#Random

Hack UB-ээс төрсөн онцлох санаанууд

08 сарын 11, 2017


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


23283   2




Өнгөрсөн долоо хоногийн турш үргэлжилсэн Hack UB арга хэмжээ шинэлэг байдал, зохион байгуулалт, цар хүрээгээрээ олны анхаарлын төвд байсаар амжилттай явагдаж өндөрлөлөө. Дэлхийн топ компаниудад амжилттай ажиллаж буй монгол мэргэжилтнүүдийг зөвлөх болон шүүгчээр оролцуулсан энэхүү хакатоны эцсийн шатанд нийт 23 багаас шалгарсан 10 баг өрсөлдөж, санаагаа уралдуулсан юм. Бид энэ тэмцээнээс төрөн гарсан, аялал жуулчлал, үйлчилгээний салбарт тулгамдаж буй түгээмэл асуудлуудыг шийдэх онцлох санаануудыг танилцуулж байна.

Gremon 

147,000. Энэ бол Монгол улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагуудын тоо. Тэдгээрийн хаяг болон үйл ажиллагааны шинэчлэгдсэн мэдээллийг олж авах гэдэг заримдаа маш бэрх байдаг. Тэгвэл Gremon энэхүү асуудлыг илүү хялбар бөгөөд шуурхайгаар нэгтгэн шийдэх системийг санал болгож байна. Байгууллагууд нь өөрсдийн мэдээллийг шинэчлэн оруулж, QR кодын тусламжтай хэрэглэгчдэд доторх орчинг 360 градусаар харуулах боломжтой бөгөөд хэрэглэгчид ч зочилсон газруудынхаа мэдээллийг системд нэмснээр үйлчилгээний байгууллагуудын нэгдсэн газрын зургийг бий болох учиртай.

Simplood: Geru

Гадаадын жуулчид хөөрөг, дээл гэх мэт монгол соёлыг илэрхийлж чадах үндэсний бэлэг дурсгалын зүйлсийг хаанаас авдаг бол? Энэ бол Simplood-ийн залуусын олж харсан асуудал. Хэт үнэтэй, бас сонголт харьцангуй багатай бэлэг дурсгалын цөөхөн дэлгүүрээс өөр сонголтыг тэд бий болгохыг хүсэж байна. Geru апп нь жуулчдыг сонирхож буй бүтээгдэхүүнийг нь хийж чадах, хувиараа үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүстэй хайлтын системийн тусламжтай зуучилж өгөх талбар бөгөөд хамгийн сонирхолтой нь захиалагч нь бүтээгдэхүүнийг хийх үйл явцыг апп-аараа дамжуулан хянах боломжтой гэнэ. Ингэснээр үйлдвэрлэгчдэд өөрсдийн бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах шинэ цахим зах зээлийг бий болгох аж.

Foober

Та найз нөхөдтэйгээ, ажлынхантай хоолонд орохдоо газраа хэрхэн сонгож, саналаа нэгтгэдэг вэ? Олонх хүмүүсийн маргалдаж, эргэлзэж, тээнэгэлзэж ихээхэн цаг алддаг энэ асуудлыг Foober-ийнхэн хүрдээр шийдэхийг санал болгож байна. Ямар газар орохоо мэдэхгүй байх үед та уг апп дээрх хүрдийг эргүүлж сонгогдсон үйлчилгээний газарт захиалга өгөн, бүр хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой юм. Ингэснээр хэрэглэгч нь өөрийн цаг болон мөнгийг хэмнэхээс гадна бүртгүүлэн мэдээллээ оруулсан байгууллагууд үйлчлүүлэгчдээ татах шинэ сувгийг нээх юм.

Info Nomads: Mongolian Travel Guidebook

Гадаад, дотоодын аялагчид болон гадаадад удаан амьдраад ирсэн монголчуудад тулгардаг түгээмэл асуудал бол хамгийн сайн үйлчилгээтэй, хамгийн эрэлттэй, хамгийн сайн үйлчилгээтэй газруудыг олох байдаг. Info Nomads багийнхан апп дээр суурилсан “Mongolian Travel Guidebook”-ээр дамжуулан үйлчилгээний газруудын тухай оновчтой бөгөөд тодорхой мэдээллүүдийг тогтмол шинэчлэн олон нийтэд хүргэхээс гадна үйлчлүүлэгчдэд үнэлгээ өгөх боломжийг олгох аж.

Ant: Travel To Mongolia

Гадаадын жуулчид Монголд юу үзэх, хаашаа явах талаар мэдээлэл авах эх сурвалж хомс байдаг. Тэгвэл Travel to Mongolia вэбсайт энэ асуудлыг шийдэхийг байна. Тэд жуулчдын өөрсдийнх нь сонирхол, сонголтоос хамааран тохирсон газруудыг санал болгох юм. Харин нөгөө талаас аялал жуулчлалын байгууллагууд системд нэгдсэнээр ирээдүйн хэрэглэгчидтэйгээ холбогдох шинэ гарцыг нээх учиртай. Үүнээс гадна уг вэбсайт цаг агаар, аяллын зөвлөгөө зэрэг бусад хэрэгцээт мэдээллүүдийг өгөх гэнэ.

