7 Хоногийн Тойм

7 хоногийн тойм: Гал + Ихрүүд + Цом

06 сарын 18, 2017


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


7894   1




Лондон хот уй гашууд ахин автав. Сураггүй алга болсон нэгнээ эрсэн, урам зориг өгсөн үгсээр дүүрэн хананы өмнө хүмүүс цуглаж, эмгэнэл илэрхийлж байгаа нь.

Ням гараг бүр танд хүрдэг долоо хоногийн тоймоо гарчиглахдаа бид анх удаа дан үгсийг сонгов. Гэхдээ энэ нь бүгд илүү утга учир, өргөн агуулгыг дагуулж буй. Дэлхий дахинд төдийгүй монголд өрнөсөн гол үйл явдлыг бид гал гэж үгээр төлөөлүүлэв. Энтертэйнмент ертөнцийн энэ долоо хоногийг "ихрүүд" гэдэг үгээр бид тодорхойллоо. Харин спортын ертөнцөд тохиосон үйл явдлуудыг базахдаа, домгууд-шилдгүүд-сондгойрогчдын өргөсөн "цом" гэдэг үгийг сонголоо. Бөөн галтай, бөөн цомтой бас ихэртэй долоо хоногийн тоймоо хүлээн авна уу.   

Гал, гал, гал

Энэ долоо хоног галтай холбоотой харамсалтай үйл явдлуудаар дүүрэн өнгөрлөө. Улаанбаатар хотноо Говь ХК-ийн агуулахын дээвэр шатаж, 250 гаруй гал сөнөөгчид, албан хаагчид бүтэн шөнийн турш ажилласны эцэст зогсоосон хэрэг гарлаа. Нийт дээврийн 80 гаруй хувь нь шатсан ч хүний амь нас эрсдээгүй энэ үйл явдлын шалтгаан 2 долоо хоногийн дотор тодорхой болно гэнэ. Английн Лондон хотын баруун хэсэгт байрлах 24 давхар Гренфелл цамхагт гал гарч, харамсалтай нь хамгийн багадаа 58 хүн амь насаа алдсан байна. Орон сууцны зориулалтаар ашиглагдаж байсан энэхүү байшин өмнө нь ч галын аюулгүй байдалтай холбоотой асуудалтай тулгарч байсан бөгөөд мөн л 200 гаруй гал сөнөөгчид бүтэн 24 цагийн турш ажиллажээ. Гал гарах үед уг байшинд 600 орчим хүн байсан аж. Португалын нийслэл Лисбоноос 200 км орчим зайд ой модонд их хэмжээний гал гарсны улмаас хамгийн багадаа 61 хүн нас баржээ. 1600 гаруй гал сөнөөгчид, албан хаагчид 400 машин, 18 онгоцны тусламжтайгаар хэдэн өдрийн турш галын эсрэг тэмцэж буй ч байдлыг намдааж чадахгүй байгаа гэнэ. Португал улс 3 хоногийн гашуудал зарлаад байна.

BBC: Галтай холбоотой 6 асуулт
Ikon: Говь ХК-ийн үйлдвэрт гарсан галыг бүрэн унтаарлаа

Бүтэн шөнийн турш галын эсрэг тэмцсэн чимээгүй баатруудын энэ агшин долоо хоногийн хамгийн онцлох зураг байв. Гэрэл зургийг: iToim.mn

