Ярилцлагынхаа ээлжит зочноор бид санхүүгийн инженер гэх содон мэргэжилтэй хүнийг урилаа. Р. Жавхлант DAELIM Industrial хэмээх БНСУ-ын топ 15-д багтах группт хөрөнгө оруулалтын инженерээр ажилладаг нэгэн юм. Дундад Ази, Зүүн Өмнөд Ази, Өмнөд Америк дахь эрчим хүч, зам гүүр, сэргээгдэх эрчим хүчний мега төслүүдийн санхүүгийн моделийг боловсруулж, гэрээн дээр ажилладаг тэрээр компанидаа ажилласан долоон жилийн хугацаанд 20 орчим тэрбум долларын төсөв бүхий 16 мега төсөл дээр ажиллажээ. Монголд MIU их сургууль, БНСУ-ын Кореа их сургуулийг тус тус төгссөн түүнийг бид цөөн хоногоор Монголд ирээд байхад нь уулзаж ярилцсан юм.

Байршил: Өмнөд Солонгос, Сөүл
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Daelim Industrial группийн хөрөнгө оруулалтын менежер, JS Partners санхүүгийн консалтинг компанийн үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: Samsung Note 3
Хэрэглэдэг компьютер: Samsung Notebook 9
Сошиал хуудсууд: Javkhlant Rg (LinkedIn), Javkhlant Rg (фэйсбүүк)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

"Өнөөдөр хүнд, маргааш ч бүр ч хэцүү, харин нөгөөдөр бол гайхамшигтай" гэж Жак Ма хэлсэн байдаг. Энэ сургамжит үгийг санаж, шантрахгүй ажиллаж амьдрахыг хичээдэг. Хүмүүс хийж хийж, хичээж хичээж төгсгөлийг нь үзэхгүй орхих нь түгээмэл байдаг. Тэр л төгсгөлийн үеийг давах ёстой юм шиг байгаа юм. Тийм болохоор би тухайн ажлыг 120 хувь биелүүлэх хэрэгтэй гэж бодож ажилладаг. Энэ бодол, хүсэл тэмүүлэл маань ажлын арга барилын үндэс болдог.

Багадаа шатраар хичээллэж байсан болоод ч тэр үү, ажлыг хийхээсээ өмнө нэлээн бодож, олон хувилбараас аль болох оновчтойг нь сонгохыг хичээдэг. Шатрын спорт оновчит логик сэтгэлгээ, тэвчээртэй зан чанарыг төлөвшүүлсэн гэж боддог. Аргыг нь олбол ямар ч ажлыг бүтээнэ. Хүүхэд байхдаа шатраар лигийн улсын аварга болж, Өсвөрийн шатарчдын дэлхийн аваргад амжилттай оролцож, Азийн хүүхдүүдийн аваргаас хүрэл медаль хүртэж байлаа. Монголын өсвөрийн шатарчид Ази болон дэлхийн түвшинд амжилт гаргаж байдагт баярлаж, бахархаж явдаг.

Мөн ажлаа аль болох эртхэн шахаад дуусгахыг хичээдэг. 9 цаг хүртэл ажлуудаа харж төлөвлөж байгаад, 9-14 цагийн хооронд төвлөрөн ажиллаж, 16.30-аас өмнө тэр өдөр төлөвлөсөн гол ажлуудаа дуусгахыг бодно. Ажлын цагаар компанийн ажлаа дуусгаж байж л дараа дараагын ажил руугаа орж чадна. Манай орны залуучууд ажлын цагаар хувийн ажлаа амжуулах нь их байгаа юм шиг санагддаг. Энд бол эсрэгээрээ. Магадгүй энд хувийн бичиг баримт, төлбөр тооцоог интернетээр хийх боломжтой болохоор тийм байх. Орой унтахын өмнө хувийн компанийн ажлаа хийдэг.

ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Санхүүгийн модель боловсруулдаг болохоор Excel, тэр дундаа Macro дээр л их ажиллана даа. Мөн хийсэн ажлаа хамтрагч компаниуд болон банкууд, удирдах ажилтнууд танилцуулах ёстой учраас Powerpoint ашиглана. Энэ хоёрыг өндөр түвшинд эзэмшсэн. Мөн Google Docs, LinkedIn байна. Солонгосын чат апп Kakoa-г мэдээж ашиглана. Kakaо-гаар хайлт хийх, төлбөр төлөх гээд бүх л юмыг хийж байгаа юм. Компанийн дотоод ажилд Salesforce-ийг ашигладаг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ямар ч ажлыг, хэчнээн хэцүү байсан ч, 30 минутын дотор ерөнхий дүр зургийг нь төсөөлж, хар зургийг нь гаргаж гараар бичдэг. Дараа нь задалж хийх бол тусдаа асуудал. Презентацаа бэлдэхдээ ч эхлээд гараараа слайдуудаа зурж логикийн хувьд болж буй эсэхийг шалгадаг. Нэг слайданд 15-аас ихгүй үг оруулж, өөрийн санааг оновчтой илэрхийлэх 1-2 чухал үгийг улаан өнгөөр тодотгодог. Ер нь зэрэг ахих тусам хүнд яаж хүргэх вэ гэдэг их чухал юм байна гэдгийг ойлгосон.

Мега төслийн санхүүгийн моделийг боловсруулах нь бүтэн суухад 3-6 сарын ажил болдог. Төсөл бүр өөрийн онцлогтой. Тийм болохоор би аль нэг төслийг эхлүүлэхдээ хамгийн эхэнд Экселийн нэг sheet дээр гол зүйлсийг нь оруулаад хялбархан байдлаар хийчихдэг юм. Үүнийгээ дараа нь комплекс модель болгоход их цаг хэмнэдэг.

Мөн манайх шиг том групп компаниудад хийж байгаа ажил, төслийнхөө стратеги зэргийг топ менежментдээ болон бусад компаниуд танилцуулах, мөн багаа яаж сайжруулах вэ гэх мэтийн танилцуулга хийх гэнэтийн ажлууд байнга л гарч байдаг. Тэгэхээр ийм ажлуудад бэлтгэлтэй байж, аль болох бага зарцуулах нь цаг хэмнэнэ.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Google Docs дээр тэмдэглэнэ. Офлайнаар тэмдэглэж болдог болохоор амар байдаг. Мөн ойрын хугацаанд хийх ажил үүргүүдээ А4 цаас дээр томоор биччихдэг. Ер нь гараар бичих дуртай хүн.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Миний хувьд яг санхүүгийн модель боловсруулах, гэрээн дээр голлон ажилладаг. Тэгэхээр тооцоолон бодох талдаа, ярвигтай зүйлсийг энгийн болгох талдаа дажгүй сайн юм шиг байгаа юм. Мега төслийн санхүүгийн модель болон гэрээ нэлээд түвэгтэй, өөр хоорондоо салшгүй холбоотой байдаг. Жишээ нь модель дээр тооцоолсон эрсдэлийг гэрээгээр дамжуулан холбогдох талуудад хуваарилах гэх мэт. Мөн бид санхүүгийн тооцоо хийхдээ орлого, зарлага, ашиг гэсэн дарааллаар тооцоолдог бол мега төслийн санхүүгийн модель нь эсрэгээр бидний хүсэж буй өгөөж “Internal rate of Return”, тэрний дараагаар өгөөжийн нөхцөлийг хангаж чадах зарлага орлогыг тооцоолсны (дээрх аргыг “Reverse Engineering” гэдэг) үндсэн дээр 20~30 жилийн худалдах худалдан авах гэрээ гэх мэт голлох гэрээнүүдийг хийдэг. Иймэрхүү комплекс зүйлсийг абстракт болгож уялдаа холбоог задлан ойлгох нь чухал. Мөн гэрээн дээр ажиллахад англи хэлний, тэр дундаа хуулийн англи хэлний мэдлэг сайн байх ёстой.

