Апп Тойм   08 сарын 01, 2017

Код бичилгүйгээр апп бүтээхэд туслах 4 хэрэгсэл

Өнөө цагт хэрхэн код бичихийг мэдэхгүйгээр, эсвэл код бичдэг нэгнийг хөлслөх буюу хамтрахгүйгээр стартап эхлүүлэх нь тун хэцүү болоод буй. Дөнгөж эхэлж байгаа бизнест мэргэжлийн сайн хүн авах төсөв үгүй. Аз болоход өөрсдөө нэг ч мөр код бичилгүйгээр вэбсайт болон апп-ийг бүтээх боломжууд бас бий. Өнөөдөр ийм хэрэгслүүдийг танилцуулъя.

1. BUBBLE

Bubble нь код бичих явдлыг бүр мөсөн халж вэб болон мобайл аппыг хэдхэн товчны тусламжтайгаар бүтээх боломжийг бий болгосон юм. Та текст, видео, газрын зураг, товч, дүрс гэх мэт апп-д шаардагдах бүхий л зүйлсийг баруун талын цонхноос зөөгөөд апп-ийн хэсэг рүү аваачин өнгө, хэмжээ зэргийг нь хүртэл солих бололцоотой.

Түүнчлэн апп-ийг ашиглах явцад гарах үйлдэл бүрийн үр дүнд юу болох ёстойг нарийн зааж болдог. Жишээ нь, хэрвээ хэрэглэгч нэвтэрсэн үедээ X товч дээр дарвал, Y үйлдлийг хий. Үгүй бол A үйлдлийг хий гэх мэт. Үүнээс гадна хэрэглэгчид өөрийн контентийг оруулах зэрэг өөр бусад олон сонголттой.

Мөн MailChimp (имэйл явуулах жагсаалтандаа хэрэглэгчдийг автоматаар бүртгэх), MixPanel (апп-ийн үйл ажиллагааг хянаж, хэрэглэгчдийн судалгаа гаргах) гэх мэт бусад апптай холбогддог.

Bubble нь үнэгүй хувилбартай бөгөөд өөрийн тань хэрэгцээнд нийцэж байгаа эсэхийг шалгаж үзээд үнэтэй хувилбар уруу нь шилжих боломжтой юм. Үнэтэй хувилбар дотроо хувийн, мэргэжлийн, багийн, бүтээгдэхүүний гэсэн 4 янз.

Одоогоор нийт 80,000 гаруй хүмүүс авч ашиглажээ. Bubble-ийг ашиглаж бүтээсэн аппуудыг эндээс хараарай.

Зочлох

2. APPY PIE

Онлайн горимоор ажилладаг Appy Pie дээр та Windows, iOS, Android апп-ийг бүтээх боломжтой. Ямар нэгэн зүйл татах эсвэл суулгах шаардлагагүй бөгөөд Bubble-тай адил функцуудаа зөөж байрлуулах байдлаар ажилладаг. Аппаа хийж дууссаны дараа бүх платформ дээр ажиллах HTML-5 апп таны гар дээр очих болно. Засвар автоматаар хадгалагдаад явах бөгөөд notification илгээх, сурталчилгаа байрлуулж мөнгө олох, GPS ашиглах байрлал шалгах гэх мэт олон функцын сонголттой.

Түүнчлэн ресторан, медиа, хэвлэл, хурим гэх мэт төрөл бүрийн апп загваруудтай тул шууд аван ашиглаж болох юм. Эдгээртээ сошиал медиа хаяг, веб хуудас, радио зэргийг холбож болно. Мөн апп-ийн кодыг авах боломжтой байдаг тул өөрийнхөө хүссэн кодыг оруулан шинэ үйлдлүүд нэмж болдог. 48 цагийн турш үнэгүй хувилбарыг нь ашиглах боломжтой ба үнэтэй хувилбар нь 50$ хүртэлх тул харьцангуй хямдхандаа тооцогдоно.

Зочлох

3. TREELINE

Одоогоор бета хувилбар дээрээ яваа ч бүрэн дуусахаараа "од" болох бүтээгдэхүүний нэг юм. Хэдэн сарын хугацаа авах backend буюу кодчлолыг хэдхэн цагийн дотор гүйцэтгэх боломжийг олгох зорилготой. Таны backend-ийг дахин ашиглахуйц, тест хийгдсэн жижиг жижиг модуль болгон салгана.

Treeline-г ашиглан хийж болох үйлдлүүдээс дурдвал, Фейсбүүктэй холбогдон баталгаажуулах, дата цуглуулах, HTTP хүсэлт явуулах, YouTube API-тай холбогдож бичлэгийн хандалт авах гэх мэт багтана.

Зочлох

4. BUILDFIRE

BuildFire нь код бичих талаар мэдлэг багатай анхлан суралцагчдад хамгийн тохиромжтой хэрэгсэл юм. Ойлгоход маш хялбар бөгөөд бусад ийм төрлийн хэрэгслүүдийг бодвол загвар, виджет гэсэн хоёр л шатыг дамжаад таны апп бэлэн болно. Аппаа дуусгаад түгээхийн өмнө л мөнгөө төлөх шаардлагатай тул бэлэн болготлоо хүссэнээрээ оролдож, өөрчилж болно.

Үүнээс гадна, тэдний хэрэглэгчийн тусламж, үйлчилгээ нь нэлээд алдартай тул апптай чинь холбоотой хүндрэл гарсан тохиолдолд санаа зовох зүйлгүй аж. Сарын 19$-аас төлбөр нь эхлэх ба iOS хувилбар гаргах, notification илгээх зэрэг үйлдлүүдийг ашиглахыг хүсвэл 59$, 89$ хүртэл мөнгө төлөх аж.

Зочлох

Эдгээрээс гадна апп бүтээхэд туслах өөр өөрийн онцлогтой олон хэрэгсэл бий. Жишээ нь:

  • ShopGate: Худалдааны апп бүтээхэд хамгийн тохиромжтой. 60 гаруй худалдааны ба төлбөрийн системийг дэмжиж ажилладаг.
  • GoodBarber: Апп-ийн код, плагин, API зэргийг ашиглах боломж олгодог тул аппаа өөрийн хүссэнээр өөрчлөхийг хүсэж буй хүмүүст тохиромжтой.
  • AppMakr: Мөнгөө төлсний дараа AppMakr гэсэн брэндээс бүрмөсөн гардаг.

15175   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.