Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   06 сарын 09, 2017

Энэ зуны залууст чиглэсэн хамгийн сонирхолтой 4 хөтөлбөр

Шалгалт шүүлгийхээ ард гарч, албаа амжилттай давсан залуу хүн та зуны амралтаа яажшуухан өнгөрөөхөөр зэхэж байна вэ? Энэ зун та ямар чадвараа хөгжүүлж, хэрхэн өөрийгөө хөгжүүлэхээ шийдэж амжсан уу? Unread энэ зун явагдах залууст зориулсан хөтөлбөрүүдээс хамгийн сонирхолтой дөрвийг нь онцолж байна. Зарим хөтөлбөрүүд нь одоог хүртэл бүртгэсээр байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэлтэй нь танилцаж, өөрийгөө сориод үзээрэй. 

Best University Opportunity Program

Бид өмнө нь "Номын тойм" буландаа онцолж байсан "Америкийн шилдэг их, дээд сургуулиудад суралцах нь" номоороо дамжуулан тус оронд суралцахыг хүссэн залууст чухал мэдээллүүдийг багцлан хүргэсэн Америк дахь Монгол Оюутны Холбооноос жил бүр Best University Opportunity Program-ийг зохион байгуулдаг билээ. 7 дахь жилдээ явагдах гэж буй энэхүү хөтөлбөр удахгүй 6-р сарын 26-ны өдрөөс эхлэн 7-р сарын 28-ны өдөр хүртэл нийт 4 долоо хоногийн турш зохион байгуулагдах бөгөөд АНУ-д суралцахыг хүсэж байгаа залууст өгөх ёстой шалгалтууд болон өргөдлөө гаргахад нь бэлдэх зорилготой юм.

Сонирхуулахад энэ сарын 11-нд зохион байгуулагчид зуны сургалтынхаа талаар мэдээлэл олгох өдөрлөгийг зохион байгуулах гэнэ. Өдөрлөг дээр ирснээр та АНУ-д суралцахын давуу тал, хэрхэн сургуулиа зөв сонгох, өргөдлөө хэрхэн явуулах, ямар ямар тэтгэлэгт хамрагдаж болохоос эхлээд оюутны хотхон дахь амьдрал хэрхэн өрнөдөг талаар цогц мэдээлэлтэй болох юм. Мөн өдөрлөг дээрээс тус хөтөлбөрийн төгсөгч, багшлагч, Америкийн шилдэг их дээд сургуулиудад суралцдаг оюутнуудаас хүссэн асуултаа асуух боломжтой.

Зохион байгуулагч: Америк дахь Монгол Оюутны Холбоо
Дэлгэрэнгүйг: Фэйсбүүк хуудас

GAP хөтөлбөр

Сүүлийн жилүүдэд залуусын дунд ажиглагдах болсон "gap year" буюу их сургуульд орохын өмнө их завсарлага авахыг хүссэн залууст зориулсан GAP хөтөлбөрийг бид онцолж байна. Ахлах ангиа төгссөн залууст өөрийгөө хөгжүүлэх, өөрийн сонирхсон чиглэлийг олох, илүү туршлагажих боломж олгох энэ төрлийн хөтөлбөр Монголд анх удаа хэрэгжиж буй. Томүжин академийн хамт олон яг ижил замаар дамжин топ сургуулиудад элсэн орж чадсан сургагч багш нарын тусламжтайгаар академик болон академик бус сургалтуудыг явуулах юм.

Америкийн их сургуулиудад ороход зөвхөн академик чадвараас гадна идэвх санаачилга, зан чанар, хүсэл эрмэлзлээ хангалттай харуулах ёстой. Тэгвэл эдгээр чадваруудыг суулгахад туслах дадлагын хөтөлбөр, сайн дурын ажлууд, хувь хүний хөгжлийн семинарууд, багийн төслүүдэд оролцогчид хамрагдана. Мөн академик чадвараа хөгжүүлэх төрөл бүрийн сургалтууд явагдах юм. Энэхүү хөтөлбөрийг манай сайтын онцолж байсан Томүжин академи болон Монгол дахь Америкийн Их Сургуулиас хамтран зохион байгуулж байгаа ажээ.

Зохион байгуулагч: Томүжин академи & Монгол дахь Америкийн Их Сургууль
Дэлгэрэнгүйг: Танилцуулга хуудас

Тогтвортой хөгжлийн залуу манлайлагчийн хөтөлбөр

2030 он хүртэл хүн төрөлхтний гүйцэтгэн хэрэгжүүлэх учиртай "гэрийн даалгавар" буюу "Тогтвортой хөгжлийн зорилтууд"-ыг НҮБ-аас тодорхойлсон. Тэгвэл тус зорилтуудыг олон нийтэд таниулах, хэрэгжүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий "Тогтвортой Хөгжлийн Залуу Манлайлагч"-ийн хөтөлбөрийг Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэгээс хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид тогтвортой хөгжлийн талаар мэдлэг олгох сургалтуудад хамрагдаж, салбарын манлайлагч эрхмүүдтэй уулзан, туршлагаас нь хуваалцахаас гадна багт хуваагдан төсөл хэрэгжүүлэх боломжтой болох юм. 9-р сарын 1 хүртэл явагдах энэхүү хөтөлбөрийн төгсгөлд хамгийн шилдэг төслийг шалгаруулан 3 сая төгрөгөөр урамшуулах ажээ.

Зохион байгуулагч: Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэг
Дэлгэрэнгүйг: Фэйсбүүк хуудас

Mongolian Young Scholars Program

Зориг сангаас хэрэгжүүлдэг нийгэмд чиглэсэн олон сонирхолтой хөтөлбөрийн нэг бол Mongolian Young Scholars Program юм. Энэхүү хөтөлбөр нь гадаадад суралцах хүсэлтэй сурагчдад зориулсан бөгөөд долоо хоногийн турш вакумжуулсан орчинд буюу зусланд явагддагаараа онцлогтой. Ахлах ангийн 30 сурагч эдгээр өдрүүдэд зөвхөн англиар харилцах ёстой ба сургуульд элсэх, мэргэжил сонгох, сайн дурын ажил хийх зэрэг олон чиглэлээр сургалт, лекцүүд ордог.

Энэ жилийн хувьд Харвард, Стэнфорд, Йэл зэрэг дэлхийд тэргүүлэх сургуулиудаас 6 оюутан багш ирэх бөгөөд эдгээрийн гурав нь тус хөтөлбөрийн сурагч байсан, төгсөгч гэдгээрээ онцлог. Сонирхуулахад, энэ жилийн лекцийн хөтөлбөр дунд хиймэл оюун ухаан, ёс суртахуун зэрэг сэдвүүд багтсан аж.

Зохион байгуулагч: Зориг сан
Дэлгэрэнгүйг: Фэйсбүүк хуудас

48417   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.