Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   07 сарын 12, 2017

Би хэрхэн ажилладаг вэ? IBM компанийн Юмсын интернэт хариуцсан бизнес хөгжлийн захирал Гаяатри Маги

Гар утас, компьютер төдийгүй бүх л электрон төхөөрөмжийг интернэтэд холбон, хоорондоо дата солилцдог ухаалаг сүлжээг бий болгох Юмсын интернэтийн салбар сүүлийн үед улам бүр хөгжиж байгаа билээ. Энэ салбарт 3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийн, энэ чиглэлд дэлхийд тэргүүлэх компани болоод буй алдарт IBM компанийн ажилтнууд наадмын өмнөхөн Монголд ирж, 7 хоногийн хугацаанд Монголын тэргүүлэх их дээд сургуулийн оюутнуудад сургалт, хакатон тэмцээн хийсэн юм. Энэ төлөөлөгчдийг ахалж ирсэн тус компанийн Юмсын интернэт хариуцсан бизнес хөгжлийн захирал Гаяатри Магитай арга хэмжээний хаалт дээр ярилцсанаа толилуулж байна. Тэрээр Вест Виржиниагийн Их Сургууль, Станфордын Их Сургуулийг тус тус төгссөн бөгөөд вэб хөгжүүлэгчээр ажлын гараагаа эхэлж, 2001 оноос хойш IBM компанид тасралтгүй ажиллажээ. Ингээд технологийн салбарын аваргуудын нэг IBM-ийн нэгэн удирдах ажилтны арга барилтай танилцана уу.

Байршил: АНУ, Кансас
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: IBM-ийн Зүйлсийн интернэт хариуцсан бизнес хөгжлийн захирал (Business Development Executive, Internet of Things)
Таны ажилладаг арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Тууштай
Хэрэглэдэг гар утас: iPhone 6
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудсууд: Gayathri Magie (LinkedIn)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Тууштай байх гэж хэлж болох байх. Заримдаа хүн өөрийн хийнэ гэж хүлээгээгүй, сайн мэдэхгүй буюу сурч судлаагүй ажлыг хийх болдог. Танд ажил даалгана, бас хүмүүс хийж чадна гэж итгэнэ. Иймэрхүү өөрөөс үл хамаарах нөхцөл байдлуудад би карьерынхаа туршид хэд хэдэн удаа орж, амжилттай давж гарсан. Ийм нөхцөлд тууштай хичээнгүй ажиллаж, тухайн ажил, төслөө дуусгах нь чухал байдаг. Эхлээд чи өөртөө итгэлгүй, хийж чадах болов уу гэж эргэлзэж магадгүй. Энэ тохиолдолд өөр хэн нэгэн тэр боломжийг шүүрээд л авчихна. Харин хийж чадна гэж итгээд бууж өгөлгүй тууштай байгаад л байвал эцэст нь өөрийнхөө чадамжийг олж харна, тэр ажилдаа дурлана.

Миний хувьд сүүлийн үед нийт цагийнхаа бараг 80 хувьд гадаадад ажлын аялал хийж, их сургуулиуд оюутнуудтай ажиллаж байна.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Имэйл мэдээж их ашиглана. Мөн компанийнхаа програм, аппуудыг ашиглана. Ажлын аялал их хийдэг учраас, манай компанийн багууд дэлхийгээр нэг тарсан байдаг тул видео конференц байнга хийдэг. Гэрийнхэн, найзуудтайгаа Facetime ашиглаж ярьдаг. Харин утсан дээр нэг их тоглоом тоглодоггүй. 2048 гээд нэг л тоглоомтой.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хамгийн сэргэлэн, бүтээмжтэй байдаг үедээ түвэгтэй, бодох шаардлагатай ажлуудаа барьж авч, бусад үед байнга хийдэг дадал болсон ажлуудаа хийж гүйцэтгэх нь миний хувьд цаг хэмнэх хамгийн сайн арга. Олон жил ажиллаад туршлага суугаад ирэхээр өөрийнхөө хэзээ юу хийх хэрэгтэйг сайн мэддэг болдог. Ихэнхдээ өглөө эрт сэргээд иог хийгээд тархи толгой сэргэлэн болсон үед хамгийн хэцүү ажлаа барьж авдаг даа.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Гар утасныхаа Notes дээр. Заримдаа шөнө нойр хулжсан үед гар утсаа барьж аваад, юу миний санааг зовоогоод байна вэ гээд бичдэг, тэр маань хийх ажлууд болдог. Тэгсний дараа сайхан ч амардаг. Мөн миний инбокс бол бас хийх ажлын жагсаалт. Их имэйл авдаг бол нэг аргаа хуваалцъя. Би инбоксоо хэзээ ч доош гүйлгэхээргүй байхаар имэйлүүддээ хурдан уншиж, хурдан хариу өгөхийг боддог. Доош гүйлгэхээр олон имэйл уншаагүй, хариулаагүй байвал чамайг хүмүүс хүлээж байна гэсэн үг. Энэ арга миний хувьд их үр дүнтэй байдаг шүү. Миний хувьд "муу өдөр" 350-400 хүртэл имэйл авах нь бий (инээв).

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Хүмүүстэй харилцах харилцаандаа сайн болов уу. Ажил маань олон хүнтэй харилцахыг шаарддаг. Гэрийнхэн, найз нартайгаа сайн харилцаагаа хадгалахыг эрмэлздэг. Гэртээ сайн ээж байхыг хичээнэ.

