Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   08 сарын 13, 2017

7 хоногийн тойм: Баяртай, Болт! + Биткойны галзуурал + Америкт үнэртсэн анархизм

Солонгосын хойгт байдал хурцдаж, Трампын тэвчээр барагдах дөхөв!

Дэлхий дахинд 

БНАСАУ болон АНУ-ын хооронд өрнөж буй үл ойлголцол ихээхэн хурцадмал байдалд хүрлээ. Хойд Солонгосын төв телевизээр тус улсын эсрэг тавьсан хоригийн хариуд Америкийн цэргийн бааз байрладаг Гуамын арлын ойролцоо баллистик пуужингаа харвахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн нь ерөнхийлөгч Д.Трампын дургүйцлийг ихэд хүргэж, "гал дөл, уур хилэнгээр дүүрэн" хариу цохилт өгнө гэдгээ мэдэгдсэн юм. Япон, БНХАУ зэрэг бүс нутгийн голлох тоглогчид ихээхэн нухацтайгаар асуудалд хандаж байгаа нь тэдний байр сууринаас тодорхой байлаа. Үүнтэй зэрэгцэн АНУ-д хэт даврагч цагаан арьстнуудын бүлэглэл Виржиниа мужийн Шарлотсвилл хотноо жагсаал үйлдэн, эсэргүүцэгчид болон цагдаагийн хүчтэй мөргөлдөөн үүсгэв. Үндсэрхэг үзэлтнүүдийн өдөөсөн энэхүү хэргийн улмаас дор хаяж гурван хүн амь насаа алдаж, 30 гаруй хүн гэмтэл авчээ. Нисдэг тэрэг осолдож, хурд хэтрүүлсэн автомашин жагсаал руу дайран, галт бамбар барьсан экстримистүүд арьс өнгөөр илтэд ялгаварлан гадуурхсан бичиг, лоозон барин жагссан нь 21-р зууны соёлт иргэншилд тохиосон гэхэд итгэхээргүй балмад үзэгдэл байв. Африк тивийн хамгийн нөлөө бүхий эдийн засгуудын нэг Кенид ерөнхийлөгчийн дахин сонгууль шуугиан дүүрэн өнгөрч байна. Санал хураалтад 54 хувийн дэмжлэг авч, 2 дахь удаагаа сонгогдсон У.Кениаттагийн ялалтыг түүний өрсөлдөгч Р.Одинга хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэж, автомат тооллогын машинд асуудал байсан, ажил хаялт зарлаж эсэргүүцлээ илэрхийлэх хэрэгтэй хэмээн мэдэгдсэн нь шуугиан тарив. Сонгуулийн дараа үүссэн эсэргүүцлийн жагсаалын үеэр 2 талын хооронд мөргөлдөөн болж, 24 хүн амь насаа алджээ. Гэхдээ сонгуулийг ажиглаж байсан олон улсын мэргэжилтнүүд үйл явцад ямар нэгэн гадны нөлөө, будлиан байгаагүй хэмээн мэдэгдсээр байгаа юм. Кенид 2007 оны сонгуулийн дараах мөргөлдөөний улмаас 1000 гаруй хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг тохиож байсан билээ.

Vox: Хэт даврагч цагаан арьстнуудын мөргөлдөөнийг тайлбарлах нь

Америк дахь анархизм хэмээн энэхүү үйл явдлыг олон улсын хэвлэлүүд буруушааж байна.

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Тоглоомын зах зээлийн гигантуудын нэг Лего ажлаа аваад 8 сар л болж буй гүйцэтгэх захирлаа халах гэнэтийн шийдвэрийг гаргалаа. 2016 онд ердөө 6 хувийн өсөлт үзүүлж, зах зээл дэх үнэлгээгээрээ тэргүүлэгчийн байр сууриа барби хүүхэлдэй үйлдвэрлэгч Маттелд алдаад буй тэд шинэ гүйцэтгэх захирлаараа 51 настай дани мэргэжилтэн Нилс Кристиансенийг томилсон байна. Өмнө нь эрчим хүчний секторт ажиллаж байсан Кристиансен цахим зах зээл дэх брэндийн байр суурийг хүчирхэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулна гэнэ. Түргэн хоолны тэргүүлэх франчайзинг МкДоналдс ирэх 5 жилд Хятадын зах зээлд 2000 шинэ ресторан нээх төлөвлөгөөгөө танилцууллаа. 1992 онд Хятадад анх салбараа нээсэн тэд одоогоор нийт 2500 ресторантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Гэсэн ч тэдний гол өрсөлдөгч Pizza Hut, KFC-ийн эрхийг эзэмшигч Yum China 7000 ресторан нээж, зах зээлийн гол тоглогч болоод байгаа билээ. Хятадын номер нэг чат апп WeChat-ийг эзэмшигч Тенсентийн гүйцэтгэх захирал Пони Ма Азийн хамгийн баян хүн боллоо. Хонгконгийн зах зээл дээр Тенсентийн хувьцаа даваа гарагт 2.9 хувийн өсөлт үзүүлснээр түүний нийт хөрөнгө 36.4 тэрбум долларт хүрч, Алибабагийн Жэк Маг гүйцсэн юм. Өнгөрсөн 5-р сард Тенсентийн зах зээлийн үнэлгээ 343 тэрбум долларт хүрч, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй 10 компанийн жагсаалтад багтах болсон билээ.

