Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   09 сарын 09, 2017

Unlock Podcast #14 - "Presence" номын тухай

Подкастын ээлжит дугаарт Тэгшээ, Наги хоёр "Presence" хэмээх номын талаар ярилцсаныг хүргэж байна. Энэхүү номыг Харвардын Бизнесийн Сургуулийн профессор, нийгмийн сэтгэл зүйч Эми Кадди бичжээ. Тэрээр 2012 "Таны биеийн хэлэмж хэн байхыг тань тодорхойлж мэднэ" гэх сэдвээр TED Talk хийсэн нь TED-ийн түүхэнд үзэлтээрээ хоёрт орох амжилттай илтгэл болсон юм. Энэ илтгэлийн дараагаас олон хүн түүнтэй холбогдон санаа сэтгэгдлээ болон өөрсдийн түүхийг хуваалцах болжээ. Улмаар тэр өөрийн хийсэн судалгаанууд, тэдгээр хүмүүсийн түүх, жишээнүүд дээр тулгуурлан илтгэлийнхээ санааг дэлгэрүүлэн энэхүү номыг бичсэн байна. Зохиогч эмэгтэйг Тайм сэтгүүл "Тоглоомын дүрмийг өөрчлөгч" (Game Changer), Сэтгэл зүйн шинжлэх ухааны холбоо "Өсөж буй од" хэмээж, ДЭЗФ-аас Дэлхийн залуу лидер (YGL)-ээр тодруулж байжээ.

НОМЫН ТУХАЙ

Өнөө цагт та эрхэлсэн ажилдаа ямар ч амжилт гаргалаа гэсэн, хүмүүс танаас өөрийгөө илэрхийлэх, харуулахдаа сайн байхыг хүсэж хүлээх болсон билээ. Өөрөөр хэлбэл өмнөх үеүүдийг бодвол хүмүүст тодорхой хэмжээний харизматай байх шаардлага тулгарч буй. Заримдаа ур чадвараас илүү бусдад амжилттай харагдах нь чухал юм уу гэж бодогдох үе ч тохиолдоно.

Ямар ч гэсэн танд өөрийгөө харуулах, танилцуулах шаардлага байнга л гарч ирдэг. Хийсэн ажлаа бусдын өмнө танилцуулна, ажлын ярилцлагад орно, магадгүй хэлэлцүүлгийн панелд уригдана гэх мэт. Үүнд болзоонд явах ч хамаатай. Гэвч энэ мэт чухал үеүүдэд хүн ердийнхөөрөө бодож сэтгэж чадахгүй сандрах, хэлэх гэсэн зүйлээ мартах, ерөөс өөрийнхөөрөө байж чадахгүй байх тохиолдлууд маш элбэг тохиолддог. Чухам л хамгийн чухал үедээ өөрийнхөө хамгийн тааруу хувилбар болж хувирснаар хүсээгүй үр дүнд хүрэхээс өөр аргагүй болдог.

Тэгвэл иймэрхүү үед хүн өөрийгөө хэрхэн бэлдэх талаар энэ ном зөвлөнө. Энд зохиогч High power pose, Low power pose гэсэн хоёр ойлголтыг дэлгэрэнгүй тайлбарладаг. High power pose гэдэг нь зүйрлэвэл Суперман, Вондер вомен нарын үзүүлдэг биеийн байрлал (пооз) юм. Нуруу цэх, хөлдөө мөрний хэмжээний зайтай, гараа алдлах буюу ташаандаа авсан, өөртөө итгэлтэй байдал, хүч чадлыг илтгэх пооз. Энэ поозыг авсан үед хүн өөртөө итгэлтэй болж, тестостерон буюу "хүч чадлын" даавар нэмэгддэг байна. Харин Low power pose гэдэг нь толгой буюу нуруу бөхийсөн, биеэ атирсан, нугдайлгасан, өөрөөр хэлбэл жижгэрсэн биеийн байрлал юм. Хүн ийм пооз авахад өөртөө итгэх итгэл буурч, кортизол гэх стрессийн даавар нь нэмэгддэг ажээ. Тэгэхээр гар утсаа байнга шагайх нь тийм ч сайн биш бололтой.

Хүн бодол санаагаараа биеэ удирддаг гэдэг. Тэгвэл бид биеэрээ ч бас бодол санаа, оюун ухаанаа удирдаж болно гэдгийг зохиогч итгэн үнэмшүүлэхийг зорьж, чухал ажлуудын өмнө, ер нь өдөртөө боломж олдвол High power pose авч байхыг зөвлөжээ. "Та баяр хөөртэй, аз жаргалтай биш байсан ч хэсэг хугацаанд яг л тийм байгаа мэт аяглавал, өөрийгөө хүчилбэл удахгүй үнэхээр жинхэнээсээ баяр хөөртэй болох болно" хэмээсэн нэрт сэтгэл зүйч Уиллиам Жэймсийн санааг энэ ном улам л батлах болно.

Өөрт тохиолдсон нэгэн жишээ дурдахад, сар гаруйн өмнө хэд хэдэн Дэлхийн залуу лидер (YGL) Монголд ирж, тэдэнтэй ярилцлага хийх завшаан гарсан юм. Тэгэхэд тэдний хоёр нь power pose авдаг дадалтай, ихээхэн үр дүнтэй байдаг шүү хэмээн хэлж байсан нь санаандгүй хэрэг биш байжээ.

Ингээд олныг үл өгүүлэн, хоёр хөтлөгчийн сонирхолтой яриа бүхий подкастыг сонсоцгооё.

Энд дарж сонсох

iTunes дээр манай подкастуудыг сонсох бол энд дарж subscribe хийгээрэй. Мөн Фэйсбүүк хуудсанд маань нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

27978   5


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.