Ямар нэгэн салбарт эксперт (specialist) болно гэдэг амаргүй. Ажилдаа гаргууд болохын тулд олон жил мэргэшсэн түвшинд ажиллаж байж хүрнэ. Миний хувьд хийж байгаа ажилдаа гаргууд, эксперт болохын тулд хичээж л явна.

Гэртээ бол хүүдээ үлгэр жишээ хүн байхыг хичээнэ. Хэдий хүү маань жаахан ч гэсэн, хажууд нь хувцсаа индүүдэх, ном уншиж суух мэтээр жишээ харуулна. Хүүхдийн ой санамжинд зөв үйлдлүүдийг багаас нь суулгахад сайн нөлөө үзүүлнэ гэж бодсондоо тэр.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Мега төслийн санхүүгийн модель, гэрээн дээр ажиллана гэдэг сурах юм маш ихтэй. Сургуульд заадаггүй учраас сайн ажиллаж байж л сурдаг. Санхүүгийн модель гэхээр тухайн төсөл үр ашигтай байх моделийг боловсруулна гэсэн үг. Инфляци, долларын ханш 20 жилийн дараа төд байвал, төслийн бусад зардлууд ямар байвал төсөл ашигтай ажиллах вэ гэх мэтээр, асар олон хүчин зүйлтэй тооцооллын системийг бүтээнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл мега төслийн хар хайрцаг (“Black Box”) гэж нэрлэж болно. Хөрөнгө оруулалтын менежер гол өгөгдлүүдийг оруулахад хамгийн оновчтой оптимал шийдлүүдийг олж чаддаг санхүүгийн моделийг бүтээх ёстой.

Мөн төслөө техник, эдийн засаг, санхүү, мэдээллийн технологи гээд тал талаас нь ойлгодог байх ёстой. Анх 14 хоног хийдэг байсан юмаа одоо би нэг өдрийн дотор амжуулдаг болсон байна лээ. Ингээд бодохоор бага багаар ахиж л байна. Одоо надад тулгарч байгаа нэг сорилт гэвэл орон орны татварын системийг ойлгож, оновчтой шийдлийг гаргаж ирэх юм уу даа. Татварын асуудлыг буруу шийдвэл төсөл алдагдал хүлээх, цаашлаад хуулийн хариуцлага ч хүлээж мэднэ. Харин сайн хийвэл зардал хэмнэж ашгийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн олны орны төслүүдийг хооронд нь харьцуулан үнэлж портфолио үүсгэх ажил дээр ажиллах нь чухал байдаг.

Daelim бол Бүгд Найрамдах Солонгос Улсын тэргүүлэх 15 группийн нэг. Ялангуяа мега төсөлд хөрөнгө оруулагч компаниуд дундаа тэргүүлэгч нь юм. Мэдээж ажилтнууддаа олгодог боломж, хөнгөлөлтүүд ихтэй. Миний хувьд төслүүдтэйгээ холбоотойгоор хоёр сардаа нэг удаа ч юм уу тогтмол тухайн газраа очин ажиллаж, хэлцлүүд хийхэд оролцдог. Дараа сард Пакистаны төсөлтэй холбоотойгоор банкуудтай уулзаж нөхцөлүүдийг судлахаар явна.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Одоогоор 3 төсөл дээр ажиллаж байна. Туркд Ази Европыг дамнан баригдаж буй 3 тэрбум долларын төсөвтэй гүүрний төсөлд манайх 25 хувийг нь эзэмшдэг. Төслийн хөрөнгө оруулалтын 70%-ийг банкуудаас босгож үлдсэн 30%-ийг нь хөрөнгө оруулагчид гаргана. Энэ нь 10 жилийн дотор 250 тэрбум долларын эерэг үр нөлөөг Туркийн эдийн засагт үзүүлэх мега төсөл юм.

