Номын хэсгээс

"Шинжлэх ухааны товч түүх" номын хэсгээс: Нарны системд тавтай морил

06 сарын 17, 2017


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


11126   1




"Шинжлэх ухааны товч түүх" бол шинжлэх ухааныг маш хөнгөн, ойлгомжтойгоор тайлбарласан шилмэл бүтээлүүдийн нэг билээ. Америк хүн боловч бүхий л насаараа бас л Британид амьдарсан Билл Брайсон шинжлэх ухааны хамгийн нарийн түвэгтэй асуудлыг хүүхэд ч ойлгохоор хялбарчлан тайлбарлаж өгөх төрөлхийн авъяастай нэгэн. Тэрээр энэ номдоо байгалийн шинжлэлийн бараг бүх төрлийг хамруулан дийлэнх үзэгдлийг тайлбарласны сацуу агуу эрдэмтдийн амьдрал, нээлт бүтээлээ хэрхэн хийсэн тухай сонирхолтойгоор толилуулсан учраас "Бараг бүх юмсын тухай шастир" хэмээн нэрлэжээ. Тус номыг Непко компаниас Баабар, Т.Ариунсанаа нарын орчуулгаар 2013 онд 2 ботиор орчуулан хэвлэсэн юм.

НАРНЫ СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛ

Өнөөгийн сансар судлаачид маш гайхалтай зүйлс хийж чадна. Хэрвээ хэн нэг хүн саран дээр шүдэнз зурвал тэд галыг нь олж харж чадна. Сансрын хөлгөөр бараг хагас сая жил явж байж хүрэх алс хол зайд байгаа одны өчүүхэн лугших долгионоос тухайн одны онцлог, хэмжээ, амьдарч болох эсэхийг нь тодорхойлж чадна. 1951 онд дэлхий даяараа чармайж байж сонсох байсан долгионыг ч, Карл Саганы тодорхойлсончлон “ганц цасан ширхэг газар буухдаа ялгаруулах хэмжээний” өчүүхэн энергийг ч өнөөгийн астрономичид радио телескопоо ашиглан алдалгүй барьж авах боломжтой болсон.

Товчхон хэлэхэд хүсэх л юм бол ертөнцөд сансар судлаачдад сонсож чадахгүй гэх зүйл бараг байхгүй болсон. Гэсэн ч гайхалтай нь 1978 оныг хүртэл хэн ч Дэлхийн ван гаригийг дагуул сартай гэдгийг ажиглаагүй. Тэр жилийн зун Жэймс Кристи гэдэг нэгэн астрономч залуу Аризонагийн Флагстаф дахь Лоуэлл ажиглах хүрээлэнд ажиллаж байв. Тэрээр Дэлхийн вангийн фото зургийг ажиглаж байхдаа уг гаригаас ялгаатай өөр нэгэн тодорхойгүй бүрэлзсэн зүйл олж ажигласан байна. Робэрт Харрингтон гэдэг хамтран ажиллагчтайгаа зөвлөлдөнгөө тэрээр өөрийнх нь харж байгаа зүйл нь дагуул сар байна гэдгийг мэдсэн. Энэ нь зүгээр ч нэг сар байсангүй. Гаригтай нь харьцуулбал энэ манай Нарны системийн хамгийн том сар.

Энэ нь ерөөсөө энэ Дэлхийн ван чинь ингэхэд гариг мөн үү биш үү гэсэн асуудал гаргаж ирсэн. Өмнө нь Дэлхийн ванг сарныхаа хамт явдаг тойргийг зөвхөн өөрийнх нь гэж ойлгож байжээ. Гэтэл Дэлхийн ван өмнө бодож байснаас хамаагүй жижиг болох нь тодорхой болсон. Дэлхийн ван Буд гаригаас ч жижигхэн бөгөөд Дэлхийн Сарыг оролцуулаад манай Нарны системийн долоон Сар Дэлхийн вангаас том аж.

Яагаад үүнийг одоо болтол хэн ч анзаараагүй юм гэсэн асуудал үүсэх нь ойлгомжтой. Хариулт нь сансар судлаачид дурангаа хаашаа чиглүүлж байна вэ гэдэгт л байгаа юм. Тэдний хувьд энэ бол ердөө л Дэлхийн ван байсан юм. Сансар судлаач Марк Чапман энэ талаар: “Ихэнх хүмүүс сансар судлаачдыг шөнө л ажиглах байрандаа очин тэнгэр огторгуй дуранддаг гэж боддог. Харин бодит байдал дээр ийм биш. Дэлхий дээр байгаа бараг бүх дуран тэртээ алс хол байгаа квазэр, хар нүх, алс орших галактикууд руу чиглэсэн байдаг. Тэнгэрийг бүхэлд нь дурандаж, хуулбар зураг буулган хайгуул хийж байдаг дуран бол гагцхүү цэргийнхний барьж байгуулсан багаж хэрэгсэл, тэдэнд хамаатай зүйлс байдаг” гэж хэлсэн юм.

