Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   06 сарын 11, 2017

7 хоногийн тойм: Коми, Корбин, Катар + Expo, E3, EA + Amazon, Apple, AOL

FBI-ийн экс даргын сонсгол ямар үр дагавар дагуулах бол?

Дэлхий дахинд

Дэлхийн өнцөг булан бүрээс 3500 гаруй залуучууд Улаанбаатарт цугларсан, анхны шөнийн гудамж нээгдсэн, шинэ сайдтай болсон энэ долоо хоногт дэлхий дахинд олон анхаарууштай үйл явдал болж өнгөрлөө. Хамгийн эхэнд Британид болсон парламентийн ээлжит бус сонгуулийг онцолъё. Ерөнхий сайд Тереза Мэй 4-р сарын 18-нд ард түмэндээ хандан хийсэн мэдэгдэлдээ "Европын холбооноос гарах хэлцлийг өөрийн талд илүү ашигтайгаар" хийхэд парламент дахь хуваагдал саад болж буй тул түүнд илүү их эрх мэдэл хэрэгтэй байгааг онцлон, сонгуулиа зарласан. Тухайн үед засгийн газраа дангаараа барьж байсан Консерватив нам энэ удаад "их санасан газар" гэгчээр суудал нэмж авч чадалгүй, бүр 16 суудал алдлаа. Гэхдээ Консервативчууд олонх болсон учир өөр намуудтай хамтарсан засгийн газар байгуулснаар мэтгэлцээнээс татгалзаж, ахмад настнуудаас татвар авахаа мэдэгдэж ард түмнийхээ "дургүйцлийг" хүргэсэн Т.Мэйн ерөнхий сайдын суудлыг хадгалж үлдэх өндөр магадлалтай. Гэвч Европын холбоонд тавьж байсан хатуу шаардлагуудаа зөөлрүүлж, 10 хүрэхгүй хоногийн дараа эхлэх хэлэлцээрт буулт хийх шаардлага түүнд тулгарч байна. Хөдөлмөрийн намын лидер Жереми Корбин залуу сонгогчдын саналыг өөртөө цуглуулсны ачаар 30 гаруй суудлыг нэмж намдаа авчирч, хүчтэй сөрөг хүчнийг бүрдүүлж чадлаа. 2015 оны сонгуультай харьцуулахад 18-24 насны залуу сонгогчдын ирц 29 хувиар өсөж, 72 хувьд хүрсэн нь үндсэндээ сонгуулийг шийдлээ гэж шинжээчид үзэж байна. Ойрх Дорнодын хамгийн том 2 хүч Саудын Араб болон Катарын хоорондын маргаан улам даамжирч, бүсийн хэмжээнд хүртлээ ширүүслээ. Террористуудыг санхүүгээр дэмждэг гэсэн үндэслэлээр Саудын Араб болон АНЭУ, Египт, Бахрайн, Йемен тэргүүтэй 10 гаруй улс Катараас дипломат харилцаагаа таслан, хилээ хаажээ. Катарын тал үүнийг эрс үгүйсгэж, хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байгаагаа мэдэгдээд байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой шуугиан үргэлжилсээр. Энэ удаад түүний "гэнэт" ажлаас нь халсан Холбооны Мөрдөх Товчооны экс дарга Жэймс Коми сенатын өмнө олон нийтэд нээлттэй сонсгол хийлээ. Тэрээр ерөнхийлөгчтэй 9 удаа ганцаарчлан хийсэн уулзалтынх нь тэмдэглэл бүгд байгааг онцлон, хэвлэлийнхэнд найзаараа дамжуулан тухайн тэмдэглэлээ тараасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Үүнээс гадна тэрээр Трамп өөрийг нь экс зөвлөх М.Флиннийг Оросын талтай холбогдсон байж болзошгүй гэх хэргийг хаахыг хүссэн, өөрийнх нь үнэнч байдалд асуулга тавьсан зэргийг ил болгожээ. Түүний сонсгол интернет ертөнцийг доргиож, зурагтаар 20 сая хүн шууд үзжээ.

Vox: Их Британийн сонгуулийн ялагчид ба ялагдагчид
CNN: Комигийн сонсголын дараа бидний мэдэх бүх зүйлс

Т.Мэйгийн "бүтэлгүйтэл" Британийг хаашаа хөтлөх бол?