Пакистаны 500 мегаваттын цахилгааны станцыг худалдаж авах төсөл байгаа. Түүнчлэн усны эрчим хүчний нөөцөөр дэлхийд тэргүүлдэг Непалд орших усан цахилгаан станцад манайх Дэлхийн Банктай хамтран хөрөнгө оруулсан. 600 сая долларын төсөвтэй энэ төсөлд манайх 15 хувийг эзэмшдэг.

Би Монголд 10 хоногийн хугацаатай ирсэн. Монголын Бизнесийн Зөвлөл болон бусад томоохон группуудтэй уулзалт хийсэн. Тэд мега төслүүд дээрээ хамтран ажиллах, мөн мега төслийн санхүүгийн модель боловсруулах сургалт зохион байгуулахыг санал болгож байна лээ. Ийм сургалт хийнэ гэж бодож байгаа.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Ажил хийж байх үедээ хөгжим сонсоод байдаггүй. Олон улсын шатрын том тэмцээн нэг талдаа 3 цаг 30 минут, нийтдээ 7 цагийн хяналттай, ямар нэгэн гадны нөлөөлөлгүй тоглоно шүү дээ. Харин ажлаа тараад харих замдаа бол сонсдог. Манай компанид Оросын төсөл дээр ажилладаг орос мэргэжилтнүүд байдаг. Тэдэнтэй харилцаж, сүүлийн үед орос хэлийг сурахыг зорьж байгаа. Орос дуунууд сонсож байна. Мөн Солонгосын Show me the money гэх хип хоп тэмцээнийг үздэг. Энэ жил 6 дахь season-дээ яваа. Тэнд оролцож буй залуусын нэлээд нь боловсрол тааруу ч гэсэн, амьдралыг тунгаан бодож, үг, ая, үглэлтээ бүгдийг нь өөрсдөө хийдэг. Бүх зүйлээ өөрсдөө хийж бүтээдэг нь таалагддаг юм.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Би санхүүгийн инженерийн олон улсын шалтгалтанд бэлдэж байгаа болохоор сүүлийн үед мэргэжлийн номуудыг түлхүү харж байна. Энэ нь дэлхийд 20 мянга орчим хүн л давсан том шалгалт. Надад одоогоор лав Монголоос энэ шалгалтыг өгч тэнцсэн хүн дуулдаагүй байна. Шалтгалтаа давчихвал нэр хүнд ч, цалин ч өсөөд явчихдаг. Ер нь эдийн засгийн чиглэлийн номонд дуртай. Сүүлд “The Prize” гэх дэлхийн газрын тосны түүхийг эмхтгэсэн ном уншсан. Мөн ой тогтоолтын аргууд их сонирхолтой санагдах болсон. Ой тогтоолт нь оюун ухаан гэхээсээ техник, арга барил юм байна лээ. Аргыг нь олбол уулыг ч эргүүлнэ гэж монголчууд сургасан шүү дээ. Энэ сэдвийг монголын залуус сонирхоосой гэж хүсдэг.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй талдаа хүн. Гэхдээ хүнтэй ярихаасаа өмнө юу ярьж хэлэхээ нэлээн бодож цэгнэдэг. Харин хүмүүсийн худлаа ярьж байгааг мэдвэл шулуухан хэлчихдэг зантай. Ер нь үнэн бодит зүйлийг нээлттэй ярилцаж байж итгэл үнэмшил төрж, ажил бизнес өрнөнө шүү дээ.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Одоо дунджаар 23-06.45-ын хооронд унтаж байх шиг байна. Өнгөрсөн жил ажлын ачаалал ихтэйгээс шөнө 2-3 цаг гэж унтаад өглөө 7-д босох өдрүүд олон байсан шүү. Одоо бас шалгалтандаа бэлдэхийн тулд нойроо жаахан хасах л хэрэгтэй байна.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Урьд нь Солонгост суралцагч монгол оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Солонгост төгсөгчдийн холбооны тэргүүнээр ажиллах зэргээр нийгмийн, олон нийтийн сонгуульт ажил их хийдэг байлаа. Одоо гэрийнхэнтэйгээ байж, хүүгийнхээ хүмүүжил төлөвшилд илүү анхаарал тавьдаг. Хагас бүтэн сайн өдөр гэртээ өөрөө хоол хийдэг. Гэр бүлийн хүнээ амрааж, бас хүүдээ үлгэр дууриал үзүүлэх ёстой. Мөн эхнэртэйгээ хагас сайн өдөр хоёр цаг усанд сэлдэг. Хааяа гүйнэ. Эхнэр маань эрүүл мэндээ л сайн бод гэж захьдаг даа. Эрүүл мэнд үүнэхээр хамгийн чухал зүйл. Бас чаат идэвхтэй ашиглаж гэр бүл, найзуудтайгаа холбоотой байдаг. Тэндээс л олох байх даа.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Гэр бүл, ойр дотнынхноосоо хамгийн их урам зориг, эрч хүчийг авдаг даа. Ааваасаа сурсан зүйл их. Аав маань хангалттай болчихжээ гэж харагдахаар нөхцөлд ч шинэ зорилт зорилго тавьж явдаг хүн.

