Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   07 сарын 02, 2017

7 хоногийн тойм: 20 настай Харри Поттер + 1000 стартаптай Парисын зогсоол + 201 саяын үнэтэй Стеф Карри

Харри Поттерийн фенүүд дэлхий даяар дуртай зохиолынхоо төрсөн өдрийг тэмдэглэж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиан, шуугиан, сонирхолтой үр дүн Монголын мэдээллийн орон зайг бүрхсэн долоо хоногийн тоймыг та бүхэнд хүргэж байна. Монголчууд түүхэндээ анх удаа дахин санал хураалтанд оролцох болж, үүнтэй зэрэгцэн  "цагаан сонголт" аян хүчээ авч, элсэлтийн шалгалтын дүн гарч, Playtime наадам хойшлогдсоноо зарласан энэ үед дэлхий дахинд ч анхаарал хандуулбал зохих үйл явдал олон боллоо. Тоймоо гарчиглахдаа, мөн онцлох зургаа оруулахдаа "Харри Поттер"-ийг сонгосон нь учиртай. 20-р зууны сүүл, 21-р зууны эхэн үеийн утга зохиолын ертөнцөд "хувьсгал" хийж, үе үеийнхнийг байлдан дагуулсаар буй шидтэн хүүгийн түүх анх хэвлэгдсэнээс хойш 20 жил болжээ. NBA-ийн тоглолтын хэв маягийг өөрчилж, "аймшигт" шидэлтүүдээрээ олныг алмайруулсаар байгаа С.Карри сагсанбөмбөгийн түүхэн дэх хамгийн том гэрээг багтайгаа байгуулав. Тэр ирэх 5 жилд 201 сая долларын цалинг багаасаа хүртэнэ. Төгсгөлд нь бид Парис хотноо нээгдсэн дэлхийн хамгийн том стартап кампусыг онцгойлов. 1000 стартапыг зэрэг бойжуулж чадах энэ цогцолбор өмнө нь галт тэрэгний буудал байсан гэнэ. Төрсөн өдөр, цалин, мөнгөөр арвин өнгөрсөн долоо хоногийн тоймоо хүлээн авна уу.

Дэлхий дахинд

Энэ долоо хоногт Их Британи Хонгконгийг БНХАУ-ын мэдэлд хүлээлгэн өгсний 20 жилийн ой тохиож байна. Энэ ойн хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жинпинг анх удаа тус улсад айлчилж, Бээжингийн бодлогыг эсэргүүцэгчдэд хүчтэй анхааруулга өгснөөс гадна Хонгконгийн шинээр сонгогдсон удирдагч Карри Лам тангаргаа өргөжээ. 60 настай К.Лам тус улсыг тэргүүлэх анхны эмэгтэй удирдагч болж байгаа нь энэ юм. Энэ өдрүүдэд Канад улсын 150 жилийн ойн төрсөн өдөр тохиож байна. Онтарио, Квебек, Нова Скотиа, Нью Брансвик зэрэг мужуудыг нэгтгэн Канадыг тунхагласныг дэлхий даяар олон төрлийн соёлын болон нийгэм рүү чиглэсэн арга хэмжээнүүдээр дамжуулан тэмдэглэж байгаа ажээ. Канадын засгийн газраас энэхүү ойд зориулан 386 сая долларыг төсөвлөсөн гэнэ. Германы парламент ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрч, хүүхэд үрчилж авах зэрэг бүрэн эрхийг нь баталгаажуулсан хуулийг гаргалаа. Олон нийтийн судалгаагаар нийт ард иргэдийн 83 хувь нь энэхүү хуулийг дэмжиж байсан бөгөөд энэ оны сүүлээс албан ёсоор хэрэгжиж эхлэх гэнэ. Ингэснээр Герман ийм шийдвэр гаргасан Европын 14 дэх улс болж байгаа юм. Ватиканы гурав дахь том албан тушаалтан буюу эдийн засгийн асуудал эрхэлсэн нарийн бичиг, жасын нярав Жорж Пеллийг Австралийн цагдаагийн газраас бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан олон удаагийн хэргээр буруутгаж байгаагаа зарласан нь олон нийтийг цочирдууллаа. Австралийн католик шашины хамгийн том зүтгэлтнүүдийн нэг, хамба лам Пелл өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж, үүрэгт ажлаасаа чөлөө авч, 7-р сарын 18-нд зарлагдсан шүүх хуралд очно гэжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 76 настай хамба ламын эсрэг 40 орчим насны хоёр эрэгтэй гэрч мэдүүлэг өгсөн аж.


