Номын хэсгээс   08 сарын 12, 2017

ДЭЗФ-ыг үндэслэгч Клаус Швабын "Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал" номын тойм

Нэг дэх аж үйлдвэрийн хувьсгалаар хүмүүс төмөр зам, уурын машин, хоёр дахь аж үйлдвэрийн хувьсгалаар цахилгаан, үйлдвэрийн дамжлагын ачаар масс үйлдвэрлэл, гурав дахь аж үйлдвэрийн хувьсгалаар компьютер, дижиталчлал бий болж өнөөгийн бидний амьдарч буй нийгмийг цогцлоосон билээ. Тэгвэл аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал эхэлснийг батлах олон технологи, ололтууд бидний амьдралд аль хэдийн хүч түрэн орж иржээ. Энэхүү хувьсгалын хүрээнд хиймэл оюун ухаан, физик, химийн инженерчлэлүүд хувь хүмүүст, нийгэмд, улс төр бизнесийн салбаруудад хэрхэн нөлөөлж буйг үзүүлсэн, энэ хувьсгалтай яаж хөл нийлүүлэн алхах талаар зөвлөсөн, тун сонирхолтой энэ номын тоймыг бид өнөөдөр хүргэж байна. Дэлхийн Эдийн Засгийн Форумыг үүсгэн байгуулагч, доктор Клаус Шваб өөрийн судалгаа дүгнэлтийг 2016 онд нэгтгэн ийн ном болгож хэвлүүлснийг "орчин цагийн хүн бүхэн заавал унших хэрэгтэй" хэмээн дүгнэсэн нь бий.

Онцлох баримтууд

Доктор Шваб 2015 оны Давосын чуулганаар чуулганд оролцогчдын дунд нэгэн сонирхолтой судалгаа явуулсны эцэст ирээдүйд 3D принтер, роботууд, юмсын интернэт, хиймэл оюун ухаан технологийн тренд болно гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Тэрээр 2025 он гэхэд гарах нь тодорхой, тохиох магадлал нь 70-аас дээш хувьтайд тооцогдох өөрчлөлтүүдийг дараах байдлаар тодорхойлсон байна:

1. Нийт хүмүүсийн 10% нь интернэттэй холбогдсон хувцас өмсөнө.
2. Нийт хүмүүсийн 90% нь интернэтэд хязгааргүй, үнэгүй хадгалалтын орон зайтай болно.
3. 1 триллион дижитал мэдрэгч, төхөөрөмжүүд интернэттэй холбогдоно.
4. Америкт хамгийн анхны эм зүйч робот бий болно.
5. Нүдний шилний 10% нь интернэттэй холбогдоно
6. Нийт хүмүүсийн 80% нь интернэтэд дижитал хуудастай болно.
7. Хамгийн анхны 3D принтерээр хэвлэгдсэн машин үйлдвэрлэгдэнэ.
8. Засгийн газар хүн амын тооллогоо анх удаагаа их өгөгдөл (Big Data) дээр тулгуурлаж хийнэ.
9. Хамгийн анхны шилжүүлэн суулгах боломжтой гар утас худалдаанд гарна.
10. Зах зээл дэх нийт бүтээгдэхүүнүүдийн 5% нь 3D принтерээр хэвлэгдэнэ.
11. Нийт хүн төрөлхтний 90% нь ухаалаг утас ашиглана.
12. Америкийн нийт авто машины 10%-ийг жолоочгүй машин эзэлнэ.
13. Хамгийн анхны 3D принтерээр хэвлэгдсэн элгийг хүнд суулгана.
14. Компанийн аудитийн 30%-ийг хиймэл оюун ухаан гүйцэтгэнэ.
15. Засгийн газар анх удаагаа Blockchain-ий тусламжтайгаар татвар авна.

Компаниудын нас залуужиж, жижиг нөлөөлөл ч асар том өөрчлөлт авчирч чадах аж үйлдвэрийн дөрөвдүгээр үед хэн хамгийн бүтээлч, шинийг санаачлагч байна, тэр тэсэж үлдэнэ гэж Шваб өгүүлжээ. Энэхүү хувьсгал нь хэрэглэгчдэд хамгийн ашигтай байх боловч дундаж давхаргынхны цөмийг бүрдүүлдэг цөөнгүй мэргэжлийг үгүй хийж, тэр хэрээрээ нийгэмд хүндээр нөлөөлөх аж. Энэхүү давлагаанд тэсэж үлдэх мэргэжлүүд нь математикчид, инженерүүд, бизнесийн удирдах ажилтнууд, мэс засалчид, физикчид, сэтгэл зүйчид, борлуулалтын менежерүүд зэрэг хүмүүстэй их харилцдаг, эсвэл шийдвэрлэхэд хүнд хэцүү зүйлс дээр төвлөрөн ажилладаг мэргэжилтнүүд байна хэмээн таамаглаж байна. Эдгээр өөрчлөлтүүд хүн төрөлхтөнд сайнаар ч, муугаар ч нөлөөлөх нь тодорхой боловч хүмүүс, нийгэм өөрсдөө үүнд дасан зохицож, аюулаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй гэж Шваб үзэж байгаа юм.

  Онцлох эшлэлүүд

“Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх хамгийн зөв арга бол хувь хүнийг хөгжлийг илүү хүртээмжтэй болгох юм.”

“Хөдөлмөрийн зах зээл техникийн хэдхэн чадвараар хязгаарлагдаж, дижитал платформууд болон худалдааны зах зээл цөөхөн хэдэд нь ахадсан их шан хүртээх болно.”

“Шинэ дижитал эринд хойшоо ухарна гэж байхгүй, тэгэх боломж ч байхгүй.”

“Мэдээллийн асар их нөөц нь анхаарлын хомсдолд оруулдаг. Өнөө үед энэ нь улам даамжирч, хэтэрхий их мэдээлэлд автсан шийдвэр гаргагчид яахаа мэдэхгүй, улмаар стресст орж байна.”

“Хамгийн том худалдаалагч мөртлөө өөрөө нэг ч дэлгүүргүй (Амазон),
Хоноглох байраар хангагч хамгийн том компани мөртлөө өөрөө нэг ч зочид буудалгүй (Airbnb),
Тээврийн хэрэгслийн хамгийн том нийлүүлэгч мөртлөө өөрөө нэг ч машингүй. (Uber)”

“Засгийн газар иргэдийнхээ идэвхтэй оролцоонд анхааран, засаг захиргааныхаа бодлогыг хүмүүсийг сурч хөгжихөд болон дасан зохицоход чиглүүлэн тодорхойлох хэрэгтэй.

”Хэрвээ улс орнууд өнөө үеийн олон улсын стандартад нийцсэн технологиуд болох 5G, дрон, дижитал эрүүл мэндийн систем, аж үйлдвэрийн боловсронгуй технологи зэргийг цаг алдалгүй ашиглаж чадвал санхүү, эдийн засгийн асар их ашгийг хүртэнэ. Харин улс орнууд өөрсдийнхөө стандартад нийцүүлэн бүтээгдэхүүнүүдээ хийн, бусад орноос ирж байгаа бүтээгдэхүүнүүдийг зогсоовол шинэ дижитал үеэс улам холдож, дэлхий нийтээс хоцрогдох эрсдэлтэй.”

“Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал нь хүн бүрийн салшгүй нэг хэсэг болох нь цаг хугацааны л асуудал хэдий ч яг одоо бид технологийг амьдралд хэрхэн нөлөөлдгийг ойлгож эхлэх түвшинд л байна.”

Нийтлэлийг З.Уранчимэг

12473   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.