Би хэрхэн ажилладаг вэ?

Би хэрхэн ажилладаг вэ? - Square-ийн борлуулалтын менежер, Berkeley-ийн их сургуулийн төгсөгч Б.Дөлгөөн

08 сарын 02, 2017


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


48189   2




Твиттерийн үүсгэн байгуулагч Жак Дорсигийн үүсгэн байгуулсан өөр нэг асар амжилттай компани бол Square. Гар утас, таблетийг кредит карт уншигч болгон хувиргадаг төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг, ер нь жижиг дунд бизнесүүдэд бизнесээ амжилттай ахиулахад туслах бүхий л системүүдийг нийлүүлж, тэдэнд зээл олгодог энэ компани өдгөө ид хүчээ авч буй финтек салбарын гол төлөөлөгчдийн нэг билээ. 10 тэрбум долларын үнэлгээтэй энэ компанид борлуулалтын менежерээр ажилладаг Б.Дөлгөөнийг бид Монголдоо амралтаараа ирээд байхад нь уулзаж ярилцсан юм. Бөрклэйгийн их сургуулийн Хаас бизнесийн сургуулийг төгсөөд Oracle, Clearslide зэрэг технологийн компаниудад ажиллаж байсан түүний ярилцлагаас борлуулагч хүн хэрхэн ажилладаг, технологийн компаниуд хэрхэн үйлчлүүлэгчээ олдгийг мэдэх боломжтой. Тэрээр Square-т ажилласан 20 сарын хугацаандаа 2 сая орчим долларын орлогыг компанидаа оруулжээ.

Байршил: АНУ, Сан Франсиско
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Square компанийн борлуулалтын менежер (Account executive)
Хэрэглэдэг гар утас: iPhone 6S
Хэрэглэдэг компьютер: Macbook Air 13
Таны ажилладаг арга барилыг цөөн үгээр тодорхойлбол:
Сошиал хуудсууд: @dulguunbayaraa (Твиттер), Dulguun Bayaraa (фэйсбүүк), Dulguun Bayaraa (LinkedIn)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Борлуулалтын мэргэжилтний хувьд олон төрлийн бизнестэй харилцдаг. Ресторан, үсчин, гоо сайхан гээд л төрөл бүрийн жижиг дунд бизнес, салбаруудын талаар судлах, яаж ажилладаг талаар нь мэдлэгтэй байх шаардлагатай болдог. Үүнээс гадна компанийнхаа технологиуд, бүтээгдэхүүнүүдийг маш сайн мэддэг байх ёстой. Янз бүрийн мэргэжилтэй, есөн шидийн зан характертай, олон улс үндэстний, хөгшин залуу хүмүүстэй харилцаж, аргыг нь олж, бизнесийнх нь талаар сайн мэдэж, санаа зорилгыг нь тодорхойлсны үндсэн дээр тохирох бүтээгдэхүүнээ санал болгодог.

Ажил маань 8.30 - 17.30 цаг хүртэл үргэлжилж, энэ хооронд олон уулзалт хийж, утсаар их ярина. Бүтээгдэхүүнээ санал болгож, үнийн саналаа явуулж, дараа нь negotiate хийх буюу үнээ тохиролцоно. Тэгээд борлуулалт хийсний дараа хэзээ тухайн бизнесийг Square-т шилжүүлэх вэ, бүтээгдэхүүнээ хэзээ суурилуулах вэ гэсэн нэг ёсондоо төслийн менежментийн ажилд орно. Энэ ажил нийт цагийн маань 50 хувь нь байх. Хоёр талаасаа төлөвлөгөө гаргаад л ажиллана даа. Мөн нийт ажлынхаа 5-10 хувьд нь, компанийн үйлчлүүлэгчидтэй харилцдаг "фронтын" ажилтны хувьд тэдний санал, гомдлыг (feedback) инженерүүддээ дамжуулах үүрэг хүлээдэг.