WWDC-ийн эргэн тойронд

Apple-аас хөгжүүлэгчдэдээ зориулан жил бүр зохион байгуулдаг Apple Worldwide Developers Conference буюу WWDC өнгөрч буй долоо хоногт явагдлаа. Олны таамаглаж байсанчлан тэд үйлдлийн системийн шинэчлэлүүд, VR технологи хөгжүүлэх хүчин чадал бүхий төхөөрөмжүүд болон бусад шинэ төслүүдээ танилцуулсан юм. Apple шинэ үйлдлийн систем буюу iOS 11-ээ зарлаж, App Store-ийн дизайнаа тэр чигт нь өөрчилснөө мэдэгдсэн. Тэд AR технологи хөгжүүлэгчдэд зориулсан шинэ платформ ARKit-ээ мөн нээлттэй болгосон бөгөөд хувийн туслах Siri-г орчуулга хийдэг, олон эх сурвалжаас мэдээлэл татдаг болгон улам "ухаантай" болгосноо онцлов. Үүнээс гадна Siri дээр суурилсан гэрийн дуу өсгөгч HomePod-ийг танилцуулсан нь ихээхэн сонирхолтой байв. Сүүлийн үед зах зээл дээр хүчтэй гарч ирж буй Amazon Echo, Google Home-той өрсөлдөх HomePod нь таны дуртай дууг санал болгож, гэрийн бусад ухаалаг төхөөрөмжүүдээ дуу хоолойгоороо удирдах боломж олгоно. Apple-ийн эзэмшдэг Beats-ийн дуугаралттай, Siri туслахтай HomePod 349 доллараар зарагдах юм. Тэд 21 инчийн, илүү хүчтэй, 1 тэрбум өнгө ялгах чадвартай iMac-ийн бүтээлч салбарынханд зориулсан шинэ загвар iMac Pro-г мөн танилцуулав. Тэрчлэн Macbook, iPad-ийн шинэ загваруудыг зарласнаас гадна Mac-ийн шинэ үйлдлийн систем MacOS High Sierra-г олон нийтэд дэлгэв. Энэ үеэр Apple-ийн жил болгон нэрлэдэг Apple Design Award буюу хамгийн шилдэг дизайнтай апп-уудын нэрс тодорхой болсон. Хийх ажлын жагсаалтаа хөтлөхөд зориулсан Things, Mac хэрэглэгчдийн хамгийн дуртай мэйл апп Airmail тэргүүтэй 12 апп шилдгээр нэрлэгджээ.

Mashable: WWDC-ээр танилцуулагдсан бүх зүйлс
Apple: Энэ жилийн шилдэг апп-уудтай танилц!