Форбес Пони Ма - Азийн хамгийн баян хүн
Ройтерс: Легогийн гэнэтийн шийдвэр

Жэк биш Пони Ма одоо Азийн хамгийн баян хүн!

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Энэ жилийн эхээр IPO хийж, технологийн ертөнцийн гол найдваруудад тооцогдож байсан Snapchat болон Blue Apron-ий улирлын тайлан зарлагдаж, хөрөнгө оруулагчдын урмыг хугалсан үр дүнг үзүүллээ. Өнгөрч буй улиралд 443 сая долларын алдагдалтай ажилласан Snapchat-ий хэрэглэгчдийн өсөлт 2 дахь улиралдаа дараалан урьдчилсан таамагт хүрээгүй учир хувьцааны үнэлгээ нь 14 хувиар унав. Тэд өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 21 хувийн өсөлт үзүүлж, 173 сая хэрэглэгчтэй болсон ч 250 сая хэрэглэгч өдөр бүр ашиглаж буй гэх Инстаграм Stories-тэй харьцуулахад хангалтгүй үзүүлэлт болжээ. Хоолны орц болон жор хүргэлтийн үйлчилгээг үзүүлэгч Blue Apron-ий маркетингийн зардал хэт өндөр гарсны улмаас нийт алдагдал 121 саяд хүрч, улмаар нэгж хувьцааны үнэлгээ нь 17 хувиар буурчээ. Байгууллагын хүний нөөцийн бодлогод арьс өнгө, хүйс болон шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах хандлага агуулагдсаар байгаа талаарх дотоод бичиг баримт нь ил болсноор Гүүглийн нэр хүнд ихээхэн унаж байна. Үүний дараагаар энэхүү захидлыг бичсэн инженерээ ажлаас нь халж, гүйцэтгэх захирал С.Пинчай бүх ажилтнуудтайгаа хийх байсан нээлттэй уулзалтаа цуцалсан нь шуугианыг улам дэгдээв. Uber-ийн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг Benchmark компанийн үүсгэн байгуулагчдын нэг, экс гүйцэтгэх захирал Т.Каланикийг шүүхэд өгсөн нь мөн энэ долоо хоногийн онцлох үйл явдал байв. Тэд саяхан ажлаа өгсөн Каланикийг хуурамч мэдээллээр хангасан, гэрээн дэх үүргээ биелүүлээгүй зэрэг хэд хэдэн шалтгаанаар шүүхэд гомдол гаргасан ажээ. Тойота, Эрикссон, Интел зэрэг технологийн салбарын томоохон компаниуд нэгдэн, жолоочгүй машины технологийг хөгжүүлэхэд шаардлагатай их тоон өгөгдөл цуглуулалт дээр хамтран ажиллах болсноо зарлалаа. 100 тэрбум долларын хөрөнгийг босгоод буй Softbank-ийн тэргүүлж буй Vision Fund Энэтхэгийн онлайн худалдааны тэргүүлэх платформ Flipkart-д 2.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийлээ. Тэд үүнээс гадна Энэтхэгийн зах зээл дэх такси захиалгын Ола, байр түрээсийн Oyo зэрэг стартапуудад хөрөнгө оруулаад байгаа билээ. Хэдхэн хоногийн өмнө анх удаа 3000 доллараар үнэлэгдэх болсон Биткойн зогсох шинжгүй өссөөр, 4000 долларын босгыг давлаа. Үүнтэй зэрэгцээд биткойн олборлож, арилжаалах талбарууд болох Filecoin, Coinbase зэрэг стартапууд шинэ хөрөнгө оруулалт амжилттай босгоод байгаа билээ.

