Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   07 сарын 08, 2017

Бэртран Расселын "Өрнийн мэргэн ухаан" номын хэсгээс

XX зууны их сэтгэгч, философич, математикч, нийгмийн ёс суртахуунч Б.Рассел (1872-1970) Англи, АНУ-д төдийгүй дэлхийн олон оронд түгсэн олон ном бичсэнээс онцгой сонирхол татах нэгэн бүтээл бол түүний 1946 онд туурвисан "Өрнийн философийн түүх" юм. Үндсэндээ Баруун Европын философийн түүхийг бүхэлд нь харж чадсан энэ бүтээл нь дэлхийн философийн утга зохиолын шилдэг бүтээл гэж хүлээн зөвшөөрөгддөг. "Монсудар"-аас анх 2007 онд эрхлэн гаргасан орчуулга нь уг номын зурагтай, түүхэн, уран зохиолын хялбаршуулсан хувилбар ажээ. Энэ номоос бид, зохиогчийн номынхоо хамгийн олон хуудсыг зориулсан хоёр философичийн нэг (нөгөө нь Аристотель) болох Платоны тухай, өнөөгийн бидний хэрэглэдэг зарим нэр томьёо, ойлголт хэрхэн үүдсэн тухай өгүүлсэн хэсгээс хүргэж байна.

НОМЫН ХЭСГЭЭС

Афины уналтаас Македоны сэргэлт хүртэлх тэр үед Платон аж төрж байв. Тэр Периклыг нас барсны дараа жил буюу ХТӨ 428 онд төрж, Пелопоннесын дайны үеэр өсөж өндийв. Тэрээр наяыг давж наслаад ХТ 348 онд тэнгэрт хальжээ. Платон сурвалжит гэр бүлээс гаралтай тул язгууртны хүмүүжлээр хүмүүжжээ. Түүний эцэг-Аристоны өвөг дээдэс эртний Афины хаадын удамтай байсан бол Платоны ээж Периктиона улс төрд удаан хугацаагаар идэвхтэй оролцож байсан гэр бүлээс гаралтай байв. Платоны аав түүнийг балчир байхад нас барьж, Периктиона дараа нь Периклыг дагалдагч, түүний найз байсан авга ах Периламптай гэрлэжээ. Платоны зан чанар бүрэлдэх хугацаа хойд эцгийнх нь гэрт өнгөрсөн бололтой. Ийм орчин суурин дээр өсөж хүмүүжсэн тэрээр иргэний хүлээх улс төрийн үүргийн талаар гуйвшгүй үзэл баримтлах болсон нь гайхмаар хэрэг биш билээ. Улс төрийн үзэл бодлоо тэрээр ялангуяа "Төр-улс" зохиолдоо илүү өргөн тайлбарласан бөгөөд ер нь энэ үзэл бодлынхоо төлөө тэмцдэг байв. Эхний жилүүддээ яруу найрагч болох авьяастайгаа харуулсан ба улс төрөөр хөөцөлдөх нь зарим талаар тодорхой болоод байв. Гэвч Сократ цаазлагдсанаар Платоны энэ эрмэлзэл гэнэт унтарчээ. Улс төрийн нууц бузар явуулга, багшийг нь үзэн ядагчдын хонзогнолын гашуун муухай үр дагавар залуу хүний оюун бодолд арилшгүй сэтгэгдэл үлдээв. Намын мухар сүсгийн хүрээнд хүлэгдсэн ямар ч хүн өөрийн шударга үнэнч чанар, бие даасан байдлаа удаан хугацаагаар хадгалж чадахгүйг ойлгожээ. Энэ үеэс эхлэн Платон бүх амьдралаа философид зориулахаар бүрэн шийдвэй.

