинэлэг байдлаараа ялгарч байв.

Unread нийгэм рүү чиглэсэн аливаа санал санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг дэмжин, олон нийтэд мэдээ, мэдээллийг түгээн хүргэхдээ үргэлж таатай байдаг. Хэрвээ та болон танай байгууллага бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл editor@unread.today хаягаар холбогдоорой.

26345   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.