Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   08 сарын 14, 2017

Онцлох бизнес: Pergola on the Roof - Тагтан дээрх диваажин

Их хот маань өдөр ирэх бүр өнгөө засаж, нэрийн хуудас болсон шинэ бүтээн байгуулалтууд, үйлчилгээний газруудаар баяжсаар байгаа билээ. Бид энэ удаад зөөлөн салхины аяс, намуун хөгжмийн аязад сэтгэлд дотно, дулаахан уур амьсгал бүхий тохилог орчинд алжаалаа тайлах боломжийг олгосон Pergola on the Roof-ийг онцолж байна. Шаргал нүдэн гэрэл, энд тэндгүй байх амьд цэцэгсээр дүүрэн, хамгийн сонирхолтой нь тагт-дээвэр дээр байрлах энэхүү рестораны ерөнхий менежер П.Алтангэрэлтэй ярилцсанаа хүргэе.

Бизнесийн нэр: Pergola on the Roof
Хаяг: Бишрэлт зочид буудал, The Embassy зочид буудлын 2 давхар
Үйл ажиллагааны чиглэл: Ресторан
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2017 оны 7 сар
Үүсгэн байгуулагч: А.Чинбишрэлт
Ажилтны тоо: 70
Фэйсбүүк хуудас: Pergola Rooftop Bar

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

The Embassy ресторан маань үйл ажиллагаагаа тогтмол амжилттай явуулж байхтай зэрэгцэн дээвэр дээр нь байх сул зайг үр ашигтай ашиглах концепцийг бид 2 жилийн өмнөөс боловсруулж эхэлсэн. Үүнийхээ хүрээнд гадаад, дотоодын олон газраас сайн туршлагыг судалж, тохирох боломжтой загварыг нь эрэлхийлсээр дээвэр дээрээ задгай орчинд үйлчилгээ үзүүлэх Pergola on the Roof-ийг нээхээр тогтсон юм. Бид зуны дулаан үдшийг хайртай дотны хүмүүстэйгээ тохь тухтай орчинд өнгөрүүлэх боломжмийг үйлчлүүлэгчдэдээ өгөх орчныг бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болон ажилласан даа. Өмнө нь огт ашиглагдаагүй байсан хоосон талбайг 3 сарын турш засаж, доороос шат шинээр гаргах гэх мэтээр бүгдийг нь тэгээс эхлүүлж, амжилттай ашиглалтанд орууллаа.

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?

Бид анхнаасаа шилдэг мэргэжилтнүүдийг багтаа элсүүлж, хамгийн чанартай үйлчилгээг үзүүлэхийг зорьсон. Манай ахлах тогооч Энхбаяр маань гэхэд сая өнгөрч буй зун Румынд болсон олон улсын тогоочдын тэмцээнд хошой алт, мөнгөн медаль хүртэж, тэндээ үнэлэгдэж, медаль авчирсан хоолуудаараа тусгайлан меню гаргасан байх жишээтэй. Бартендер маань бас л олон жилийн туршлагатай, хэрэглэгчдийн дунд өөрийн гарын мохитогоороо алдартай нэгэн шүү.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Pergola on the Roof маань Бишрэлт зочид буудал, The Embassy ресторантай нэг газар хамтдаа байрлаж, нэг группийн харьяанд багтаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Танай онцлог, давуу талууд?

Pergola on the Roof гэдэг нэрнээсээ эхлээд л өөр мэдрэмж, шинэлэг байдлыг бий болгохыг зорьсон. Pergola гэдэг нь Италийн нэгэн хотын нэр. Италиар жижигхэн, дөрвөлжин саравчийг хэлдэг юм билээ. "Дээвэр дээрх жижигхэн, гэхдээ тухтай саравч"-ийг бий болгохыг зорьсон хэрэг. Манай газрын хэлбэр ч дөрвөлжиндүү, хэмжээ ч жижигтээ орох байх.

Үйлчилгээний газруудын хувьд хамгийн чухалд тооцогдох гурван бүрдэл хэсэг тус бүртээ ихээхэн анхаарал хандуулж, давуу тал бүрдүүлэхийг хичээсэн. Эхнийх нь уур амьсгал. Бид байгалийн өнгө болох бор, ногоон өнгө зонхилсон амьд уур амьсгалыг бүрдүүлэхийг эрмэлзэж, интерьертээ гойд анхаарсан. Амьд цэцэгс, нүдэн гэрэлнүүд, хөнгөн тавилгууд хэрэглэгчдэд амрах, чөлөөтэй байх, өөрөөрөө байх сэтгэгдлийг төрүүлэх учиртай.

Дараагийн чухал бүрдэл бол сайн меню. Өмнө дурдсанчлан манай тогоочийн "нандин" бүтээлүүдээс сонголтоо хийж, өөр газруудад төдийлөн байдаггүй "ховор" сонголт бүхий уух зүйлсээс сонголт хийх боломжтой. Гадаа идэхэд тохиромжтой хоолнууд, ямар ч хүнд тохирсон уух зүйлс бүхий меню байгаа.

Хамгийн сүүлийн бүрдэл нь сайн хөгжим. Манайх яг голдоо тусгайлан тайз засаж өгсөн нь үүнтэй холбоотой. Дотно уур амьсгал, сайн хоол дээр чанартай хөгжмийг үйлчлүүлэгчдэдээ санал болгоно. Бид долоо хоногтоо 2-3 удаа амьд хөгжмийн тоглолтуудыг зохион байгуулж, оройдоо алдартай DJ нарыг урьж байгаа.