Techcrunch: Snapchat-ийг аврах 8 арга
Fortune: Яагаад Benchmark экс хамтрагчаа шүүхэд өгөв?

Bitcoin-ий тэсрэлт хаана хүрч зогсох бол? 5000 доллар давах нь ч цаг хугацааны асуудал мэт.

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Берлинд төвтэй хөгжмийн стриминг үйлчилгээ үзүүлэгч Soundcloud 10 жилийн түүхэндээ хамгийн том хөрөнгө оруулалтаар "амь тариа" хийлгэлээ. Өнгөрсөн сард нийт ажилтнуудынхаа 40 хувийг ажлаас нь чөлөөлж, санхүүгийн хувьд хүнд байдалд орж, дампуурлын ирмэг дээр байна гэгдэж байсан тэдэнд 169 сая долларын хөрөнгө оруулалтыг Сингапурын Темасек болон Нью Йоркийн Raine Group хийжээ. Үүний хүрээнд үүсгэн байгуулагчдын нэг А.Льюнг гүйцэтгэх захирлын ажлаа 2012-2016 оны хооронд Vimeo-г амжилттай удирдсан Керри Трэйнорт хүлээлгэн өгчээ. Хэдхэн жилийн өмнө 700 сая доллараар үнэлэгдэж байсан Soundcloud-ийн үнэлгээ дор хаяж 2 дахин буурсан гэнэ. Энтертэйнмент ертөнцийн хамгийн нөлөө бүхий тоглогчдын нэг Дисней видео стримингийн топ платформ Нетфликсээс 2019 оноос эхлэн контентуудаа татаж, шинэ контент нийлүүлэхгүй болсноо зарлалаа. Марвел, Оддын дайн зэрэг томоохон франчайзуудын эрхийг эзэмшигч Дисней өөрсдийн гэсэн шинэ цахим платформыг бүтээж байгаагаа энэ үеэр мөн мэдэгдсэн юм. 2012 онд Диснейтэй гэрээ байгуулж чадсан нь Нетфликсийн хувьд стратегийн хамгийн амжилттай гэрээ болсон хэмээн тооцогддог билээ. Америкийн рок од Кид Рок сенатын сонгуульд өрсөлдөх магадлал Бүгд найрамдах намын нөлөө бүхий бүлгүүдийн дэмжлэг авснаар илт нэмэгдлээ. 2016 онд ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампыг дэмжиж, сошиал хуудсуудаараа сенатад нэр дэвших хүсэлтэй байгаагаа зарлаж байсан түүнийг ихэнх экспертүүд шинэ цомгийнхоо маркетингийг хийж байна хэмээн үл ойшоож байсан. Гэвч ирэх жил болох Мичиганы тойргийн сенатын суудлын төлөө албан ёсоор нэрээ дэвшүүлээгүй байгаа ч гол өрсөлдөгчөөсөө ердөө 8 хувиар хоцорч байгаа нь судалгаагаар тодорхой болжээ. 1.5 терабайт датагаа алдсан гэгдэж буй HBO хакеруудтай холбогдож, 250 мянган долларын урьдчилгааг төлөх хүсэлтээ илгээсэн тухай мэдээлэл ил боллоо. Гэвч энэ нь тухайн хакеруудын хувьд сарын орлоготой нь ч тэнцэхээргүй байсан учир зарим материалуудыг олон нийтэд цацсан гэдгийг эх сурвалжууд онцолжээ.

NYTimes: Диснейн шинэ платформ стримингийн ертөнцийг тэр чигт нь өөрчилнө
Techcrunch: Soundcloud эцсийн мөчид шинэ хөрөнгө оруулалтаар сэхээ авлаа

Netflix ирээдүйн гол өрсөлдөгчөөсөө ядаж Marvel-ийн контентуудаа үлдээхийг хүсэж байгаа гэнэ.

