Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   07 сарын 30, 2017

7 хоногийн тойм: Дэлхийн хамгийн баян хүн + Теслагийн шинэ загвар + Улаанбаатар 2023

Асар их хүлээлт, сэтгэл хөдлөл, итгэл найдвар: Энэ бол Элон Маск болон Тесла Model 3-ийг тодорхойлох цөөн үгс

Дэлхий дахинд

Пакистаны дээд шүүхээс авилгал, хээл хахуулийн хэрэгт холбогдоод буй ерөнхий сайд Наваз Шарифыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хэрэг үүсгэх түүхэн шийдвэр гаргалаа. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн түүхэн дэх хамгийн том кампанит ажил Panama Papers-ийн хүрээнд Н.Шариф болон түүний хүүхдүүдийн офшор бүсэд бүртгэлтэй компаниудаар дамжуулан үлэмж хэмжээний үл хөдлөх хөрөнгө болон бусад хөрөнгийг эзэмшиж байгааг ил гаргасан юм. Сөрөг хүчний хүчтэй шахалтын дор, мөн ерөнхий сайдын охины бүрдүүлж өгсөн хамгаалах бичиг баримтын "хуурамч эсэхтэй" холбоотой шуугианаас үүдэн дээд шүүх ийм шийдвэр гаргажээ. Түүний охин Марьям 2006 он гэсэн хаягтай нотлох баримтыг шүүхэд өгсөн ч тэр нь 2007 онд олон нийтэд ил болсон Microsoft-ийн хамгийн алдартай фонтуудын нэг Calibri-аар бичигдсэн байсан нь илэрч, "хуурамчаар үйлдсэн байж болзошгүй" гэх хардлагыг төрүүлсэн гэнэ. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өөрийн ажлын албаны даргаа үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн албаны даргаа сольсон Трамп шинэ албаны даргаараа Иракийн дайнд ажиллаж байсан генерал Жон Келлиг сонгожээ. Үүнээс илүү анхаарал татсан үйл явдал Америкийн сенатад өрнөсөөр, эрх баригч Бүгд найрамдах нам 3 дахь удаагаа эрүүл мэндийн шинэ хуулийн төслөө батлуулж чадсангүй. Трампын хамгийн гол амлалтуудын нэг болох өмнөх ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Обамакэйрийг бүрэн солих төслийн санал олонхын дэмжлэг авч чадахгүй хэвээр л байна. Энэ удаад тэдний хамгийн нэр хүндтэй, туршлагатай сенаторуудын нэг, Обаматай 2009 оны сонгуульд өрсөлдөж байсан Жон Маккэйн татгалзсан хариу өгчээ. БНАСАУ тив хоорондын пуужингийн туршилтаа 2 дахь удаагаа хийлээ. Үүнд АНУ ихэд эмзэглэж, цэргийн цохилт өгөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ. Бүгд найрамдах улс болох талаар олон нийтийн санал асуулга авах талаар яриаг өрнүүлж эхэлсэн Австралийн цагдаагийн газар онгоц дэлбэлж, халдлага үйлдэх санаархалтай байж болзошгүй этгээдүүдийг саатуулснаа зарлалаа. Тэд нарийн мэдээлэл гаргаагүй байгаа ч энэ хэрэгтэй холбоотой, исламын бүлэглэлүүдтэй холбоотой байх магадлалтай 4 хүнийг баривчилжээ.

Vox: Америкийн улс төр дэх хамгийн чухал үйл явдлуудыг тайлбарлах нь
Gizmodo: Калибри фонт хэрхэн Пакистаны ерөнхий сайдыг огцруулав?

Эцэст нь шударга ёс ялав: Ард иргэд талбайд гаран талархлаа илэрхийлж, дэлхий нийт сэтгүүл зүйн агуу ялалтыг тэмдэглэж байна!

