Онцлох Бизнес

Онцлох бизнес: Red Star Club - Иж бүрэн энтертэйнмент баар

08 сарын 07, 2017


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


20344   8




Чөлөөт цагаа гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой, нээлтээ хийгээд удаагүй байгаа нэгэн энтертэйнмент баарыг өнөөдөр онцолж байна. Энэ төв нь дотроо олон улсын стандартад нийцэх биллиард клубээс гадна ширээний теннис, дартс зэрэг спорт тоглоомуудтай, олон VIP өрөө, амтлаг ази хоол бүхий баар, ресторантай. Хэрвээ та биллиардыг шинээр мэдэрье гэвэл, олон спорт тоглоомыг зэрэг тоглоё гэвэл, тав тухтай орчныг эрхэмлэдэг бол Red Star Club-ийг зориорой.

Бизнесийн нэр: Red Star Club
Хаяг: Бльюмон төвийн баруун талд, МУИС-ийн шинэ номын сангийн эсрэг талд
Үйл ажиллагааны чиглэл: Энтертэйнмент, баар, ресторан
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2017 оны 6 сар
Үүсгэн байгуулагч: С.Бат-Ерөөл, Г.Зол-Эрдэнэ
Ажилтны тоо: 12
Вэбсайт: Red Star Club

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Г. Зол-Эрдэнэ: Бидэнд энэ давхрыг түрээсэлж ашиглах боломж байсан юм. Тэгээд ямар бизнес хийж болох вэ гэж бодсон. Энэ бол хотын төвийн оффисийн бүс, бас оюутан залуус ихтэй газар. Тиймээс үйлчилгээний бизнес хийе гэж шийдээд, судлаад үзэхэд ойр хавьд гэлтгүй ер нь хотод биллиард, теннис, дартс зэрэг спорт тоглоомуудтай, мөн баар, ресторантай иж бүрэн энтертэйнмент төв байхгүй байсан. Тооцоо судалгаа хийгээд үзэхэд ч болохоор байсан тул энэ төвийг өнгөрсөн 3-р сард байгуулахаар шийдээд саяхан нээлтээ хийлээ.

ХАМТРАГЧДАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?

Бид МУИС-ийн Бизнесийн сургуульд нэг ангид хамт сурч байсан. Тэгээд нэг хэсэг тус тусын ажлаа хийж байгаад өнгөрөгч 12 сараас хойш хамтарч бизнес хийхээр болсон юм. Эхлээд бид хоёр технологиор чиглэлээр бизнес хийхээр нэлээд судалсан. Тэгээд 3-р сард энэ санаан дээр тогтсон гэж хэлж болно. Миний хувьд өдөр тутмын үйл ажиллагаагаа хариуцаад явж байгаа. Өмнө олсон ажлын өөр өөр туршлага маань нэг нэгийнхээ дутууг нөхөж ажиллахад тус дэм болж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Бид хоёр өөр нэг хөрөнгө оруулагч олоод, 3 талаас нийлж санхүүжилтээ босгосон доо.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Иж бүрэн, цогц энтертэйнмент төв гэдгээрээ хамгийн онцлогтой. Манайх зааланд 7 пүүл биллиардын ширээ, VIP өрөөнүүддээ 6 пүүл, 1 снүүкер биллиардын ширээ, 1 теннисний ширээ, дартсын 2 замтай. VIP өрөөнүүд олонтой нь найз нөхөд, хамт олноороо яваа үйлчлүүлэгчдэд маань хүртээмжтэй бөгөөд тааламжтай болов уу.

Ерөнхийдөө орлогын маань 80 хувийг биллиард тоглож буй үйлчлүүлэгчид бүрдүүлж байгаа болохоор үүнд онцгой анхаарал тавьж, олон улсын стандартыг нь барьж бүх юмаа суурилуулсан. Урдаас ширээнүүдээ оруулж ирэхдээ жишиг биллиард баарны стандартыг тэр чигт нь хуулбарласан, тэндхийн эксперт ирж ширээнүүдийг угсарч, манай ажилчдад сургалт хийсэн. Биллиардын стандарт бас их нарийн юм билээ. Нэг ширээнд байх ёстой цохиурууд, дээд талын гэрэл, цэмбийг индүүдэх хугацаа, ширээний арчилгаа гэх мэт. Манайх бол монголчуудын тоглож дадсан "ногоон ширээ". Яг олон улсын стандарт пүүл нь том амтай ширээ байдаг. Ногоон ширээ нь Азид илүү дэлгэрсэн стандарт юм. Энэ хоёр стандартын ширээгээр аль алинаар нь олон улсын холбоод, тэмцээнүүд бий.