Т.Күүк Apple-ийг ахин инновацилаг компани болгохыг хүсэж байна.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Жил гаруй турш үргэлжилсэн хэлэлцээрийн эцэст интернетийн хамгийн том брэндүүдийн нэг Yahoo-ийн хувьцаа эзэмшигчид гол бизнесүүдээ Америкийн үүрэн телефоны томоохон операторуудын нэг Verizon-д зарахыг зөвшөөрлөө. Хэрэглэгчдийн датагаа алдсаны улмаас бараг хагас тэрбум долларыг хасуулсан ч Yahoo-ийн үндсэн интернет бизнес 4.48 тэрбумаар үнэлэгдэж байгаа нь энэ. Гэхдээ тэд заралгүй хадгалж үлдсэн Yahoo Japan болон Алибабагийн 15 хувийг эзэмших бизнесээ Altaba болгон нэрийг нь өөрчилсөн юм. Харин Verizon өөрсдийн эзэмшдэг AOL-тэй Yahoo-г нэгтгэн, 2000 гаруй ажилтныг халж байгаагаа зарлажээ. Хөгжмийн стриминг үйлчилгээ үзүүлэгч Pandora 480 сая долларын шинэ хөрөнгө оруулалт татаж байгаагаа зарлалаа. Сүүлийн үед лицензийн асуудалтай тулгаран ирээдүй нь тодорхойгүй нөхцөл байдалд буй тэд 2015 оны 10-р сард 450 сая доллараар худалдаж авч байсан хөгжмийн тоглолтын тасалбар борлуулагч Ticketfly-аа Eventbrite-д 200 сая доллараар заржээ. Японы Softbank Google-ийн робот хөгжүүлэгч стартапууд болох Boston Dynamics болон Schaft-ийг худалдаж авч байгаагаа зарлалаа. Boston Dynamics-ийн хувьд нохой хэлбэртэй роботын загвараа танилцуулж байснаараа олонд алдаршсан билээ. Өнгөрсөн долоо хоногт шинэ утаснуудаа танилцуулсан Андройдыг бүтээгч А.Рубины стартап Essential 300 сая долларын хөрөнгө оруулалтыг шинээр татсан байна. Ингэснээр тэд 1 тэрбумын үнэлгээтэй болж байгаа нь энэ юм. Тэрчлэн гэр ахуйн интерьер дизайны шийдэл санал болгогч Houzz 400 сая доллар татаж, 4 тэрбумын үнэлгээтэй болсон бол удахгүй IPO хийж магадгүй гэгдэж буй Pinterest 150 сая доллар босгосноор 12.5 тэрбумаар үнэлэгдэх боллоо. Шинэ хөрөнгө таталтуудаар дүүрэн өнгөрч буй долоо хоног технологийн гигантуудад халгаатай болж өнгөрлөө. Goldman Sachs-ийн нэр хүндтэй аналистуудын нэгийн бичсэн нийтлэлээс болж Apple, Facebook, Amazon, Alphabet, Microsoft гэсэн топ 5 бизнесийн үнэлгээ даруй 2 хувиар унасан байна. Шинэ мянганы эхэнд задарсан "технологийн салбарын хөөс"-тэй ижил нөхцөл байдал буюу хэт өндрөөр үнэлэгдсэн хэрнээ хангалттай орлого олж чадахгүй байгаа талаар бичсэн энэхүү нийтлэлийн улмаас зөвхөн Амазоны үнэлгээ 30 тэрбумаар буурч, үүсгэн байгуулагч Ж.Бэйзос нь 2.6 тэрбум долларыг алджээ.

Boston Dynamics-ийн дараагийн үеийн роботуудыг Google хэт зардалтай гэж үзэв

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

1856 оноос эхлэлтэй дэлхийн экспо анх удаа төв Азид, Казахстаны Астана хотноо нээлтээ хийлээ. "Ирээдүйн эрчим хүч" сэдвийн дор явагдаж буй дэлхийн хамгийн том экспод улс орнууд өөр өөрсдийн онцлогийг харуулсан үзэсгэлэнгээ дэлгэж, дэлхийн хамгийн том компаниуд шинэ бүтээгдэхүүн, шинэ технологио танилцуулдаг. 5 жилийн өмнө энэ экспог зохион байгуулах эрхээ авснаас хойш асар их бэлтгэж, 3 тэрбум долларын бүтээн байгуулалт хийсэн Астана хотноо 110 гаруй улс, 10 гаруй компани 3 сарын турш үзүүлэнгээ дэлгэж, 3 сая гаруй хүн зочлох болно. Өчигдөр болсон нээлтийн ажиллагаанд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын төрийн тэргүүдийн зөвлөлийн хуралд оролцсон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жинпин, Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар байлцжээ. Лос Анжелес хотноо видео тоглоомын зах зээлийн хамгийн том цугларалт Electronic Entertainment Expo буюу E3 нээлтээ хийлээ. 1995 оноос хойш явагддаг энэхүү арга хэмжээнд дэлхийн шилдэг видео тоглоом бүтээгчид, төхөөрөмж үйлдвэрлэгчид цугларан шинэ бүтээгдэхүүнүүдээ зарладаг уламжлалтай. Нээлтийн өдөр танилцуулга хийсэн Electronic Arts удахгүй гаргах Fifa 18, Madden 18 болон Star Wars Battlefront II, Need For Speed зэрэг цуврал тоглоомуудынхаа шинэ хувилбаруудаас гадна A Way Out, Anthem гэсэн шинэ тоглоомоо зарлажээ. Энэ жилийн E3 6-р сарын 15 хүртэл явагдах бөгөөд 50 мянга гаруй үзэгчид оролцох төлөвтэй байна.

Forbes: Экспо 2017-г зохион байгуулах нь Казахстанд ямар ач холбогдолтой вэ?
Techcrunch: EA-ийн зарласан шинэ тоглоомууд

Астана Экспогийн нээлт сүр жавхаагаараа дэлхийг алмайруулав.