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тогтмол гаргадаг Блүүмбергээс Амазоны үүсгэн байгуулагч Жэфф Бэйзос хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх болсон тухай зарлалаа. Хамгийн сүүлд их дэлгүүрийн сүлжээ Wholefoods-ийг худалдан авч, ухаалаг шуудангийн хайрцгаа танилцуулан, сансрын тээврийн Blue Origin-оороо дамжуулан тэсрэлт хийж буй Бэйзос 92.3 тэрбум долларын хөрөнгөөрөө 2013 оноос хойш энэ жагсаалтыг тэргүүлж буй Билл Гэйтсийг гүйцжээ. Гэхдээ түүний тэргүүлэл тун богино үргэлжилсэн бөгөөд Амазоны улирлын тайлан шинжээчдийн таамаглалд хүрээгүйн улмаас хувьцааны үнэлгээ нь 0.7 хувиар буурч, тэрээр Гэйтсийн ард орох болсон юм. Блүүмбергийн дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг тооцож эхэлсэн 1983 оноос хойш ердөө 6 хүн л тэргүүлж байсан ажээ. Цахилгаан машин үйлдвэрлэгч Тесла олны удтал хүлээсэн, салбартаа хувьсгал хийх учиртай шинэ загвараа албан ёсоор танилцууллаа. 1000 долларын барьцаа байршуулж захиалга өгөөд буй 500 мянган хэрэглэгчийн эхний 30 нь энэ өдөр шинэ Model 3 машинаа гар дээрээ авсан юм. 35 мянган долларын үнэлгээтэйгээр зах зээл дээр гарч, масс зах зээл рүү чиглэсэн анхны цахилгаан машин хэмээн үнэлэгдэж буй энэ машин 5 секундын дотор 60 км/цагийн хурдыг авах бөгөөд нэг цэнэглэлтээр 354 км явах боломжтой ажээ. Хэрвээ та өнөөдөр Model 3-ыг захиалбал 2018 оны эхээр машинаа авах боломжтой гэнэ. Apple-ийн гол нийлүүлэгч Тайваний Foxconn АНУ-ын Висконсин мужид LCD дэлгэцийн шинэ үйлдвэрээ нээж, 3000 мянган ажлын байр бий болгох болсноо зарлалаа. Энэ нь Америкт шинэ хөрөнгө оруулалт татах зорилготой буй Трампын хувьд том ялалт болов. Трамп Foxconn-ий удирдлах ажилтнуудтай хийсэн уулзалтын дараагаар тус компанийн CEO Терри Гоу нийт 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ амласан билээ. Google-ийн толгой компани Alphabet өнгөрсөн улиралд Wall Street-ийн шинжээчдийн таамгаас давсан амжилт үзүүлж, 26 тэрбумын орлоготой ажилласнаа зарлалаа. Харин Твиттер нэг ч шинэ хэрэглэгч нэмж чадалгүй, яг өнгөрсөн улиралтай адил 328 сая хэрэглэгчтэй хэмээн тайландаа дурдсан нь гайхал төрүүлэв. Орлого нь 12 хувиар өссөн хэмээн тайлагнасан ч Твиттерийн хувьцааны үнэлгээ энэ мэдээний дараагаар 6 хувиар унажээ. Whatsapp 1 тэрбум хэрэглэгчтэй болж, Инстаграм ба Мессенжерийн хэрэглэгчид өссөөр байгаагаа зарласнаар Фэйсбүүкийн үнэлгээ улам л нэмэгдсээр байна. 2 тэрбум гаруй хэрэглэгчтэй болсон Фэйсбүүкийн орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 71 хувиар өсжээ.

Bloomberg: Бэйзос хэрхэн дэлхийн хамгийн баян хүн болов?
CNN: Яагаад Model 3-ийг бид анхаарах ёстой вэ?

