Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   09 сарын 03, 2017

7 хоногийн тойм: Монгол жүдочдын бахдам амжилт + Uber-ийн шинэ захирал + Хогвартс руу 19 жилийн дараа

Гэрэл зургийн эх сурвалж - JudoInside

Монгол тамирчдын бахдам амжилт

Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ явагдаж байна. Эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд зодоглосон МУГТ, Рио 2016 олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяа Франц, Хонгконг, БНСУ, Панам, Японы бөхчүүдийг ээлж дараалан буулгаж авсаар дэлхийн аварга боллоо. Тэрээр шигшээд Японы бөх Ц.Ёшидатай 13 минутын барилдаан хийсэн нь дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн удаан барилдаан болсон юм. Д.Сумъяа монгол бөхчүүдээс жүдогийн дэлхийн аварга цолыг хүртсэн 2 дахь эмэгтэй, 4 дэх бөх болов. Будапештийн дэвжээ Монголчуудад ээлтэй байж, үүнээс гадна 1 мөнгө, 4 хүрэл медалийг манай баг хүртэж, түүхэнд амжилтаа үзүүлсэн юм. Эдгээрээс олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаярын хүртсэн хүрэл медалийг онцолъё. Өмнө нь хоёр ч удаа медалийн төлөө өрсөлдөөд ялагдаж байсан Н.Түвшинбаяр энэ удаа жин өгсөж, өөрөөсөө жин, өндрөөр хавьгүй илүү бөхчүүд бүхий +100 кг-аас медаль хүртсэнээр медалийн цуглуулгаа гүйцээлээ. Монгол түмэн төдийгүй дэлхий нийт домогт аваргаар ахин нэг удаа бахархав. Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд манай анхны эмэгтэй дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэг мөнгөн медаль хүртсэн бол 63 кг-ийн жинд ОУХМ Б.Мөнгөнчимэг, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд МУГТ Г.Болдбаатар, 73 кг-ийн жинд ОУХМ Г.Одбаяр нар тус бүр хүрэл медалийн эзэд болжээ. Манай баг багийн дүнгээр 7 жинд түрүүлсэн Япон, Т.Риньегийн 9 дэх түрүүний дараагаар 2 алттай болсон Францын багийн дараа 3-р байрт бичигджээ.

Энэ өдрүүдэд Германы Хамбург хотноо боксийн ДАШТ мөн явагдан өндөрлөж байна. Манай 4 ч тамирчин медалийн төлөө өрсөлдсөн ч 60 кг-ийн жинд өрсөлдсөн Рио 2016 наадмын хүрэл медальт, МУГТ Д.Отгондалай л цорын ганц хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Тэрээр медалийн төлөөх тулаандаа Венесуэлийн боксчиныг илүүрхсэн. Гэхдээ жилийн өмнө Риод ялагдсан Францын тамирчин С.Умихагаас даагаа нэхэж чадсангүй.

Өнөөдөр: Аварга аваргаараа төрдөг

Найдвар алддаггүй Найдангийн Түвшинбаяр дэлхийн дэвжээнээс медаль хүртэж монгол түмнээ ахин нэг удаа баярлуулав.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Такси үйлчилгээний дэлхийн тэргүүлэх компани Uber шинэ гүйцэтгэх захирлаа томиллоо. Тэр бол дэлхийн хамгийн том аяллын операторуудын нэг Expedia-ийн CEO-оор ажиллаж байсан иран гаралтай Дара Хосровшахи. 2005 оноос хойш Expedia-г удирдахдаа зах зээлийн үнэлгээг нь 4 дахин өсгөж, 60 гаруй улсад үйл ажиллагааг нь өргөжүүлэн, TripAdvisor, Orbitz зэрэг маш амжилттай хэд хэдэн худалдан авалтыг хийсэн Хосровшахи өнгөрсөн жил 96 сая долларын цалингаараа Америкийн хамгийн өндөр цалинтай захирлуудын нэгээр нэрлэгдэж байв. Тэрээр ажилтнуудтайгаа хийсэн эхний уулзалтынхаа үеэр дараагийн 36 сарын дотор компанийг хэрхэн олон нийтийн компани болгон амжилттай IPO хийх тухай, байгууллагын соёлыг "засах" тухай голчлон ярьжээ. Шуугиантайгаар ажлаа хүлээлгэн өгсөн үүсгэн байгуулагч Т.Каланикийн дараагаар тус компанийг удирдах гэж буй түүнд олон нийтийн дундах компанийн нэр хүндийг сэргээх, шил даран ирж буй өрсөлдөгчдөөс тасрах зэрэг том даалгаврууд хүлээж буй.

