Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   09 сарын 10, 2017

7 хоногийн тойм: 426 өдрийн настай засгийн газар + 150 мянган долларын хуурамч сурталчилгаа + 300 км/цагийн хурдтай хуй салхи

Монгол улсын засгийн газар огцорлоо

УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Монгол Улсын Засгийн Газар огцорлоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон нийт 73 гишүүдийн 42 нь "засгийн газрыг огцруулах" санал өгснөөр ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон түүний кабинет 426 өдрийн дараагаар огцорч байна. Өнгөрсөн зуны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, сүүлийн саруудад хийгдсэн концессийн гэрээнүүд, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой үндсэн шалтгаануудын улмаас "унасан" гэх засгийн газрын гишүүд дараагийн ерөнхий сайдыг тодортол 30 хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.

Ikon: Сүүлийн 17 жилийн хамгийн богино настай засгийн газар
Үнэн: Ж.Эрдэнэбатын УИХ-ын чуулганд хэлсэн үг, бүрэн эхээрээ

Ирэх өдрүүдийн хамгийн чухал сэдэв - Шинэ ерөнхий сайд болон түүний засгийн газар!

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Хятадын засгийн газраас биткойн тэргүүтэй цахим мөнгөн тэмдэгтийн арилжааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэнээс хойш дэлхийн зах зээл дээрх эдгээр бүтээгдэхүүнүүдийн үнэ огцом уналаа. Сүүлийн саруудад тасралтгүй өсөж байсан нэгжийн үнэлгээ 48 цагийн дотор 20 хувиар буурч, зах зээлийн нийт үнэлгээ нь 38 тэрбум доллараар буурсан байна. 5000 доллар уруу дөхөж байсан Биткойны үнэ 16 хувиар унасан ажээ.

Gizmodo: Цахим мөнгөтэй холбоотой болж өнгөрсөн үйл явдлуудыг ойлгохуй

Фэйсбүүк өнгөрсөн онд явагдсан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ОХУ-тай холбоотой 150 мянга гаруй долларын үнэлгээтэй, хуурамч мэдээ түгээх зорилго бүхий зар сурталчилгаа зарагдсан гэдгийг зарлалаа. Эх сурвалжууд сүүлийн хэдэн сарын турш Оросын зүгээс ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх оролдлогууд цахим орчинд хийгдсэн хэмээн Фэйсбүүкийг буруутгаж байсан ч М.Зукерберг үүнийг эрс үгүйсгэсээр ирсэн билээ. Фэйсбүүк дотооддоо хийсэн судалгааны дүнгээ эрх баригчдад шилжүүлж, хамтран ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийлсэн байна.

Slate: Сюрприз! Ард чинь Путин!

Ирэх долоо хоногт тусгай арга хэмжээн дээр зарлагдах учиртай Apple-ийн шинэ утаснуудын нэр тодорхой болсон байна. Шинэ үйлдлийн системийн эх кодын "алдагдсан мэдээллээс" үзэхэд утаснууд iPhone 8, iPhone 8S болон iPhone X нэртэйгээ гарах бололтой. Apple-ийн шинэ утсаа танилцуулах арга хэмжээ 9-р сарын 12-нд явагдана.

Генийн шинжилгээгээр эрүүл мэндийн түүх тодорхойлогч стартап 23andMe 200 сая долларын хөрөнгө оруулалт татсанаар 1.5 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй боллоо. Хамгийн сүүлд 2007 онд 230 сая долларыг Гүүгл тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас босгож байсан тэд энэ удаа гол дэмжлэгээ цахиурын хөндийн хамгийн алдартай фирмүүдийн нэг Sequioa Capital-аас авчээ. Тэд энэ санхүүжилтээр шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилготой байгаа гэнэ.

Bitcoin-ий арилжааг эх орондоо хориглосон Хятад шинэ зохицуулалт дээр ажиллаж байгаагаа мөн мэдэгджээ.

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй, томоохон цугларалтуудын нэг Торонтогийн Олон Улсын Кино Фестиваль энэ өдрүүдэд явагдаж байна. 42 дахь удаагийн наадамд нийт 83 улсын уран бүтээлчдийн 255 бүрэн хэмжээний кино, 84 богино хэмжээний кино танилцуулагдаж байгаагаас 147 нь дэлхийн нээлтээ хийж байгаагаараа онцлогтой. Наадам нэгэн үеийн теннисийн ертөнцийг доргиож байсан өрчилдөгчид болох Бьорг, Мкэнрой нарын тухай өгүүлэх "Borg/McEnroe" киногоор нээлтээ хийсэн бөгөөд топ шагналуудад хүчтэй өрсөлдөгч болох боломжтой гэж үнэлэгдэж буй "The Shape of Water", "Mother", "I, Tonya", "Darkest Hour", "Lady Bird" зэрэг кинонууд мөн гарах ажээ.