Арга барилын хувьд би элдэв дүрэм журамд баригдалгүй өөрийнхөө арга барилаар, аль болохыг юмыг хялбарчилж хийхийг эрмэлздэг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Evernote дээр ажил амьдралынхаа бүх л тэмдэглэлийг хийнэ. Ажилдаа Slack, Salesforce, Yesware, Textexpander зэрэг програм, аппуудыг ашиглана. Yesware-ийг олон хүнд имэйл зэрэг явуулах, имэйлийг нээснийг шалгах зориулалтаар, Textexpander-ийг байнга ашигладаг текстүүдээ хадгалан shortcut хийн хялбар байдлаар хүмүүст илгээхэд ашигладаг. Мөн Google Voice байна. Эндээс утасны дугаар авчихдаг, тэр дугаараа л үйлчлүүлэгч нартаа өгдөг. Яг өөрийнхөө дугаарыг өгвөл баларна шүү дээ. Бас Nike+ Running апп ашиглан найзуудтайгаа гүйлтээр өрсөлдөх дуртай.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Миний хувьд хүнд өөрийгөө эхлээд зөв ойлгуулж, нөгөө талынхаа ашиг сонирхлыг ухаж олж мэдэх нь их цаг хэмнэдэг. Тэгвэл дараагийн алхмууд тодорхой болно. Уулзалт, яриа хийгээд дараагийн алхмуудаа дор дор нь тодорхойлж, дараагийн уулзалтаа товлоод явахгүй л болохгүй.

Мөн хийж байгаа юмнуудаа яаж автоматжуулж болох вэ гэж байнга боддог. Нэг имэйл биччихээд, тэрийгээ жаахан жаахан өөрчлөөд л хүмүүс рүү явуулах жишээтэй.

Ажилдаа метрогоор ирж очдог 30 минутанд ажлуудаа төлөвлөж, хөгжим сонсож, ном уншин цаг хожихыг хичээнэ.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Олон газар тэмдэглэдэг юм байна. Google Calendar дээр уулзалтуудаа, яг ойрын хугацаанд хийх ажлуудаа тэмдэглэлийн дэвтэр дээр гараараа хөтлөх дуртай. Ер нь хийнэ дээ гэж бодсон хувийн зүйлсээ Reminder дээр, урт хугацааны зүйлсийг Evernote дээр.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Хүнтэй харилцах гэж бодож байна. Тийм ч учраас борлуулалтын ажил хийж байгаа байх, ийм ажил хийж буй учраас харилцааны чадварыг маань улам сайжруулж байгаа гэж итгэж байна.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Борлуулалт гэдэг компанийн орлоготой шууд хамааралтай. Миний төлөвлөгөө биелэхгүй бол компанийн улирлын төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй. Үр дүн нь хурдан гардаг, хэмжигдэхүйц, компанид чухал нөлөөтэй ажил гэдгээрээ гоё. Нөгөө талаар тодорхой хэмжээний дарамттай. Борлуулалтын төлөвлөгөөгөө хэдэн сар биелүүлээгүй ажилтныг шууд л хална. Тийм болохоор бүх борлуулагчдын жагсаалтаа харж байгаад л үзэж тарна даа. Би бас нэлээн шартай. Монгол хүн байж эдний дор байна гэж юу байхав л гэж боддог (инээв). Цалингийн 50 хувь нь борлуулалтын орлогоос хамаардаг. Тийм ч учраас өөрийгөө хурцалж дайчилж ажиллах ёстой. Том гэрээ хийж чадвал сайн цалин авна.

Эхний 6 сар ч их хэцүү байсан даа. Одоо ажил гайгүй гарт оржээ. Одоо топ 10 дотроо орж байгаа. Байр дээшлэх тусам компанийн ажилтнуудын харилцах нь ч өөр болдог. Oracle, Clearslide зэрэг компаниудад энтерпрайс софтвэйр зардаг байх үед том компаниудын удирдах ажилтнууд, гүйцэтгэх захирлууд руу имэйл бичиж, cold call буюу шууд залгаад борлуулалт хийдэг байлаа. Харин Square-ийн хувьд маркетинг сайтай, том брэнд учраас борлуулалтын ажилд дөхөмтэй байдаг. Хүмүүс манайд эхэлж хандах нь 80 хувьтай, бид өөрсдөө гадагшаа хандах нь 20 хувьтай байх.

SQUARE БОЛОХ ЖАК ДОРСИГИЙН ТАЛААР ЖААХАН ДЭЛГЭРҮҮЛЖ ЯРИХГҮЙ ЮУ?