Сократ эдний гэр бүлийн эртний анд байсан ба Платон түүнийг хүүхэд байхаасаа мэддэг байв. Сократыг цаазалсны дараа Платон Мегара руу Платоныг дагалдагч хэсэг хүний хамт зугтаж, шуугиан намжтал тэндээ хоргоджээ. Дараа нь Платон хэдэн жилийн турш аялан явжээ. Сицили, Италийн өмнөд хэсэг, магадгүй бүр Египет хүрсэн байж болох юм. Гэвч энэ талаар бид маш бага мэднэ. Ямар ч байсан ХТӨ 387 онд тэрээр Афинд ахин ирсэн тухай сураг байдаг. Энд түүний үндэслэн байгуулсан сургууль хотоос баруун хойд зүгт бага зэрэг алслагдсан ой модон дотор байрлаж байв. Энэ хэсэг газар домогт баатар Академийн нэртэй холбоотой байсан тул тус сургуулийг "Академи" хэмээн нэрлэжээ. Платон аяллынхаа явцад өмнөд Италид үзэж танилцсан Пифагорын сургуулийн хэв загварын дагуу өөрийн сургуулийг зохион байгуулжээ. Академи бол Дундад зуунаас хойш өнөөг хүртэл хөгжиж ирсэн их сургуулиудын өвөг юм. Платоны Академи сургууль хэлбэрээрээ 900 гаруй жил оршин тогтножээ. Ингэж удаан тогтсон байгууллагаа урьд хожид хэзээ ч байсангүй. ХТ-ын 529 онд тус сургуулийг эзэн хаан Юстиниан хаажээ. Сонгодог уламжлалын эл үзэгдэл Христосын шашын зарчмыг гутааж байна хэмээн тэрээр үзсэн аж.

Академид судалдаг хичээл пифагорч сургуулийн уламжлалт сэдвүүдийг хатуу баримталдаг байв. Хичээлийн үндсэн хөтөлбөрт арифметик, хоёр ба гурван хэмжээст геометр, одон орон судлал, дуу чимээ буюу хөг нийлэлт зэрэг хичээлүүд ордог байв ... Платоны өөрийнх нь хэлснээр ийм хөтөлбөр дээр суурилсан сургалтын зорилго бол хүний сэтгэхүйг танин мэдэж буй ертөнцийн байнга хувирах үзэгдлүүдээс тэдгээрийн ард нь байгаа хувиршгүй мөн чанар, үүсэж тогтохоос ахуй руу эргүүлэн чиглүүлэх явдал байлаа. Гэхдээ эдгээр хичээлийг тус тусад нь хэт салгаж үздэггүй байв. Үүний дүнд бүх хичээлийг диалектикийн дэгд захируулан заадаг байсан. Чухам ийм хичээлүүдийг нарийвчлан судлах нь энэхүү боловсролын ялгагдах жинхэнэ онцлог шинж байжээ.

Энэ нь бодит утгаараа өнөөгийн боловсролын жинхэнэ агуулга болон үлджээ. Их сургуулиудын үүрэг бол оюутныхаа толгой руу хийж болох бүх зүйлийг чихэх явдал биш. Гол үүрэг нь бүх хичээлд хамааралтай шалгуур, дэгийг ойлгож, шүүмжлэлтэйгээр шинжлэн судлах арга барилд сургах явдал юм.

Академи ямар зохион байгуулалттай байсныг бид хэзээ ч нарийвчлан мэдэж чадахгүй байх л даа. Гэхдээ утга зохиолын зарим эх сурвалжаас үндэслэж түүнийг орчин үеийн дээд боловсролын байгууллагатай олон талаар төстэй байсан гэж дүгнэж болно. Шинжлэх ухааны тоног төхөөрөмж, номын сангаас гадна лекц, семинар явагддаг байжээ.

Ийм сургууль, боловсролтой болсноор софист хөдөлгөөн нөлөөгөө алдав. Академийн сургалтад хамрагдсан хүмүүс түүний зардалд ямар нэг зүйл хандивладаг байсан нь мэдээж. Гэхдээ мөнгөний асуудал бол үнэндээ амин чухал зүйл байгаагүй, ялангуяа чинээлэг Платон иймэрхүү зүйлийг тоохгүй байх тэнхэлтэй байсан. Хүмүүсийн оюун ухааныг дасгалжуулж, шалтгаант холбоогоор сэтгэдэг болгох нь Академийн хамгийн чухал зорилго болж байв. Академи нь шууд практикийн ямар ч зорилт тавьдаггүйгээрээ практикаас чанагших ямар ч зүйл сонирхдоггүй софистуудаас ялгарч байв.