Indiewire: Хамгийн их хүлээлт дагуулж буй 10 бүтээл

Алдарт зохиолч С.Кингийн 1986 оны зохиолоос сэдэвлэн бүтээсэн "It" нэртэй кино нээлтээ хийсэн долоо хоногтоо 103 сая долларын орлого олсноор 9-р сард нээлтээ хийсэн хамгийн амжилттай бүтээл болон бүртгэгдлээ. Сүүлийн 2 сард цуглуулсан орлогоороо 2006 оноос хойших хамгийн муу амжилтаа үзүүлээд байсан Хойд Америкийн киноны зах зээл ийнхүү сэргэлт авч байна гэж хэлж болно. Шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авч буй "It"-ийн эхний долоо хоногийн амжилт энэ жилийн хувьд "Spiderman", "Wonder Woman", "Beauty and The Beast", "Guardians of Galaxy: Vol 2"-ийн дараагаар 5-рт эрэмбэлэгдэж буй ажээ.

Variety: It бокс оффисийг рекорд тогтоон тэргүүллээ

Тайзны ард ажиллагсад, арын албаныханд голчлон шагнал олгодог онцлогтой Creative Emmy Awards буюу Америкийн телевизийн салбарын оны хамгийн бүтээлч, шинэлэг, онцгой бүтээлүүдийн нэрс тодорлоо. Онцлох бүтэцтэй нэвтрүүлгээр Shark Tank, шилдэг анимэйтэд бүтээлээр Bob's Burger, хамгийн онцгой контентоор Carpool Karaoke, шилдэг баримтат нэвтрүүлгээр 13th тус тус тодорч, гол шагналуудыг хүртжээ. Бүх ялагчдын жагсаалттай эндээс танилцаарай.

Компьютер дээр бичигдсэн анхны бүрэн хэмжээний зохиолын эзэн Жерри Пурнель 83 насандаа таалал төгслөө. 1977 онд 12 мянган доллараар худалдан авсан хувийн компьютер дээрээ өөрийг нь нэр алдарт хүргэсэн The Mercenary, The Janissaries зэрэг зөгнөлт зохиолуудаа бичсэн байдаг билээ.


IT: Хамгийн амжилттай нээлт хийсэн аймшгийн кино!

Спортын ертөнцийн эргэн тойронд

Энэ жилийн хамгийн сүүлийн их дуулгын тэмцээн болох Америкийн нээлттэй тэмцээний аваргууд тодорлоо. Эмэгтэйчүүдийн төрлийн шигшээд талбайн эзэн орны ирээдүй гэгдэж буй 2 залуу теннисчин тунан үлдэж, 24 настай, тэмцээний чансааны 83-т бичигдсэн Слоан Стивенс түрүүлэв. Хагас шигшээд алдарт В.Уиллиамсийг буулгаж авсан тэрээр 22 настай нутаг нэгт Мэдисон Кэйзийг хожиж, анхны их дуулгын түрүүгээ хүртжээ. Ингэснээр тэрээр 3.7 сая долларын шагнал хүртэж байгаа юм. Эрэгтэйчүүдийн төрөлд дэлхийн чансааг тэргүүлэгч, 15 удаагийн их дуулгын аварга Рафа Надаль болон чансааны 28-д буй ӨАБНУ-ын теннисчин Кевин Андерсон нар шигшээд үлдээд байгаа юм.

BR: С.Стивенсийн гайхалтай сэргэн мандалт

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө хамтран нэр дэвшиж буй АНУ-Канад-Мексик улс тоглолт хүлээн авах боломжтой 41 хотын нэрийг зарлалаа. Эдгээрийн 32 нь АНУ-ын, 6 нь Канадын хотууд бөгөөд зохион байгуулах хороо ирэх жилийн 3-р сар гэхэд энэ тоог 20-25 болгон бууруулах төлөвлөгөөтэй байгаа юм. Одоогоор зөвхөн Морокко улс л тэдэнтэй өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа билээ. Энэ өдрүүдэд 2030 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө Парагвай-Аргентин-Уругвай улсууд хамтран нэр дэвших болно гэдгээ мөн албан ёсоор зарласан билээ.