Ер нь амжилтаа ахиулахыг оролдон хичээж мэрийдэг хүмүүсийг харах дуртай шүү.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Би ахлах сургуульд байхдаа Англид байсан юм. Тэр үед аав Financial Times байнга авчирдаг, арынх нь хуудсанд буй, 150 мянган паундын цалинтай санхүүгийн мэргэжилтэн авна гэсэн ажлын заруудыг үзүүлж, чи ийм хүн болоорой гэдэг байв. 90-ээд оны сүүл үе л дээ. Би 15, 16-тай байсан. Монголд ч нөхцөл байдал тааруухан байсан болохоор, би ийм л хүн болох ёстой юм байна гэж бодох болсон.

Бас магистрт сурч байхад мэргэжлийн багшийн маань зөвлөгөө том нөлөө үзүүлсэн. Магистрт суралцахад ч ёстой амаргүй байсан даа. Санхүүгийн инженер гэдэг нь тоо, физик, статистик хосолсон, орчин үед бий болсон салбар. Хичээл амаргүй, дээр нь мөнгө муутай. Тэр үед, Солонгосын санхүүгийн салбарт нэр хүндтэй багш маань битгий ажилла, мөнгө гол биш, дараа нь олдоно гэж захьсан. Багшийнхаа зөвлөгөөг хэрэгжүүлж чадсандаа баярлаж, талархаж явдаг. Багшийн маань зөвлөгөө ялангуяа оюутан залууст их хэрэгтэй сургамж гэж боддог.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Том групп, дунд хэмжээний групп хоёрт ажиллахын ялгаа нь мөнгөн дүнгээр бодоход л 30 жилийн дараа цалингийн зөрүү 3 сая доллар зөрүүтэй байдаг гэх судалгаа байдаг юм билээ. Энд бол том компанид ажиллавал чадварлаг хүмүүсийн дэргэд дадлагажиж жинхэнэ эксперт болж, сэтгэл тэнэгэр амьдардаг. Дунд хэмжээний компанид байвал тэр хэмжээндээ л амьдарна. Тэгэхээр залуучууддаа глобал түвшний том компаниудад ажиллахыг зориорой, тийм амбицтай байгаарай гэж захья даа. Өнөө үед бид чинь глобал хүмүүс болсон шүү дээ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦАХЫГ ХҮСЭЖ БАЙНА ВЭ? 

Samsung Electronics-д 7 дахь жилдээ инженерээр ажиллаж байгаа Баттүшиг гэдэг залууг санал болгоё.

Гэрэл зургийг Д.Ганзул

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.