Манайх тун ч нээлттэй компани. Компанид болж буй бүх л уулзалтуудын тэмдэглэл, бүх л бүтээгдэхүүний өөрчлөлт апдэйт имэйлээр ирж байдаг. Square Apple шиг дизайнд ихээхэн ач холбогдол өгдөг, бүтээгдэхүүн асар чанартай байх ёстой гэж үздэг. Энэ нь компанийн амжилтанд хүрсэн шалтгаан гэж боддог.

Жак Дорсигийн хувьд visionary буюу алсын хараатай удирдагч юм шиг санагддаг. Зөв хүмүүсийг олж зөв газар нь хуваарилсан юм шиг санагддаг. Компанийн үйл ажиллагаа, маркетинг, борлуулалт, хүний нөөц эрхэлсэн захирлууд буюу топ 4-5 удирдах ажилтантай л байнга уулздаг. 2 долоо хоногтоо Townsquare буюу бүх ажилтнуудын уулзалтанд оролцож, компанид юу болж байгааг зарлаж, асуултанд хариулдаг. Тэрнээс өдөр тутмын ажилд бол нэг их оролцоод байдаггүй. Твиттер дээр ч гэсэн тэгж ажилладаг гэсэн. Твиттер манайхаас ганц л блокийн зайтай болохоор үдээс өмнө Твиттер дээр ажиллаад үдээс хойш нь Square дээр ирдэг.

Яаж цаг гаргадаг бол доо гэмээр, бүх ажилтнууд байдаг Slack-ийн channel дээр ийм нийтлэл, ийм ном уншлаа, энэ хэрэгтэй мэдээлэл байна үзээрэй гэх мэтээр байнга л санал зөвлөгөө бичнэ. Их энгийн хүн байдаг шүү.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Тухайлсан төсөл гэсэн юм байхгүй. Борлуулалтын ажил тасралтгүй явна. Одоогоор би 100 орчим бизнестэй ажиллаж байна. Ер нь шинэ бизнесүүд дээр төвлөрч ажилладаг. Сардаа 20 бизнест борлуулалт хийхэд төлөвлөгөө биелдэг. Хамгийн сүүлд тансаг зэрэглэлийн нэг зочид буудалтай ажиллаж, 4 ресторанынх нь нэгэнд бүтээгдэхүүнээ 1 сарын хугацаанд туршуулахаар болсон.

Манайх unlimited vacation буюу ажлаа л хийж байвал хэзээ ч, ямар ч хугацаагаар амарч болдог ч 2 долоо хоногоор Монгол ирэхэд жаахан хэцүү. Эндээс бас үйлчлүүлэгч нартайгаа харилцаж л байна.

Монголд бас бизнесүүдийг судлах зорилготой. Яваандаа монгол бизнес, бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд гаргах, хоёр орныг холбосон бизнес хийх сонирхолтой. Тэнд том зах зээл байгаа учраас монголчууд тийшээ гарвал хэрэгтэй. Ийм сонирхолтой хүмүүс байвал бас холбогдож болно шүү.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Ажиллаж байхдаа сонсоно оо. Манай давхар нэлээд чимээтэй учраас хөгжим сонсохоор төвлөрдөг. Kings of Convenience, Florence and The Machine, Ms Mr зэрэг хамтлагуудад дуртай. Мөн сүүлийн үеийн хит болж байгаа дуунуудыг сонсоно. Заримдаа таалагдсан дуугаа давтаад л сонсоод байдаг.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Тим Феррисийн Tools of Titans-ийг уншиж байна. Төрөл бүрийн мэргэжлийн, амжилтад хүрсэн хүмүүсийн зөвлөгөөг багцалсан ном. Мөн Light on Yoga гээд ном уншиж байна. Номыг бага багаар удаан уншиж, уншсан зүйлээ бодож эргэцүүлэх дуртай. Нэг дор их юм уншиж нэг л чаддаггүй юм. Мөн урт урт блог постууд уншина аа. Монгол руу ирэхдээ онгоцонд Wait But Why блог дээрх Элон Маскийн талаар бичсэн 4 цуврал урт нийтлэлаас уншсан. Элон Маск яагаад сансарт гарах гээд байгаа юм, яагаад сэргээгдэх эрчим хүч чухал гэж, яагаад Тесла машин дэлхийг өөрчлөх юм бэ гэдэг асуултанд, бүр уг гарвалаас нь хөөж маш дэлгэрэнгүй, нарийн хариулсан байна лээ. Тэнд бичсэн зүйлс Монголын утаатай ч холбоотой. Залуустаа уншихыг санал болгож байна.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй хүн. Хүмүүс ч тэгж хэлдэг. Гэхдээ ажлын шаардлагаар хүмүүстэй их харилцдаг тул энерги их алдана, ядарна. Тийм учраас юу ч бодохгүй, ганцаараа байх бас их дуртай.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Орой 11-12 цагийн үед унтаад өглөө 6-7 цагийн хооронд босдог.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Биеийн тамир их хийхийг оролддог юм. Гүйлт, иогоор хичээллэдэг. Одоо бол гүйхгүй, иог хийхгүй болохоор бүтээмж эрс багасдаг болчихсон. Мөн байгальд их дуртай. Найз нөхөд, гэр бүлээрээ сайхан байгальд гарах, ууланд аврах дуртай. Цаг бага гардаг боловч ном унших дуртай.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Кофеноос (инээв). Кофе, цай их уудаг, кафейн их хэрэглэдэг юм байна. Ер нь хүн хүний давуу тал, онцлогоос суралцах гэж хичээдэг. Менежер маань гэхэд л их дуугүй хүн. Удаан ярьдаг. Гэхдээ маш ул суурьтай бодож, даацтай юм хэлнэ. Ээж маань олон зүйл сонирхохыг дэмждэг хүн. Намайг багаас л олон дугуйланд явуулж байсан. Энэ чанарыг нь хүндэлдэг.