Foodie

Foodie багийн Foodie аппликейшн нь хэрэгчлэгчдэд хямд үнэ, сайн үйлчилгээтэй байгууллагуудыг олоход, оюутан сурагчдад үйлчилгээний салбарт цагийн ажил олоход, ажил олгогчид ажилтан олоход туслах цогц платформ юм. Аппликейшнийг ашигласнаар өөрийн байгаа газраас 1-2 км-ийн радиус дотор байгаа газруудад ямар төрлийн хоолнууд хэдэн төгрөгийн үнэтэйгээр худалдагдаж байгаа, хэдэн минутын дотор захиалгаар хүргэгдэж ирэх тухай мэдээллийг авахаас гадна хоолоо захиалан авах боломтой.

Moose: Hi UB

Жуулчдад хотоор хөтөчгүйгээр аялах боломжийг олгох Moose багийн шийдэл нь “Hi UB” ухаалаг утасны аппликейшн байлаа. Жуулчдад 10 долларын сим хэлбээр зарагдах уг аппликейшн нь QR код болон image recognition-ийг ашиглан текстийг гадаад хэл рүү хөрвүүлэх, зүг чигийн баримжаа өгөхөөс гадна сонгосон маршрутаар явж оноо цуглуулан хөнгөлөлт, бэлэг авах боломжтой юм.

Batu Digital: 1Gazar

Бидний эргэн тойронд буй олон үйлчилгээний газруудын талаар төрөл бүрийн мэдээллээс хэрэгтэйг нь, бас үнэн зөвийг нь олох нэн хэцүү. Тиймээс үйлчлүүлэгчдээр өөрсдөөр нь уг газруудын системтэй мэдээллийн санг бүрдүүлэх боломжийг 1Gazar аппликейшн олгох юм. Системд бүртгэгдээгүй үйлчилгээний газарт хүн очихдоо уг газрыг "нээн" оноо цуглуулж, тодорхой хөнгөлөлт эдлэх боломжтой бөгөөд хөнгөлөлтийн эрхээ нэмэхийн тулд өөр 5 хүнд хөнгөлөлтийн эрхээ бэлэглэнэ. Хэрэглэгчид энэ маягаар дотоодын бизнес, үйлчилгээний газруудыг дэмжин, өөрсдийн сэтгэгдэл, шүүмжлэл зэрэг үнэн бодит мэдээллийг бусдад хүргэх боломжтой юм. Харин үйлчилгээний газруудад өөрсдийн хөнгөлөлтийн картыг дижитал хэлбэрээр түгээх боломж нээгдэнэ үг. Batu Digital баг энэхүү төслөөрөө гуравдугаар байрт шалгарчээ.

Creative Apps: TripMe

Монголд жил бүр ирж буй 400,000 жуулчинд хөтөч олоход асуудалтай байдаг. Creative apps багийнхны санаачилсан TripMe аппликейшн нь Монгол оронд зочилж байгаа аялагчдыг аяллын маршрут, хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад нь тохирсон үйлчилгээг үзүүлж чадах хөтөчтэй холбох зорилготой юм. Аялагч апп дээрээс ресторан, хоолны газар, кофе шоп, үзвэр үйлчилгээ болон цагдаа, түргэн тусламж зэрэг байгууллагын мэдээллийг хайх, тэдгээрээс үндэслэн аяллаа төлөвлөх боломжтой. Creative apps баг энэхүү төслөөрөө хоёрдугаар байрт шалгарсан билээ.

Tech Miners: Marco

2012 оноос 2016 оны хооронд гадаад жуулчдын тоо 78 мянгаар буурсан нь тодорхой бөгөөд хүртээмжтэй мэдээлэл хомс байсантай холбоотой хэмээн Tech Miners-ийнхан үзэж байна. Иймээс Marco аппликейшн хотын ямар газруудаар, ямар жуулчид их зочилдог вэ гэсэн тоон өгөгдөл дээр системчлэгдсэн хиймэл оюун ухааны тусламжтайгаар жуулчны тухайн улсад өнгөрүүлэх хугацаа, төсөв, сонирхол дээр нь тулгуурлан зөвхөн өөрт нь зориулсан өвөрмөц аяллын төлөвлөгөөг санал болгох юм. Ингэхдээ төлөвлөгөөнд орсон бүх газруудын дэлгэрэнгүй мэдээллийг аппликейшндаа багтаах ажээ. Түүнээс гадна жуулчид уг аппликейшнаар дамжуулан бие биетэйгээ харилцаж болох ба хот доторх хөшөө дурсгалын талаар мэдээлж, хотоос гарвал сэрэмжлүүлдэг давуу талтай гэнэ. Tech Miners-ийн залуус энэхүү бүтээлээрээ уг хакатоны ялагчид болж, Амазон компанийн ухаалаг туслах Amazon Echo-ийн эзэд болж, 2 гишүүн нь Сан Франциско дахь Цахиурын хөндий явах эрхээр шагнуулжээ.

Tech Miners-ийнхан үүнээс гадна 3D принтерээр хийсэн цом, Гэрэл Плас Медиагаар маркетингаа хийлгэх эрх, Старт-ап Терминал дундын оффист байрлах 3 сарын эрх, түүнчлэн1 сая төгрөгийн эзэн болсон билээ.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.