Спортын ертөнцийн эргэн тойронд

Европын хөлбөмбөгийн шинэ улирлын тоглолтууд энэ долоо хоногоос эхэлж байна. Хамгийн үнэтэй хөлбөмбөгчнийг элсүүлсэн Францын лигийн нээлтийн дараа дэлхий даяарх хамгийн их үзэгчтэй лигт тооцогдох Английн Премьер лиг эхний тойргоо үдэв. Нээлтийн тойрог шуугиан дүүрэн болж, аваргын цомыг хамгаалагч Челси 2 улаан хуудастайгаар ялагдал хүлээж, Арсенал эцсийн мөчид Лестерийг хожжээ. Үүний өмнө Аваргуудын лиг болон Европа лигийн аваргуудын хооронд өрнөдөг Супер цомын төлөөх тулаан Македоны нийслэлд болж, Реал Мадрид клуб цомын эзэн боллоо. З.Зиданы баг Ж.Моуриньогийн удирдсан Манчестер Юнайтедыг 2:1-ээр хожжээ. Дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болтын карьер олны таамаглаж байсан шиг "аз жаргалтай" төгссөнгүй. Сүүлчийн ганцаарчилсан уралдаандаа хүрэл медаль хүртээд байсан тэрээр багийн буухиа уралдааны үеэр гэмтэл авч, замаа дуусгаж чадалгүй тэмцээнээ өндөрлүүлэв. Гэсэн ч 32 настай Болт 8 удаа олимпийн аварга болж, 11 удаа дэлхийн аварга цолыг хүртэн, 3 зайд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг агуу тамирчин хэвээр зодог тайлж байна. Буухиа уралдаанд талбайн эзэн Их Британийн баг түрүүлж, дэлхийн аварга болжээ. Энэ жилийн ДАШТ-ий үеэр хөнгөн атлетик өөр нэг супер одоо үдсэн нь Их Британийн гүйгч Мо Фара байлаа. Олимпийн 4, дэлхийн 6 удаагийн аварга Фара сүүлчийн уралдаан болох 5000 метрийн зайд мөнгөн медаль хүртсэнээр их спортоо орхижээ. 50 км-ийн спорт алхааны төрөлд Францын тамирчин И.Диниз түрүүлснээр, бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн ахмад дэлхийн аварга боллоо. Дэлхийн рекордыг эзэмшигч тэрээр 39 настайдаа анх удаа дэлхийн аварга болсон нь энэ юм.

CNN: Болт тооны хэлээр - Яагаад Болт түүхэн дэх хамгийн агуу тамирчин бэ?

Усайн Болтын сүүлчийн уралдаан. Түүний давамгайллын гэрч байснаараа л бид азтай үеийнхэнд тооцогдох биз ээ.

Алдалгүй унших арван мэдээ

QZ: Чех яагаад хамгийн бага ажилгүйдэлтэй улс болов?
Reuters: Хятадын өөр нэг стартап 2 тэрбум доллар босгов
CNN: Трамп Венесуэлд цэргээ оруулахад бэлэн хэмээн мэдэгдэв
NYTimes: Дани ахмад шумбагчаа санаатай живүүлсэн гэж үү?
The Verge: Фэйсбүүкийн Хятадад нэвтрэх түлхүүр энэ апп мөн үү?
BI: Хиймэл оюун ухаан дота тоглоомоор хүнийг яллаа
Forbes: Hugo Awards-ийн ялагчдыг танилцуулах нь
TNW: Medium шинэ нэмэлтээ танилцууллаа
Recode: Facebook видеонд зориулсан Watch нэмэлтээ ил болголоо
BBC: Дохионы хэл эзэмшсэн орангутан 39 насандаа таалал төгслөө

Дэлхийн хамгийн алдартай дотачдын нэг Дэнди хиймэл оюун ухааны ээлжит хохирогч болов

7 хоногийн тоймын өмнөх дугаарууд

7 хоногийн тойм: 10 мянган өвчин эмчлэх технологи + 3 тэрбум хандалттай видео + 222 сая еврогийн үнэтэй хөлбөмбөгчин
7 хоногийн тойм: Дэлхийн хамгийн баян хүн + Теслагийн шинэ загвар + Улаанбаатар 2023
7 хоногийн тойм: Майкрософтын түүхэн амжилт + Честер Беннингтоны гунигт төгсгөл + Хакухогийн 1048 дахь даваа
7 хоногийн тойм: Шуугиан дүүрэн Монгол наадам + Алхаж сурсан хиймэл оюун ухаан + Бүхнийг ангайлгасан телепортын туршилт
7 хоногийн тойм: Тав дахь ерөнхийлөгч - Х.Баттулга + Дэлхийн лидерүүдийн дуулиант уулзалт + 11 сартай хүүгийн сүүлчийн хүсэл

21700   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.