#Random   08 сарын 04, 2017

220 сая еврогийн хөлбөмбөгчин: Нэймарын шилжилтийн эргэн тойронд

Өнөөдөр хөлбөмбөгийн ертөнцийг донсолгосон наймаа явагдаж, Францын ПСЖ клуб Барселона клубын довтлогч Нэймарыг 220 сая еврогоор худалдан авч, дэлхийн дээд амжилтыг тогтоов. Өмнөх дээд амжилтаас даруй 2 дахин өндөр үнэ хүрсэн бразил залуугийн энэ шилжилт олон хүнийг гайхшруулж, бүгд өөр өөрийн дүгнэлтээ дэвшүүлэн, хөлбөмбөгийн фанатуудын ярианы гол сэдэв болоод байна. Unread энэхүү наймаа явагдах болсон гол нөхцлүүдийг эргэн санаж, наймааны эргэн тойрон дахь "орхигдсон" баримтуудыг танд дэлгэж байна.

Үргэлж хамгийн шилдэг нь байх хүсэл тэмүүлэл

2017 оны 3-р сарын 9. Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн гайхалтай үдшийн нэг. Камп Ноу цэнгэлдэхэд цугларсан 80 мянган хөгжөөн дэмжигчид дөнгөж үзсэн тоглолтынхоо үр дүнд итгэж ядан баярлалдаж байв. 7 минут 17 секундын дотор 3 гоол оруулж, Барселона ПСЖ-ийг Аваргуудын лигээс мулталлаа. Эхний тоглолтдоо 4:0-ээр хожигдсон Каталаны клуб "боломжгүйг" биелүүлж, санаанд оромгүй эргэн ирэлт хийсэн нь энэ.

Барселонагийн "баатар" цэнгэлдэхийн хойд хэсэгт очиж, сурталчилгааны самбар дээр үсрэн гарч, хамгийн үнэнч фенүүдийнхээ өмнө баяраа тэмдэглэв. Цөс нь хөөрсөн фанатууд ч түүнийг түшин авч, улам өөд тэмүүлэв. Барсагийн "домог" итгэл төгс харцаараа тэднийг дагуулж, гараа чангалан уухайлж, улам бүр эрчилж байлаа. Тэд түүнийг шүтэж, түүнд итгэж байгаа нь илт. Энэ үйл явдлыг гэрэл зургийн дурандаа буулгасан Сантьяго Гарсесийн бүтээл тэр шөнөдөө 70 сая хүнд хүрч, Барселонагийн түүхэн дэх хамгийн их хандалт авсан зураг болжээ.

Гэвч энэ өрнөл хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн дуулиант наймааны нэг явагдах урьдач нөхцлүүдийн нэг болсныг тэр үед хэн ч таамагласангүй.

ПСЖ 1, Барселона 6. Л.Месси Камп Ноуг байлдан дагуулж буй нь. 2017.03.09

Дээр өгүүлсэн түүхийн гол дүр нь таны таамаглаж байсанчлан Лионель Месси байв. Гэхдээ уг үдшийн "аврагч баатар" нь тэр биш байсан юм. 2 гоол оруулж, шийдвэрлэх гоолын дамжуулалтыг өгсөн Нэймар энэ хүндэтгэлийг хүртэх эрхтэй байсан. Жилээс жилд ур чадвар нь жигдэрч, улам ухаажин хэрсүүжих болсон Бразил залуу ч үүнийгээ мэдэж байсан биз. Тэр энд үлдвэл хэзээ ч хамгийн шилдэг нь, номер нэг нь, шүтээн нь, домог нь болж чадахгүй гэдгээ ч мэдэрсэн мэт.

Барселонад өнгөрүүлсэн 4 жилдээ 105 гоол оруулж, 80 гоолын дамжуулалт өгсөн Нэймар Месси болон Луис Суарезийн хамтаар "үхлийн" хослол үүсгэж, Европыг дагжин чичрүүлж байв. Өнгөрүүлсэн улирал бүртээ цом хүртэж, клубын түвшинд хүрч болох бүх цомыг тэр гарджээ. Аваргуудын лиг, Ла Лига, Испанийн цом. Гэхдээ дэлхийн хамгийн авьяаслаг хөлбөмбөгчинд энэ бүхэн хангалттай байсангүй. Тэр улам илүү рүү тэмүүлж, шинэ сорил хүсэв. Гэвч энэ спортын түүхэнд төрөн гарсан хамгийн авьяаслаг хөлбөмбөгчний сүүдэрт дарагдаж буй цагт түүний хүсэл биелэх магадлал тийм ч их биш байлаа.