Мөн би сайн зохион байгуулалттай, нямбай хүн. Илүүдэл зүйл дургүй. Гэртээ ч эмх цэгцтэй, цөөн хогшилтой байхыг илүүд үздэг. Нөгөө талаас би өөрчлөлтийг дуртайяа хүлээн авдаг. Өөрчлөлт их болох тусам улам л "урган цэцэглэж" чаддаг даа.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Одоогийн ажил үүргийнхээ дагуу би оюутнуудад юмсын интернэтийн талаар хичээл их заадаг. Энэ ажилдаа ч маш дуртай. Аав маань математикийн багш байсан учраас энэ мэргэжлийг багаасаа маш их хүндэтгэж өссөн. Залуусын дунд байх үнэхээр сайхан шүү.

Мөн ажлаар их аялдаг маань шинэ газартай танилцах, шинэ найзуудтай болох, шинийг сурах давуу талтай байдаг. Нөгөө талаас бас их аялах нь гэрээсээ хол их цагийг өнгөрүүлнэ гэсэн үг. Маш шахуу хуваарьтай л нисэж явдаг. Хүмүүс надаас цагийн зөрүүнд их ордог уу гэж асуудаг юм. Харин надад цагийн зөрүүнээс болж цаг алдах эрх байдаггүй гэж хэлж болно.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

IBMЗүйлсийн интернэтийн талаарх судалгаа хөтөлбөрийг улс орнуудын их сургуулиудын хөтөлбөрт оруулах, шиннэ түншүүдтэй болох ажил маань явдгаараа явж байна. Энд Монголд ирээд 7 хоногийн хөтөлбөртэй ажиллаад дуусаж байна. 300 гаруй оюутан, технологийн компанийн ажилтнууд сургалтанд хамрагдаж, өөрсдөд нь цоо шинэ сэдвийн талаар ойлголт авч, санаануудаа уралдуулж ихийг сурсан гэдэгт итгэж байна. Монголд дэлхийн технологийн томчуудаас өөрийн систем, хэрэгслүүдээ бүрэн нээгээд хакатон хийсэн анхны тохиолдол боллоо. Энэ ташрамд хамтран зохион байгуулсан МУИС, ШУТИС, МУБИС, ШМТДС, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, Mobinet, ITZone, What3Words, Montsame зэрэг байгууллагуудад талархсанаа илэрхийлье.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Ажиллаж байх үедээ хөгжим сонсдоггүй. Чөлөөтэй, юманд төвлөрөөгүй үедээ л үггүй аялгуунууд л сонсох дуртай даа. Юманд төвлөрч байгаа үед хөгжим саад болоод байдаг юм. Дуртай хөгжим гэвэл сонгодог болон ардын аялгуунууд. Танай морин хуурын аялгуу их таалагдсан шүү.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Ном бол миний нэг хобби. Дандаа уран зохиолын ном уншдаг. Адалт явдалт, нууцлаг, шинжлэх ухааны зөгнөлт зохиолуудад дуртай. Дуглас Престон, Линколн Чайлд нарын бичсэн Пендергаст гэх мөрдөгчийн талаарх цувралуудын нэгийг одоо уншиж байна.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй хүн. Гэхдээ бас заримдаа өөртөө цаг гаргаж ганцаараа байх дуртай.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Боломж байвал өдөртөө 8-10 цагийн нойр авчихыг хичээдэг. Надад их унтана гэсэн ойлголт байдаггүй (инээв). Гэхдээ их аялдаг учраас тэр болгон ингэж унтаж чадахгүй л дээ. Ер нь эрт орондоо ороод эрт сэрдэг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

2-4 өдрийн ч юм уу чөлөөтэй цаг олдвол байгальд гардаг. Сайхан байгальд алхана, ууланд авирна. Байгальд гарахдаа бэлтгэл сайтай шүү. Утас, компьютерээс холдож, ганцаараа бодож бясалгах цаг олдоод сайхан байдаг. АНУ өргөн уудам сайхан байгальтайг ч хэлэх үү. Харин зарим завтай орой найз охидтойгоо уулзаж хөгжилдөх дуртай. Бусад үедээ гэртээ л байна даа.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ? 

Аз жаргалтай, сэтгэл хангалуун хүмүүсээс би урам зориг авдаг. Аз жаргалтай байх нь л бидний амьдралын утга учир шүү дээ. Тэрнээс хэн нэг алдартай лидерээс биш. Тэднийг бид өнгөцхөн л мэддэг. Харин өөрийн сайн мэддэг хүмүүсийг мэдэх учраас тэднээс урам зориг, эрч хүч авдаг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Аз жаргалтай байх эсэхээ хүн өөрөө л шийднэ гэдгийг ойлгосон минь хамгийн чухал зөвлөгөө байсан юм уу. Аз жаргал гэдэг бол хүрэх газар биш ээ. Та өөрөө л хүсвэл секундын дараа ч аз жаргалтай болж болно. Энэ бол сэтгэл зүйгээ л удирдах тухай асуудал.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Залуу хүнд өөрийн хүсэл эрмэлзлээ олох нь л хамгийн чухал. Өөрийгөө таньж, хүсэл эрмэлзлээ ойлгохын төлөө тууштай эрэлхийлж, хариугаа эрт олох тусмаа амжилт гаргах магадлал нэмэгдэнэ. Тэгэхээр өөрийгөө янз бүрээр туршиж, төрөл бүрийн зүйлсийг хийж үзээрэй гэж зөвлөе.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦАХЫГ ХҮСЭЖ БАЙНА ВЭ? 

IBM-д авьяаслаг, чадалтай олон монгол хүн ажилладаг. Тэднийг энэ ярилцлагадаа урьж оруулбал сонирхолтой байх болов уу.

Гэрэл зургийг Д.Ганзул

37965   5


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.