Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   06 сарын 25, 2017

7 хоногийн тойм: О.Уормбирийн гунигт аялал + Т.Каланикийн хүсээгүй төгсгөл + Саудын хааны гэнэтийн шийдвэр

Glastonbury-д өөр хэн хэрэгтэй гэж? Үе үеийнхний урам зоригийг тэтгэгч, эрч хүч бэлэглэгч Radiohead энэ жилийн онцлох хамтлаг байв

Өнөөдрийн тоймоо бид их л "уртаар" гарчиглав. Америкаас Хойд Солонгос руу аялах гэж яваад бүтэлгүйтэж гадаадын тагнуул, суртал ухуулагч, засаглалын эсрэг тэмцэгч гэсэн нэр зүүн шоронд хоригдож, улмаар гэртээ ирсэн ч ухаан орохгүй байсаар нас барсан Виржиниагийн Их Сургуулийн 22 настай оюутан Отто Уормбирыг эхэнд онцоллоо. Түүний түүх олон асуудлын эхлэл эсвэл гол өрнөл байж мэднэ. Цахиурын хөндийн хамгийн "асуудалтай" гүйцэтгэх захирал Трэвис Каланик 2009 онд Uber-ийг үүсгэн байгуулж, өдгөө дэлхий даяар 500 гаруй хотод 12 мянган жолоочтой "аварга" сүлжээг үүсгэсэн юм. Өнгөрсөн сард харамсалтай ослын улмаас ээжийгээ алдаад байсан Каланикийн тээврийн салбарт авчирсан өөрчлөлтийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Гэхдээ тэр ийм төгсгөлийг хүсээгүй нь гарцаагүй. Арабын хойгоос шуугиант мэдээлэл ирсээр. Хамгийн нөлөө бүхий улс Саудын Арабт засаглалын асар том өөрчлөлт гарч, хаан ширээг залгамжлах хунтайжаар 31 настай Мухаммед бин Салман өргөмжлөгдөв. 81 настай эзэн хааны энэ шийдвэр Саудын эзэн хааны гэр бүлийн тогтсон ёсыг эвдсэн юм. Трампын "найз", адайр бас хурц аашаараа алдартай Салманаас олон чухал асуудал хамаарна. 

Дэлхий дахинд

Зочид буудалдаа байсан эрх баригчдын суртал ухуулга бүхий зурагт хуудсыг "хулгайлах" гэж оролдсоныхоо төлөө 15 жил хүнд хөдөлмөр эрхлэх ялыг БНАСАУ-ын шүүхээс авсан АНУ-ын оюутан Отто Уормбир таалал төгслөө. Хойд Солонгосын хүнд нөхцөлд шоронд 18 сар гаруй хоригдсоны эцэст эх орондоо "ухаангүй" байдлаар эргэн ирсэн тэр 6 өдрийн дараа ийн таалал төгсжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэрээр тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас нас барсан бөгөөд зарим мэргэжилтнүүд, албан тушаалтнууд Хойд Солонгосыг түүний үхэлд буруутгаж байгаагаа нуусангүй. Гэр бүл нь задлан шинжилгээ хийлгэхээс татгалзсан учир үхлийн нарийн шалтгааныг мэдэх боломжгүй. 2016 оны 1-р сард аяллын зорилгоор Пхеньянд ирсэн тэрээр 22 настай байсан юм. 1996 оноос хойш Америкийн 16 иргэн БНАСАУ-д баривчлагдсан бөгөөд 3 нь одоо ч хорионд байгаа билээ. Саудын Арабын 81 настай эзэн хаан Салман өнгөрч буй долоо хоногт томоохон шийдвэр гаргаж, өөрийн 31 настай хүү Мухаммед бин Салманыг титэм залгамжлагч болгосноо зарлалаа. 2015 онд хаан ширээнд заларсныхаа дараа угсаа залгамжлагчаар зарласан, түүний үеэл Мухаммед бен Найфыг солихыг хааны зөвлөлийн 34 гишүүний 31 нь дэмжсэн гэнэ. Арабын хойгт газрын тосны болон Катартай холбоотой дипломат хямрал үүссэн энэ үед залуу хунтайжийн үйлдлийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Батлан хамгаалахын сайдаар ажиллах үедээ Йемений иргэний дайныг "өдөөсөн" хэмээн Обамагийн засаг захиргаа түүнд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байв. Гэхдээ харьцангуй ардчилсан үзэлтэй гэгдэх түүнийг ард түмэн дундаа ихээхэн нэр хүндтэйгээс гадна Д.Трамптай ихээхэн найрсаг харилцаатай талаар эх сурвалжууд онцолж байна.

