Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   08 сарын 24, 2017

МЭДҮҮШТЭЙ: Ажлын намтар бичихдээ анхаарах 6 зүйл

Орчин цагийн мэргэжилтэн хүний нэг гол зэвсэг бол ажлын намтар билээ. Ажил намтар нь шинэ ажилд орох, ямар нэг тэтгэлэг, хөтөлбөрт хамрагдах зэрэгт хэрэг болохоос гадна өөрийгөө сурталчлах нэг хэрэгсэл юм. Англи хэлнээ CV, Resume гэх хоёр нэршилтэй энэ намтрыг хэрхэн зөв зүйтэй боловсруулах талаар бид зөвлөгөө нийтлэл бэлдлээ.

СV ба Resume-гийн ялгаа

Юуны өмнө дээр дурдсан CV (Curriculum Vitae буюу латинаар амьдралын замнал гэсэн үг), Resume хоёрын ялгааг тайлбарласан нь зөв гэж бодож байна. Монголчууд бид ажлын намтрыг ихэвчлэн CV гэж яриад дадчихсан юм шиг санагддаг. CV нь ажлын дэлгэрэнгүй маягийн намтар юм. CV дээрээ хүмүүс хийж байсан ажлууд, гаргасан амжилт, эзэмшсэн боловсрол зэргээ харьцангуй дэлгэрэнгүй бичдэг. Тиймдээ ч ихэнхдээ 2 хуудас буюу зарим тохиолдолд түүнээс олон хуудастай байдаг. Харин resume нь гол төлөв нэг хуудсан дээр ажлын туршлага, боловсрол сэлтээ товчхон бичдэг, таны юу хийж бүтээснийг маш богинохон хугацаанд илтгэх зорилготой хувилбар юм. Өнөөдөр бид харин энэ хоёрын аль нэгийг барилгүй, гэхдээ хоёуланд нь үнэн зөв байх, нэг ёсондоо "монгол" ажлын намтар боловсруулах зөвлөгөөг хүргэе. Мэдээж та бүхэнд англи хэлээр CV юм уу Resume бичих шаардлага зайлшгүй гарна. Тэр үед цаад газраас CV, Resume хоёрын алийг хүсэж байна, түүнийг бэлдэж өгөөрэй.

1. Харагдац, дизайндаа анхаар

Ажил олгогч таны намтрын агуулгыг мэдэхээс өмнө эхлээд хэлбэрийг харах болно. Хэрвээ таны намтар эмх цэгцгүй, унших сэдэл төрүүлэхээргүй бол анхны сэтгэгдэл таатай буухгүй. Гэдэг нь маш муу мэдээ. Олон хүн материалаа ирүүлсэн тохиолдолд тэгсгээд цааш шидэгдчихэж магадгүй юм. Тиймээс доорх байдлаар тэмдэгт ашиглан цэвэрхэн, үзэмжтэй намтар бэлдээрэй:

•Аль болох мэдээллүүдээ зааглаж ангилах.
•Цагаан цайвар цаас хэрэглэх. Өнгийн юм уу дахин боловсруулсан цаас сайн сонголт биш.
•10-12 хэмжээтэй үсгээр бичих.
•Аль болох түгээмэл хэрэглэгддэг фонт ашиглах (Arial, Times New Roman)
•Ажлын намтар, CV гэх мэтийг толгойд бичиж зай үрэх хэрэггүй.

Мөн зөв бичих дүрмийн алдаа хэрхэвч гаргаж болохгүй. Хэдий сайн боловсролтой, арвин туршлагатай байлаа ч алдаатай бичвэл ажил олгогчид хэнэггүй, хайнга юм байна гэсэн сэтгэгдэл үлддэг. Тиймээс бичиж дуусаад заавал дахин дахин нягтлах хэрэгтэй.

2. Эхэн хэсэгт өөрийн товч тодорхойлолтыг оруул

Намтар нь мэдээллүүдийн цуглуулга учраас өөрийн үгээр хүүрнэх боломж тэр бүр олддоггүй. Харин энэ боломжийг намтрынхаа толгой хэсэгт цөөн үгээр гаргаж өгөх хэрэгтэй. Англиар үүнийг Personal Statement гэдэг ба гол төлөв 50-150 үгэнд багтаан бичдэг. Энэ хэсэгт та өөрийн хэн болох, юу санал болгож чадах, карьерын зорилго зэргийг маш цөөн бөгөөд оновчтой түлхүүр үгсээр бичиж чадвал ажил олгогчийн анхаарлыг даруй татаж чадна.

3. Тухайн байгууллагад тохируулан намтраа бэлтгэ

Энэ бол зайлшгүй хийх ёстой гэрийн даалгавар. Та өөрийн бүх л үүх түүхийг бичих шаардлагагүй. Гагцхүү тухайн ажил олгогчийн онцлог, тавьж буй шалгуураас хамаарч намтартаа юу бичихээ шийдэх хэрэгтэй. Жишээ нь: Борлуулалтын менежерийн сонгон шалгаруулалт зарлагдсан байвал аль болох олон нийттэй харилцаж байсан ажлын туршлага, үүнтэй холбоотой тэмцээн уралдаанд орсон туршлагаасаа түлхүү бичиж болно. Харин яруу найргийн тэмцээнд гаргасан амжилт энэ тохиолдолд ажил олгогчид нэг их сонин биш байх нь мэдээж.

4. Тоо баримт хавсарга

Тоо баримт оруулж өгөх нь мэдээллээ илүү бататгаж, цаад талдаа ч илүү итгэл үнэмшил төрүүлэх болно. Жишээ нь: Орчуулагчаар ажилласан байсан бол хэдэн ном/нийтлэл/хуудас орчуулж байснаа бичвэл бусдаас ялгарахад тустай. Гэхдээ дээр дурдсанчлан англи хэл дээр Resume бичиж байгаа тохиолдолд энэ нь хэт дэлгэрэнгүй мэдээлэл байж болох талтайг санаарай.

5. Хэт хувийн мэдээлэл оруулах хэрэггүй

Намтартаа төрсөн огноо, гэр бүлийн байдал, өндөр, жин гэх мэт хэт хувийн мэдээлэл оруулахаас зайлсхийх хэрэгтэй. Энэ нь таныг ямар нэг ялгаварлалд өртөхөөс сэргийлнэ. Цаад тал чинь хүсээгүй л бол өөрийн зургийг оруулах нь ч зөв алхам биш. Мөн ямар ч тохиолдолд худлаа ярихаас зайлсхий.

6. Сошиал медиаг үр дүнтэй ашигла

Сүүлийн үед ажил олгогч нар ажил горилогчдын намтрыг үзэхээс гадна нэрээр нь дамжин сошиал хуудсуудыг шалгадаг болсон. Учир нь эндээс тухайн хүний ямар зан араншин, хэв маягтай хүн болохыг түвэггүй мэдэх боломжтой билээ. Тиймээс сошиал медиаг үр дүнтэй ашиглаж, бичиж хуваалцаж буй зүйлсээ эргэн харж байгаарай. Ер нь LinkedIn-д бүртгүүлээд товч намтраа оруулчих хэрэгтэй. Тэгээд LinkedIn дээрх хаягаа намтартаа оруулаад өгчихвөл илүү ажил хэрэгч харагдана.

Resume, CV боловсруулахад анхаарах зүйлсийг дэлгэрэнгүй үзэх:

-Таны resume: Анхаарах ёстой зүйлс
-CV боловсруулахад анхаарах ёстой зүйлс


Нийтлэлийг Б.Цацрал

59722   3


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.