Хүмүүс уран бүтээлч, зураачдын зурсан зургаар алс холын гаригуудыг төсөөлдөг ч бодит байдал дээр Дэлхийн вангийн зураг илүү бүрэлзсэн бүүдгэр, сансрын туяатай байдаг. Кристигийн нээлттэй холбоотой нэг сонин зүйл нь түүний байсан Флагстаффт 1930 онд Дэлхийн ванг нээсэн юм. Энэхүү давхацсан үйл явдалд астрономич Пэрсивал Лоуэлл зүй ёсоор холбогдоно. Лоуэлл Бостоны хамгийн баян айлын нэгнээс гаралтай байсан бөгөөд нэрээр нь нэрлэгдсэн алдартай ажиглах хүрээлэнг эзэмшдэг. Ангараг гариг дээрхи хөдөлмөрч ангарагчууд суваг шуудуу ухаж, ажил хийдэг гэсэн үзэл бодлоороо тэрээр олонд алдаршсан.

Лоуэллын өөр нэг тавьдаггүй үзэл нь Далайн вангаас цааш нарны системд ес дэхь гариг байна хэмээн үзэж түүнийгээ “Икс гариг” гэж нэрлэсэн. Тэнгэрийн ван, Далайн ван гаригуудын орбит дахь алдагдал гажигийг тооцоолсны үндсэн дээр тэр ийн үзэж байсан бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдийг хийнээс бүтсэн тэрхүү нууцлаг, аварга том гаригийг эрж хайхад зарцуулсан. Харамсалтай нь Лоуэлл 1916 онд гэнэт цус харван харамсалтайгаар нас нөгчсөн бөгөөд үе залгамжлагчид, хамаатнууд нь түүний хөрөнгийг булаалдсанаар гариг хайх ажил үндсэндээ бараг зогссон. 1929 онд Ангараг гариг дээрх шуудууны тухай ярианаас олны анхаарлыг өөр тийш нь хандуулахын тулд ажиглах хүрээлэнгийн удирдлага Лоуэллын таамагласан гаригийг хайх ажлыг үргэлжлүүлэхээр шийдэн Канзасаас гаралтай нэгэн залууг ажилд авсан нь Клайд Томбау гэгч.

Томбау албан ёсоор сансар судлалын мэргэжил эзэмшээгүй нэгэн. Гэсэн ч хичээнгүй, ажигч хүн тул олон жилийн уйгагүй зүтгэлийнхээ үр дүнд Дэлхийн ван гаригийг олж илрүүлж чадсан юм.

Энэ бол гайхалтай нээлт байсан ба харин Далайн вангаас цаашаа гариг байгаа гэсэн Лоуэллын тооцоо нь алдаатай байсан. Яагаад энэ хийн гариг Лоуэллын таамаглаж байсан шиг асар том биш байсныг Томбау ойлгосон. Энэ бол америкчуудын хийсэн анхны нээлт байсан тул тэр нь тэртээ алсад байгаа жижигхэн мөстсөн цэг байх нь хамаагүй байлаа. Энэ гаригийг Дэлхийн ван гэж нэрлэсэн, ядаж л эхний хоёр үсэг нь Лоуэллын нэрний эхний үсгүүдтэй таарчээ. Хүмүүс Томбаугийн тухай бараг мартсан ч сансар судлаачид харин түүний гавъяа зүтгэлийг бишрэн шагшсаар ирсэн юм.

Үүнээс хойш зөвхөн цөөхөн сансар судлаачид л Дэлхийн вангаас цааш арав дахь гариг байгаа, тэр нь Бархасвадийн дайны том байх ёстой, гэсэн ч нарны гэрэл түүнд бараг хүрж тусахгүй байгаа тул бидэнд бараг харагдахгүй байгаа гэж таамаглан Икс гариг хэмээн нэрлэн түүнийг хайж байв. Энэ гариг 4,5 ихнаяд км зайтай асар хол байх учраас Бархасвадь, Санчир мэтийн гаригаас хамаагүй өөр байх болно. Сансарт байгаа ихэнх оддын систем бинар буюу хос нартай байдаг, харин манай Нарны систем ганц одтой байгаа нь бага зэргийн өөр, өвөрмөц онцлог юм.
Дэлхийн вангийн тухайд гэвэл хэн ч түүнийг хэр зэрэг том бэ гэдгийг болон юунаас бүрэлдсэн, агаар мандал нь ямархуу вэ гэдгийг мэдэхгүй.