Хагас өдрийн тэргүүлэл: Бэйзос ирэх жилүүдэд Б.Гэйтс, В.Баффетийн хамгийн хүчтэй өрсөлдөгч байх нь тодорхой биз ээ.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Apple хөгжмийн салбарт тэсрэлт хийсэн бүтээгдэхүүн iPod Nano болон iPod Shuffle-ийн үйлдвэрлэлээ бүрэн зогсоолоо. Алдарт Стив Жобсийн 2005 оны 9-р сард анх танилцуулагдаж байсан энэхүү бүтээгдэхүүн тухайн улиралдаа л 10 сая ширхэг зарагдаж, зөвхөн 2008 онд 9.2 тэрбумын борлуулалтын орлогыг компанидаа авчирч байсан домогт төхөөрөмж юм. Apple 2014 оноос хойш iPod-ийн борлуулалтыг тайландаа тусгахаа больсон ч интернэтэд холбогддог iPod Touch-аа үргэлжлүүлэн зах зээлд нийлүүлэх ажээ. Хувийн хувцас, загварын зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Stitch Fix 3 тэрбумын үнэлгээтэйгээр IPO хийх хүсэлтээ гаргасан байна. Өнгөрсөн жил л гэхэд 730 сая долларын борлуулалт хийсэн тэд 2014 оноос хойш хөрөнгө оруулалт татаагүй байгаа нь сонирхолтой. Тэд бүртгүүлсэн хэрэглэгчдэдээ сар бүр өөрсдөд нь зориулсан хувцас, нэмэлт хэрэгслүүд бүхий хайрцаг илгээдэг, шоппинг хийхэд цаг багатай эмэгтэйчүүд рүү голчлон анхаардаг онцлогтой билээ. Кроудфандингийн тэргүүлэх платформ Kickstarter-ийн үүсгэн байгуулагчдын нэг Я.Стриклер энэ оны сүүлээр компаниа орхиж, CEO-ийн албан тушаалаа хүлээлгэн өгөх болжээ. 2009 онд үүсгэн байгуулагдснаасаа хойш 100 мянган шинэ төсөлд 3 тэрбум гаруй доллар босгоод байгаа тус платформыг яагаад орхих болсноо Стриклер тодорхой тайлбарлаагүй юм. Фэйсбүүкийн хөгжүүлж буй хиймэл оюун ухаан өөрт байгаа тоон өгөгдлүүд дээр үндэслэн хоорондоо харилцах өөрсдийн гэсэн тусгай хэл үүсгэсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Ботууд хоорондоо үл ойлголцох дүрэм, хэллэгүүд бүхий хэлээр харилцах болсныг анзаарсан судлаачид ботыг нэн даруй унтрааж, оффлайн горимд шилжүүлжээ. Энэ үеэр Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч М.Зукерберг болон Теслагийн Э.Маск нарын хооронд яг энэ асуудлаар "хөнгөн" маргаан дэгдээд амжсан. Э.Маск хиймэл оюун ухааныг "хүн төрөлхтөнд учирч болох хамгийн том заналхийлэл" хэмээн мэдэгдсэнийг Зукерберг "үгүйсгэж, ийм үзэлтэй хүмүүсийг ойлгодоггүй" хэмээн лайв хийх үедээ хэлсэн юм. Үүний хариуд Маск твиттерээрээ дамжуулж Зукербергийн AI-ийн талаарх мэдлэг хязгаарлагдмал хэмээн бичжээ. Өнөө цагийн интернет орчны хамгийн чухал хэрэгслүүдийн нэг Flash-ийн хөгжүүлэлтийг 2020 он гэхэд бүрэн зогсооно гэдгээ Adobe мэдэгдлээ. 1996 оноос хойш бүхий л видеог тоглуулж, броузер ашиглахад хэрэглэгдэж буй Flash нь хакеруудын хамгийн том нэвтрэх хаалга болдог байсан бөгөөд С.Жобс тэргүүтэй олон лидерүүд үүнийг сайжруулахыг шаардсаар ирсэн билээ.

Techcrunch: iPod-ийн хувьсгал!
The Atlantic: Маск vs Зукерберг

Баяртай, iPod!

