Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   09 сарын 04, 2017

Онцлох бизнес: MJL Attorneys - Хууль зүйн оновчтой шийдлүүд

Салбар салбарын шинэ, шинэлэг бизнесүүдийг танилцуулдаг "Онцлох бизнес" буландаа бид анх удаа хуулийн фирмийг онцолж байна. MJL Attorneys нь бизнесийн байгууллагуудад хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэшсэн бөгөөд англи, орос, хятад, япон, солонгос хэлээр гадаад дотоодын иргэд, аж ахуйн нэгжүүдэд хууль зүйн хамгийн оновчтой шийдлүүдийг санал болгон ажилладаг.

Бизнесийн нэр: MJL Attorneys law firm (Өмгөөллийн Эм Жэй Эл Атторнейс Хязгаарлагдмал Хариуцлагатай Нөхөрлөл)
Хаяг: Улсын Дээд Шүүхийн чанх урд, Глобал бизнес төвийн 405 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2012
Үүсгэн байгуулагч: М.Мөнхжаргал
Томоохон харилцагчид: Хятадын хөрөнгө оруулалттай PetroChina, Японы хөрөнгө оруулалттай Tomio Corporation, Их Британийн Money Polo, Германы хөрөнгө оруулалттай Wuerth Mongolia, Монхангай групп, SPS HD телевиз, Харилцаа холбооны зохицуулах хороо
Ажилтны тоо: 8
Вэбсайт: www.mjlattorneys.mn, Өмгөөллийн "Эм Жэй Эл Атторнэйс" ХХНөхөрлөл (фэйсбүүк хуудас)

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Би 5-р курс буюу төгсөх курстээ Монголын нэгэн томоохон хуулийн фирмд үндсэн ажилтнаар ажилласан юм. Ингэж хуулийн фирмийн зах зээл ямар байдгийг харж, томоохон тоглогч нь хэрхэн үйл ажиллагаа явуулдгийг өөрийн биеэр харж мэдэрсэн. Түүнээс хойш ер нь л энэ чиглэлд ажиллая, өөрөө хуулийн фирм байгуулъя гэж бодох болсон. Улмаар Бодь групп болон өөр нэг хуулийн фирмд ажиллаж 3 орчим жил өөрийгөө бэлдэн, бэлтгэл ажлаа хангаад 2012 онд хуулийн фирмээ үүсгэн байгуулсан. Тэгээд 2014 онд одоогийн оффистоо нүүн орж, хамтрагчидтайгаа нийлэн эрчимтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн дээ.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Анх оффис түрээс, тавилга хэрэгсэл гээд 5 орчим сая төгрөгийн зардал гарч байсныг нь өөрийн хуримтлалаас гаргаж байлаа.

ХАМТРАГЧДАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?

Одоо манайх 4 өмгөөлөгч, 4 туслах ажилтантай. Нэг өмгөөлөгч маань манай их сургуулийн ангийн найз, нөгөө хоёртой нь ажиллаж байх явцдаа танилцан хамтрах санал тавьж байсан.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Хамгийн гол онцлог гэвэл манай чадварлаг баг. Хууль зүй, өмгөөллийн үйлчилгээ нь цэвэр хүний оюун ухаанд суурилсан, хүн дээр тогтдог бизнес тул сайн багтай байж л амжилттай ажиллаж чадна. Миний хувьд жишээ нь хуульчдын шалгалтад 95.8 оноо авч байсан нь шалгалт өгсөн хүмүүсийн хамгийн дээд оноо болж байв. Манай багийн дундаж нас 27-28 орчим, харьцангуй залуу боловсон хүчинтэй учраас хурдтай ажилладаг.

Хоёр дахь онцлог бол бид англи, орос, хятад, япон, солонгос гэсэн 5 хэл дээр хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг. Манай багийн гишүүд эдгээрийн аль нэгийг дор хаяж эзэмшсэн байдаг гэсэн үг.

Фирм маань ерөнхийдөө корпорэйт буюу бизнесийн байгууллагуудад хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээгээр илүү дагнадаг. Гарааны бизнес эхлүүлэх, компани байгуулах, дараа нь үүсэх хөдөлмөрийн харилцаа, үндсэн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын гэрээ зэрэгт цаашдаа бид илүү мэргэших сонирхолтой. Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ компаниудын том жижгээс хамааран хэд хэдэн багц болгон санал болгодог.