Үлгэр дууриал авдаг алдартай хүмүүс бас хэд бий. Хамгийн түрүүнд Starbucks-ийн Ховард Шульц байна. Сургуулд байхад энтрепренершипийн хичээл дээр алдартай бизнесмэнүүдийн кэйсийг судалсан юм. Тэр үед Нью Йоркийн хамгийн ядуу дүүрэгт төрж өссөн Шульц энэ том брэндийг босгосныг олж мэднэ. Нөхөр борлуулалтын ажил нэлээд хийж байгаад бизнесээ эхлүүлсэн юм билээ. Борлуулалтын ажил сонгоход маань тодорхой хэмжээгээр нөлөөлсөн хүн гэж хэлж болно. Мөн Тим Феррис.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Намайг их хурцалдаг хүн бол миний ээж. Чи өрөөнд байгаа хамгийн шилдэг сайн нь байснаас, өөрөөсөө илүү хүмүүсийн дэргэд байж тэднээс суралцах хэрэгтэй гэж захьдаг байсан. Хүн байрандаа байсаар байсан ч аль хэдийн хоцрогддог гэж бас хэлдэг.

Тим Феррисийн зөвлөгөө, зарчмуудыг дагах гэж бас хичээнэ ээ. Чиний хийж буй ажлын 20 хувь нь чиний амжилт буюу орлогын 80 хувийг бүрдүүлнэ гэх Паретогийн зарчим, эхлээд хий буюу "зөвшөөрөл биш уучлал эрэх зарчим" зэргийг дурдаж болно. Саяхан танай сайт дээр "Ажлын 4 цагтай 7 хоног" номынх нь тухай гарсан байна лээ.

ҮЕИЙН ЗАЛУУС, ДҮҮ НАРТАА ХАНДАН ЧУХАЛ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Олон зүйлийг туршиж үзээд юу хүсэж байгаагаа олж мэдэх нь чухал юм шиг санагддаг. Хүсэж буй зүйлсээ бодож бичиж, бусадтай хуваалцаж явбал хаанаас ямар ч боломж гарч ирж мэднэ.

Мөн биеийн тамир сайн хийгээрэй. Спорт гэдэг эрүүл мэнд, эрч хүч, өөрийгөө ялан дийлэх мэдрэмж гээд олон эерэг зүйлсийг өгдөг шүү дээ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦАХЫГ ХҮСЭЖ БАЙНА ВЭ? 

Дуурийн дуучин Г.Ариунбаатарыг санал болгоё. Энэ хүнээс их урам зориг авдаг шүү. Дуугаа илэрхийлэх биеийн хэлэмж нь үнэхээр мундаг санагддаг.

Гэрэл зургийг Д.Ганзул

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.