Спортын ертөнцийн эргэн тойронд

Улаанбаатар хот 2023 оны Зүүн Азийн Залуучуудын наадмыг зохион байгуулах эрхийг авлаа. Тайваний Тайчунг хотноо болсон Зүүн Азийн Олимпийн хороодын гүйцэтгэх зөвлөлийн 35-р хурлаас энэхүү шийдвэр гарснаар Монголын спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэх үйл явдал тохиосон юм. Манай улс өмнө нь хоёр ч удаа зүүн азийн 9 улсын 2000 орчим тамирчин оролцдог энэхүү наадмыг зохион байгуулахын төлөө нэрээ дэвшүүлж байсан удаатай. 2019 оноос эхлэн залуучуудын наадам болон чиглэлээ өөрчлөөд буй энэхүү наадам нь Монгол улсад явагдах ОУОХ-оос хүлээн зөвшөөрөгдсөн анхны олон улсын олон төрөлт спортын наадам болох учиртай. Зүүн Азийн Наадам нь 1993 оноос хойш явагдаж байгаа бөгөөд манай баг тамирчид нийт 101 медалийг хүртэж байжээ. Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Будапешт хотноо явагдаж, шувтарч байх энэ цаг мөчид түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэг Майкл Фелпс аварга загастай уралдсан гэнэ. Discovery-ийн уламжлалт Shark Week-ийн хүрээнд М.Фелпс аварга загастай уралдаж ердөө 2 секундээр ялагджээ. Гэхдээ тэр олны хүлээж байсан шиг дэлхийн хамгийн аюултай амьтантай нэг усан санд бус ганцаараа задгай далайд уралдан, махчин загасны үзүүлсэн цагтай хугацаагаа харьцуулж уралдсан юм. Хэдий ялагдсан ч Фелпс илүү дулаан усанд даагаа нэхэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Усанд сэлэлтийн ДАШТ-ийг нийлбэр дүнгээр АНУ-ын баг 16 алтан медальтайгаар тэргүүлж байна. Тэдний араас БНХАУ, ОХУ-ын багууд нэхэж байгаа ажээ. Сонирхуулахад АНУ-ын 20 настай усанд сэлэгч К.Дрессел нэг өдөр 3 алтан медаль хүртсэн түүхэн дэх анхны усанд сэлэгч болжээ. Өнгөрөгч сард Олон Улсын Олимпийн Хорооноос түүхэн шийдвэр гаргаж, 2024, 2028 оны зуны наадмыг зохион байгуулах хотыг зэрэг зарлах болсноо мэдэгдсэн. Ингэснээр 2024 оны Олимпийн наадмын эрхийн төлөө өрсөлдөж байсан Парис болон Лос Анжелес хотууд энэ эрхийг авах нь тодорхой болоод байсан ч хэн нь хэдэн оны наадмыг авах нь асуулт хэвээр байсан юм. Тэгвэл Лос Анжелес хотын захирагч Эрик Гарсетти Buzzfeed-ийн эвентийн үеэр 2028 оны наадмыг авах нь бараг тодорхой хэмээн мэдэгджээ. 9-р сард эцсийн шийдвэр гарах билээ.

Olympic: Улаанбаатар хот 2023 оны Зүүн Азийн Залуучуудын наадмыг зохион байгуулна
VOX: Аварга загас vs Фелпс: Хэнд бооцоо тавих вэ?

Олимпийн наадмын түүхэн дэх хамгийн олон медальт, 23 удаагийн алтан медальт М.Фелпс усан санд аварга загасыг дийлнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Алдалгүй унших арван мэдээ

BBC: Чарли Гард хүү таалал төгслөө
NYTimes: Испанийн эдийн засаг эргэн сэргэж эхэлжээ
Variety: Женнифер Анистон ТВ-д эргэн ирлээ
TNW: Huawei шинэ утсаа iPhone 8-аас ч илүү хэмээн амалж байна
The Verge: Apple VPN апп-уудаа Хятадаас татлаа
Polygon: Dota 2 шинэчлэлүүдээ танилцууллаа
Reuters: Венесуэл дэх ардчилалд төгсгөл ирэв үү?
Wired: Softbank Slack-д 250 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ
ESPN: Нэймар ПСЖ-д ирэх нь тодорхой болсон уу?
BGR: Apple 5G технологи туршиж эхэллээ

11 сартай Чарли хүүгийн тэмцэл эмгэнэлтэйгээр төгсөв. Шүүх түүнд "амьдрах" боломж олгосонгүй.

7 хоногийн тоймын өмнөх дугаарууд

7 хоногийн тойм: Майкрософтын түүхэн амжилт + Честер Беннингтоны гунигт төгсгөл + Хакухогийн 1048 дахь даваа
7 хоногийн тойм: Шуугиан дүүрэн Монгол наадам + Алхаж сурсан хиймэл оюун ухаан + Бүхнийг ангайлгасан телепортын туршилт
7 хоногийн тойм: Тав дахь ерөнхийлөгч - Х.Баттулга + Дэлхийн лидерүүдийн дуулиант уулзалт + 11 сартай хүүгийн сүүлчийн хүсэл
7 хоногийн тойм: 20 настай Харри Поттер + 1000 стартаптай Парисын зогсоол + 201 саяын үнэтэй Стеф Карри
7 хоногийн тойм: О.Уормбирийн гунигт аялал + Т.Каланикийн хүсээгүй төгсгөл + Саудын хааны гэнэтийн шийдвэр

18101   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.