Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   07 сарын 14, 2017

EMMY 2017: Нэр дэвшүүлэлтээс анзаарсан онцлох 4 зүйл

Америкийн телевизийн салбарын шилдэг бүтээлийг шалгаруулдаг "Эмми" шагналд нэр дэвшигчдийн нэрс өнгөрсөн шөнө тодорхой боллоо. 69 дэх удаагийн наадам 9-р сарын 17-нд явагдах бөгөөд урьдчилан таамаглаж байсанчлан Westworld, Stranger Things тэргүүтэй шинэ кинонууд, HBO, Netflix тэргүүтэй контент бүтээгчид давамгайлав. Өнгөрсөн жилүүдэд олон шагналыг хамсан Game of Thrones энэ жилийн наадамд нэр дэвших эрхгүй болсон тул олон төрөлд шинэ ялагчид төрөх магадлалтай болсон билээ. Эммигийн шагналд нэр дэвшигчдийг зарласантай холбогдуулан бид  анзаарсан онцлох 4 зүйлийг та бүхэнд хүргэж байна. 

Westworld хамгийн их төрөлд нэр дэвшив

Өнгөрсөн жил хамгийн их хүлээлт дагуулж, шуугиан тарьсан Westworld нийт 22 төрөлд (давхардсан тоогоор) нэр дэвшсэнээрээ бүх бүтээлүүдийг манлайлав. Интерстелларын Жонатан Нолан болон Lost, Fringe-ийн Ж.Ж.Абрамс нарын хослол кинондоо домогт Энтони Хопкинсийг тоглуулсан нь л ямар чансаатай бүтээл болсныг гэрчлэх учиртай. Хиймэл оюун ухааны хөгжлийн цар хүрээг ядаж дэлгэцээс төсөөлөх боломжийг олгосон Westworld-ийн нэг ангийг дунджаар 12 сая үзэгч үзэж байсан нь дебют цувралуудын хувьд дээд амжилт болсон. Үзэгчдийг бөөн хүлээлт, таамаглал дунд орхисон тэд 2-р улирлаа хэзээ нээхээ хараахан зарлаагүй байгаа билээ.

Тэдэнтэй адил NBC-ийн Saturday Night Live шоу хөтөлбөр мөн 22 төрөлд нэр дэвшсэнийг дурдах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийн шуугиан, Трампын засаглалыг элэглэсэн хөтөлбөрүүдээрээ олны талархлыг хүлээж, сүүлийн 23 жилд үзүүлээгүй сайн хандалт авсан тэд 42 жилийн түүхэндээ нийт 231 төрөлд нэр дэвшсэн (давхардсан тоогоор) нь дээд амжилт болсон юм.

Энтони Хопкинс шилдэг эрэгтэй дүрд, Эван Рачел Вүүд шилдэг эмэгтэй дүрд тус тус өнгөлөх магадлалтай байна.

Netflix-ийн давамгайлал айсуй

"HBO манайхтай адилхан болохоос өмнө HBO шиг болох зорилготой" хэмээн Netflix-ийн гол хүмүүсийн нэг Т.Сарандосын хэлж байсанчлан тэд ихэнх хүмүүсийн бодож байснаас ч хурдан салбарынхаа гол тоглогч болж байна. Энэ жилийн шалгаруулалтанд Netflix-ийн бүтээлүүд нийт 93 төрөлд нэр дэвшсэн нь өнгөрсөн жилийнхээс бараг 2 дахин өссөн үзүүлэлт болсон төдийгүй зөвхөн HBO-ийн ард орох амжилт болсон юм. The Crown, Stranger Things, Master of None зэрэг бүтээлүүд нь аргагүй шилдэгт тооцогдож байв.

2013 онд House of Cards, Hemlock Grove, Orange is The New Black-тэй л байсан Netflix зөвхөн 2016 онд гэхэд 126 оригиналь кино, цувралуудыг бүтээжээ. Нийт 600 цагийн контентийг бүтээхэд 6 тэрбум доллар зарцуулсан тэд ирэх жилүүдэд уламжлалт контент бүтээгчдийг гүйцэх магадлал өндөр байна.

