7 Хоногийн Тойм

Фредерик Бастиагийн "Хууль" номын хэсгээс

08 сарын 05, 2017


НИЙТЭЛСЭН:

Unread Today
@Unread


7990   1




Францын нэрт эдийн засагч Фредерик Бастиа (1801-1850) нь чөлөөт арилжаа, чөлөөт эдийн засгийн тухай Адам Смитийн онолыг хамгаалж сэтгүүл зүйн аргаар эх бичин түгээж дэлгэрүүлж байснаар ихэд алдаршсан нэгэн. "Хууль" хэмээх энэ бүтээл нь түүний хамгийн сүүлчийн зохиол юм. Зохиолч удахгүй сүрьеэгээр үхэхээ сайн мэдэж байсан тул хойч үедээ гэрээслэлээ үлдээжээ. Дөнгөж буй болоод ихэд тархан олны анхаарлыг татаж, ялангуяа сэхээтнүүдийн бишрэн шүтэх болсон социализмын онол нь өнгөн дээрээ сайн сайхныг зорьсон зүйл өгүүлээд буй боловч задлан шинжлээд нарийвчлан тунгаавал хүн, түүний мөн чанар, эрх чөлөөний эсрэг хандсан гэдгийг Бастиа тэртээх 150 жилийн өмнө хүн төрөлхтөн анхааруулжээ. Энэ зохиол Маркс Энгельс нарын "Эв хамт намын тунхаг"-тай бараг л зэрэг бичигдсэн зохиол аж. Монголын Либертари Сангаас эрхлэн гаргасан энэ номыг нийтлэлч Баабар редакторложээ.

НОМЫН ХЭСГЭЭС

Амьдрал бол Бурхны бэлэг

Бусад бүх зүйлийг өөртөө шингээсэн нэгэн бэлгийг бид бурхнаас хүртсэн. Энэ бол амьдрал юм. Өөрөөр хэлбэл, энэ бол биет, оюун санааны, ёс суртахуун зэргийг багтаасан амьдрал.
Гэхдээ амьдрал дангаараа өөрөө өөрийгөө тэтгэж чаддаггүй. Бурхан энэхүү амьдралыг хамгаалж, хөгжүүлж, байнга боловсронгуй болгож байх үүргийг бидэнд даалгасан болно. Түүний захиасыг бид бүхэн биелүүлж магадгүй хэмээн тэрбээр бидэнд гайхамшигт авьяас чадварыг цогцолборыг заяажээ. Байгалийн элдэв баялгийг бас өвлүүлсэн юм. Бид өөрсдийнхөө авьяас чадвараа ашиглан эдгээр байгалийн баялаг, нөөцийг бүтээгдэхүүн болгон хувиргаж, дараа нь түүнийг өөрсдөө эдэлж хэрэглэдэг.

Хүн бол амьдрал, авьяас чадвар, үйлдвэрлэл гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хувь хүн, эрх чөлөө, өмч хөрөнгийн цогцолбор юм. Дүр эсгэсэн улс төрийн удирдлагууд хэчнээн овжин загнаж, ямар ч заль мэх гаргалаа гээд үнэндээ Бурхнаас заяаж бидний өвлөн авсан энэ гурван бэлэг нь бүх хууль тогтоомжийн дээр тавигдаж, урьтал буюу анхдагч нь болж байдаг. Амьдрал, эрх чөлөө, өмч хөрөнгө нь хуулийн ачаар оршин тогтнож буй хэрэг огт биш бөгөөд харин ч амьдрал, эрх чөлөө, өмч хөрөнгө нь хуулийг анхдагч болоход нөлөөлжээ.

Хууль гэж юу вэ?