Олон сансар судлаач Дэлхийн ванг гариг биш харин Куйперын бүс хэмээн нэрлэгдсэн галактикийн хэлтэрхийнүүдийн бүсээс олдсон хамгийн том нэгэн обьект гэж үздэг. Куйперын бүсийн талаар анх Ф.С.Леонард 1930 онд таамаглан онол дэвшүүлсэн ч энэхүү санааг нь цааш нь өргөжүүлсэн Америкт ажиллаж байсан Дани судлаач Жерард Куйперын дурсгалд зориулж тийн нэрлэжээ. Куйперын бүс гэдэг нь тодорхой хэмнэлээр тохиолддог богино давтамжтай солируудын эх сурвалж юм. Тэрэн дундаас хамгийн их олонд алдаршсан биет нь Халлэйн сүүлт од юм. Илүү урт давтамжтай биетүүд нь илүү холын Оортын үүлнээс гаралтай байдаг. Тэндээс ирсэн сүүлийн үеийн зочид гэвэл Hale-Bopp, Hyakutake нарыг нэрлэж болох юм.

Дэлхийн ван бусад гаригтай огтхон ч төстэй биш. Зөвхөн жижиг, сүүмгэр төдий гэдгээс гадна Дэлхийн вангийн хөдөлгөөн хувьсамтгай тул зуун жилийн дараа хаана ч цохиж явж мэднэ, хэн ч итгэлтэй хэлж чадахгүй. Бусад гаригийн орбит их бага ямар ч болов тогтмол нэг хэвийн байдаг бол Дэлхийн вангийн орбит 17 хэмийн өнцгөөр хазайн мушгирсан байдаг. Яг л далий тавьсан малгайг хуруун дээрээ эргэлдүүлж буй мэт. Орбит нь тогтмол биш учраас Дэлхийн ван Нарыг тойрох үедээ зарим үед наашаа ихэд ойртож Далайн вангийн наана хүртэл гарч ирдэг. 1980-1990 оны хооронд үнэндээ Далайн ван Нарны системийн хамгийн гадна талд байсан юм. 1999 оны 2 сарын 11-нд л Дэлхийн ван буцаж хамгийн гадна талын тойрог дээр гарсан ба тэр зам дээрээ дахин 228 жилийн турш байх болно.

Дэлхийн ван үнэхээр өвөрмөц. Энэ гариг маш өчүүхэн, жин нь Дэлхийн жингийн ердөө л ганц хувьтай тэнцэнэ. Хэрвээ Дэлхийн ванг АНУ-ын дээр тавьлаа гэж бодоход 48 мужийн талыг ч бүрэн халхалж чадахгүй. Дараах харьцуулалт энэ гариг хачин гэдгийг хангалттай илэрхийлнэ. Юу гэвэл манай Нарны системийн дотоод дөрвөн гариг нь чулуурхаг, гадна талын дөрвөн гариг нь хийн бөгөөд асар том хэмжээтэй. Харин түүний дараа жижигхэн мөстсөн гариг Дэлхийн ван байгаа. Тиймээс үүний гадна, бүр асар том хэмжээтэй мөсөн гариг байж болох юм гэж таамаглах бүрэн үндэс төрөх болно. Тэгтэл тэр мөчид асуудал гарч ирсэн юм. Кристи Дэлхийн вангийн дагуул сарыг олж харсны дараа сансар судлаачид огторгуйн энэ хэсгийг илүү анхааралтай дурандаж эхэлцгээсэн ба 2002 оны 12 сар гэхэд тэд 600 гаруй Транс-Далайн вангийн биет буюу өөрсдийнх нь нэрлэдгээр Плутиносыг илрүүлсэн. Варуна хэмээн нэрлэгдсэн нэг нь хэмжээгээрээ бараг Дэлхийн вантай ойролцоо. Одоо сансар судлаачид ийм обьект тэрбумаараа байж магад гэж итгэцгээж байна. Мэдээж тэдгээр нь яг л нүүрс шиг, гэрэл ойлголт нь 4% бөгөөд эдгээр хэлтэрхийнүүд 6 тэрбум километрийн цаана байгаа.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.