CNN: Uber-ийн шинэ CEO хэн бэ?

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани Apple жил бүр уламжлал болгон хийдэг iPhone-ий арга хэмжээгээ 9-р сарын 12-нд зарлалаа. Алдарт Стив Жобсын нэрээр нэрлэгдсэн шинэхэн кампусынхаа театрт тэд брэнд утасныхаа 10 жилийн ойд зориулсан цоо шинэ загварын утсыг танилцуулах төлөвтэй байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэд дэлгэцийг томруулахын тулд ямар ч товчгүй байхаар шинэ утсаа загварчилсан байж болзошгүй гэнэ.

CNBC: Apple-ийн эвентээс юу хүлээх вэ?

700 сая хэрэглэгчтэй сошиал сүлжээ Инстаграм хакеруудын халдлагад өртөж, 6 сая орчим хэрэглэгчийн хувийн мэдээлэл, нууц үгийг алдсан байж болзошгүй гэнэ. Хакерууд Селена Гомез тэргүүтэй 1000 гаруй алдартны аккаунт руу нэвтрэх боломжтой байгаагаа хэвлэлийнхэнд мөн дуулгажээ. Сонирхуулахад, 250 сая хүн өдөр тутам хэрэглэж буй Инстаграмын хамгийн амжилттай нэмэлт Stories-ийг өнөөдрөөс эхлэн вэб дээр ашиглах боломжтой болсон гэнэ.

Болзооны апп Тиндер анх удаа долоо хоногийн хамгийн их таталттай апп болж, апп чартыг тэргүүллээ. Тэд энэ долоо хоногоос Tinder Gold буюу тодорхой үнэ төлөн өөрийг нь лайк дарсан бүх хүмүүсийн жагсаалтыг хардаг нэмэлтийг нэвтрүүлж эхэлсэн юм.

Видео стриминг үйлчилгээ үзүүлэгч, төхөөрөмж нийлүүлэгч Року нээлттэй компани гаргах хүсэлтээ гаргажээ. 15 сая хэрэглэгчтэй уг компани 2002 онд байгуулагдсан бөгөөд 100 сая доллар босгох зорилготой байгаа гэнэ.

Ачааны машины түрээс, ложистикийн үйлчилгээ үзүүлэгч GoGoVan Хятадын зах зээл дэх гол өрсөлдөгч 58 Suyun-тай нэгдсэнээр Хонгконгийн анхны тэрбум долларын үнэлгээтэй стартап болж байна. Тэд ирэх жилээс Австралийн зах зээлд нэвтрэх зорилготой байгаа ажээ.

9-р сарын 12-нд шинэ iPhone зарлагдана!

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Харви нэртэй хар салхи Америкийн Техас муж, Хьюстон хотыг нэрвэж, 51 хүний аминд хүрлээ. 4 өдрийн турш тасралтгүй орсон бороо 33 триллион галлон усыг "асгасан" бөгөөд 30 мянган хүнийг орон гэргүй болгож, эдийн засагт 190 тэрбум хүртэлх долларын хохирол учруулсан байж болзошгүй гэнэ. Дэлхийн топ компаниуд сэргээн босголтонд зориулж хандив өргөсөөр байгаа бөгөөд Пепси, Делл, Валмарт тэргүүтэй компаниуд 157 сая долларыг хандивлахаа мэдэгдээд байна. 2005 онд Катрина хар салхины үеэр компаниуд 6 сарын хугацаанд нийт 1 тэрбум долларын хандив өргөж байсан гэнэ.

Vox: Харвиг тайлбарлахуй

Alibaba-аас салбарласан, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч Alipay Хятадад анх удаа нүүрээ уншуулан төлбөр төлөх боломжийг танилцууллаа. Тэд KFC-д зориулан гаргасан шинэ үйлчилгээгээрээ хэрэглэгчдэд нүүрний скан хийлгэн, шууд утасны дугаараа таниулж төлбөр хийхийг санал болгож байгаа юм.

CNN: Картаа март, утсаа март. Өөрөө л байхад төлбөр төлж болно

Америкийн засаг захиргаанаас анх удаа генийн өөрчлөлтийг ашиглаж хорт хавдрыг анагаах технологийг зөвшөөрлөө. Новартисийн гаргасан 475 мянган долларын өртөг бүхий Kymriah эмчилгээгээр дамжуулан өвчтөний өөрийн эсэд генийн өөрчлөлт хийж люкемиа өвчинтэй тэмцэх ажээ. Энэхүү зөвшөөрөл нь одоо туршилтын шатанд буй генийн засвартай холбогдсон олон технологийн хувьд ялалт болж буйгаараа онцлог. Ирэх жилүүдэд удамшлын болон эдгэшгүй гэгдэж байсан олон өвчнийг генийн засварын тусламжтай эмчлэх боломжтой болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа билээ.