Аристотель Академийн хамгийн анхны бөгөөд суут сурагч нь байлаа. Тэрээр идэр залуудаа уг сургуульд элсэн суралцахаар Афинд иржээ. Тэгээд Платоныг насан өөд болох хүртэл бараг хорин жил энд байжээ. Багш нь бэлдсэн тэмдэглэлгүй лекцэлдэг байсныг Аристотель бидэнд мэдээлж байна. Мэтгэлцээн болон семинарын үед оюутнуудаар шийдвэрлүүлэхээр асуудал дэвшүүлдэг байсан талаар бусад эх сурвалжид ч тэмдэглэжээ. Харилцан яриа нь уран зохиол, философийн эссэ байсан бөгөөд энэ нь зөвхөн оюутнуудад төдийгүй боловсролтой олон нийтэд ч гэсэн зориулагдаж байв ...

Бертран Рассел

Төр-улс хэмээх зохиол бол хожмын агуу сэтгэгчдийн хийсэн нүсэр судалгааны эх сурвалжийг өөртөө агуулсан, Платоны хамгийн алдартай харилцаан яриан зохиол юм. Шилдэг төр улсыг бий болгох талаар энэ зохиолд яригдсан ба энэ утгаараа зохиолоо ийн нэрлэжээ. Энэ төрийн байгууламжийн тухай одоо авч үзье. Грекүүд төр хот хоёрыг адилаар үздэг байсныг бид мэднэ. "Polity" гэдэг грек үг нь хотын захиргаа гэсэн утгатай байсан ба хотыг үр дүнтэй удирдах нийгмийн бүхий л бүтцийг багтаадаг байв. Энэ үг уг харилцан яриа зохиолын грек нэр болно. Бидний "улс төр" хэмээх үг үүнээс үүдэлтэй.

Платон шилдэг төр-улсын иргэдийг дотор нь хамгаалагчид, цэрэг, эгэл хүмүүс гэж гурван хэсэгт хуваажээ. Хамгаалагчид нь элит цөөнх бөгөөд төрийн эрхийг дангаар барьдаг. Төр улс төвхнөж эхлэхэд хууль гаргачид хамгаалагчдыг томилох ба тэд цаашид үе уламжлан төр барьцгаана. Доод язгуураас шалгаран гарч ирсэн шилдэг хүүхдийг дээд язгуурт оруулж болох агаад урагшгүй дээд язгууртныг зиндаа доошлуулан цэргийн болон эгэл хүмүүсийн дунд оруулна. Хамгаалагчдын үүрэг бол хууль тогтоогчдын хүсэл биелсэн эсэхийг л хянана. Энэ бүхнийг хамгаалагчид хийх болно гэдэгт итгэлтэй байхын тулд тэд хэрхэн өсөж, яаж амьдрах ёстой талаар Платон багц төлөвлөгөө боловсруулжээ. Тэд сэтгэл болон биеийн хувьд боловсорсон байх ёстой. Сэтгэлийн хувьд гэвэл хөгжим буюу Музагийн ивээл дор байх бүх урлаг, биеийн хувьд гэвэл гимнастик болон багийн тоглолт шаардагдахгүй бүх спорт орно. Хөгжим ба соёлд суралцсанаар тэд шилдэг хүмүүс болж хүмүүжих ёстой. Жентелмен хэмээх ойлголт Англид ойлгогддог утгаа ийнхүү Платоны үеэс эх авсан байна. Залуу хүн нэр хүндтэй, сүр жавхлантай, бас эр зоригтой байх ёстой. Ийм чадварыг эзэмшүүлэхийн тулд ном зохиолыг хатуу хянадаг байв.

16354   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.