Мэдүүштэй   08 сарын 03, 2017

Мэдүүштэй: Байгууллагын соёлыг бий болгодог 4 элемент

Хүмүүс ажилдаа очих гэж яардаг, ажил дээр үүсдэг сориултуудыг талархан хүлээж авдаг, хамт ажиллагсадтайгаа цагийг сайхан өнгөрүүлдэг байх учиртай. Түүнээс биш ажилдаа очно гэхээс эмээдэг, ажлаасаа болж стрессдэг байж болохгүй. Хийдэг ажил нь хэцүү байж болох ч компанийн соёл түүн дээр нэрмээс болдог байж болохгүй. Харин ч эсрэгээсээ, компанийн соёл нь ажлаас үүддэг стрессийг бууруулах гол зүйл юм. Компанийн соёл нь ажилтны хүсэл эрмэлзэл, дурыг бөхөөлгүй хадгалж байдаг. Ямар ч байгууллага аз жаргалтай ажилтнуудтай байхыг хүснэ. Учир нь аз жаргалтай ажилтнууд илүү бүтээмжтэй байдаг. Өөрийн гэсэн компанийн соёлыг бий болгож, тэтгэж явах нь чухал учраас бид өнөөдрийн нийтлэлийг бэлдлээ.

1. ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН СОЁЛД НИЙЦДЭГ ХҮНИЙГ АЖИЛД АВАХ

Технологийн ертөнцийн алдарт сэтгүүлч Роберт Скоблын хэлж байгаагаар түүний уулзаж байсан ихэнх захирлууд муухай ааштай хүнийг ажилд авахгүйг (jerk) ихэд хичээдэг аж. Ийм учраас л компаниудын ажилд авах үйл явц нарийн байдаг байна. Зарим компаниуд ажилд орохыг горилогчдоо 7 хоногийн турш ажиллуулж үздэг ба ингэснээр тэдний хэрхэн ажлаа хийдэг, бусадтай хэрхэн ажилладгийг нь олж хардаг.

Харвардын Бизнесийн Тойм сэтгүүлд Эрик Синовэй ажилтнуудыг хэд хэд ангилж, компанийн соёлд яаж нөлөөлдөг талаар бичжээ. Сайн ажилладаг хэдий ч компаний соёлд нийцдэггүй ажилтнууыг "цус сорогч" хэмээн нэрлэдэг аж. Ийм төрлийн цус сорогчдыг халах нь зүйтэй байдаг. Учир нь тэд компанийн соёлд муугаар нөлөөлж, улмаар бизнест нөлөөлдөг байна.

Гайхалтай компанийн соёлыг бий болгож чадсанаараа алдартай Zappos-ын CEO Тонигийн хэлж байгаагаар танай ажилтан ажлын бус цагаар ч компанийг төлөөлж явдаг аж. Та нэг хүнтэй танилцаад тэр хүн хаана ажилладгаа хэлэхэд тэр газрын талаарх бодол дагаад өөрчлөгддөг шүү дээ. Жишээ нь, сайхан ааштай хүн байлаа гэхэд тэр газрыг эергээр харна гэсэн үг. Ялангуяа тухайн компанийн талаар өмнө нь сонсож байгаагүй бол энэ нөлөө илүү хүчтэй байдаг байна.

Тийм учраас компанийн үнэ цэнтэй тэнцэх хүмүүсийг авах нь чухал юм. Тааруу ажилтан эхлээд ойр хавийн ажилтнууддаа, дараа нь бүр хэрэглэгчдэд хүртэл нөлөөлөх боломжтой тул яаралтай арга хэмжээ авах шаардлагатай юм. Ийм төрлийн ажилтныг халснаар та бусад ажилтнаа хүндэлдэг, компаний соёлоо хадгалж үлдэхийг эрхэмлэдгээ харуулах болно.

2. БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛГО, ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ АЖИЛТАН БҮР МЭДДЭГ БАЙХ

"Яагаад энд ажиллахыг хүсэж байна вэ?" хэмээх асуултыг ажлын ярилцлаганд орж байсан хүн бүр л сонсож байсан байх. Энэ асуултын гол зорилго нь ярилцлага өгч буй хүн тухайн компаний талаар хэр сайн мэдэж байгааг шалгах юм. Хэрвээ нарийн, онцолсон шалтгаан хэлж байвал тэр хүн тухайн компаний талаар судалсан гэдгийг харуулж байдаг.

Гэхдээ ярилцлагын үр дүнд тухайн хүний талаар зөвхөн тодорхой хэмжээнд л мэдэж авна шүү дээ. Хүн 30-60 минутын турш өөрийгөө яаж ч харуулж болно. Үнэхээр танай компаний үнэ цэн, зорилготой нийцэх эсэхийг хамт ажиллаж байж л олж мэднэ. Ийм учраас ажил горилогчдыг чадах чинээгээрээ сайн мэдэж авахыг хичээх хэрэгтэй.