Багийн амин сүнс болсон Мессигийн тоглолтын арга барилд л тааруулж, Барселона тактикаа сонгодог. Түүнд зориулж хэв маягаа өөрчилж, түүнд хамгийн их эрх чөлөө өгдөг. Нэймар ч тэгсэн. Шигшээдээ тоглодог шиг эрх чөлөө, давуу эрх түүнд харьцангуй бага байв. Нэймарын хамгийн шилдэг тоглолтууд Мессиг гэмтэлтэйд, эсвэл эзгүйд гарч байсан нь санаандгүй хэрэг биш. Тэр аль хэдийн "эрийн цээнд" хүрч, үүрээ орхин нисэхэд бэлэн болсноо мэдэрч байжээ.

Нэймар өнгөрсөн улиралд 2021 он хүртэл гэрээгээ сунгаж, багийн удирдлагууд ч түүнийг үлдэнэ гэдэгт итгэлтэй байлаа. Сэтгүүлчид ч Мессиг л явж магадгүй хэмээн шуугиж байснаас Нэймарыг ингээд явчихна гэж санасангүй. Месси, Суарез 30 нас хүрч, довтлох чиглэлийн тоглогчдын хувьд оргил үеийнхээ төгсгөл хэсэгт ирээд буй энэ цаг мөчид 25 настай Нэймар клубынхээ ирээдүйд зүй ёсоор тооцогдож байлаа. Гэвч тэр хүлээж тэссэнгүй.

Түүний үнэ хэт өндөр, эсвэл тэр хэт яарсан, багаа орхиж буруудсан гэх мэт яриа одоо ямар ч хамаагүй. Тэр өөрт олдсон боломжоо ашиглаж, зах зээлийн хамгийн эрэлттэй үед багаа орхин, түүхэнд нэрээ мөнхлөв. Тэр багтаа гол од нь, тоглолтын төв цэг нь, багийнхаа амин сүнс нь, цэнгэлдэхийн гол дүр нь, фенүүдийн хайртай баатар нь байхыг хүсчээ.

MSN: Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг довтолгооны хослолуудын нэг тарав.

Улам томыг мөрөөдөх зорилго-амбиц

"Rêvons Plus Grand". Энэ бол ПСЖ-ийн цэнгэлдэх хүрээлэнд залагдсан багийн уриа. Орчуулбал, "Dream Bigger", "Томыг мөрөөд". Ердөө 1970 онд байгуулагдсан ч аль хэдийн Францын хамгийн амжилттай клуб болоод амжсан нь ч тэдний зорилготой бүрэн нийцсэн мэт. Доод лиг рүү унаж үзээгүй цорын ганц Франц клуб, Европын тэмцээнд түрүүлсэн нутгийнхаа 2 клубын нэг. Хамгийн их дэмжигчтэй, хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй, хамгийн амбицтай гэдгээрээ тэд ялгардаг байв. 6 жилийн өмнө ПСЖ-ийн дийлэнх хувийг Катарын баялгийн сангийн эзэмшдэг Oryx Qatar Sports Investment компани худалдан авснаар тэд Европыг байлдан дагуулах их аянд мордсон билээ.

Златан Ибрагимович, Тиаго Сильва, Эдинсон Кавани, Давид Луйз гээд дэлхийн шилдгүүдийг тэд эгнээндээ нэгтгэж, санхүүгийн бэл бэнчингээрээ дэлхийд гайхуулав. Алдарт Дэвид Бекхэм ч тэдний төлөө эцсийн тоглолтоо хийсэн. Сүүлийн 10 гаруй жил алдагдалтай ажилласан клубын бүх өрийг шинэ эзэд нь дарж, бүр ашигтай ажиллуулан, үнэ цэнээрээ дэлхийд тэргүүлэх хэмжээнд авчрав. Маркетингийн шинэ боломжууд, шинэ гэрээнүүд, шинэ түншлэлүүдийг тэд олж харан, улам урагш тэмүүлэх болов.