Politico: Отто Уормбирийг хэн хөнөөв?
The Atlantic: Саудын Арабын шинэ хунтайжтай танилц!

"Зүгээр л сувенир л болгох гэж байсан юм" хэмээн нулимс дуслуулан учирлах Оттогийн гунигт үйл явдал түүхийн хуудаснаа сургамж болон үлдэх нь гарцаагүй

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Байгууллагын соёл, шүүхийн маргаан, жолоочдын тэтгэмж зэрэг олон асуудлаас шалтгаалан "засаглалын хямралд" ороод буй Uber-ийн үүсгэн байгуулагч Трэвис Каланик гүйцэтгэх захирлын албаа хүлээлгэн өгч байгаагаа зарлалаа. Такси үйлчилгээний дэлхийн хамгийн том стартапуудын нэг Uber-ийн хөрөнгө оруулагчид түүнд шахалт үзүүлснээр ажлаа орхиж буй нь энэ. CEO-оос гадна CMO, COO болон ерөнхий инженергүйгээр ажиллаж буй Uber-ийн дараагийн CEO-оор хэн ажиллах нь ихээхэн анхаарал татаж байна. Фэйсбүүкийн COO Шэрил Сандбергээс эхлээд Диснейн COO байсан Том Стаггс нарын олон ч хүний нэр дуулдсаар байна. Элон Маскийн удирддаг Тесла өөрийн автомашинууддаа дагалдаж ирэх хөгжмийн стриминг үйлчилгээг эрхлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Тесла аль хэдийнэ топ хөгжмийн студиудтэй хэлэлцээрээ эхлүүлжээ. 57 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй, Хятадын зах зээлд Алибабагийн гол өрсөлдөгч JD.com Лондонд төвтэй онлайн хувцасны худалдааны стартап Farfetch-д 400 сая долларын хөрөнгө оруулалт хийлээ. Ингэснээр тэд илүү өндөр зэрэглэлийн, загварлаг хувцаснууд бүхий энэ брэндийг Хятадын зах зээлд нэвтрүүлэх аж. Интерьер дизайн, гэр ахуйн засал чимэглэлийн 9 сая гаруй санаа, зургийг агуулсан Houzz 400 сая долларын шинэ хөрөнгө оруулалтыг татаж, 4 тэрбум долларын үнэлгээтэй болсноо зарлалаа. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд технологийн салбарын лидерүүдийг оролцуулсан уулзалтыг зохион байгуулав. Э.Маск, М.Зукерберг болон Твиттерийнхнээс бусад бараг бүх "томчуудын" оролцсон энэ уулзалт тун найрсаг уур амьсгал дор өнгөрсөн бөгөөд Цагаан ордны технологийн бодлого, төрийн албанд инноваци нэвтрүүлэх, интернетийн дэд бүтцийг сайжруулах, дрон болон бусад шинэ дэвшилтэт технологид зориулсан журмуудыг гаргах зэрэг өргөн хүрээнд асуудлуудыг хөнджээ. Трампыг зогсолтгүй "шүүмжилж", олон талаар буруутгаж байсан технологийн салбарынхан энэ уулзалтын үеэр түүний бодлогыг ихэд сайшаасныг эх сурвалжууд онцлов. Инстаграм Stories нэмэлтийг нь өдөрт 250 сая хэрэглэгч ашигладаг болсон тухай зарлаж, зөвхөн тогтмол харилцдаг найзууддаа зураг хуваалцах боломж олгох Favorites нэмэлтийг туршиж байгаагаа мэдээлсэн бол Google имэйл доторх агуулгад тохируулж зар сурталчилгаа санал болгодог үйлчилгээгээ зогсоож байгаагаа мөн мэдэгджээ. Харин Snapchat байршлаасаа хамааран найзуудтайгаа харилцаж болох Snap Map нэмэлтээ мөн танилцуулав.

Recode: Uber-ийн дараагийн CEO хэн болох вэ?
Axios: Трампын технологийн лидерүүдтэй хийсэн уулзалтын тойм

Т.Каланик үүсгэн байгуулсан компанийнхаа гүйцэтгэх зөвлөлд үргэлжлүүлэн ажиллана.