Үүнээс гадна өмгөөлөгчид маань тус бүрдээ эрүү, иргэн, захиргааны хэргээр мэргэшин ажиллаж байна.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ХЭРХЭН, ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Монголынхоо тэргүүлэх зэрэглэлийн, томоохон хуулийн фирм болох зорилготой. Засгийн газраа олон улсын арбитрын шүүх дээр өмгөөлөх түвшний болж өргөжин томрохыг эрмэлзэнэ. Өдгөө манай засгийн газар олон улсын арбитрын шүүх дээр дуудагдах үед дандаа л гадны хуулийн фирмийг маш өндөр үнээр хөлсөлж байдаг. Тэр мөнгийг дотооддоо авч үлдэх юм сан гэж хүсдэг.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ, ҮНЭТ ЗҮЙЛС ТАНЬ ЮУ ВЭ?

Хуульч хүмүүс хамгийн зарчимч байх ёстой. Бидний хувьд мэргэжлийн дүрмээ мөрдөж, үйлчлүүлэгчдэдээ үнэнч, шударга, тууштай байх зарчмыг баримтлан ажилладаг. Энэ байдал маань бидний үнэт зүйл болдог.

Бодитой байх гэсэн зарчмыг бас гол болгодог. Жишээ нь нэг хүн манайхаас үйлчилгээ хүсэж хандлаа гэхэд, нөхцөл байдлыг нь судалж, танд ийм боломжууд байна, бид ингэж ажиллах боломжтой байна гэж бодит нөхцөл байдлыг нь урьдчилж хэлдэг. Түүнээс биш ажил олохоо урьтал болгодоггүй. Ингэснээр аль алиныхаа цаг, хөрөнгө хүчийг хэмнэж байгаа хэрэг л дээ.

Мөн бүтээлч байхыг эрмэлздэг. Үйлчлүүлэгчийнхээ бизнесийн талаар сайн судалж, судалгаа хийх ёстой. Ер нь хуульчид шууд цээжний пангаар ярьж зөвлөхөөс илүүтэй сууж унших судлах нь нэн чухал байдаг. Судалгаагаа хийж, оновчтой шийдлүүдийг олж мэдсэний дараа, хуулийн хүрээнд бүтээлч байж, төрөл бүрийн маневрууд хийж болдог.

ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Томоохон ажлуудаас дурдвал, Энэтхэгийн хөрөнгө оруулалттай нэгэн компанийн үйл ажиллагаанд хуулийн бүрэн хэмжээний шалгалт хийгээд, цаашид ямар арга хэмжээнүүд авах хэрэгтэй вэ гэдгийг тайлагнах нэг ажил явж байна.

Их Британийн Money Polo гэх санхүүгийн брэндийг Монголд орж ирэх үеэс хуулийн зөвлөгөө үзүүлж, санхүүгийн тусгай зөвшөөрөл авахад нь туслахаас эхлээд хамтран ажиллаж байгаа. Одоо тус компанийн дараагийн шатанд гарах ажил дээр нь зөвлөгөө өгөөд явж байна.

Манай хуулийн фирмийн хувьд фирмийнхээ маркетинг, менежментэд анхаарч, зохион байгуулалтыг шинэчилж байна. Мөн мэдээллийн технологийн платформ, програм хэрэглэх тал дээрч анхаарч байгаа. Бид одоо фирмээ дараагийн түвшинд гаргахаар бэлдэж байгаа гэж ойлгож болно. Хуулийн фирмүүд ер нь эдийн засгийн өсөлттэй нэлээд уялдаа, холбоотой байдаг. Бидний хувьд эдийн засгийн өсөлтийн дараагийн давлагаанд бэлдэж, хууль зүйн үйлчилгээний чанар, фирмийн менежментээ сайжруулахыг зорьж байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Мэдээж маргаантай ярвигтай асуудлыг шийдвэрлэж, шударга ёсыг тогтооход хувь нэмэр оруулдаг нь сайхан. Эдгээр асуудлын цаана хүний амь нас, эрүүл мэнд, бизнесийн байгууллагын нэр хүндээс эхлээд асар их мөнгө хөрөнгийн асуудал явж байдаг. Хууль зүйн зөвлөгөө өгч, үйлчлүүлэгчдэдээ ирээдүйн эрсдэлүүдийг таниулснаар тэднийг энэ бүгдээс хамгаалдаг. Дараа нь үйлчлүүлэгчдээсээ талархлын үг сонсоход урамтай шүү.

