Онцлох Бизнес   07 сарын 31, 2017

Онцлох бизнес: 3R Paper - Шинэ цагийн, хариуцлагатай хэрэглээ

Тогтвортой хөгжлийн зорилгод суурилсан байгаль орчин, нийгэм, эдийн засагт ээлтэй хариуцлагатай хэрэглээг бий болгохыг залуучууд их хүсдэг болжээ. Хариуцлагатай хэрэглээний талаарх ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үүднээс дотооддоо дахин боловсруулсан цаасны хэрэглээг нэрийн хуудасны соёлоор дамжуулан хүргэж буй "3R Paper"-ийн санаачлагч Н.Энхзултай ярилцлаа.

Бизнесийн нэр: "3R Paper"
Хаяг: CLUB Coworking, ICC Tower-ийн 13 давхар
Үйл ажиллагааны чиглэл: Нийгмийн энтрепренершип
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016
Үүсгэн байгуулагч: Н.Энхзул
Ажилтны тоо: 3
Фэйсбүүк хуудас: "3R Paper"

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Зориг сангийн Байгаль орчны манлайлагч (EFP) хөтөлбөрт хамрагдаж байхдаа анх эхлүүлж байсан. Миний хувьд өөрөө байгаль орчны мэргэжилтэй болохоор байгальд ээлтэй, хариуцлагатай хэрэглээгээр дамжуулан олон нийтийг мэдээлэлжүүлэх, сэдэлжүүлэхийг хүссэн бичил төслөөс үүдэлтэй. Анх бол яг ч шууд бизнес гэхээсээ илүүтэйгээр манай улсад орж ирж байгаа импортын цаасны хэмжээ, үүнд зарцуулагддаг мөнгөн дүн, хог хаягдлын хэмжээн дээр суурилсан судалгаан дээр үндэслэн төслөө эхлүүлсэн. Цаашлаад тэгвэл энэ импортын цаасыг юугаар орлуулах уу, хаягдлыг хэрхэн багасгах вэ гэсэн асуултын хариулт нь энэ санаачилга болсон.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Анхны хөрөнгө оруулалтаа EFP хөтөлбөрийн гарааны санхүүжилтээс эхэлж байсан. Цаашлаад өөрсдөөсөө гаргахын хажуугаар, хэрэглэгчдийн тусламжтайгаар бага багаар зардлаа нөхөөд явж байгаа.

ТАНАЙХ ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Нэрийн хуудасны соёлоор дамжуулан олон нийтэд хариуцлагатай хэрэглээг нэмэгдүүлж байгалийн нөөцийг боломжит хэмжээнд хэмнэх нь нэг талаараа давуу талтай. Нэг ширхэг дахин боловсруулсан цаасан нэрийн хуудас нь энгийн цаастай нэрийн хуудастай харьцуулахад 0.3 л ус, 30 гр мод, агаарт цацагдах байсан 10 гр хүлэмжийн хий буюу агаарын бохирдол, 0.064 кВт эрчим хүчийг тус тус хэмнэдэг онцлогтой. Нөгөөтэйгүүр дотооддоо хаягдал цаасыг дахин боловсруулж үйлдвэрлэсэн "Сайн цаас" компанийн түүхий эдийг ашиглаж байгаа нь хамгийн том давуу тал.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ХЭРХЭН, ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Манай 3R Paper гэдэг нэр цаасыг дахин хэрэглэх, цаасны хаягдлыг бууруулах, хаягдлыг дахин боловсруулах гэсэн утгатай. Бид энэхүү санаачилгаа илүү олон хүмүүс, байгуулагуудад хүргэж, байгаль орчин, нийгмийн хариуцлагад хандах хандлагыг нь өөрчлөх, сэдэлжүүлэх, нөгөөтэйгүүр олон нийтийн дэмжлэг тусламжтайгаар хаягдал цаасыг дахин боловсруулах системийг сайжруулахад хувь нэмэр оруулах, эдгээр асуудлуудыг хамтад нь шийдэхийг хүсдэг.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Байгаль орчинд ээлтэй нийгмийг цогцлоохын тулд бид тогтвортой хэрэглээг зайлшгүй хэвшүүлэх ёстой цаг үе ирээд байгаа. Энэ ч утгаараа "Тогтвортой хөгжлийн зорилт"-ын Хариуцлагатай, тогтвортой нөөцийг хэмнэсэн хэрэглээг бий болгох нь зөвхөн үйлдвэрлэгчдийн үүрэг төдийгүй хэрэглэгчдийн зан төлөв, дадал зуршилтай ч шууд холбогдоно. Тэгэхээр жижиг гэлтгүй зүйлсээр дамжуулан хүмүүсийн ажил амьдралын хэв маягийг хүрээлэн байгаа орчиндоо ээлтэй байлгах нь манай үнэт зүйл.

ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ХЭДЭН ХҮН ДАХИН БОЛОВСРУУЛСАН НЭРИЙН ХУУДАС ХИЙЛГЭСЭН БЭ? ЯМАРХУУ ХҮМҮҮС ГОЛ ТӨЛӨВ ИРДЭГ ВЭ?

Өнгөрсөн 1 жилийн хугацаанд 30 байгууллагын 10,000 орчим нэрийн хуудас хэрэглэгчдэд хүргэсэн. Тооцоолоод үзэхэд 300 тн мод, 3,200 л ус, агаарт цацагдах байсан 100 кг хүлэмжийн хий буюу агаарын бохирдлыг хэмнэсэн байсан. Ихэвчлэн байгаль орчны асуудал болон тогтвортой хөгжилд анхаарлаа хандуулдаг байгууллагууд болон хувь хүмүүс, шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж буй гарааны бизнесүүд нэлээд ханддаг. Эдгээрээс ихэнх нь эмэгтэйчүүд байдаг.

ТАНАЙХ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Нэрийн хуудаснаас гадна, байгууллагуудын хэвлэмэл тараах материал, урилга, номын хавчуурга зэрэг дээр туршилт хийж эхэлж байгаа. Мөн илүү сайн чанартай хэвлэх шинэ цаасаа хүлээж байгаа. Үүнийг дагаад байгуулагуудын хариуцлагатай хэрэглээ ч нэмэгдэх байх гэж найдаж байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ ТАЛУУД?

Мэдээж хэрэг байгальд ээлтэй, хариуцлагатай хэрэглээг бага гэлтгүй дамжуулан нэмэгдүүлж нөөцийг хэмнэж байгаа нь хамгийн эерэг тал. Нөгөөтэйгүүр бага багаар олон нийтийн ойлголт, хандлага, хэрэглээ өөрчлөгдөж байгааг харах бүрт хамгийн их сэтгэл ханамжийг авдаг. Хэцүү тал гэвэл хэрэглэгчдийн тогтсон хэв маягийг шууд өөрчилнө гэдэг нь хүндрэлтэй.

УЧИРЧ БАЙСАН ХАМГИЙН ТОМ БЭРХШЭЭЛ, СУРГАМЖААСАА БИДЭНТЭЙ ХУВААЛЦАНА УУ?

Олон нийтийн хандлагын асуудал л бэрхшээлтэй байдаг. Цаас гэхээрээ заавал цагаан байх ёстой гэсэн тогтсон хэв шинжээсээ салах дургүй байгаад байдаг юм. Бор цаасан дээр өнгө будгийг зохицуулах амаргүй. Тиймээс заавал хүн бүр ийм хариуцлагатай хэрэглээтэй байх ёстой гэхээсээ илүүтэй хүсэж байгаа хүнд нь л энэ үйлчилгээг үзүүлэх нь хамгийн хэрэгтэй юм байна гэсэн сургамжийг авсан.

16006   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.