HBO vs Netflix: Netflix жил бүр амжилтаа ахиулсаар HBO-ийн ард шил даран иржээ. Эх сурвалж: The Verge

Гэхдээ HBO бууж өгөх болоогүй гэдгээ харууллаа

Энэ жил хамгийн олон буюу 110 төрөлд бүтээл нь нэр дэвшсэнээр HBO хамгийн өндөр амжилт үзүүллээ. Гол бүтээл Game of Thrones нь 7-р сарын дундуур нээлтээ хийснээр энэ жил нэр дэвших эрхгүй болсон ч ийм амжилт гаргасан нь үнэхээр том амжилт. Тэд инээдмийн цуврал, драма цуврал болон ток шоунуудын төрөлд бүгдэд нь өрсөлдөх цорын ганц суваг болсныг мөн онцлох хэрэгтэй. The Night of, Big Little Lies зэрэг богино хэмжээний цувралууд нь ч ихээхэн өндөр амжилт үзүүлж шагнал хүртэх магадлалтай байна. Ж.Ноланы Westworld-ийн өндөр амжилт ч тэдэнд давуу талыг авчрав.

HBO-оос гадна NBC, FX ч өндөр амжилт үзүүллээ. FX богино хэмжээний цувралуудаараа гол амжилтаа үзүүлж, нийт 55 төрөлд нэр дэвшсэн. FX-ийн Atlanta бүтээл нь шилдэг инээдмийн цувралд нэр дэвшсэн цорын ганц шинэ бүтээл болжээ. Харин NBC-ийн хувьд 2011 оноос хойших хамгийн өндөр амжилт үзүүлсэн цуврал болсон This is Us болон Saturday Night Live-ийн ачаар нийт 64 төрөлд нэр дэвшжээ.

Гэхдээ Amazon болон Hulu зэрэг стриминг үйлчилгээ ч Netflix-ийн адилаар хүч түрэн орж ирж байгааг мартаж болохгүй. Ялангуяа Hulu-ийн The Handmaid's Tail бүтээл нь шилдэг драма цувралыг оролцуулан нийт 13 төрөлд нэр дэвшсэн нь маш том амжилт болов.

HBO-ийн Big Little Lies нийт 16 төрөлд нэр дэвшив.

AMC, Showtime-ийн уналт үргэлжилсээр

Сүүлийн 9 жилд 6 удаа шилдэг драма бүтээлийн шагналыг хүртсэн AMC-ийн нэр төрийг Better Call Saul л авч гарлаа. Өнгөрсөн жил ямар ч шинэ цуврал гаргаагүй тэд нийт 13 төрөлд нэр дэвшсэний 9-ийг нь Better Call Saul авчирсан. Mad Men, Breaking Bad дууссанаас хойш "уналтанд" ороод буй AMC өнгөрсөн жил 24 төрөлд нэр дэвшиж байсан юм.

AMC-ийн давамгайллыг тасалж, Homeland-аараа шилдэг бүтээлийн шагналыг авч байсан Showtime-ийн ч ирээдүй их бүрхэг байна. Тэдний ямар ч бүтээл инээдмийн болон драма цувралд нэр дэвшиж чадаагүйгээр үл барам гол нүүр царай, Homeland-ийн Клэйр Дэнис нь шилдэг эмэгтэй гол дүрийн шагналд нэр дэвшиж чадсангүй.

Breaking Bad-ийн дуулиант хуульч AMC-ийн нэр төрийг энэ жил аврав.

Бусад онцлох зүйлс

Stranger Things-ийн хамгийн "алдартай" дүрүүдийн нэг Барб шилдэг зочин жүжигчний шагналд нэр дэвшсэн нь олныг гайхашруулав.

Шилдэг драма цувралд шинээр 5 кино орж ирэв. Зөвхөн Better Call Saul, House of Cards л өнгөрсөн жилийнхээ амжилтыг давтжээ.

Лиев Шрайбер нийт 3 төрөлд нэр дэвшсэн цорын ганц жүжигчин боллоо.

Энэ жил дууссан, шүүмжлэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан бүтээлүүдийн нэг HBO-ийн The Leftover ахиад л гол шагналуудад нэр дэвшиж чадсангүй.

Бүх төрөлд нэр дэвшигчдийн жагсаалттай эндээс танилцаарай.

Бонус: 2017 оны Эмми яагаад хамгийн өрсөлдөөнтэй наадамд тооцогдож байгаа талаар эндээс уншаарай.

14141   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.