Амазоны хамгийн том худалдан авалт

Онлайн худалдааны гигант Амазон түүхэн дэх хамгийн том худалдан авалтаа хийлээ. Тэд Америкийн худалдааны хамгийн том сүлжээ дэлгүүрүүдийн нэг Whole Foods-ийг 14 тэрбум доллараар авах гэж байгаа нь энэ юм. Ингэснээр Амазон 91 мянган ажилтан, 431 дэлгүүр бүхий томоохон сүлжээг эгнээндээ нэгтгэж байгаа гэсэн үг. Шинэ ногоо хүргэх AmazonFresh болон биет дэлгүүрийн үйлчилгээ үзүүлэгч Amazon Go-ийг нээж байсан Aмазон олон жилийн турш офлайн худалдааны салбарт нэвтрэн, хүргэлтийн үйлчилгээгээ "төгс" болгохыг хүсч байсан нь ийн биеллээ оллоо. Энэхүү наймаа зарлагдсаны дараа Амазоны хувьцаа 3 хувиар, Whole Foods-ийн хувьцаа 27 хувиар өсчээ. Харин Walmart-ийнх 6 хувиар, Kroger-ийнх 13 хувиар тус тус унасан байна. Амазоны технологи болон хэрэглэгчдийн дата Whole Foods-ийн ложистикийн сүлжээ, биет байгууламжуудтай нэгдсэнээр худалдааны салбарт нэгэн томоохон эзэнт гүрэн босч байна гэхэд хилсдэхгүй. Үүнээс гадна Whole Foods хүргэлтийн үйлчилгээний тэргүүлэх стартапуудын нэг Instacart-ийн гол түнш, хөрөнгө оруулагч нь юм. Тэд Америкийн хамгийн түүхт, үнэ цэнтэй бизнес Walmart-тай шууд өрсөлдөгч болж байгаа гэж хэлж болно. Walmart сүүлийн үед онлайн худалдааны салбарт ихээхэн анхаарал хандуулж, Jet.com тэргүүтэй хэд хэдэн стартапыг худалдаж аваад байсан билээ. Тэд энэ долоо хоногт эрэгтэйчүүдийн хувцасны онлайн брэнд Bonobos-ийг 310 сая доллараар худалдаж авснаа зарлаад байсан юм.

Quartz: Амазоны худалдан авалт тоглоомын дүрмийг хэрхэн өөрчлөх бол?
Techcrunch: Амазоны худалдан авалтын ялагчид ба ялагдагчид

Худалдааны салбарт эргэлт авчирч болох энэ наймаа Амазоныг хамгийн анхны 1 триллион долларын компани болгож чадах уу?

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Ангараг гаригийг 2023 он гэхэд "эзлэх" төлөвлөгөө бүхий 16 хуудас бичиг баримтаа Элон Маск ил болголоо. Тэрээр Ангараг руу зорчих өртгийг их сургуульд сурахаас ч хямд болгохыг хүсч байгаа гэнэ. Одоогоор 12 хүнтэй колони бүхий багийг илгээхэд нэг хүнд ноогдох зардал 10 тэрбум доллар байгааг тэрээр 200 мянган доллар болтол бууруулах боломжтой гэж үзэж байгаа гэнэ. Бизнесийн мессеж, харилцааны хэрэгсэл Slack 500 сая долларыг шинээр босгож, 5 тэрбум долларын үнэлгээтэй болоход ойрхон байна. Цахиурын хөндийн хамгийн эрэлттэй стартапуудын нэгт зүй ёсоор тооцогдох тэднийг Amazon, Microsoft тэргүүтэй акулууд шинэ үнэлгээнээс нь өмнө худалдан авах сонирхолтой байгаа талаар мэдээлэл мөн гарчээ. Сүүлийн үед хэрэглээгээрээ тэсрэлт хийж буй Хятадын дугуйн түрээсийн зах зээлд голлох байр суурь эзлэгч Mobike 600 сая долларын хөрөнгө оруулалт босголоо. Ингэснээр тэд үйл ажиллагаагаа гадаад орнуудад тэлэх боломжтой болж байгаа юм. Хятадын 100 гаруй хотод 5 сая дугуйгаараа 100 сая орчим бүртгэлтэй хэрэглэгчид үйлчилж буй Mobike Сингапур болон Манчестерт салбараа нээгээд удаагүй байгаа юм. Тэдний гол өрсөлдөгч 1 юаниар дугуй түрээслэгч Ofo 1 тэрбумын үнэлгээтэй болж, мөн Сингапурт үйлчилгээгээ нэвтрүүлээд байгаа билээ. Хэрэглэгчдийн тоогоо нэмэгдүүлэхийн тулд олон янзын арга хэрэглэж буй Твиттер үйлчилгээнийхээ дизайныг тэр чигт нь өөрчиллөө. Өнгө, айкон болон гар утасны апп-ийн бүтэц чамгүй өөрчлөгдсөнийг интернет хэрэглэгчид янз бүрээр хүлээн авч байна. Энэ оны хамгийн амжилттай IPO-уудын нэгийг хийсэн Snap-ийн хувьцааны үнэ түүнээс хойш тасралтгүй унасаар анхны санал болгосон үнэ буюу 17 доллараас буужээ.

