Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   07 сарын 09, 2017

7 хоногийн тойм: Тав дахь ерөнхийлөгч - Х.Баттулга + Дэлхийн лидерүүдийн дуулиант уулзалт + 11 сартай хүүгийн сүүлчийн хүсэл

Монголчууд 5 дахь ерөнхийлөгчөө сонгов. Гэрэл зургийг: Al Jazeera

Х.Баттулга Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа

Монголын ард түмэн сонголтоо хийж, 5 дахь ерөнхийлөгчөөр Халтмаагийн Баттулга сонгогдлоо. Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга түүхэнд анх удаа явагдсан дахин санал хураалтанд 611,226 сонгогч буюу 50^6 хувийн саналыг авснаар ялалт байгуулсан нь энэ. Түүний өрсөлдөгч Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд 497,067 иргэний буюу 41.2 хувийн саналыг авчээ. Х.Баттулгын ялалтанд Улаанбаатар хотын томоохон дүүргүүдэд илт хол зөрүүтэй байгуулсан нь чухал нөлөөтэй байв. М.Энхболд эхний шатанд орон нутагт үзүүлсэн давуу байдлаа хадгалж чадсангүй. Энэ сонгуульд 2 нэр дэвшигчийн алийг нь ч дэмжээгүй буюу "цагаан сонголт" хийсэн иргэдийн тоо 99,494 байсан нь ихээхэн анхаарал татлаа. Эхний шатанд энэ тоо 18 мянга байсан юм. МАН, нэр дэвшигч М.Энхболд ард олны сонголтыг хүндэтгэн ялагдлаа хүлээн зөвшөөрч, СЕХ-оос Х.Баттулгын ялалтыг батламжилсан тогтоол гаргаж УИХ-д өргөн барьснаар АН-аас нэр дэвшигч маргааш буюу даваа гарагт ерөнхийлөгчийн тангаргаа өргөхөд бэлэн болоод байна. Дахин сонгуульд нийт бүртгэлтэй иргэдийн 60.67 хувь нь оролцжээ.

Ikon: Ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн сонорт байлаа
Gogo: Х.Баттулгыг дэмжигчид баяраа тэмдэглэлээ

"Монгол ялна" уриатайгаар ялалт байгуулсан Х.Баттулгын дараагийн нүүдлийг дэлхий дахин анхааралтай ажиглаж байна.

