Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   08 сарын 25, 2017

Premiere: "PC тоглоомоос дэлхийн тавцан руу" + Шинэ баримтат кино анх удаа бүрэн эхээрээ

Энэ сарын эхээр "РС тоглоомоос дэлхийн тавцан руу" хэмээх нэрнээсээ л эхлэн анхаарал татах нэгэн баримтат кино iCinema-д нээлтээ хийсэн билээ. Монголын цахим спортын анхны гэх тодотголтой уг баримтат кино сүүлийн үед дэлхий даяар ихээхэн эрчимтэй хөгжиж байгаа цахим спортын талаар, ялангуяа Монголын нөхцөл байдлын талаар, олон улсад аль хэдийн үнэлэгдэж, хүчтэй өрсөлдөгч болсон The MongolZ багийн түүхтэй холбон дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадсаныг нээлтийн үеэр ирсэн зочид онцлон дурдаж байв. Unread энэхүү баримтат киног цахим орчинд анх удаа бүрэн эхээр нь танилцуулж байгааг хүлээн авна уу.

Эхлэлийн оронд

Гэртээ хувийн компьютертэй болсон цагаасаа хэрэндээ л "тоглоомчин" болсон гэчихвэл бараг буруудахгүй байх. Харьчихаад хичээл номоо давтахаас илүү дэлгэцийн өмнө суух нь их байсан үе ч бусдын адил надад байсан. Хичээл эхлэхээс өмнө яаран гарч, тарчихаад жаахан ч гэсэн хорхойгоо дарах гэж тоглоомын газрууд руу зүглэдэг өдрүүд цөөнгүй байсан. Хүлээх хэрэгтэй бол хүлээж, бүр болохгүй бол сайн тоглодог "ах" нарын ард шүлсээ залгин зогсдог байлаа. Ангидаа ирээд найзуудтайгаа тоглож байгаа тоглоомынхоо сонин сайхныг "үнэн сэтгэлээсээ" хуваалцаж, самбар дээрхийг биш толгой доторх тоглоомын "тактикаа" боловсруулж явсан үе ч бий. Төрсөн өдрөө тэмдэглэнэ гэж найзуудаа дуудаад "5 vs 5" хийчихээд тарсан тохиолдол ч байлаа. Үнэнийг хэлэхэд манай үеийн олон олон хөвгүүд ийм замналыг туулсан байх.

РС-чид эсвэл тоглоомчид гэдэг нэрийг донтогчид, цагаа үрэгсэд, дэмий сэлгүүцэгчид гэдэг үгстэй холбож ойлгох хандлага Монголд түгээмэл. Гүүглээс хайлт хийхэд гарч ирэх ихэнх нийтлэлүүд иймэрхүү сэдвийн хүрээнд гарч ирж байгааг үгүйсгэх аргагүй. Олон хүчин зүйлээс шалтгаалж ийм ойлголт өгөхүйц жишээнүүд гарсан нь тодорхой. Тийм ч учраас ихэнхдээ л гэрийнхнээсээ нууж, баригдвал зэмлүүлдгийгхүүхэд залуус мэднэ дээ.

CS:Go-ийн төрөлд өрсөлддөг The MongolZ баг аль хэдийн дэлхийд танигдаж, Азийн топ багуудын нэг болж чаджээ.

Цахим спорт өнөөдөр бас маргааш + Баримтат киноны тухай

Одоо харин нөхцөл байдлын салхи нэгэнт эргэжээ. РС тоглоом гэдэг өөрөө цахим спорт болтлоо хөгжиж, асар том бизнесийн боломж, тактикийн өрсөлдөөн, спортын шинжлэх ухааны нэг хэсэг болтлоо урагшилсан байна. Шагналын сангаараа ихэнх масс спортыг ардаа орхиж, тамирчид нь супер одод болж, дагагчдын тоо нь саяар яригдах болов. Технологи хөгжихийн хэрээр тоглоомын дүрэм ч улам нарийсаж, сонирхогчдоос мэргэжлийн спорт болон салж ирэв. Клубийн системд тоглогчид нэгдэж, тэмцээн нь улам боловсронгуй болж, олон улсад спорт хэмээн хүлээн зөвшөөрөв. Олимпийн наадамд цахим спорт орж ирэх нь бараг цаг хугацааны л асуудал болсон мэт.

Чухам энэ бүхнийг Монголын нийгэмд таниулах, ойлгуулахад цахим спортын The Mongolz багийн үзүүлсэн нөлөөг юутай ч дүйцүүлэх аргагүй. Тэд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн гайхалтай амжилтуудыг удаа дараалан үзүүлж, Монголын нэрийг цахим спортын газрын зурагт тамгалж чадсан юм. Тэдний амжилтаар бид бахархаж, олон залуус урам зориг авч, тоглоомоо огт өөр нүдээр харах болсонтой маргах аргагүй.

Тэдний асар их хөдөлмөр, асар их золиосын үр дүнд хүрсэн энэхүү амжилтын ард өрнөсөн зүйлс, урам зориг хөглөх, сэтгэл хөдлөм түүхийн талаар өгүүлэх нэгэн баримтат киног бид толилуулж байна. Энэ спортын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хандлагын талаар мөн өгүүлэх энэхүү баримтат киног Монголын цахим спортын төрөлд тэргүүлэх контент үйлдвэрлэгч NewMeta-ийн залуус бүтээжээ. Тэд энэхүү баримтат киноны зураг авалтыг БНХАУ-ын Бээжин хотноо хийж, Монголын цахим спортын салбарт түүчээлж буй залуустай ярилцан, олон төрлийн сонирхолтой өнцгийг оруулж өгснийг онцолж байна.

"РС тоглоомоос дэлхийн тавцан руу" баримтат киног бүрэн эхээр үзэх

Энэ бол нийгэмд адлагдсан, буруугаар ойлгогдсон, дутуу үнэлэгдсэн залуусын төлөөлөл хэрхэн бүгдийг үгүйсгэж, хүлээлтийг давж чадсан бахархам түүх. Энэ бол бүтэн үеийн "алдагдсан, үрэгдсэн" цагийг утга учиртай болгож, дэлхийн хамгийн том тивийн манлайд хүрсэн багийн түүх. Энэ бол шинэ үеийн хамгийн хүчтэй давлагаа, хамгийн шинэлэг спортын өчигдөр, өнөөдөр, маргаашийн тухай өгүүлэх түүх.

Нээлтийн арга хэмжээний зургийн цомог

NewMeta-г үүсгэн байгуулагчдын нэг Э.Ганбаатар цахим спортын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийв.

The MongolZ-ийн залуус маш сонирхолтой яриаг өрнүүлсэн юм.

34660   4


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.