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн топ мотоцикль үйлдвэрлэгчдийн нэг Харли Дэвидсон гол өрсөлдөгчдийн нэг Ducati-г худалдан авч магадгүй байна. Тэд Итали брэндийн төлөө 1.5 тэрбум доллар зарцуулахад бэлэн байгаа бөгөөд илүү залуу худалдан авагчид руу чиглэж, Хонда, Поларистай өрсөлдөх хүсэлтэй байгаа гэнэ. Агаарын тээврийн хамгийн том цугларалтад тооцогдох Paris Air Show-ийн үеэр Boeing фирм 75 тэрбум долларын өртөг бүхий 571 гэрээг байгуулснаа зарлалаа. Тэдний өрсөлдөгч Airbus 40 тэрбумын үнэлгээтэй 326 гэрээг байгуулсан бөгөөд 2012 оноос хойш анх удаа Boeing илүү гарч байгаа нь энэ гэнэ. Азийн зах зээл дээрх жижиг авиа компаниудын сэргэлт энэ үр дүнд ихэд нөлөөлсөн бөгөөд сүүлийн 8 жилд хамгийн их худалдан авалт хийгдсэн нь энэ болжээ. Долоо хоногийн эхээр эгнээндээ 240 гаруй гадаад, дотоодын байгууллагыг нэгтгэсэн Монголын Бизнесийн Зөвлөлийн Хоёрдугаар Чуулга Уулзалт Их Тэнгэрт амжилттай зохиогдлоо. "Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдвийн дор өрнөсөн энэхүү хурлын үеэр Азийн худалдаа, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд Монгол улс ямар үүрэгтэй байх болон боломжтой талаар хэлэлцэж, Азийн бизнесийн хөгжлийн харилцан үр ашигтай түншлэлтэй холбоотой дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн төслүүдийн талаар хэлэлцжээ. Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК 2011 оноос хойших дотоодын хамгийн өндөр дүнтэй буюу 6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий "Сүү Бонд"-ыг гаргах болсноо зарлалаа. Энэ нь дотоодын хөрөнгийн зах зээлд эерэг дохио болж Монголын хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгааг харуулж байгаа билээ.

Investors: Boeing Airbus-ийг илүүрхсэн нь
Reuters: Харли Дэвидсон Ducati-г авахыг хүсэж байна

1909 оноос хойш зохиогдож буй Paris Air Show-д дунджаар 300 мянган хүн зочилдог гэнэ

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн амьд хөгжмийн хамгийн том фестивальд тооцогддог Glastonbury энэ долоо хоногт явагдаж байна. 1970 оноос хойш явагдаж буй, BBC-ээр шууд дамжуулж, 150 мянга орчим үзэгчдийн оролцдог энэ наадам Английн Пильтон хэмээх 1000 хүрэхгүй хүнтэй тосгонд явагддаг. Энэ жилийн гол уран бүтээлчид нь хамгийн алдартай OK Computer цомгоо гаргасны 20 жилийн ойгоо тэмдэглэж буй Radiohead, 2 жилийн өмнө гоцлол дуучин нь бэртэл авсны улмаас тоглолтоо цуцалж байсан Foo Fighters, Английн залуу од Эд Ширан нар байгаа. Тэднээс гадна Кэйти Перри, Лорде, The xx, Лиам Галахер нарын шилдгүүд уран бүтээлээ хүргэж байна. DC-ийн супер баатар Wonder Woman-ий түүхийг өгүүлэх бүрэн хэмжээний кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, бокс оффисоос 609.8 сая долларыг цуглуулснаар эмэгтэй найруулагчтай киноны хувьд хамгийн өндөр орлого олсон дээд амжилтыг эвдлээ. Өмнөх рекорд нь АББА-ийнхны тоглосон Мамма Миа бүтээл байсан. Wonder Woman-ий найруулагч П.Женкинс Оскарт нэр дэвшсэн Monster-оо гаргаснаас бүтэн 14 жилийн дараа бүрэн хэмжээний кино гаргасан нь ийн өндөр амжилт үзүүлэв. Transformers-ийн 5-р анги Last Knight цувралынхаа түүхэнд нээлтийн өдрөө хамгийн бага орлого олсон ч энэ долоо хоногийн бокс оффисийг 64 сая долларын орлоготойгоор тэргүүлж байна. Тэд 3 өдрийн дотор 37.5 сая долларыг олсноороо Wonder Woman болон Cars 3-ийн урд оржээ. Онлайн видео бүтээгчдийн хамгийн том цугларалт VidCon Анахэймд болж өнгөрлөө. 8 дахь удаагийн VidCon-ий гол оролцогч нь Youtube байсан бөгөөд тэд Youtube TV-ээ 10 зах зээлд нээлттэй болгож байгаагаа зарласнаас гадна 1.5 тэрбум хэрэглэгч сар бүр зочилж байгаа сүрдэм датаг ил болгов. Энэ үеэр контент бүтээгчид хэрэглэгчдийн зан төлөв, сурталчилгааны хэлбэрүүд болон шинэ технологиудын талаар хөндсөн юм. Хамгийн урт өдөр тохиож, нар буцаж буй энэ өдрүүдэд "Өвөл айсуй" хэмээн HBO зарлан тунхаглаж, "Game of Thrones"-ийн 2 дахь трэйлэрээ, шинэ зургуудын хамтаар цацлаа. Ж.Мартины зохиолоос сэдэвлэсэн өнөө цагийн хамгийн алдартай тв шоу 7-р сарын 16-нд эргэн дэлгэцнээ!