Дэлхий дахинд

Дэлхийн хамгийн хүчирхэг орнуудын төрийн тэргүүдийн цуглараан болох G20-ийн чуулга уулзалт Германы Хамбург хотноо явагдлаа. Германы канцеллор А.Меркелийн төрөлх нутагт болсон энэ уулзалтаар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп болон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар анх удаа нүүр тулан уулзсан нь хамгийн онцлох үйл явдал байв. Уулзалт найрсаг уур амьсгал дунд өнгөрсөн бөгөөд 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ нөлөөлсөн гэсэн асуудалтай холбоотойгоор кибер аюулгүй байдалд илүү анхаарал хандуулах талаар зөвшилцөлд хүрсэн нь сонирхол татав. Ард иргэд нь тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж байх үеэр Трамп Хятадын дарга Ши Жиньпин болон Японы ерөнхий сайд Ш.Абе нартай уулзаж, БНАСАУ-ын асуудлаар санал солилцсон байна. БНАСАУ өнгөрсөн долоо хоногт анх удаа дэлхийн хаана ч хүрэх хүчин чадал бүхий тив хоорондын тусгалтай пуужингийн туршилтаа Японы тэнгист хийсэнд АНУ тэргүүтэй холбоотнууд ихэд дургүйцэж, эдийн засгийн шахалт үзүүлэх, шаардлагатай бол хариу цохилт өгөхөд бэлэн байгаагаа НҮБ-д мэдэгдээд байгаа юм. Гэхдээ эдгээрээс илүү G-20-ийн уулзалтыг эсэргүүцсэн жагсаал, тэмцлүүд хэвлэлийн анхаарлыг татав. 30 гаруй төлөвлөгдсөн эсэргүүцлийн арга хэмжээнд мянга мянган ард иргэд оролцсон бөгөөд эмх замбараагүйтлийн улмаас 15 мянга гаруй цагдаагийн албан хаагчид нулимс асгаруулагч, усан хамгаалалт зэргийг ашиглан 100 гаруй тэмцэгчийг баривчилжээ. Иракийн ерөнхий сайд Хайдер Аль-Абади улсынхаа 2 дахь том хот Мосул хотноо хүрэлцэн ирж, 8 сарын турш үргэлжилсэн тулаанд Исламын улс бүлэглэлийн дайчдыг буулган авсан цэргүүддээ баяр хүргэсэн байна. Уг хот 3 жилийн турш жихад бүлэглэлийн дайчдын мэдэлд байсан бөгөөд Америкийн дэмжлэгтэй засгийн газар харьяаллаа тогтоогоогүй сүүлийн хот байсан билээ. Туркийн ерөнхийлөгч Т.Эрдоганы дарангуйллын засаглалыг эсэргүүцэгчдийн жагсаал 400 гаруй км-ийг туулан Анкарагаас Истанбул хотноо хүрлээ. Сөрөг хүчний лидер К.Кыличдароглугийн эхлүүлсэн энэхүү эсэргүүцлийн жагсаалд хэдэн арван мянган иргэд нэгдээд байгаа аж. Хятадын хүний эрхийн төлөөх тууштай тэмцэгч Лю Сяабаог шоронгоос эмнэлэгт шилжихийг зөвшөөрсөн шийдвэрийг эрх баригчид гаргасан. 2010 онд Нобелийн шагналыг хүртсэн түүнийг элэгний хорт хавдрын эцсийн шатандаа орсон тул эмчилгээгүй болсныг энэ үеэр мэдэгдсэн бөгөөд гадаадад эмчлүүлэх боломжгүй хэмээн мэдэгджээ. Гэсэн ч 2009 онд төрийн эргэлт хийхийг санаархан, ард иргэдийг турхирсанд буруутган 11 жилийн хорих ялыг авсан түүнийг цаг алдалгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай хэмээн барууны эмч нар үзэж байна.