Мөн нэг гол давуу тал бол манай хоол. Чанартай, амттай хоолнууд тун боломжийн үнээр гарч байгаад үйлчлүүлэгчид маань ам сайтай байгаа.

Үнийн хувьд бусад биллиардын газруудтай харьцуулахад өндөр талдаа боловч хамгийн гол нь тав тухтай орчин, стандарт тоглоом, амттай бөгөөд хямд хоолыг санал болгож байгаа гэдгээрээ онцлог.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Бид энэ клубээрээ дамжуулан ялангуяа биллиардын спортын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой. Хэдийгээр манайд биллиард тоглодог хүмүүс их байдаг ч яг олон улсын дүрмээр, стандартаар тоглох нь ховор юм билээ. Тэгэхээр стандартаар тоглуулж сургахаас эхлээд клубтээ тамирчидтай болж, тэднийг бэлдэж явах болно. Спортынхоо хөгжилд санаа тавибал аяндаа бизнесийн ашиг ч орж ирнэ гэдэгт иттгэлтэй байна.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ, ҮНЭТ ЗҮЙЛС ТАНЬ ЮУ ВЭ?

Үйлчилгээний байгууллага учраас чанартай, эелдэг үйлчилгээг нэгдүгээрт тавина. Тав тухыг дээд зэргээр хангахыг хичээнэ. Харин дотооддоо буюу ажилчдадаа стандартын дагуу ажиллах, хариуцлагатай байх гэсэн зарчмыг тавьж ажиллаж байгаа.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Туршилт хийж эхлээд 2 сар, албан ёсоор нээгдээд 1 л сар болж байна. Ихэнх жижиг дунд бизнесүүдийн адилаар эхлээд бүх юмаа төлөвлөж бэлэн болгоод нээгдсэн гэхээсээ явцын дунд сайжруулаад жигдрүүлээд явж байна. Ширээний хөлбөмбөг гэх мэт шинэ тоглоомуудаар клубээ баяжуулахаар, тохижилтоо бүрэн төгс болгохоор ажиллаж байна. Мөн бид үнэнч үйлчлүүлэгчдийн гишүүнчлэлийн карттай болохоор систем дээр нь ажиллаж байна.

Мөн спорт клубийн хувьд ирэх 9-р сард Монголын биллиардын холбоотой хамтран улсын аваргын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус тэмцээнээс 2018 оны 2-р сард Хятадад болох дэлхийн аваргад тоглох тамирчин тодрох юм.

Мөн одоо амралтын улирал үргэлжилж байгаатай холбоотойгоор клуб маань 20 хувийн хямдрал зарласан. Спорт тоглоом тоглохгүй байлаа ч хүмүүс өдрийн хоол ирж идэх, хоолоо хүлээнгээ шаариг цохих боломжтой шүү.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Одоогоор орж ирсэн бараг бүх л үйлчлүүлэгчид ам сайтай байгаа болохоор сэтгэл тун ч өндөр байна. Менежментийн хувьд хамтрагч маань үйлчилгээний бизнесийн туршлагатай, би Монголын томоохон компаниудад ажиллаж байсан учраас асуудал багатай, тодорхой хугацааны дараа хэн нэгнээс хамаарах хамаарал байхгүй болчих болов уу. Энтертэйнмент клуб нь зай талбай их эзэлдэг, ашиглалтын зардал их гардаг болохоор сайн, үр дүнтэй менежмент хийж байж ашигтай ажилладаг.

Үйлчилгээний бизнес гэдэг жижиг сажиг асуудал бол байнга л гарч байдаг, тэр бүрийг бэрхшээл гэж бодож болохгүй. Төрөл бүрийн хүмүүс хүмүүс үйлчлүүлнэ. Шинэ байгаа учраас ялангуяа үйлчлүүлэгчдийн зөв зүйтэй санал сэтгэгдлийг үйл ажиллагаандаа тусгахыг хичээж байна.

ТАНАЙ АЛЬ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХҮМҮҮС ХАМГИЙН ИХ СОНИРХОЖ, САЙШААЖ БАЙНА ВЭ?

Ялангуяа манай биллиардын ширээг ямар гоё юм бэ, тасархай байна гэж магтаж байгаа шүү. Биллиардыг ер нь шинээр мэдэрч байна гэж хэлж байна, зарим нь. Мөн рестораны амттай хоолыг хямдаар захиж болж байгаа нь олон үйлчлүүлэгчид таалагдаж байгаа.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.