NME: Glastonbury 2017 гэрэл зургийн дуранд
GQ: Wonder Woman яагаад DC-ийн хамгийн шилдэг бас хамгийн чухал кино вэ?

Спортын ертөнцийн эргэн тойронд

Хойд Америкийн хамгийн шилдэг 2 мэргэжлийн лигийн драфт энэ өдрүүдэд явагдлаа. NBA-ийн драфтын тэргүүн сонголтыг хэдхэн өдрийн өмнө Бостонтой эрхээ сольсон Филадельфи хийж, ихэнх хүний таамаглаж байсанчлан Вашингтоны их сургуулийн тоглогч М.Фультцийг сонголоо. Лос Анжелес Лэйкэрс нутгийн уугуул Л.Боллыг 2-р сонголтоор авсан бол Бостон Селтикс Дюкийн их сургуулийн Ж.Татумыг эгнээндээ нэгтгэв. Түүхэн дэх хамгийн залуу драфтын нэгт тооцогдож буй энэ драфтад Кентакигийн их сургуулиас 3 тоглогч топ 15-д багтаж, дасгалжуулагч Ж.Калипари ажиллаж эхэлснээс хойш буюу 2010 оноос хойш 24 тоглогч 1-р роундад сонгогдсон гайхалтай амжилтын эзэн боллоо. NHL-ийн хувьд ихээхэн сонирхолтой 7 хоног өнгөрөв. Лигийн шинэ баг Лас Вегас Найтс лигийн дүрмийн дагуу багаа бүрдүүлэх драфтыг хийлээ. Лигийн бусад 30 багийн "дархалсан" 10-11 тоглогчоос бусад тоглогчдоос хүссэн сонголтоо хийх эрхтэй байсан тэд Питтсбургийн хаалгач М.Флери, Нэшвиллийн Ж.Нил тэргүүтэй тоглогчдоор багаа бүрдүүлсэн. Үүний дараа NHL-ийн драфт болж, Нью Жерси Девилз 1-р сонголтоор Нико Хишерийг сонгосноор Швейцариас анх удаа драфтын тэргүүн тоглогч төржээ. Энэ долоо хоногт NHL-ийн улирлын шилдгүүдийг шалгаруулах ажиллагаа болж, лигийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Эдмонтоны 20 настай ахлагч Коннор Мкдэвид анх удаа тодорчээ. ОХУ-д явагдаж буй Холбоодын цомын тэмцээний хагас шигшээгийн эхний 2 багийн нэр тодорхой болж, Португал, Мексикийн багууд хасагдах шатанд үлдлээ. Талбайн эзэн Оросын баг Мексикт ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлжээ.
Гольфийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй тэмцээн Америкийн нээлттэй тэмцээн 7 дахь жилдээ дараалан шинэ аваргатай боллоо. Сүүлийн тойрогт 3 нүх дараалан оноо авч, түүхэн дэх хамгийн бага цохилтоор аваргалсан Брүүкс Коепка энэ жилийн аварга болжээ.

QZ: NBA-ийн хамгийн чухал өдөр бол драфт. Яагаад вэ гэж үү?
ESPN: Баг бүрдүүлэлтийн драфтын онцлох сонголтууд

Зугаа цэнгэлийн төв Лас Вегас хотынхон хоккейн багаа сэтгэл өндөр угтан авч байна

Алдалгүй унших арван мэдээ

Gogo: Сонгуульдаа идэвхтэй оролцоорой
Ikon: Мэтгэлцээн 2017: Онцлох эшлэлүүд
VOX: Сенатын батласан эрүүл мэндийн багц хуулийн ялагчид ба ялагдагчид
CNN: Пакистанд болсон дэлбэрэлтийн улмаас дор хаяж 130 хүн амь насаа алджээ
The Week: Яагаад Жоржиагийн сонгууль чухал ач холбогдолтой байв?
The Verge: Британийн засгийн газар кибер халдлагад өртлөө
BBC: Муслим шашинтнууд "Эйд" баяраа тэмдэглэж байгаа нь гэрэл зургийн дуранд
Gizmodo: Microsoft Windows 10-ийн зарим эх кодоо алдсанаа хүлээн зөвшөөрлөө
NYTimes: Banco Popular-ийн уналтаас сурах зүйлс
Alphr: NASA дэлхийтэй төстэй 10 шинэ гарагийг нээснээ зарлалаа

17844   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.