Спортын ертөнцийн эргэн тойронд

Энэ долоо хоногт хуралдсан ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар 2020 оны Токиогийн олимпийн наадмын хөтөлбөрийг албан ёсоор баталлаа. ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бахын баримталж буй бодлогод багтсан хүйсийн тэгш байдлыг хангах зорилгын хүрээнд бокс, хүндийг өргөлт зэрэг спортын эрэгтэйчүүдийн зарим жинг эмэгтэйчүүд рүү шилжүүлж, жүдо, байт харваа, триатлон зэрэг спортуудад багийн болон холимог хосын төрлийг шинээр нэмсэн байна. Мөн залуучуудыг илүү татах үүднээс сагсан бөмбөгийн 3х3 төрөл болон бартаат замын дугуйн шинэ төрлүүдийг тус тус нэмжээ. Мөн допингийн асуудлын улмаас уналтын байдалд ороод буй хүндийг өргөлтийн спортод анхааруулга өгөн, хямралаа давах тодорхой шийдлийг санал болгох эцсийн хугацааг тодорхойлсон байна. Токио 2020-д карате, спорт авиралт, серфинг, скэйтборд, бэйсбол/софтболл гэсэн 5 шинэ спорт нэмэгдэж байгаа бөгөөд нийт тамирчдын 48.9 хувь нь эмэгтэйчүүд байх нь түүхэн дээд үзүүлэлт болох ажээ. Энэ жил явагдаж буй 2 дахь их дуулгын тэмцээн болох Ролан Гарросын эмэгтэйчүүдийн төрлийн аваргын нэр тодорлоо. 20 настай Латвийн теннисчин Элена Остапенко чансааны 3-т эрэмбэлэгдсэн Румыний Симоне Халепийг хожсоноор ялагч боллоо. 1933 оноос хойш аваргалсан анхны тэмцээний чансаагүй теннисчин болсон тэрээр карьертаа анх удаа тэмцээнд түрүүлж байгаа нь энэ юм. Карьерын анхны түрүүгээ их дуулгаас хүртсэн түүнээс өмнөх хамгийн сүүлийн теннисчин нь Бразилын Густаво Куэртэн байсан бөгөөд Остапенкогийн мэндэлсэн өдөр тэрээр Ролан Гарросд аваргалж байсан нь сонирхолтой. Эрэгтэйчүүдийн төрлийн финалд 9 удаагийн аварга Р.Надаль болон Швейцарийн С.Вавринка нар тунаж үлдээд байгаа юм. NHL-ийн шигшээ буюу Стэнлийн цомын төлөөх өрсөлдөөн ид ширүүн өрнөж байна. Өөр өөрсдийн талбайд авсан ялалтуудын дараагаар өнгөрсөн жилийн аварга Питтсбург Пингвинс Нэшвилл Прэдаторсийг 3:2-оор хошуучилж байна. NBA-ийн финалд Леброн Жэймс ба түүний нөхөд талбайдаа чухал ялалт авснаар цувралын харьцааг 3:1 болгон ойртууллаа. Голден Стэйт түүхэн дэх анхны ялагдалгүйгээр аварга авсан баг болох боломжоо алдсан нь энэ юм.

IOC: Токио 2020-ийн хөтөлбөр эцэслэн батлагдлаа
NYTimes: Шинэ од Роллан Гарросоос мэндэллээ

Танилц, теннисийн ертөнцийн шинэ од Э.Остапенко!

Бонус: Алдалгүй унших арван мэдээ

Nikkei: Япон эзэн хаанаа чөлөөлөх түүхэн хууль баталлаа
Al Jazeera: Ливийн экс удирдагч Гаддафигийн хүү Сайф шоронгоос суллагдлаа
Time: Apple-ийн CEO Т.Күүкийн MIT-ийн төгсөлтийн баяр дээр хэлсэн үг
BBC: Одон орончид нар шиг халуун "тамын" гарагийг нээжээ
Vox: Хомо Сапиенсийн түүх 100 мянган жилээр урагшлав
Reuters: Йеменд холер өвчин гарч, 100 мянган хүнд халдав
Mashable: Фэйсбүүк LGBT сард зориулан шинэ реакц гаргалаа
TheNextWeb: IKEA NASA-тай хамтран тавилга бүтээнэ
Techcrunch: Apple бизнес чат танилцууллаа
IKON: Танилц, гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн харьцуулалт

17999   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.