Vox: Путин 1:0 Трамп
CNN: Хойд Солонгосын пуужинийн туршилт тооны хэлээр

Дэлхийн лидерүүд уур амьсгалын өөрчлөлт, терроризм, гадаад худалдааг онцлон хэлэлцэв.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Фэйсбүүкийн тэлэлт үргэлжилсээр. Хоёрхон жилийн өмнө шинэ кампуст нүүж орсон тэд 2021 он гэхэд "Willow Campus" гэж нэрлэгдсэн шинэ цогцолбороо бүтээх болсноо зарлалаа. Одоогийн төвөөсөө холгүй орших энэхүү кампуст зөвхөн оффисийн зориулалттай барилгуудаас гадна олон нийт болон ажилчдад нээлттэй байх 1500 орон сууц, үйлчилгээний төв, эмийн сан, дэлгүүр зэрэг өргөн хэрэглээний бүхий л газрууд төлөвлөгдөж байгаа гэнэ. Google медиа салбар дахь технологийн санаачилгуудад олгодог тэтгэлгээ Их Британийн хамгийн том мультимедиа агентлагуудын нэг Press Association-д олгох болсноо зарлалаа. Уг төслийн хүрээнд PA сард 30 мянган орон нутгийн мэдээ бичих хүчин чадал бүхий сэтгүүлчдийн ажлыг автоматжуулах програмыг бүтээх ажээ. Zynga-ийн үүсгэн байгуулагч М.Пинкус болон Linkedin-ий босс Р.Хоффман нар ээлж дараалан ялагдал хүлээсээр буй Ардчилсан намыг шинэчлэх зорилго бүхий Win The Future санаачилгаа танилцууллаа. Тэд орчин үеийн залууст илүү ойрхон, илүү шинэлэг бөгөөд инновацилаг виртуал намын хэлбэрийг хөгжүүлж, шинэ платформууд бий болгохыг хүсэж байгаа гэнэ. Цахилгаан машины зах зээлд хүчтэй тэсрэлт авчрах үзүүлэлт, боломжууд бүхий Model 3 загварын үйлдвэрлэлээ эхлүүлснээ Tesla-ийн үүсгэн байгуулагч Э.Маск зарлалаа. Энэ сарын 28 гэхэд эхний 30 хэрэглэгч өөрсдийн машинаа гар дээрээ хүлээн авах бөгөөд 12-р сар гэхэд тэд сард 20 мянган машин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Оны эхний хагас жилд нийт 47 мянган машин үйлдвэрлэснээ зарлаад буй тэд 300 мянган ширхэг Model 3-ийн захиалгыг аль хэдийн авчихаад буй билээ. Түүний өөр нэг компани SpaceX 10 хоногийн дотор 3 дахь удаагаа Falcon9 пуужингаа амжилттай хөөргөжээ. Хөгжмийн стриминг үйлчилгээ үзүүлэгч Soundcloud Лондон, Сан Францискогийн салбараа хааж, нийт ажилчдынхаа 40 хувийг цомхотголд оруулж байгаагаа зарлалаа. 70 сая долларын зээлийг хөрөнгө оруулагчдаас аваад буй тэдний байдал улам бүр хүндэрсээр байгаа талаар эх сурвалжууд мэдээлсээр байна. Дэлхийн хамгийн нэр хүндтэй стартап инкубатор, хурдасгууруудын нэг 500 Startup-ийн үүсгэн байгуулагч Дэйв Мклур гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгч байгаагаа зарлалаа. Түүнийг технологийн салбарын эмэгтэй үүсгэн байгуулагчидтай зүй зохисгүй харьцдаг талаар гомдлууд хүчтэй гарсаар байгаа билээ. Хятадын дугуй түрээсийн үйлчилгээ үзүүлэгч стартап Ofo Алибаба тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас 700 сая долларыг босголоо. Өнгөрсөн сард тэдний гол өрсөлдөгч Mobike 600 сая долларын шинэ хөрөнгө оруулалт аваад байсан билээ. Хятадын тэргүүлэх хайлтын систем Baidu автомат удирдлагатай машинуудын үйлдлийн систем болох Apollo төсөлдөө Ford, Daimler, Microsoft, Intel тэргүүтэй 50 гаруй топ компанийг нэгтгэснээ зарлалаа. Машины андройд систем гэгдэх Аpollo-г тэд 2020 он гэхэд зах зээлд нэвтрүүлэх зорилготой байгаа юм.

The Verge: Baidu Apollo төсөлдөө топ компаниудыг нэгтгэсээр байна
Recode: Цахиурын хөндийн лидерүүд улс төрийн намыг шинэчлэхийг хүсэж байна

Э.Маск болон Тесла энэ долоо хоногт Австралид дэлхийн хамгийн том литийн баттерейн үйлдвэр барих гэрээ байгуулжээ