BBC: Яагаад Их Британи Хонгконгийг Хятадад эргүүлэн өгсөн бэ?
Telegraph: Хамба лам Пеллийн гэмт хэргийн эргэн тойронд

Германы канцеллор А.Меркель санал хураалтанд "үгүй" гэж санал өгсөн ч намын гишүүддээ ямар нэгэн шахалт үзүүлсэнгүй.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Apple ухаалаг төхөөрөмжийн хэрэглээг тэр чигт нь өөрчилж чадсан iPhone-ий анхны загвар гарсны 10 жилийн ойтой золгож байх үед Фэйсбүүк 2 тэрбум хэрэглэгчтэй болсноо албан ёсоор зарлалаа. Энэ бол дэлхийн хүн амын 25 хувь нь сар бүр фэйсбүүкийг ашиглаж байна гэсэн үг. Сонирхуулахад тэд энэ долоо хоногоос эхлэн хэрэглэгчдэд ойрхон байгаа үнэгүй интернетийг санал болгох "Find Wi-Fi" нэмэлтээ туршиж эхэлжээ. Үйлчлүүлэгчдэдээ хоолны орц болон жорыг нь хүргэлтээр санал болгодог Blue Apron-ий IPO олны таамаглаж байсан шиг амжилттай болж чадсангүй. 2 тэрбумын үнэлгээтэй Нью Йоркийн стартап нэгж хувьцааны үнээ 15-17 доллараар тогтоохоор төлөвлөж байсан ч нээлтийн өдөр ердөө 10 доллараар тогтож, улмаар 300 сая долларыг босгосон байна. Хүргэлт болон хүнсний салбарыг цочирдуулан Amazon-ий Whole Foods-ийг худалдан авсан нь энэхүү "бүтэлгүйтэлд" гол нөлөө үзүүлсэн хэмээн шинжээчид үзэж байна. Тэгвэл Европын топ хоол хүргэлтийн стартап Delivery Hero Франкфуртын хөрөнгийн бирж дээр амжилттай IPO хийлээ. Берлинд төвтэй, 53 оронд үйл ажиллагаа явуулдаг тэдний нэгж хувьцааны үнэлгээ 25.5 евро байсан бөгөөд 530 сая долларыг босгон, 5 тэрбум орчмын үнэлгээтэй болжээ. БНСУ-ын номер 1 мессенжер апп Kakao өөрсдийн үйлчилгээгээ бие даасан хэлбэртэйгээр салгаж байна. Онлайн төлбөр тооцооны үйлчилгээгээ Kakao Pay болгон тусад нь гаргасан тэд такси дуудлагын үйлчилгээгээ Kakao Mobility нэртэйгээр бие даалган, 437 сая долларын хөрөнгө оруулалтыг татжээ. Солонгосын нийт ухаалаг утасны 95 хувьд нь суусан гэгдэх Kakao-г ашиглан өдөрт 1.5 сая удаагийн такси дуудлага хийгддэг бөгөөд гол өрсөлдөгч Uber-ийг зах зээлээс шахсаар байгаа юм. Европын холбооноос хайлтын системийн гигант Google-ийг шударга бус өрсөлдөөн үзүүлсэн хэмээн 2.4 тэрбум доллараар торгох шийдвэр гаргалаа. Тэд Google-ийг хайлтын үр дүнг үзүүлэхдээ өөрсдийн онлайн худалдааны үйлчилгээг "санаатайгаар" санал болгон, бусад өрсөлдөгчдөөсөө давуу байдлыг олгосон хэмээн буруутгаж байгаа юм. Германы парламент сошиал медиа компаниудад тун халгаатай байж болзошгүй хуулийг баталлаа. "Сүлжээ зохицуулалтын хууль"-ийн хүрээнд сошиал хуудсууд дээр тавигдсан "хууль бус" болон "хуурамч агуулгатай" контентийг 24 цагийн дотор устгахгүй бол 5-50 сая евро хүртэлх торгуулийг оногдуулахаар заасан юм. 10-р сараас хойш хэрэгжиж эхлэх энэ хууль Фэйсбүүк, Твиттер зэрэг компаниудад хамгийн хүндээр тусах магадлалтай юм. Украйнаас гаралтай компьютерийн вирус дэлхийн 65 гаруй оронд тарж, топ бизнесийн байгууллагууд, үйлдвэрүүдийн мэдээллийг хакердсан байна. Petya нэртэй энэхүү вирус сүлжээг блоколж, түгжээг тайлахын тулд мөнгө төлөхийг санал болгож байгаа гэнэ. Гэхдээ мэргэжилтнүүд вирусыг бүр илүү хохирол учруулахаас нь өмнө зогсоох аргыг олсон бөгөөд хамгийн ихдээ 29 мянган долларыг цуглуулсан хэмээн тооцож байгаа ажээ. Дэлхийн технологийн топ компаниудын нэг IBM Монголд анх удаа албан ёсоор арга хэмжээ зохион байгуулж байна. Тэд IOT буюу Зүйлсийн интернетийн чиглэлээрх шилдэг технологио танилцуулж, хакатон, сургалт, семинаруудыг 300 гаруй оролцогчдод зориулан 6-ны өдрийг хүртэл явуулах ажээ.

