Апп Тойм   08 сарын 08, 2017

Апп тойм: Point - Мэдээлэл хуваалцах амархан боллоо

Интернэт дээр ажиллах, бусадтай мэдээлэл солилцохыг илүү хялбар болгох нэгэн апп-ийг өнөөдөр танилцуулъя. Апп болон Chrome Extension-ий тусламжтайгаар вэбийн линк болон доторх контентийг аль нэг хэсгийг хялбархан дамжуулах боломжийг олгох Point-ийг та туршаад үзээрэй.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Ихэнх тохиолдолд бид ямар нэг вэб хуудсыг бусадтай хуваалцахдаа линкийг нь copy хийн, имэйл юм уу сошиал хуудсууд руу нь явуулдаг билээ. Тэгвэл Point нь үүнийг хялбарчилж вэб хуудсаас тухайн контентийг бусадтай шууд хуваалцаж, санал сэтгэгдлээ бичих боломжийг олгодог юм. Вэб хөтчөөсөө мөн давхар ашиглах боломжтой энэ апп нь багаар байнга ажилладаг, бусадтай ямар нэг холбоос хуваалцах шаардлагатай байдаг хүмүүсийн хувьд "аврал" гэж хэлж болно.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Юуны түрүүнд, хэрэглэгчдэд түвэг удахааргүй, ойлгоход хялбар дизайны шийдэлтэй. Жишээ нь, вэб хөтчийн баруун доод буланд @ тэмдэг байрласан байх ба үүн дээр дараад хэн рүү явуулахаа сонгоод л гүйцээ. Шинээр аккаунт нээхэд facebook, gmail холбож нээх боломжтой, энэ үед автоматаар таны найзуудыг шүүн Point ашигладаг хүн байвал дор нь холбоод өгдөг юм байна лээ. Хэн нэгнийг урихад ч тун хялбар бөгөөд урих линк явуулахад хангалттай. Шинээр аккаунт нээхэд нэг их юм татаад, суулгаад байхгүй тул харьцангуй амархан.

Мөн вэб хуудаснаас тодорхой нэг хэсэг текстийг онцлон явуулах боломжтой нь таалагдсан. Зарим нэг нийтлэлээс зөвхөн нэг хэсгийг нь бусадтай хуваалцаж, хэлэлцмээр байдаг ч бүхлээр нь явуулаад, тэр хэсэг нь шүү гэж ярих шаардлага хааяа гардаг шүү дээ. Point-ээр дамжуулж явуулсан, санал сэтгэгдлээ хуваалцсан бүхий л харилцан яриагаа апп руугаа ороод, эсвэл extension дээрээ дараад харж болно.

Гэхдээ хамгийн "супер" функц нь @ дараад имэйл хаяг бичихэд тэр имэйл хаяг руу болон таны имэйл хаяг руу тухайн вэб хуудас юм уу онцолсон текстийг давхар имэйлдчихдэг юм байна лээ. Үүнээс гадна өөр нэг жижигхэн давуу тал нь утасны багтаамжаас нэг их их идээд байдаггүй, зай багатай.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Android хувилбар нь одоо хүртэл гараагүй байгаа бөгөөд ойрын хугацаандаа гарах шинжгүй байгаа нь харамсалтай. Гэхдээ азаар Google Chrome extension байгаа тул над шиг утаснаас илүү комьютер дээр ажилладаг хүмүүст санаа зовох зүйлгүй.

Дараагийн нэг сул тал нь хүлээн авагч хүмүүс тань Point аккаунттай байх ёстой. Энэ апп-ийг сонсож байгаагүй хүмүүст байнга урилга явуулаад байх нь жаахан түвэгтэй тул удаан хугацааны туршид ажиллах хэсэг бүлэг хүмүүст л тохиромжтой санагдсан.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

App Store болон Chrome Web Store дээрх бараг бүх үнэлгээнүүд нь таваас 4+ байх ба Unread ч үүнтэй санал нийлж 8 оноо өгч байна. Сайн апп хэдий ч сайжруулах бололцоо нэлээн их. Жишээ нь хүмүүс рүү хуваалцахдаа 5 хүнд групп болголгүйгээр тус тусад нь явуулах гэх мэт илүү "күүл" функцууд нэмэгдвэл бүр "тасархай" болох байх.

Нийтлэлийг бичсэн: О. Бүтэд

Татаж авах

13180   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.