New Space: Хүн төрөлхтнийг олон гариг эзэмшигч болгох тухай
Wired: Твиттер хэрхэн өөрчлөгдөв?

Унаж яваад хаана ч хаяж болох, утсаа ашиглаад хялбархан хэрэглэж болох дундын дугуйн үйлчилгээ Хятадыг байлдан дагуулсаар.

Спортын ертөнцийн эргэн тойронд

Хойд Америкийн хамгийн том мэргэжлийн лигүүдийн аваргуудын нэр энэ долоо хоногт тодорлоо. NBA буюу сагсан бөмбөгийн лигийн финалд тунаж үлдээд байсан бүсийн аваргуудын тулаанд Өрнөдийнхөн давамгайлж, Голден Стэйт Уарриорс сүүлийн 3 жилд 2 дахь удаагаа аваргаллаа. Тэд 8 дахь удаагаа финалд үлдсэн Леброн Жэймсийн тэргүүлсэн, өнгөрсөн жилийн аварга Кливленд Кавальерсийг 4:1-ээр илүүрхсэн нь энэ юм. Шигшээ тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор энэ зуны гол наймааны эзэн Кевин Дюрант тодорчээ. Тэгвэл NHL буюу хоккейн лигийн аваргаар Питтсбург Пингвинс 2 дахь жилдээ дараалан тодорлоо. Энэ цагийн хамгийн агуу хоккейчин гэгдэх Сидни Кросбигоор манлайлуулсан тэд багийнхаа түүхэнд анх удаа Стэнлийн цомын төлөө тоглосон Нэшвилл Предаторсийг 4:2-оор хожсон билээ. Энэ амралтын өдрүүдээр ФИФА-ийн тивийн аваргуудын цомын тэмцээн буюу "Холбоодын цом"-ын тэмцээн ОХУ-д эхэллээ. Тэмцээний нээлтийн тоглолтыг ирэх жил ДАШТ-ийг нутагтаа хүлээн авах Оросын шигшээ баг далайн орнуудын бүсийн аварга Шинэ Зеландын багтай хийж, 2:0-ээр хожжээ. Энэ тэмцээнд дэлхийн аварга Герман, Европын аварга Португал, Өмнөд Америкийн аварга Чили тэргүүтэй нийт 8 баг оролцож буй. Бокс сонирхогчдын хувьд "мөрөөдлийн" гэж хэлж болох тулаан энэ долоо хоногт зарлагдлаа. Орчин цагийн боксийн хамгийн цуут тамирчдын нэг Флойд Мэйвэдэр болон тулааны спортын хамгийн алдартай тамирчдын нэг Коннор Мкрегор нар энэ оны 8-р сарын 26-нд Лас Вегас хотноо тулалдана. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд 2-уул тус бүрдээ 100 сая фунтийг тулааны дараа олох боломжтой ажээ. Шороон хучилтат талбайн хаан гэгдэх Рафаэл Надаль үүнийгээ баталж, Францын нээлттэй тэмцээнд 10 дахь удаагаа аваргаллаа. Карьерынхаа 15 дахь их дуулгын түрүүг Швейцарийн С.Вавринкаг хожсоноор хүртсэн Надаль нэг их дуулгад 10 удаа түрүүлсэн анхны эрэгтэй теннисчин болж байгаа юм.

