Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   08 сарын 21, 2017

Онцлох бизнес: Оньс - Бизнес эрхлэгчдийн үнэнч туслах

И-Баримт буюу цахим татварын систем 2015 оноос эхлэн том, дунд хэмжээний бизнесүүдэд амжилттай нэвтэрсэн билээ. Харин жижиг бизнесүүд энэхүү системд тэр бүр хамрагдаж чадаагүй нь тэдэнд тохирох боломжийн үнэтэй, хэрэглэхэд хялбар програм хангамж байхгүй байсантай холбоотой. Тэгвэл E-Mart их дэлгүүрийн худалдааны системийг бүтээсэн, энэ чиглэлд мэргэшин ажилладаг Datacare компани бизнес эрхлэгчдийг цахим татварын системтэй холбон, и-баримт хэвлэх буюу имэйлээр илгээх хамгийн хялбар шийдлийг санал болгосон нь өнөөдрийн танилцуулах Оньс гар утасны апп юм. Хэрвээ та ямар нэг бизнес эрхэлдэг бол, ирээдүйд эрхлэх сонирхолтой бол энэхүү нийтлэлийг уншаарай.

Бизнесийн нэр: Datacare
Хаяг: Төв бассейны урд, GB Plaza, 503 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Програм хангамж үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2011 он
Ажилтны тоо: 30 +
Вэбсайт: www.datacare.mn, Оньс Систем

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Манай компанийг анх "Скай Трейдинг" ХХК-ийн мэдээллийн технологийн мэргэжилтэн гурван хүн нийлж анх байгуулсан. Скай их дэлгүүрийн, Солонгосоос нийлүүлсэн худалдааны систем дээр ажиллаж байсан тэд гадаадын технологиос суралцаж, түүнийг Монголд нэвтрүүлэх, худалдааны салбарыг хөгжүүлэх зорилгоор бизнесээ эхлүүлсэн хэрэг.

Түүнээс хойш бид групп компанийнхаа мэдээллийн технологийн ажлуудыг хийж гүйцэтгэж, Скай их дэлгүүрийн системийг шинээр хийж, хамгийн сүүлд E-Mart их дэлгүүрийн худалдааны системийг гардан боловсруулж гүйцэтгэсэн. Үүний дараа байгууллагууд танай энэ системийг ямар хүмүүс хийсэн юм бэ гэж E-Mart-аас асуух болж, манайд ч захиалгын ажлууд олноор орж ирэх болсон. Харин бид E-Mart дээр хийсэн системээ бусад газар ашиглаж болохгүй гэрээтэй тул шинээр систем хөгжүүлэхээр шийдсэн юм. Үр дүнд нь бид хуучин системээ шинэчлэн сайжруулж, шинээр Оньс гар утасны апп-ийг бүтээсэн. Оньс апп нь жижиг бизнесүүдийг И-Баримт буюу цахим татварын системд хямд төсөр, хялбар аргаар холбох боломж юм.

И-баримтыг санаачилснаас хойш манайд иймэрхүү програм хангамж олноор бий болсон ч худалдааны програм хангамжийн мөн чанарыг тэр бүр ойлгоогүй байдаг. Бидний хувьд энэ асуудлыг шийдэхийг бүрэн хүсэж байгаа юм.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Үүсгэн байгуулагчдын хамтарсан хөрөнгө оруулалтаар шийдэгдэж байлаа.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Манай бүтээгдэхүүнүүдийн хамгийн том давуу тал гэвэл, худалдааны байгууллагуудад удаан ажилласан туршлагатай хүмүүс өөрсдөө худалдааны систем хийдэг. Бараа тоолж, өрөхөөс эхлээд бүх л шат дамжлагыг нь дамжсан хүмүүс байдаг тул хэрэглэгч талаа сайн мэдэрч, шаардлагатай зүйлсийг орхидоггүй. Манай удирдах ажилтнууд дунд мэдээллийн технологи, худалдааны салбарын аль алинд нь тэргүүний ажилтан гэж үнэлэгдсэн хүмүүс байдаг.

Мөн одоо манайд байгаа худалдааны програм хангамжууд ихэнхдээ санхүүд суурилчихсан байдаг. Бидний хувьд худалдааны чиглэлийн програм дээр ямар стандарт тавигддаг вэ, яг л түүнийг дагадаг. Бид худалдааны програм хангамжаар мэргэшин ажилладгаараа давуу талтай. Цахим татварын систем анх бий болоход бид хамгийн түрүүнд дэмжин, их дэлгүүрүүдээс хамгийн түрүүнд Скай их дэлгүүрт И-Баримт нэвтэрч байлаа.

E-Mart-ийн тун ярвигтай худалдааны системийг бид 3 жилийн турш хийж дуусгасан. Одоо E-Mart-д үйлчлүүлсэн хүн картаа уншуулаад л барааны баримт, банкны баримт гэсэн 2 баримт авалгүй, 1 л баримт авдаг. Таван банкийг таван янзаар холбосон энэ системийг бид амжилттай хийж дуусгасандаа их баяртай байдаг.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ХЭРХЭН, ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Оньс систем цаашдаа хүмүүсийг яаж бэлэн бусаар амар хялбар тооцоо хийлгэх вэ гэдэг дээр төвлөрөн ажиллана. Ер нь хүмүүсийн төлбөр тооцоо хийдэг хэлбэр улам л бэлэн бус уруу шилжиж байна. Бид програм, системээ хөгжүүлэхдээ сүүлийн үеийн шинэлэг шийдэл, хандлагуудыг алдалгүй шингээж явах болно.

