Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   07 сарын 21, 2017

Честер Беннингтон ба түүний гунигт төгсгөл

Хөгжмийн ертөнцөд, тэр дундаа рок хөгжмийн ертөнцөд АНУ-ын цагаар өчигдөр буюу 7 сарын 20-ны өдөр нөхөж баршгүй том гарз учирсан нь 2 удаагийн Грэммийн шагналт, дэлхий даяар 70 гаруй сая хувь цомог борлуулсан алдарт Линкин Парк хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон өөрийнхөө амийг зуурдаар авч одсон явдал байлаа. Дөнгөж хоёр сарын өмнө Линкин Парк хамтлаг "One More Light" хэмээх шинэхэн цомгоо гаргаж, ирэх долоо хоногт аялан тоглолтоо эхлүүлэх байсан юм. Hit Parader-ийн "Бүх цаг үеийн шилдэг 100 хүнд метал гоцлол дуучид"-ын жагсаалтын 46-д бичигдэж, BBC Newsbeat-ийн тодорхойлсноор "Нэгэн үеийн дуу хоолой" (Voice of a Generation) гэгдэж байсан тэрбээр яг хэн байв?

2001 оны зун нагац эгч маань Нидерландаас ирэхдээ Линкин Парк хамтлагийн Hybrid Theory цомгийг авчирч бэлэглэснээр би уг хамтлагтай анх танилцаж байлаа. 21-р зууны хамгийн өндөр борлуулалттай дебют (30 сая хувь) хэмээгддэг уг цомгийг хэд дахин сонсож, MTV-ээр анхных нь видео "One Step Closer"-ийг үзээд шууд тэдний үнэнч фэнүүдийн нэг болсон гэхэд нэг их хол зөрөхгүй. Тэр өдрөөс хойш 16 жил өнгөрчээ. Тэдний хайлш мэт бүх урсгалыг нэгтгэн цутгасан хөгжмөөс гадна цомгийн дизайн, артворкоо өөрсдөө зурж, видеогоо өөрсдөө найруулан (Майк Шинода, Жое Хан нар UCLA-д урлагийн чиглэлээр сурч байсан), бүх зүйлд мэргэжлийн атлаа бүтээлчээр, бусдаас тэс өөр өнцгөөр харж ханддагт нь давхар татагдсан хэрэг. Хамтлаг ч өөрөө бүхэлдээ олон улс үндэстний цуглуулга байлаа. Тиймдээ байнга өөрчлөлт шинэчлэлтийг хүсч эрмэлздэг биз. Тэдэнд хийж бүтээгээгүй зүйл, их бага хэмжээгээр оролцоогүй салбар гэж үндсэндээ байгаагүй. Би тун саяхан Линкин Парк дэргэдээ Machine Shop Ventures хэмээх хөрөнгө оруулалтын сантайгаар барахгүй Lyft, Robinhood, тэр битгий хэл Элон Маскийн Hyperloop One-д хөрөнгө оруулсан байдгийг олж мэдээд үнэхээр хэлэх үг олдоогүй юм. Тэд бол байдаг л нэг стереотипикал хөгжимчид бус харин мэргэжлийн, ирээдүйг харж, бүтээлчээр сэтгэж, бусдыг дагалдуулж чиглүүлж чаддаг бүтээлч нэгдэл. Тийм ээ, би тэднээс олон зүйл зэрэг хийж бүтээж, бүтээлч атлаа мэргэжлийн байх боломжтой гэдгийг ойлгосон юм.

Харин тэр дунд бусдаасаа онцгойрсон хөдөлгөөнтэй, хашгирсан царгиа хоолойгоороо олон сая сонсогчдыг байлдан дагуулагч "дэрчгэр шар" нөхөр байсан нь Честер Беннингтон байлаа. Зургаан хүүхдийн эцэг тэрбээр хөгжилтэй, найрсаг, нийтэч нэгэн байсан гэдгийг нь батлах мэт бараг бичлэг бүр дээр түүний бусдыг инээлгэж хөгжөөж явааг харж болно. Линкин Парк хамтлагийн солиором амжилт ч түүний хүчирхэг хоолойтой шууд холбоотой. Хувийнх нь төсөл болох Dead by Sunrise хамтлагийн дебют цомог, 2013-2015 онд Stone Temple Pilots-ийн гоцлол дуучин байсан зэрэг нь ч үүний нотолгоо. Хөгжмийн ертөнцөд түүний хоолой үгүйлэгдэх болно.

Одооноос хэдхэн сарын өмнө түүний дотны найз дуучин Крис Корнелл зуурдаар нас нөгчсөн нь Честерт хүнд цохилт болж сошиал медиагаар удаа дараа шаналал, гашуудлаа ил тодоор илэрхийлж байжээ. Түүнийг 7 сарын 20-ны өглөө 9 цагийн үед Калифорни дахь гэртээ өөрийгөө дүүжилж амиа хорлосон байдалтай нас нөгцсөн байхыг орон нутгийн цагдаагийн байгууллагынхан олсон бөгөөд уг өдөр талийгаач Крис найзынх нь төрсөн өдөр байсан гэдэг ихэд анхаарал татам. Линкин Парк хамтлагийнхан үүнээс хэдхэн цагийн өмнө шинэ видеогоо цацаж, өдөр нь фото зураг авалтанд орохоор цаг товлосон байсан тул ийм зүйл болно гэж хэн ч төсөөлсөнгүй хэмээн гашуудан бичжээ. Бүх томоохон уран бүтээлчид, олон мянган фэнүүд нь гэрийнх нь үүдэнд цугларан цэцгийн баглаа үлдээж, гашуудлаа илэрхийлж буй нь түүний хичнээн нэр хүндтэй, чухал дүр төрх байсны илрэл. Би ч тэдний нэг нь. Амьд тоглолтыг нь нэг ч удаа үзэх боломж гарсангүй явсаар түүнийг үдэж байна. Урьд шөнө 3 цагийн үед энэ мэдээг Associated Press-ээс уншаад эхлээд нүдэндээ ч итгээгүй. Харамсмаар бас гашуудмаар.

Сүүлийн цомгоо нэрлэсэн "One More Light" хэмээх дуугаа тэр зөвхөн талийгаач найздаа бус өөртөө бас зориулан дуулчихсан бололтой. Тэр 41-хэн настай байж...

Who cares if one more light goes out?
In the sky of a million stars
It flickers, flickers
Who cares when someone's time runs out?
If a moment is all we are
Or quicker, quicker
Who cares if one more light goes out?
Well I do

25942   9


НИЙТЭЛСЭН:

Zack Batsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.