Нөгөө талаас гүнзгий зөрчилдсөн талуудын маргаантай асуудлын дунд ажиллаж, асуудлыг шийдвэрлэдэг учраас хэл ам ихтэй. Алдах эрхгүй ажил хийдэг учраас хуульч бид маш өндөр хариуцлагатай байх ёстой.

УЧИРЧ БАЙСАН ЯМАР НЭГ СУРГАМЖ, БОЛСОН ЯВДЛААСАА ХУВААЛЦАНА УУ?

Хэдийгээр манайх бизнесийн байгууллага ч гэсэн хууль гэдэг хүний, байгууллагын эрхийг хамгаалах ёстой, тусгай мэдлэг шаардсан онцлогтой салбар. Хэн нэгэнд хууль зүйн туслалцаа хэрэгтэй байдаг учраас Pro Bono буюу үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх талаар бодож явах ёстой гэж би боддог. 2014 онд манайд байраа алдах эрсдэлд ороод байсан нэг хараагүй хүн хандсан юм. Судлаад үзэхэд тэр хүнд туслах гэр бүл, хамаатны садны хүн байхгүй байсан. Ингээд бид үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, тэр хүн байртайгаа үлдсэн. Бидэнд талархлаа илэрхийлэхэд нь их л урамшиж байлаа. Энэ мэтээр хуульчдад нийгмийн хариуцлага бас байх ёстой болов уу.

Өнгөрсөн зун бас манай фирм Star Fm 92.5-аар хүмүүст элбэг тохиолддог хуулийн асуудлуудаар 10 удаагийн цуврал нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн шүү.

ХУУЛЬЧ ХҮМҮҮС ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ АСУУДЛУУДАД ХЭРХЭН ХАНДАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДДОГ ВЭ?

Хууль зүйн орчинтой холбоотой асуудал манайд их бий. Хуульчдыг холбогдох асуудлууд дээрээ дуу хоолойгоо хүргэдэг байгаасай, гэхдээ зөв үедээ оновчтой дуугардаг байгаасай гэж хүсдэг. Миний хувьд 2015 онд хамтрагчтайгаа нийлэн УИХ-ын нэг гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргаж, УИХ-аар хэлэлцүүлдэг явдал нь Үндсэн хуулийг зөрчиж байна хэмээн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байсан. Учир нь хувийн таагүй харилцааны улмаас ч юм уу засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг хэн нэг гишүүн гаргаж, түүнийг нь УИХ-аар олон сараар хэлэлцдэг жишиг тогтчихоод, төрийн ажил цалгардаад байсан. Улмаар энэ асуудал цэцийн дунд, их суудлын хуралдаанаар хэлэлцэгдэж, бидний гомдлыг үнэн зөв болохыг тогтоон хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгож байлаа.

Хоёрдугаарт, сайн хуульчид олноор төрөн гарах нь хууль эрх зүйн орчин сайжрахад ихээхэн нөлөөтэй тул манай фирм байнга оюутнуудаар дадлага хийлгэж, мэддэг чаддаг бүх л юмаа хэлж өгдөг дөө.

ТАНАЙ ХАМГИЙН ИХ ЭРЭЛТТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ ЮУ ВЭ?

Байгууллагууд хууль зүйн байнгын үйлчилгээг цогцоор нь авахыг илүүд үздэг.

Харин иргэдийн хувьд бусдад өгсөн мөнгөө нэхэх, авлага барагдуулах гэж ханддаг нь хамгийн түгээмэл. Энэ нь өнөөгийн эдийн засгийн хямралтай холбоотой байх.

Гэрэл зургийг Д.Ганзул

19678   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.