Шинжлэх ухааны ертөнцийн эргэн тойронд

Энэ долоо хоногийн онцлох дүрүүдийн нэг нь 11 сартай бяцхан жаал Чарли Гард байлаа. Маш ховор тохиолдох, эмчилгээгүй гэгдэх генетикийн өвчний улмаас зөвхөн тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар амьдарч байгаа түүний эцэг эх 1.7 сая долларыг босгон, АНУ-д хийгдэж буй туршилтын эмчилгээнд оролцох хүсэлтийг гаргасан юм. Гэвч уг хүсэлтийг шат шатны шүүх хүлээж авалгүй, Америк руу зорчихыг хориглосон нь олны анхааралд өртсөн. Ромын пап, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын анхааралд өртөж, дэмжлэгийг нь хүлээгээд буй энэ хүүд туслах зорилгоор Колумбын их сургууль өөрсдийн тоног төхөөрөмжөө түүний эмчлүүлж буй Лондон руу тээвэрлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Макс Планкын их сургуулийн эрдэмтдийн судалгааны үр дүн хүн төрөлхтний хийсэн их нүүдлийн талаарх онолд том өөрчлөлт авчирч магадгүй байна. Өмнөх онолоор хүмүүсийн өвөг эцэг Хомо сапиенс 300 мянган жилийн өмнө Африкт үүсэн бий болж, 70 мянган жилийн өмнө дэлхий даяар тарах нүүдлээ эхлүүлсэн гэгддэг. Тэгвэл неандерталын ясанд хийсэн ДНК-ийн шинжилгээ, зарим малтлагын дүнд их нүүдэл 270 мянган жилийн өмнө эхэлсэн байх магадлалтай эрдэмтэд тогтоожээ. Британийн Молекул Биологийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд алцхеймерийн өвчнийг үүсгэгч протейний химийн бүтцийг илрүүлсэн байна. Үүний тусламжтайгаар дараагийн 10-15 жилийн хугацаанд, дэлхий даяар 30 сая хүний шаналж, жилд 2 сая хүний амийг авч буй энэ өвчнийг эмчлэх аргыг олох боломжтой гэж үзэж байна. Япон улс 2030 он гэхэд анхны сансрын нисгэгчээ саран дээр тээвэрлэх төлөвлөгөөгөө танилцууллаа. Энэ нь тэдний хувьд Олон Улсын Сансрын Станцын хөтөлбөрөөс гадна сансрын нисгэгч илгээх анхны тохиолдол болж байгаа юм. Сонирхуулахад Хятад улс 2020 он гэхэд Ангараг гарагт хүрэх зорилготой байгаа юм. 7-р сарын 7-ны 16:30 минутанд Монгол улсын хөөргөсөн анхны хиймэл дагуул "Мазаалай" задгай сансарт чөлөөлөгдөж, дэлхийн тойрог замд орлоо. Сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл BIRDS-ийн хүрээнд, Япон улсад сансрын инженерчлэлийн чиглэлээр докторантурт суралцаж буй МУИС-ийн судлаачид болох Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нарын бүтээсэн энэхүү хиймэл дагуул 400 км өндрөөс өндөр нягтаршилтай камерыг ашиглан 100 метрийн нарийвчлалтайгаар дэлхийн болон эх орныхоо зургийг сансраас хэсэгчлэн авч илгээхээс гадна 437MHz давтамжтай радио долгионоор дуут дохио ба Монгол Улсын төрийн дууллыг сансраас эгшиглүүлэх ажээ. Эдгээрээс гадна шинжлэх ухааны дөрвөн ч туршилтыг хийх "Мазаалай" хиймэл дагуулыг хөөргөснөөр Монгол улс сансарт өөрийн орон зайтай болж байгаа билээ.

Sky: Ч.Гард хүүгийн өвчний талаар мэдвэл зохих бүх зүйлс
NYTimes: Хүн төрөлхтний нүүдлийн талаарх шинэ таамаглал

Чарли хүүгийн ээдрээт түүхийг дэлхийн лидерүүд аль хэдийн анзаарчээ.

Алдалгүй унших арван мэдээ

Ikon: Танилц: Сонгуулийн ирц, саналын тооны задаргаа
USA Today: Америкчууд төрсөн өдрөө тэмдэглэлээ
NYTimes: Йеменд холер өвчний улмаас 1600 хүн амь насаа алдаад байна
CNN: Аляскад галт уул идэвхжээд байна
Deadspin: Уимблдонд хэн түрүүлэх вэ?
NBA: Жэймс Харден рекорд гэрээ байгууллаа
Variety: "Хүн Аалз" 120 сая долларын орлого олов
Vox: Теслагийн хийсэн шинэ гэрээ юуг өгүүлнэ вэ?
NPR: Volvo 2019 оноос зөвхөн хайбрид эсвэл цахилгаан машин гаргана
The Verge: Microsoft 4000 ажилтнаа халлаа
WP: Өмнөд Судан тусгаар тогтносны 6 жилийн ойн баяраа тэмдэглэлээ

36 настай Рожер Федерер Уимблдонд түрүүлэх хамгийн магадлалтай тамирчинд тооцогдож байна

7 хоногийн тоймын өмнөх дугаарууд

7 хоногийн тойм: 20 настай Харри Поттер + 1000 стартаптай Парисын зогсоол + 201 саяын үнэтэй Стеф Карри
7 хоногийн тойм: О.Уормбирийн гунигт аялал + Т.Каланикийн хүсээгүй төгсгөл + Саудын хааны гэнэтийн шийдвэр
7 хоногийн тойм: Гал + Ихрүүд + Цом
7 хоногийн тойм: Коми, Корбин, Катар + Expo, E3, EA + Amazon, Apple, AOL
7 хоногийн тойм: Мазаалай сансарт + Америкийн ухралт + Реал Мадридын давамгайлал

16097   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.