NBA: Голден Стэйтийн ялалтаас бидний анзаарсан 5 зүйл
SkySports: Холбоодын цомын тэмцээний өмнө мэдвэл зохих бүх зүйлс

Голден Стэйтийг сонгосноороо лигийн хамгийн "муу жаал" болсон Дюрант гол зорилгодоо эхний оролдлогоороо л хүрэв. Түүнийг зогсоох ямар ч боломжгүй байв.

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Холливудын хамгийн цуутай хосууд болох Жорж болон Амал Клүүни нар ихэр хүүхэдтэй болсон мэдээ фенүүдийг нь баярлууллаа. 56 настай жүжигчин Жорж Клүүни эхнэр Амалтайгаа 2014 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан бөгөөд охиндоо Элла, хүүдээ Александр нэрийг өгчээ. Тэгвэл үүнтэй зэрэгцэн Грэммигийн түүхэнд хамгийн олон шагналд нэр дэвшсэн амжилтыг эзэмшигч, алдарт дуучин Бэйонсе амаржиж, ихэр хүүхдүүд төрүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Гэхдээ дуучин болон түүний нөхөр, алдарт продюсер Jay Z нар албан ёсоор уг мэдээг батлаагүй байгаа. Хосууд Blue Ivy нэртэй 5 настай охинтой билээ. Өнгөрч буй бямба гарагт 75 нас хүрсэн Битлз хамтлагийн гишүүн Сир Пол Мккартни Их Британийн хатан хааны төрсөн өдрөөр Британийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг Order of Companion of Honor-ийн эзэн боллоо. Анх гардуулж эхэлснээсээ хойш 100 жил өнгөрч буй энэхүү шагналыг хатан хаан Элизабетаас ердөө 62 хүн л гардсан байдаг бөгөөд энэ жил Харри Поттерийг зохиогч Ж.К.Роулинг мөн хүртжээ. Битлз хамтлагийн гишүүн Жон Ленноны зохиосон хамгийн алдартай дуунуудын нэг Imagine шинэ хамтран зохиогчтой болсон байна. Амиа алдахаасаа өмнөхөн BBC-д өгсөн ярилцлаганд нь үндэслэн түүний эхнэр Иоко Онод уг дууг зохиогчийн эрхийг олгосон гэнэ. Бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн нөлөөтэй, хамгийн шилдэг дуунуудын нэгт тооцогдох энэ дуу 1971 онд зохиогдож байсан бөгөөд Ж.Леннон И.Оногийн уран бүтээлээс сэдэвлэж, санаа аван зохиосон хэмээн Үндэсний Хөгжмийн Зохиолчдын холбооноос үзжээ.

Variety: И.Оно Imagine-ийг хамтран бүтээснийг батламжилжээ
EW: Бейонсе ихэр хүүхэд төрүүлжээ

Өнгөрсөн зууны хамгийн нөлөөтэй дуу, Imagine, шинэ хамтран зохиогчтой боллоо. Битлзийг тараасан буруутан, Ленноныг уруу татагч гэх мэтээр И.Оног "гоочлох" хүн олон ч түүний нөлөөг ч мөн үгүйсгэх аргагүй.

Алдалгүй унших арван мэдээ


NYTimes: Францын парламентийн сонгуулиас юуг хүлээх вэ?
Politico: Танилц, тэр бол Трампын хамгийн том "хямралыг" зохицуулж буй нэгэн
CNN: Германыг нэгтгэсэн канцеллор Х.Коль таалал төгслөө
Vox: Боб Дилан Нобелийн шагнал хүлээн авахдаа "үгийн хулгай" хийсэн үү?
Polygon: 34 жилийн дараа хиймэл оюун ухаан Пакманыг ялав!
The Verge: E3-ийн хамгийн шилдэг 21 тоглоомын трэйлэр
QZ: О.Стоуны бүтээсэн "Путин"-ы баримтат киноны тухай
NHL: Голден Найтсын анхны драфтын өмнө
ABC: Билл Косбигийн хэргийн талаар мэдвэл зохих бүх зүйлс
NYTimes: Эрдэмтэд эрчүүдийн урт наслах нууцыг илрүүлжээ

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.