NYTimes: Хойд Америк ДАШТ-ийн эрхийг авах уу?

Энэтхэгийн Крикетийн лигийг шууд дамжуулах эрхийн төлбөр 2 тэрбум доллар давж шуугиан тарив. Алдарт медиа могул Р.Мурдокийн эзэмшдэг Star хоёр сарын турш үргэлжлэх уг тэмцээнийг ТВ болон интернетээр шууд дамжуулах эрхийг 2.6 тэрбум доллараар худалдан авсан байна. Фэйсбүүк уг эрхийн төлөө 600 сая долларын үнийг санал болгосон нь мөн ил болжээ.

Японы гүйгч Ёшихиде Кирью Азид төрсөн хамгийн хурдан гүйгч боллоо. 21 настай тэрээр Фукуйд болсон сорил уралдаанд 9.98 секундын амжилт үзүүлсэн юм. Үүнээс өмнө Хятадын Су Бинтуан 2015 онд яг 10 секундын амжилт үзүүлж байсан билээ. Сонирхуулахад дэлхийн рекордыг Ямайкын Усайн Болт 9.58 секундын амжилтаар эзэмшдэг юм.

Иргэний дайны хөлд нэрвэгдээд буй Сирийн хөлбөмбөгийн шигшээ баг Тегеран хотноо Ираны багтай 2:2-ын харьцаатайгаар тэнцсэнээр ирэх жил ОХУ-д явагдах ДАШТ-д оролцох боломжоо хадгалж үлдлээ. Сүүлийн жилүүдэд Малайз улсад тоглолтууд хүлээн авч буй тэд хэсэгтээ 3-р байр эзэлснээр Австралийн багтай нэмэлт эрхийн төлөө тулааныг хийх болсон байна. Гэхдээ үүний дараагаар тэд Хойд болон Төв америкийн бүсээс шалгарсан багтай ахин тоглож байж бүрэн эрхээ авах учиртай юм.

Танилц, теннисийн ертөнцийн шинэ од - С.Слоанс

Ирма хар салхи айсуй

Атлантын далайд бүрэлдсэн хамгийн хүчирхэг хар салхи хэмээн бүртгэгдсэн Ирма АНУ-ын зүүн эрэг, Флоридаг чиглэн ирж байна. 3 өдрийн дотор хамгийн өндөр буюу 5-р зэрэглэлийнх хэмээн бүртгэгдсэнээрээ, мөн 300 км/цагийн хурдтай болсноороо дээд амжилт тус тус тогтоосон энэ хуй салхи өдгөө Кубын эрэг орчим хүч нь бага зэрэг саарсан байдалтай ирж буй ч Флоридаг чиглэн хүчээ нэмнэ гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Үүнтэй холбоотойгоор эрэг орчмын 5 сая орчим иргэдийг гамшгийн бэлэн байдалд шилжүүлэх бэлтгэл ажил ид хийгдэж байгаа ажээ. Ирма салхи Карибын тэнгисийн хэд хэдэн арлыг дайран өнгөрөхдөө маш том хохирол учруулсан. Антигуа Барбудагийн ерөнхий сайдын мэдээлснээр Барбуда арлын нийт барилга байгууламжийн 90 хувийг нурааж, 19 хүний аминд хүрсэн энэ салхи уг арлыг тэр чигт нь "устгасан" гэж хэлэхэд ч буруудахгүй аж. Пуэрто Риког дайрахдаа 1 сая хүнийг цахилгаангүй болгоод амжсан байна. Доминикан, Куба зэрэг бусад улсуудад учруулсан хохирлын хэмжээ одоогоор тодорхой болоогүй байгаа ажээ.

Vox: Ирмагийн талаар бидний мэдэх бүх зүйлс

Алдалгүй унших арван мэдээ

QZ: Хойд Солонгосын жинхэнэ зорилго юу вэ?
Techcrunch: SpaceX-ийн ээлжит амжилттай нислэг
Guardian: Ан Сан Су Чигээс Нобелийн шагналыг буцааж ав!
CNN: Мексикийн газар хөдлөлт 90 хүний аминд хүрэв
Techcrunch: Google Drive доголдов
SBNation: Houston Rockets-ийн шинэ эзэнтэй танилц
MNB: Ц.Батчулуун шатрын дэлхийн цомд анх удаа оролцлоо
NYPost: Equifax 143 сая хэрэглэгчийн мэдээллээ алджээ
Mashable: Fitbit шинэ нэмэлтээ зарлалаа
BBC: Австралийн ерөнхий сайд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжинэ

30552   749


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.