Тэдний энэ зорилготой Нэймар яг цав таарч байв. Супер одод амжилтыг л дагуулдаг. Гэхдээ залуу, царайлаг, олон фенүүдтэй, күүл имижтэй Нэймар ПСЖ-ийн сэргэн мандлын нүүр царай болоход яг тохирсон нь гарцаагүй. Тийм ч учраас тэд "зарагдахгүй" гэх утгыг агуулдаг гэрээ цуцлах төлбөрийг нь төлөн байж энэ наймааг хийсэнд нь гайхах юмгүй.

Хөршүүддээ адлагдсан Катарчууд энэ наймаагаар дамжуулж, эерэг ПР мессежийг дэлхийд түгээхийг хүсчээ.

Гэхдээ үүнээс гадна улс төрийн утга агуулга ч энэ наймаанд байж болзошгүй. Арабын хойгийн хөршүүддээ терроризмын үйл ажиллагааг өөхшүүлэн санхүүжүүлж, мөнгө угаадаг хэмээн буруутгагдан, бөөн хориг арга хэмжээнд өртчихөөд буй Катар улс энэ наймаагаар дамжуулж дэлхийд мессеж өгөхийг ч хүссэн байж мэднэ.

"Та нар хэчнээн биднийг боосон ч бид дэлхийн хамгийн том спортыг доргиож чадна шүү" гэдэг мессежийг тэд шууд утгаараа өгчихлөө. 220 сая еврогоор дэлхийн аль ч лигт түрүүлэх боломжтой хүчтэй бүрэлдэхүүнтэй бүтэн багийг босгож чадах байхад тэд үүнийг нэг л тоглогчид зарцуулав. Нэймарт долоо хоног бүр төлөх 700 мянган евро, жилийн 40 гаруй саяын төлбөр болон бусад бонус, нэмэлт төлбөрүүдийг нь тооцвол наймааны нийт өртөг бараг 400 сая евро гарсан гэх тооцоо ч гарчээ.

Хөлбөмбөгийн ертөнцийн дуулианы нэг хэвээр л байгаа 2022 оны ДАШТ ойртож буй энэ цаг мөчид Катар улс Нэймарыг нүүр царайгаа болгон, олон нийт рүү хандахыг хүсч байгаа нь тодорхой. Цалингаасаа ч илүү ихийг сурталчилгааны гэрээгээрээ олох тооцоотой гэгдэх Нэймарт ч дэлхийн хамгийн том тэмцээнийг төлөөлөх нь нэр төрийн хэрэг байх нь гарцаагүй.

Эхлээд Барселона, дараа нь Ла Лига нь хүртэл энэ наймааг хүлээн зөвшөөрөхгүйг сануулж, УЕФА-аас гаргасан "санхүүгийн сахилга бат"-ын журмыг зөрчиж байгааг нь анхааруулсаар байсан ч тэд үүнийг тоосонгүй. Том багуудыг санхүүгээрээ илт давуу байдал үүсгэхээс сэргийлж, олсон орлогоосоо 30 сая еврогоор илүүг наймаанд зарцуулахыг зөвшөөрсөн энэ журам хөлбөмбөгт тэгш бус байдал үүсэхээс сэргийлэх зорилготой. Гэхдээ анх удаа дэлхийн дээд амжилтыг эвдсэн ПСЖ-ийн катар эздэд бодсон бодол, гарах гарц байгаа нь тодорхой биз ээ.

Парис шинэ одоо хүлээн авахад бэлэн болжээ. Түүний өмсгөлийн төлөөх урт дараалал аль хэдийн үүсчээ.

