Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   07 сарын 24, 2017

Онцлох бизнес: Бумбат резорт - Хотын алжаалаа хол явалгүй тайл

Алжаалаа тайлан амрах өдрүүд үргэлжилж байгаатай холбоотойгоор бид өнөөдөр, Улаанбаатар хотыг тойрсон олон амралтын газрууд дундаас хотод хамгийн ойр, гоёмсог байгальтай, үйлчилгээ сайтай нэгэн амралтын газрыг онцоллоо. Ердөө 25 км давхиад л уулын аманд, цайзад ороод ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэх "Бумбат Резорт" төрөл бүрийн шинэ үйлчилгээнүүдийг эрэлхийлж, гэр бүлүүдэд улам ээлтэй болон төрөлжиж байгаа ажээ.

Бизнесийн нэр: Бумбат резорт
Хаяг: Налайх явах замд, Бумбатын аманд
Үйл ажиллагааны чиглэл: Амралтын газар
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2014
Үүсгэн байгуулагч: Б.Мөнхдэлгэр
Хүчин чадал: 80-100 амрагч
Ажилтны тоо: 12
Фэйсбүүк: Bumbat Resort

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Энэ амралтын газар анх 1997 онд байгуулагдаж байсан. Бид 2013 онд худалдан авч, жил гаруй засварлаж шинэчлээд 2014 оны зунаас үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Дүү маань аялал жуулчлын чиглэлээр Тайландад төгссөн, ер нь энэ салбар ирээдүйтэй гэгддэг болохоор бид амралтын газар ажиллуулахаар шийдсэн.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Гэр бүлийн хуримтлалдаа тулгуурлан санхүүгээ шийдсэн.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Манайх бол хотод хамгийн ойрхон хэрнээ, хамгийн байгаль сайтай газруудын нэг гэдэгт итгэлтэй байна. Хотоос 25 км. Богд уулын дархан цаазат, уул, ус, мод, чулуу хосолсон үнэхээр сайхан газар байдаг. Манай амралтын газар жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулдаг. Чулуун байшин, модон байшин, гэр зэрэг төрөл бүрийн сууцтай. Дулаан гарааштай.

Манай хоолонд бас хүмүүс ам сайтай байдаг. Бид өөрсдөө малтай, мөн энд хүлэмжид ногоогоо тарьдаг. Манайд өдрөөр ирээд амттай хоол унд идээд, цэвэр агаарт байж байгаад орой буцахад ч нэн тохиромжтой.

Мөн гэр бүлүүдэд ээлтэй газар гэдгээ онцлох ёстой байх. Хүүхдийн тоглоомын талбайтай, хүүхдэд зориулсан төрөл бүрийн үйлчилгээг гаргахаар ажиллаж байна.

Амрагч нар маань сагс, воллейбол тоглох, ууланд авирах, караокед дуулах, снүүкер биллиард тоглох, саунд суух гээд төрөл бүрийн зүйлсийг хийж болно. Цаг агаарын хувьд зундаа сайхан сэрүүхэн, өвөлдөө дулаан нөөлөгтэй байдаг. Онцолж хэлэхэд, зундаа бид зарим газрууд шиг үнэ өсгөдөггүй, харин ч хямдруулдаг шүү.Ер нь манайхыг яг л амрах гэж зорьж ирдэг дээ.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Бид газар дээрээ төрөл бүрийн шинэлэг зүйлсийг хийх талаар судалгаа хийж, төлөвлөж байна. Байнга лагерьт гараад байж чаддаггүй залуу гэр бүлүүдэд зориулсан хэд хэдэн жижиг байшин барих зорилготой байгаа. Түрээслэх юм уу худалдаж авах боломжтойгоор.

Цаашдаа амралтын газраа илүү гэр бүлийн зориулалттай болгон хөгжүүлнэ. Дотор тоглож болох хүүхдийн тоглоомын газар болон бассейн барина. Ер нь хүүхэд нь л эрсдэлгүй бөгөөд хийх юмтай байвал гэр бүлүүд амарч чаддаг.

Мөн том хэмжээний хүлээн авалт, хуримын захиалга авах боломжтойгоор шинэчлэлүүдийг хийх төлөвлөгөөтэй байна даа. Одоо бол дунд зэргийн хэмжээний хурал семинар, хүлээн авалтуудын захиалга авдаг.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС ТАНЬ ЮУ ВЭ?

Үйлчилгээний байгууллага учраас чанартай бүтээгдэхүүнээр, эелдэг найрсаг үйлчилгээ үзүүлж, тав тухтай орчин бүрдүүлэхийг зорьдог. Амралтын газрын маркетинг гэдэг өөрөө амнаас ам дамжин хийгддэг тул нэг л хүнд онцгүй сэтгэгдэл үлдээх нь таатай зүйл биш.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Манайхыг хүмүүс хоол сайтай гэдэг юм. Тэр дундаа тойгны шөл маань их алдартай. Хүмүүс их захиалдаг, санан санан иддэг тул бид тусад нь бүтээгдэхүүн болгож гаргаад байна. Зориулалтын цехэд 8-10 цаг буцалгаж бэлдсэн тойгны шөлөө бид 1.2 кг-аар савлан 15 мянган төгрөгөөр борлуулж байна. Ирэх 7 хоногт зарим супермаркетад тавигдана. Тойгны шөл бол эрүүл мэндэд нэн тустай, ядаргаа алжаал тайлах хоол. Олон цаг буцалгадаг болохоор гэрийн нөхцөлд, тэр бүү хэлд ресторанд ч гаргахад хэцүү байдаг юм.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Амралтын газар ажиллуулна гэдэг ч нэг талаас ажил, нөгөө талаар бас амралт байдаг шүү. Хүмүүсийг амраагаад, сэтгэл хангалуун буцаах урамтай. Эерэг энергитэй ажил юм даа.

Хариуцаж явахад бол жижиг асуудлууд зөндөө гарна. Гэхдээ тухай бүрт нь шийдээд л явчихдаг. Одоогоор хамгийн том асуудал маань гар утасны сүлжээний асуудал байх шиг байна. Энд ЖиМобайл сайн барьдаг, бусад операторуудын сүлжээ орон гаран л байдаг юм. Хотод ойрхон хэрнээ сүлжээ доголддог гэхээр нэг талаас хачирхалтай, нөгөө талаас бас зүгээр байдаг. Зарим амрагч нар бол "өө амар амар" л гэдэг юм. Гэхдээ удахгүй бүрэн шийдэгдэх байх.

27191   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.