Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   09 сарын 16, 2017

Шинээр хэвлэгдэх Бэнжамин Франклины "Миний намтар" номын тухай

АНУ-ыг үндэслэгч эцгүүдийн нэг, нэг биед багтамгүй олон мэргэжил, ур чадварыг цогцлоосон Бэнжамин Франклины намтрыг миний бие 2011 онд монгол хэлнээ хөрвүүлсэн юм. Франклины аutobiography буюу туулж өнгөрүүлсэн амьдралаа өөрийн гараар бичсэн энэ дуртгал бүтээл нь хувь хүн нөр хичээнгүй хөдөлмөрлөж, зөв суртахууныг эрхэмлэн, ямагт суралцан өөрийгөө сайжруулж явбаас ямар өндөрлөгт хүрч болдгийг харуулсны зэрэгцээ агуу гүрэн болж өндийх хувьтай тэр цагийн шинэ Америкийн нийгмийн байдал ямар байв, иргэд нь хэрхэн аж төрж байв гэдгийг харуулснаараа түүхийн өндөр ач холбогдолтой юм. Нэлээд хэдэн жилийн өмнө цөөн хувь гаргасан энэхүү номыг Арвис Паблишингаас алдаа мадгийг нь сайтар нягтлан, цоо шинэ өнгө төрхтэйгээр ирэх долоо хоногт хэвлэх гэж байгаа тул өнөөдөр номын өмнөх үгийг хүргэж байна.

НОМЫН ӨМНӨХ ҮГ

Уншигч таны гарт “анхны америк хүн” гэгддэг улс төрч, засаглагч, дипломатч, сэтгүүлч, бизнесмэн, эрдэмтэн, дэлхийн түүхнээ алдаршсан гайхамшигт хүмүүн Бэнжамин Франклины “Намтар” ном монгол хэлнээ хөрвүүлэгдэн очоод байна. Энэ эрхэм хүний дүр танд хаа нэгтээ харсан мэт танил санагдаж магадгүй. Тийм ээ, америкчууд өөрсдийн улс нийгмийг үндэслэгчээ үеийн үед дурсан санахаар 100 долларын мөнгөн дэвсгэртдээ хөрөг болгон залсныг анзаарсан тань тэр болов уу.

Тэрээр АНУ-ын Тусгаар тогтнолын тунхгийг үзэглэж, тусгаар тогтнолын дайнд гар бие оролцож байснаараа Америкийг үндэслэгч эцгүүдийн (The Founding Fathers) жагсаалтын тэргүүнд зүй ёсоор орж, хойч үеийнхнийхээ бахархал, хүндлэлийг хүлээж ирсэн билээ.

Английн колони байсан тухайн үеийн Америк нь газар газрын шинэ амьдрал хайгчид, эрэлчдээс бүрдсэн эрч хүчтэй, залуухан орон байсныг та бид мэднэ. Олон янзын шашин, хэл заншил, үзэл бодолтой хүмүүс дундаас Америкийн гэх өвөрмөц нэгэн түүх, соёл бүрэлдэж байлаа. Тэгвэл тэр нийгэмд хүмүүс нь юу бодож байв, нийгмийн байдал нь ямар байв, чухам тэр нийгмийг дэлхийн тэргүүлэгч, удирдагч гүрэн болгон хөтөлж чадсан лидерүүд нь ямар бодол сэтгэлтэй, ямар хүмүүс байв гэдэгт энэ ном хариулт өгч байна. Бэнжамин Франклин нөр хичээнгүй, даруу, бүтээлч чанар, зөв суртахууныг эрхэмлэн мөрдөхийн зэрэгцээ бизнес, улс төр, гадаад харилцаа, шинжлэх ухаан гээд оролцсон талбар бүртээ амжилт гаргаж, хувь нэмрээ оруулж чадсан нь тухайн үедээ ч, дараа дараагийн үед ч жинхэнэ үлгэр дууриал болж ирсэн юм.

Франклины намтар ном энэ цаг үед монгол хэлнээ бууж, монгол уншигчдын гарт хүрч байгаа нь тун цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой явдал гэдгийг энд онцолж дурдмаар байна. Учир нь манай орон ардчилсан, чөлөөт нийгэмд шилжээд 30 шахам жилийг үдэж, нэг үеэ бодвол шинэ нийгмийн үндсэн бүрэлдэхүүнүүд, хууль эрх зүйн орчин, инстүүцүүд бэхжээд байгаа билээ. Шилжилтийн өнгөрсөн зурвас үед хэн хууль журмын цоорхойг ашиглаж чаддаг, зарим тохиолдолд хэн хэнэггүй завшиж чаддаг нь амжилт олох жишээ цөөнгүй байв. Нийгэм төлөвшөөгүй байхад ёс суртахууны үнэлэмж ихээхэн уналтад орох, хүнийг хэмжих зүй ёсны үнэт зүйлүүд уланд гишгэгдэх байдал газар авахдаа амархан.

Тэгвэл одоо нэг үеэ бодвол системийн элементүүд зугуухан бэхжиж байна. Цаашид нийгэм жам ёсныхоо хөгжлийн дагуу, нийгэмд хэрэгтэй хүмүүсийг, тийм үнэт зүйлийг шаардаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл шинэ үеийн Монгол оронд Франклины адил зөв суртахууныг эрхэмлэгч, уйгагүй хөдөлмөрч, нийгмийн харилцаан дахь зөв үнэлэмжийг дээдлэгч залуу үе хүч түрэн орж ирэх болов уу гэж миний бие найдаж явдаг. Үүнд энэ ном тодорхой хэмжээгээр түлхэц өгч чадна гэдэгт итгэлтэй байна.

Нөгөөтэйгүүр, Монгол орны хувьд ойрын хэдэн жилд үсрэнгүй хөгжиж болох тун хариуцлагатай цаг үе тулж ирээд байна. Байгалийн асар их баялаг нь зөвөөр залбал хөгжил дэвшлийг, буруугаар өнхөрвөл мөнхийн ядуурал, нийгмийн доройтол, зарим тохиолдолд дотоодын дайн самуунд хүргэдгийг дэлхийн олон орны бэлэн туршлага бидэнд сануулдаг. Тэгвэл энэ орныг цаашид зөв залахад алсын хараатай удирдагчид, сэхээлэг иргэний нийгэм, тийм иргэдийн эзлэх хувь, тэдний идэвхтэй оролцоо нэн чухал юм. Франклины хойч үеийнхэндээ зориулж бичсэн энэ ном манай нийгмийн гишүүдэд, ялангуяа залуу үеийнхэнд нэгийг бодогдуулж, сайн сайхан руу тэмүүлэх тэмүүлэл, нийгмийн идэвхтэй гишүүн байх урам зоригийг өгч чадах нь дамжиггүй.

Өмнө нь бид мөн уг номын хэсгээс нийтэлж байсантай эндээс танилцаарай: "Шүлэг оролдож бичгийн чадвараа сайжруулах нь"

Та Бэнжамин Франклины "Миний намтар", Рэйд Хоффман, Бэн Каснока нарын"Та өөрөө стартап компани", Шэйрил Сандбергийн "Өөдөө тэмүүл" зэрэг номыг эрхлэн гаргагч Арвис Паблишингийн фэйсбүүк хуудсанд зочилж, номын мэдээллүүдийг цаг алдалгүй авч байгаарай.

18922   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.