Тэгвэл хууль гэж чухам юу вэ? Хууль бол түүний хамгаалалтанд багтах ёстой хувь хүмүүсийн эрхийн хамтын байгууламж мөн.
Хүн бүр өөрийн бие, эрх чөлөө, өмч хөрөнгийг хамгаалах жам ёсны эрхийг Бурхнаас хүртсэн. Энэ гурав амьдралын үндсэн нөхцөл бөгөөд аль нэгийг баталгаажуулъя гэвэл нөгөө хоёрыг нь ч зайлгүй баталгаажуулахад хүрдэг. Бидний авьяас чадвар хувь хүнийг хөгжүүлэхийн төлөө байхаас биш өөр юунд чиглэгдэх ёстой билээ! Мөн авьяас чадвараа хөгжүүлэх явдал нь чухам бидний өмч хөрөнгө мөн гэхээс өөрөөр өмч хөрөнгийг юу гэж тодорхойлох билээ!
Хэрвээ хүн нэг бүр хүчээр ч атугай өөрийгөө болоод эрх чөлөө, өмч хөрөнгөө хамгаалах эрхтэй аваас тэд хэсэг бүлэг болж хамтын хүчээр эдгээр эрхээ байнга хамгаалж байхын тулд нэгдмэл хүчийг зохион байгуулж байх эрхтэй болж байгаа юм. Ингэснээр хамтын эрхийн зарчим, түүний оршин тогтнох шалтгаан, хууль ёсны байх нөхцөл энэ бүгд хувь хүний эрх дээр үндэслэдэг. Нийтийн энэ хүч хувь хүний эрхийг орлож байгаагийн хувьд хамтын эрхээ хамгаалахаас өөр аливаа нэгэн зорилгыг агуулахгүй нь ойлгомжтой. Түүний үүрэг зөвхөн үүнд л оршдог. Тиймээс хувь хүн нөгөө хүний эсрэг, түүний эрх чөлөө, өмч хөрөнгийнх нь эсрэг хууль ёсоор хүч хэрэглэж болохгүйтэй адил хамтын хүч ч бусдын эрх чөлөө, өмч хөрөнгийг хууль ёсоор бусниулан сүйтгэж болохгүй.

Ер нь аль тохиолдолд эрх мэдлийг ашиглах нь бид бүхний угтвар нөхцөлийн эсрэг утгыг агуулах болно. Өөрсдийгөө, хувь хүнийхээ эрхийг хамгаалж бай гэж бидэнд хүч олгосноос бус ахан дүүс нарынхаа тэгш эрхийг сүйтгэхээр хүч олгосон хэмээн хэн хэлж зүрхлэх вэ дээ? Тэгвэл хэрвээ хувь хүний бусдын эрхийг бусниулан сүйтгэхэд хүч хэрэглэж болохгүй гэж үзвэл энэхүү зарчим хамтын хүчинд мөн л үйлчлэх логиктой. Учир нь хамтын хүч гэдэг нь хувь хүний хүчний зохион байгуулагдсан нийлбэр бус уу?
Хэрвээ энэ үнэн бол дараах зүйл ч үнэн. Хууль бол хууль ёсоор хамгаалагдсах ёстой хүмүүсийн жам ёсны эрхийн байгууламж мөн. Хуулийг хувь хүний хүчийг хамтын хүчээр орлуулсан зүйл гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, хамтын хүч нь жам ёсны (хууль ёсны) зүйл болох хувь хүн, эрх чөлөө ба өмч хөрөнгийг хамгаалах үүрэг л гүйцэтгэнэ. Мөн аль алиных нь эрхийг бататгаснаараа бид бүхэн зүй ёсны ноёрхлыг хангах ёстой.

Шударга ба мөнхийн засаглал

Хэрвээ үндэстэн бүхэн зүй ёс дээр тулгуурлан үүссэн бол сая л цэгц замбараа буюу журам нь оюун санаа, амьдрал дээр зонхилох ёстой мэт санагдах юм. Миний бодлоор улс төрийн ямар ч хэлбэртэй бай чухам ийл үндэстэн төсөөлөхийн аргагүй хамгийн энгийн, олноор хүрээлүүлсэн, арвич хямгач, цомхон, ямараа нэгэн дарамт үзүүлдэггүй, шударга бөгөөд мөнхийн засаглалтай байх болно.
Ийм засаглалд хүн бүр ямар их эрхтэйгээ ойлгохын сацуу нөгөөтэйгүүр өөрөө оршин тогтнож байгаагийнхаа хувьд бүхий л үүргээ ухаарах нь лав. Хүнээ хүндэтгэх, түүний хөдөлмөрийн эрх чөлөөг хүлээн зөвшөөрч хөдөлмөрийнх нь үр шимийг бүрэн дүүрэн амталж чадваас үүний төлөө төрдөө талархал илэрхийлэх шаардлагагүйтэй нэгэн адил, хэрвээ бидний ажил үйлс урагшгүй байвал засаг-төрөө буруутгах бодол огтхон ч төрөхгүй буй заа. Өөрөөр хэлбэл, фермерч хүн ган зуд тохиосонд засаг-төрөө муулахтай адил бөлгөө. Ямаршуу төр байна вэ гэдгийг засаглалын тухай энэхүү төсөөллийн байр сууринаас буюу аюулгүй байдлыг төгс хангаж чадаж байна уу, үгүй юу гэдгээр л мэдэрч болно.
Төрийн зүгээс хувийн хэрэгт үл оролцох тохиолдолд л бидний хүсэл эрмэлзэл, түүний биелэлт нь аяндаа бие биенээ нөхцөлдүүлж өөр хоорондоо уялдаа холботойгоор хөгжинө гэдгийг цаашид хэлж болно.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.