Guardian: Google-ийн рекорд тогтоосон торгуулийн эргэн тойронд
The Verge: Petya вирусын талаар бидний мэдэх бүх зүйлс

Европын Холбооноос Google-ийг онлайн худалдааны цэсэндээ 90 хоногийн дотор өөрчлөлт оруулахыг шаардаж байна.

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

БНХАУ-ын Далиан хотноо Дэлхийн Эдийн Засгийн Форумын зуны чуулга уулзалт амжилттай болж өнгөрлөө. "Зуны Давос" гэгдэх энэ уулзалтанд 90 улсын 2000 мянга гаруй бизнес эрхлэгчид, төр засгийн лидерүүд хүрэлцэн ирж, дэлхийн эдийн засагт Хятадын үзүүлэх нөлөө, үүргийг онцолж, технологи, шинжлэх ухаан болон инновацийн чиглэл давамгайлсан хэлэлцүүлгүүдийг хийлээ. Sony компани 29 жилийн дараа пянзны зах зээлд эргэн ирлээ. Тэд ирэх жил Шизуоко хотноо пянзны үйлдвэрээ нээх болсноо зарласан нь дэлхийн пянзны зах зээлийн борлуулалт жил бүр өссөөр 1 тэрбумд долларт хүрсэнтэй холбоотой. Пянзны борлуулалт зөвхөн Японд сүүлийн 5 жилд 7 дахин өссөн гэнэ. Трампын үүрэгт ажлаа авснаас хойш хүрсэн хамгийн чухал хэлцлүүдийн нэгийн хүрээнд АНУ Хятадын зах зээлд үхрийн мах нийлүүлж эхэллээ. Хятад улс зөвхөн өнгөрсөн жил 580 мянган тонн буюу 2.5 тэрбум долларын өртөг бүхий үхрийн махыг импортолсон гэнэ. Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК-ийн гаргасан "СҮҮ Бонд" анхдагч зах зээлээс 6 тэрбум төгрөг босгож, түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй компанийн бонд боллоо. Нэг жилийн хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй бондын төлөө нийт 6.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 67,547 ширхэг захиалга иржээ. Францын Парис хотноо дэлхийн хамгийн том стартап кампус-инкубатор албан ёсоор нээгдлээ. Францын тэрбумтан Ш.Ниелийн санаачилж, Парис хотын захиргааны дэмжлэгтэйгээр хуучин галт тэрэгний буудалд нээгдэж буй Station F нэртэй энэхүү инкубатор 1000 стартапыг зэрэг бойжуулах хүчин чадалтай бөгөөд аль хэдийнэ Microsoft, Amazon, Facebook зэрэг топ компаниудын дэмжлэгтэйгээр хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэнэ. Энэ долоо хоногт Теслагийн шинэ загвараа танилцуулахаар зэхэж буй Элон Маскийн өөр нэг төсөл The Boring Company анхны туршилтаа ирэх долоо хоногт хийх бололтой. Их хотын түгжрээг газар доогуур хонгил барих замаар шийдэх зорилготой тэд SpaceX-ийн кампуст ажлаа эхлүүлээд байгаа юм. Дэлхийн номер нэг хувцасны брэнд Nike өөрийн зарим бүтээгдэхүүнээ зөвхөн Amazon болон Инстаграмаар онцгой эрхтэйгээр борлуулах болсноо зарлалаа. Ингэснээр тэд Америк дахь борлуулалтаа мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ хэмээн үзэж байгаа аж.