Интернетэд холбогдсон органик шүүс шахагч төхөөрөмж үйлдвэрлэгч Juicero дампуурлаа зарлаж, шинэ худалдан авагч олтлоо үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа зарлалаа. 120 сая долларын хөрөнгө оруулалт босгосон тэд 400 долларын үнэтэй машин борлуулдаг байсан билээ.

Берлинд жил бүрийн 9-р сард нээгддэг IFA үзэсгэлэн энэ өдрүүдэд явагдаж байна. Цахилгаан бараа үйлдвэрлэгчдийн Европ дахь хамгийн том цуглаанд дийлэнх топ компаниуд шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг. Энэ жилийн хувьд LG-ийн шинэ утас V30, Sony-ийн ухаалаг спикер, Lenovo-ийн шинэ таблет Samsung-ийн ухаалаг цаг, Logitech-ийн кэйборд зэрэг сонирхолтой бүтээгдэхүүнүүд анх удаа олны хүртээл болжээ.

Alipay төлбөр төлөх зан төлөвийг тэр чигт нь өөрчлөхийг хүсэж байна.

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Тэйлор Свифтийн гаргасан Look What You Made Me Do нэртэй уран бүтээл цацагдсан даруйдаа олон дээд амжилтыг дараалан эвдсээр байна. Эхний өдрөө л видео нь Youtube дээр 43 сая хандалт авч PSY-ийн амжилтыг 5 саяар ахиулжээ. Мөн Spotify дээр 10 сая удаа сонссон нь эхний өдрийн дээд амжилт болжээ. Тэрээр энэ уран бүтээлээрээ карьертаа анх удаа Британийн сингл чартыг тэргүүлсэн байна.

BBC: Тэйлор Свифт ээлж дараалан рекорд эвдсээр

Харри Поттерийн фенүүд энэ өдөр номын хамгийн сүүлчийн үйл явдал буюу Харри Поттерийн хүү Албус Северус Поттерийн шидтэнүүдийн их сургууль Хогвартсд элсэн орсон баярыг тэмдэглэлээ. 19 жилийн дараа буюу 2017 оны 9-р сарын 1-нд өрнөдөг энэ өдрийг тохиолдуулан мянга мянга фенүүд нь Лондоны King's Cross буудалд цуглаж, баярласан байна.

EW: 19 жилийн дараа

HBO-ийн хамгийн амжилттай цувралуудын нэг Game of Thrones-ийн 7-р улирал өндөрлөлөө. Цувралын сүүлийн ангийг 12.1 сая хүн шууд үзэж дээд амжилт тогтоов. Эхний өдрийн давталттай нийлүүлбэл энэ тоо 16 саяд хүрч байгаа ажээ. 6-р улирлын төгсгөлийг 8.9 сая хүн үзэж байсан гэнэ.

2017 оны "Монголын мисс"-ээр Ц.Энхжин тодорлоо. Ингэснээр тэрээр Монгол улсыг төлөөлөн 67 дахь удаагийн "Дэлхийн Мисс" тэмцээнд оролцох болж байгаа юм. Дизайнер мэргэжилтэй тэрээр энэ жил 24 настай бөгөөд Кэмбрижийн их сургууль, Флоренцийн дизайны сургуулийг төгссөн ажээ. 2017 оны Дэлхийн миссийн шалгаруулалт 11-р сард БНХАУ-ын Санья хотноо явагдана.

Хогвартс явах уу?

Алдалгүй унших арван мэдээ

Хойд Солонгос ус төрөгчийн бөмбөгтэй болсон байж болзошгүй
Биткойн 5000 руу дөхлөө
Японы гүнж энгийн иргэнтэй гэрлэж, эзэн хааны гэр бүлийн эрхээс татгалзана
Л.Хэмилтон Шумахерийн дээд амжилтыг эвдэв
Талбайдаа эргэн ирсэн Шараповагийн сайн тоглолт үргэлжилсээр
Наймааны цонхын ялагчид ба ялагдагчид
Wells Fargo-ийн хямрал үргэлжилсээр, 1.4 сая хуурамч данс илрэв
9 дэх удаагийн Хятадын цэцгийн экспо нээгдлээ
Hyperloop хурдны дээд амжилтаа тогтоов

15035   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.