Наймааны дараах үйл явдлууд

Өмнө дурьдсанчлан ПСЖ санхүүгийн тайландаа ихээхэн анхаарахгүй бол болохгүй. Өмнө нь ПСЖ-ийн Катарын Аяллын Газартай 167 сая еврогийн гэрээ байгуулсныг "хэт өгөөмөр" гэрээ болсныг УЕФА олж тогтоон, тус журмыг зөрчсөн хэмээн буруутгагдан, зарцуулах мөнгөндөө хязгаарлалт тавиулан, Аваргуудын лигт ердөө 21хэн тоглогчтой тоглосон ПСЖ ирэх улирлын төгсгөл гэхэд бүх асуудлаа шийдэх ёстой. Тэгэхээр 2019-2020 оны Аваргуудын лигээс хасагдахгүйн тулд тэд илүү их мөнгө олох ёстой.

Гэхдээ Нэймар шиг тоглогчийн хувьд энэ асуудал биш ч байж мэднэ. Түүний өмсгөлийн борлуулалт энэ улирал эхлэхээс ч өмнө 100 сая еврогийн орлогыг клубт оруулах боломжтой. Од тоглогчийг даган телевизийн төлбөр, сурталчилгаа байршуулалтууд болон бусад ивээн тэтгэлгүүд улам олшрох ёстой. Цоо шинэ үе Парист эхэлж байна.

Харин Барселонагийн хувьд нөхцөл байдал бүр дордчихоогүй байна. Нэймарыг орлох тоглогчийн эрэлдээ аль эрт гарчихсан тэд одоо хэнээс ч илүү их мөнгө зарцуулах боломжтой, зарцуулах даалгавартай болоод буй. Нэймарыг Сантос клубээс нь анх авчирсан "будлиантай" наймааны гайгаар өмнөх ерөнхийлөгч С.Роселл нь буруутгагдан, бүр ял авсан. Харин түүний дэд нь байсан өдгөөгийн ерөнхийлөгч Х.Бартомеу ирээдүйн лидерээ "суйлуулчихсан" учраас албан тушаалтайгаа хэр удаан тогтох нь эргэлзээтэй. Юутай ч энэ наймаа өшөө олон том шилжилтийн эхлэл болсон байх учиртай. Улирал эхлэхээс өмнө их олон сонирхолтой наймаа өрнөх нь гарцаагүй.

Хөлбөмбөгийн ертөнц ямар хурдтай хувьсан өөрчлөгдөж буйг бид энэ наймаанаас мэдэрлээ. Анхны 1 сая фунтийн үнэ хүрсэн тоглогч 1970 онд гарч байснаас хойш хөлбөмбөг дэлхийн хамгийн эрэлттэй спорт, хамгийн ашигтай хөрөнгө оруулалтын нэг болж нэгэнт чаджээ. Өнгөрсөн жил Манчестер Юнайтед П.Погбаг нийт орлогынхоо 20 хувьтай тэнцэх мөнгөөр худалдан авч, дээд амжилт тогтоож байв. Харин Реал Мадрид 2001 онд З.Зиданыг дээд үнэ болох 46 сая фунтээр худалдаж авсан нь тэдний нийт орлогын 54 хувьтай тэнцэж байжээ.

Премьер лиг зөвхөн телевизийнхээ борлуулалтаас 8 тэрбум евро олж байгаа гэнэ. Тэдгээрийн дийлэнх хэсэг нь клубүүдэд хуваарилагдаж буй. Англи клубүүд өндөр үнэтэй наймаа хийж, их мөнгө цацдагийн хамгийн энгийн тайлбар ч энэ. Наймааны цонх хаагдахад ахиад бараг 4 долоо хоног дутуу байгаа ч Европын клубүүд аль хэдийн 2 тэрбум илүү еврог зарцуулаад амжсан байна. Энэ тоо ахиад өсөх нь тодорхой. Хөлбөмбөг бизнес болж, тоглогчид маркетингийн дүрүүд болсон нь энэ аж.

Парисыг гомдоосон Нэймар "гэмээ цайруулахаар" эргэн ирлээ. Тэр шинэ багаа амжилтын оргил өөд хөтлөх баатар уу, эсвэл зорилгодоо хүрч чадалгүй буцах бүтэлгүй түүхийн эзэн үү? Чухам цаг хугацаа үүнийг харуулах биз ээ.

14422   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.