Компанийн хувьд цаашид олон томоохон төслүүдийг төлөвлөсөн байна.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ, ҮНЭТ ЗҮЙЛС ТАНЬ ЮУ ВЭ?

Бид нэг талаас үйлчилгээний байгууллага учраас харилцагч нартаа түргэн шуурхай, найдвартай үйлчлэхийг эрмэлздэг. Ажлаа хийчихээд орхих биш, араас нь ингэвэл зүгээр юм байна, тийм нэмэлт хийвэл илүү үр дүнтэй юм байна гэх мэтээр байнга санаачилгатай ажилладаг.

Нөгөө талаас програм хангамжийн үйлдвэрлэгч учраас ажилтнууд бол манай гол үнэт зүйл юм. Тэднийг чадавхжуулж, хөгжүүлж, дэмжих нь нь томоохон зорилт байдаг. Бид 7 хоногтоо нэг удаа дотоод сургалт хийх, хэлний курс, их дээд сургуульд явахад нь дэмжих гэх мэтээр ажилтнууддаа анхаардаг. Хөгжүүлэгчид маань их залуухан. Тэдэнд өндөр цалин гэхээсээ хийх ажлууд нь тодорхой, ойлгомжтой, компанийн уур амьсгал сайхан байх нь чухал юм байна гэж ажиглагддаг.

ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Цахим татварын систем 2015 оноос эхэлж, бизнесүүд и-баримт хэвлэж, хүмүүс бүртгүүлсэн баримтаараа урамшуулал авах болсныг та бид мэднэ. Энэ ажил томоохон болон дунд хэмжээний бизнесийн байгууллагуудад амжилттай хэрэгжсэн. Харин энэ давлагаанд жижиг хэмжээний бизнесүүд хамрагдаагүй үлдсэн байна. Энэ нь и-баримт хэвлэх системийг суулгахад тэдэнд хүндрэлтэй бөгөөд зардалтай байгаатай тодорхой хэмжээгээр холбоотой.

Тийм учраас бид Оньс гар утасны апп-ийг жижиг бизнесүүдэд зориулж гаргасан. Хэрэглэхэд хялбарын дээр үнэ хямд. Цаасан баримт хэвлэхгүйгээр худалдан авагч руу имэйлээр илгээх боломжтой. Татварт илгээсэн борлуулалтын дүн мэдээгээ ч харчих боломжтой. Төлбөрийн хувьд 154,000 төгрөгөөр bluetooth принтерээ л авчихвал апп-ийг өдөрт 200, сард 5000 төгрөгөөр л ашиглах боломжтой. Мөн Скайтелийн хэрэглэгчдийн хувьд нэгжээрээ үйлчилгээний төлбөр төлөх боломжтой, дата төлбөргүй ашиглах боломжтой гээд нэмэлт боломжууд бий. Одоо төлбөр тооцооны Q pay системийг ашиглан ОНЬС апп-ийн хэрэглэгчид бэлэн бусаар гүйлгээ хийх боломжтой болгохоор ажиллаж байна.

Компанийн хувьд E-Mart-ийн шинэ салбарын худалдааны систем дээр ажиллаж байгаа.

ОНЬС АПП ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Технологийн салбар улам хурдацтай хөгжсөөр л байна. Худалдааны салбар ч Монголд далайцтай хөгжиж байна. Энэ салбаруудын хөгжлийг мэдрүүлэх ажил хийдэг нь бидэнд урамтай сайхан байдаг.

Хэцүү бэрхшээлтэй асуудлууд бол бий бий. Манайхан чинь төлбөртэй үйлчилгээ хэрэглэх тал дээр тааруухан. Үнэгүй юм хэрэглэх гэсэн сэтгэхүй гүн суучихсан байдаг. Хаа хаанаа татварын боловсрол бас тааруу юм байна гэдэг нь бас харагддаг.

Цахим татварын систем нь борлуулалтын орлогоо мэдээлдэг учраас хүмүүс ер нь хэрэглэх нэг их дуртай биш. Тиймээс улсын дэмжлэг гарцаагүй хэрэгтэй байдаг. Жижиг бизнес эрхлэгчдийг QR кодтой цаасаа хэвлэ гэдэг ч Дүнжингарав гэх мэт том худалдааны төв дээр гэхэд хоёрхон л хэвлэх машин байх жишээтэй. Жижиг импортлогч нар оруулж ирсэн бараагаа улсаас шаардаж байгаачлан нэг бүрчлэн кодолж бүртгэхэд маш хүндрэлтэй, татан авалт бүртээ бараа нь шинэчлэгдэх асуудлуудтай тулгарч байдаг. Харин Оньс апп барааг нэг бүрчлэн биш, ангиллаар нь бүртгэх боломжийг олгож, хэвлэх болон имэйлээр илгээх боломжийг өгч байгаа юм.

ОНЬС АПП-ИЙГ ЯМАР ТӨРЛИЙН БИЗНЕС ЭРХЭЛДЭГ ХҮМҮҮС ХЭРЭГЛЭХЭД ЗОХИМЖТОЙ ВЭ?

Жижиг дэлгүүр, зах, лангуу түрээс, авто угаалга, засвар, үсчин гоо сайхан, барилгын материал, цайны газар, орчуулга гэх мэт төрөл бүрийн бизнесийн хүмүүс ашиглахад нэн тохиромжтой. И-Баримт хэвлэх Bluetooth принтерийг худалдаж аваад, аппаа гар утсандаа татаад л хэрэглэж болно.

Татаж авах

19681   5


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.