NYTimes: Франц хэрхэн Цахиурын хөндийгөөс суралцав?
WEF: Зуны Давосын багц мэдээ, тойм

Францын "Цахиурын хөндий" гэгдэх Station F-ийн нээлтийн ажиллагаанд ерөнхийлөгч Э.Макрон оролцжээ.

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Үе үеийн хүүхэд, залуусын хамгийн дуртай баатруудын нэг залуу шидтэн Харри Поттерийн түүх эхэлсний 20 жилийн ойг дэлхий даяар тэмдэглэж байна. Уг түүхийг бүтээгч Ж.Роулинг 12 хэвлэлийн компаниас татгалзсан хариу авсны эцэст ердөө 500 хувь хэвлэсэн "Философийн чулуу" нэртэй эхний дэвтэр нь дэлхийн уран зохиолын түүхэнд тодоор бичигдэх агуу аяллын эхлэл болсон юм. 7 цуврал нь дэлхий даяар дээд амжилт болох 500 сая илүү хувь борлогдож, 73 орны хэлээр орчуулагдсан "Харри Поттер" брэнд 25 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд одоог хүртэл цар хүрээгээ тэлсээр л байна. Өнөө цагийн хамгийн амжилттай эмэгтэй дуучдын нэг Аделе он дамнан хийж буй дэлхийн аялан тоглолтынхоо төгсгөлийг Лондоны Уэмбли цэнгэлдэхэд хийлээ. Тэрээр уг тоглолтоо өнгөрсөн сард Гренфелл цамхагт гарсан галын улмаас амь насаа алдсан хүмүүсийн дурсгалд зориулсан бөгөөд олон нийтийг хохирогчдод хандив өргөхийг уриалсан байна. Түүний эхний тоглолтыг 98 мянган үзэгч үзсэн нь Уэмблигийн хувьд дээд амжилт байлаа. Гэсэн ч нийт 4 өдөр дараалан тоглолт хийхээр төлөвлөж байсан тэрээр эрүүл мэндийн асуудлаас шалтгаалан сүүлийн 2 тоглолтоо цуцалсан нь олон хүний урмыг хугалсан нь гарцаагүй. Америкийн хамгийн амжилттай хөгжмийн продюсер, уран бүтээлч Jay Z энэ жилийн хамгийн хүлээлт дагуулж буй цомгуудын нэг болох 4:44-өө зөвхөн өөрийн эзэмшдэг Tidal-аар дамжуулан гаргалаа. Jay Z болон Tidal-ийн үйлчилгээний бодлогыг олон хэрэглэгчид шүүмжилж, бухимдлаа илэрхийлж байгаа ч уг цомог ирэх долоо хоногоос Apple Music-д тавигдахаар болжээ. Холливудын хамгийн алдартай дуудлага худалдаа зохион байгуулагч Profile in History өнгөрсөн долоо хоногт "Оддын дайн" цувралын 70-аад онд бүтээгдсэн анхны ангиудад ашиглагдаж байсан хэрэглэлүүдийг зарсан байна. Эдэн дундаас алдарт R2-D2 роботын загвар 2.76 сая долларын үнэ хүрчээ. Матриксийг бүтээгчид ах дүү Вачовскигийн хамгийн сүүлд хийж байсан тв-ийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй цувралуудын нэг Sense8-ийг Netflix гэнэтийн байдлаар цуцлаад байсан. Тэгвэл тэд киноны төгсгөлд зориулан 2 цагийн урттай нэг ангийг ирэх жил гаргах болсноо зарлажээ.

Vox: Харри Поттер хэрхэн дэлхийг өөрчлөв?
Bustle: Яагаад Аделе тайзаа орхиж магадгүй гэж?

Хоолойны өвчний улмаас сүүлийн 2 тоглолтоо цуцалсан Аделе дахин аялан тоглолт хийхгүй ч байж магад.