Манайх нийт 120-150 хүний багтаамжтай. Энэ нь хувийн эвент, арга хэмжээг зохион байгуулахад тохиромжтой гэсэн үг. Тиймдээ ч бид албан байгууллагууд, хувь хүмүүстэй хамтран тэдэнд тусгайлсан үйлчилгээ үзүүлж, төрөл бүрий арга хэмжээ хамтран зохион байгуулж байгаа. Төрсөн өдөр, хуримын арга хэмжээ, байгууллагуудын хурлын дараах эвентүүд зохиоход тохирно.

Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?

Бид өөрсдийн гэсэн интерьер, үйлчилгээ, менюгээрээ ялгарсан брэндийг хөгжүүлэх хэтийн зорилготой байгаа. Pergola-ийн стандартыг хэвшүүлсэн шинэ салбаруудыг өөр өөр байршлуудад байгуулах боломжтой гэж харж байгаа. Үйлчлүүлэгчдэд тохьтой уур амьсгалыг амлаж чаддаг, очих дуртай газруудынх нь нэг болох нь бидний эрхэм зорилго.

Мөн яваандаа хураагддаг дээвэртэй болж, өвөлдөө ажилладаг болох зорилготой. Одоо бол бид дулааны улиралд буюу 10-р сар хүртэл л ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм.

Баримталдаг зарчим, үнэт зүйлс тань юу вэ?

Бидний гол үнэт зүйл бол үйлчлүүлэгчид, тэдэнд үзүүлж буй манай үйлчилгээ юм. Бид олон улсын стандартыг байгууллагадаа хэвшүүлж, гадаад дотоодын үйлчлүүлэгчдэдээ өндөр сэтгэл ханамжийг өгөхийг эрмэлздэг. Сайн стандарт гэдэг цаасан дээр бичсэн дүрэм журмаас илүүтэйгээр үйлчилж буй хүмүүсийн хандлагатай шууд хамааралтай байдаг. Сайн үйлчилгээ ерөөс чин сэтгэлээр ажиллаж буй хүнээс л гардаг гэж би боддог. Тиймээс ажилчдадаа тийм сэтгэлгээ, хандлагатай байх шаардлагыг тавьдаг.

Мөн илүү мэдрэмжтэй, сонор соргог, илүү ажигч байх гэсэн энгийн шаардлагыг хамтран ажиллагсдадаа тавьдаг. Үйлчлүүлэгчийг гараа өргөхөөс нь өмнө тэдэнд юу хэрэгтэй байгааг анзаарч, үнсний савыг нь солих, уух юмыг нь сэргээх зэргээр хурдтай ажиллахыг хичээж байна даа.

Одоо та бүхэн юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Бид амралтын өдрүүдэд зориулан өглөөний болон өдрийн хоолны тусгай brunch меню гаргахаар бэлтгэж байна. Мөн өдөр бүр тусгай хөтөлбөрүүдтэйгээр үйлчлүүлэгчдээ угтах зорилготой. Лхагва гарагт жазз үдэш, баасан гарагт хип хоп, поп хөгжмийн үдэш гэх мэтээр. Мөн эвентүүдэд зориулсан үйлчилгээгээ илүү өргөжүүлэх, авч байгаа арга хэмжээнүүдийнхээ тоог нэмэхээр төлөвлөж байна.

Энэ салбарт бизнес эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Бид hospitality буюу зочлохуйн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа. Тэр утгаараа хамгийн том шагнал нь үйлчлүүлж буй хүмүүсийнхээ сэтгэл ханамжийг мэдрэх, баярлалаа гэж хэлэхийг сонсох байдаг. Ганцхан баярлалаа гэдэг үгийн цаана асар их хөдөлмөр, маш олон шат бүхий үйл ажиллагаа өрнөсөн байдаг учир бидэнд үнэ цэнтэй байдаг юм.

Гэвч нөгөө талаараа асар их хөдөлмөрөөр цуглуулсан нэр төр, сайн нэрээ маш жижигхэн зүйлээс, жаахан хайхрамжгүй байдлаасаа болж алдах нь амархан. Тиймээс алдаа гарвал тэр дор нь засах, зөв болгох, үйлчлүүлэгчээ аль болох сэтгэл ханамж өндөр байлгахыг хичээдэг. Бүх шатанд ажиллагсад нэг алсын хараатай, нэг ойлголттой байж үүнээс сэргийлж чадна.

Сүүлийн үед манайд ресторан, лоунжны зах зээл ихэд тэлж, шинэ газрууд олноор нээгдэн, өрсөлдөөн тэр хэрээрээ өсөж байгаа. Тийм учраас үргэлж шинэлэг, чанартай үйлчилгээг санал болгох нь нэг ёсны сорилт болж байна.

Танай хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн юу вэ?

Үйлчлүүлэгчид манай хоолонд их ам сайтай байдаг. Бараг зөвхөн манайхаас л санал болгож байгаа гэж хэлж болох Lamb Merguez Spicy Sausage болоон Bourbon Braised Beef Short-ийг санал болгоё.

25928   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.