Фэйсбүүк Карьер буюу Фейсбүүкийн ажлын байр зарладаг хуудсанд буй бичлэгт Марк Зукерберг "Компани бол шилдэг хүмүүсийг холбон ямар нэг гайхалтай зүйлийг хийж бүтээх хамгийн сайн арга гэж үздэг учраас бид компани байгуулсан юм" гэж хэлдэг. Тухайн байгууллагын зорилго нь ажилтнуудаа улам хурцалж, бүтээгдэхүүнээ чиглүүлж, компаниа бүхэлд нь зоригжуулдаг байх ёстой юм. Хэрвээ танай ажилтан зорилготой тань санал нийлдэггүй бол тэр хүний хувьд ажил нь зүгээр л нэг ажил болно. Харин нэг зорилготой байвал тухайн зорилгыг бүтээхийн төлөө зүрх сэтгэлээ зориулж ажиллах болно.

3. САЙН ШИЙДВЭР ХААНААС Ч ГАРЧ БОЛНО ГЭДГИЙГ МЭДДЭГ БАЙХ

Хэн ч бүх хариултыг мэддэггүй. Зөвхөн удирдах албан тушаалтнууд шийдвэр гаргадаг компани бол сайн ажилтнуудаа хадгалж чадахгүй. Компаниуд өргөжин тэлэх тусмаа ажилтнуудын эрх чөлөөг хязгаарлах нь бий. Тэдний чухал шийдвэрт гар бие оролцох нь багасаж, бизнест нөлөөлөх нь бараг л үгүй болдог. Улмаар энэ нь компанийн соёл болон тогтдог. Ажилтнууд ажилдаа яваад л, хий гэсэн зүйлийг хийгээд л, бусад хэн нэгний мөрөөдлийг биелүүлэхэд хүчин зүтгэдэг. Зарим хүмүүсийн хувьд энэ нь тэдний хүсдэг зүйл байж магадгүй л дээ.

Гэхдээ хамгийн сайн ажилтан хэзээ ч үүнийг хүсдэггүй. Тэд компани болон түүний ирээдүйн хөгжлийг хамтдаа бүтээлцэж, дуу хоолойгоо хүргэхийг хүсдэг. Тэд дээд тушаалтантай үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаж, мэтгэлцэж болно гэдгээ мэддэг. Тэд заавал удирдах албан тушаалтны зөвшөөрлийг хүлээлгүйгээр компанидаа зориулж шинээр аливааг хийж, бүтээж болно гэдгээ бас мэддэг.

Үүний нэг том жишээ бол, Google News-ийг Google-ийн судалгааны ажилтан Кришна Барат 9 сарын 11-ны өдрийн халдлагын дараа хүмүүст хэрэг болох байх гэсний үүднээс бүтээсэн юм. Энэ нь ямар нэг удирдах түвшний ажилтнаас Кришнад даатгасан ажил биш байсан юм. Ийм төрлийн эрх чөлөөг олгож, ажилтандаа итгэж чаддаг газрууд амжилттай байх нь элбэг байдаг. Хаанаас ч гайхалтай шийдвэр, санаа гарч болох тул эрх чөлөөтэй байгууллагын соёлыг бүтээх нь чухал.

4. БҮГД БИЕ ДААСАН ХҮМҮҮС БИШ ХАРИН БАГ ГЭДГЭЭ ОЙЛГОХ 

Зарим захирлууд ажилтнуудаа байнга "баг" гэж ярьдгийг анзаарсан уу? Инстаграмын ажлын байр хэсэгт тэд өөрсдийгөө компани гэлгүй баг хэмээдэг. Quora-д "Ажилтан" биш "Баг" гэсэн хуудас байдаг.

Баг байснаар хэн ч нэгнээсээ өөрийгөө тусдаа гэж хардаггүй. Хэн нэгэнд тусламж шаардлагатай тохиолдолд шууд очоод тусалдаг. Харин ингэж хардаггүй тохиолдолд бусдад туслахдаа хүртэл хүчээр, ямар нэгэн шийдвэрийн үр дүнд тусалдаг.

Спорт үздэг хүмүүс багаар яаж тоглодгийг сайн хардаг байх. Сагсан бөмбөг дээр жишээ авахад, тэд бие биендээ бөмбөгөө дамжуулан хамтдаа "ажиллаж",тоглоогүй байсан ч хажуугаас нь дэмжлэг өгөн бие биетэйгээ харьцдаг нь баг гэж юу болохыг илтгэж байгаа юм. Хэрвээ өөрийгөө багийн өмнө тавьж бөмбөгөө хэнд ч өгөхгүй ганцаараа тоглоод байвал тэд хэзээ ч бүрэн чадвараа гарган тоглож чадахгүй.

Ийм үед дасгалжуулагчийн зүгээс багаас гаргах, тоглох хугацааг нь хасах зэргээр арга хэмжээ авдаг. Багийн гишүүн бүр бүгд ажилдаа гар бие оролцож, бие биеэсээ суралцаж, хамтдаа зүтгэж байж л амжилтанд хүрдэг. Хэрвээ ажилтнууд тань баг биш, бие даасан хүмүүс бол маргаанаас болж хагаралдаж, улмаар бүтээмж муутай ажиллаж, эцэст нь хэн ч биш болцгоох вий. Ажлын хамгийн сайн хийх арга бол багаар ажиллах юм.

Нийтлэлийг О.Бүтэд

Эх сурвалж: kissmetrics.com

32772   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.