Спортын ертөнцийн эргэн тойронд

NBA-ийн улирлын тоглолт дууссан ч сонин сайхан мэдээгээр тасрахгүй хэвээр байна. Лигээс анх удаа зохион байгуулсан улирлын шилдгүүдийг тодруулах ёслолын гала арга хэмжээ амжилттай болж, лигийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Оклахома Ситигийн Рассел Вестбрүүк тодорчээ. Тэрээр 1962 оноос хойш трипл дабл дунджилсан анхны тоглогч болсон билээ. Лигийн аварга Голден Стэйт Уарриорсийн лидер Стефен Карри лигийн түүхэн дэх хамгийн том гэрээг багтайгаа хийлээ. Сүүлийн 4 жил дараалан бүх оддын тоглолтонд сонгогдож, 2 удаа MVP болж, 2 удаа багтаа цом авчирсан тэрээр 5 жилийн 201 сая долларын гэрээг байгуулжээ. Өнөө цагийн хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн шилдэг тоглогчдын нэг Лионель Месси төрөлх Росарио хотноо хуримаа хийлээ. Тэрээр эхнэртэйгээ 5 настайдаа анх танилцсан гэдэг бөгөөд өдгөө 2 хүүтэй юм. Тэдний хуриманд нийт 260 зочин уригджээ. Түүний мөнхийн өрсөлдөгчд К.Роналду энэ долоо хоногт ихэр хүүхдүүдээ өлгийдөн авлаа. 7 настай хүүтэй Роналду ихрүүдийн тээгч эхийг нууцалж байгаа бөгөөд түүний 22 найз бүсгүй Ж.Родригез мөн бие давхар гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. Роналду энэхүү мэдээгээ Холбоодын цомын тэмцээний хагас шигшээд Чилийн багт ялагдсаныхаа дараахан зарласан. Чили уг тэмцээний шигшээд 21 хүртэлх насны залуучуудын шигшээ нь Европын аварга болсон Германтай хийх юм. АНУ-д Премьер лигийг шууд дамжуулах эрхийг авсан NBC телевиз хэрэглэгчдэдээ уламжлалт байдлаар буюу заавал кабелийн эрх авалгүйгээр тоглолтууд үзэх боломжийг олгоно гэдгээ мэдэгдлээ. Тэд 50 долларын үнэтэй тусгай эрхээр 130 тоглолтыг үзэхийг санал болгож байгаа гэнэ. Үүнтэй зэрэгцэн Фэйсбүүк Аваргуудын лигийн тоглолтуудыг өөрийн платформ дээрээ үнэгүй үзүүлэхээр зэхэж байгаагаа зарласан юм.

Forbes: С.Карригийн супер гэрээний эргэн тойронд
Variety: Фэйсбүүк Аваргуудын лигийг шууд дамжуулна

NBA-ийн хамгийн "загварлаг" оддын нэг Р.Вестбрүүкийн баг өөр нэг супер од П.Жоржыг эгнээндээ нэгтгэжээ.

Алдалгүй унших арван мэдээ

Recode: iPhone дэлхийг өөрчилсөн гэдгийг батлах 10 дүрслэл
NBC: Трамп Твиттерээр сэтгүүлч рүү дайрав
BBC: Энэтхэг татварын шинэчлэлээ эхлүүллээ
NASA: Дэлхийг астеройдоос хамгаалах системээ зарлалаа
Washington Post: Трампын аяллын хориг хүчинтэй болж эхэллээ
SI: Никс домогт Ф.Жексоныг халлаа
Al Jazeera: Венеусэлийн дээд шүүх рүү нисдэг тэрэгтэй этгээдүүд халджээ
Eurosport: Тур Де Франс эхэллээ
Time: Диана гүнжийн төрсөн өдөр тохиож байна
NYTimes: Ватиканы хямрал үргэлжилсээр, өөр нэг хамба буруутгагдав

Стив Жобс 2007 оны 6-р сарын 29-нд iPhone-ийг хамгийн анх танилцуулж байв.

7 хоногийн тоймын өмнөх дугаарууд

7 хоногийн тойм: О.Уормбирийн гунигт аялал + Т.Каланикийн хүсээгүй төгсгөл + Саудын хааны гэнэтийн шийдвэр
7 хоногийн тойм: Гал + Ихрүүд + Цом
7 хоногийн тойм: Коми, Корбин, Катар + Expo, E3, EA + Amazon, Apple, AOL
7 хоногийн тойм: Мазаалай сансарт + Америкийн ухралт + Реал Мадридын давамгайлал
7 хоногийн тойм: Манчестерийн халдлага + Зукербергийн диплом + Тайваньчуудын ялалт

24292   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.