Онцлох Бизнес

Онцлох бизнес: what3words - Монголд хаягжилтын асуудал шийдэгдэв

06 сарын 12, 2017


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


16553   4




Өмнө нь манай сайтад нэг бус удаа дурдагдаж байсан what3words-ийг бид өнөөдөр "Онцлох бизнес" булангаараа бүр дэлгэрэнгүй танилцуулж байна. Апп-аар дамжуулан ямар ч хаягийг 3 үгийн хослолоор "зугаатайгаар" оноон нэрлэх Британийн энэ стартап Монголд анхны төлөөлөгчийн газраа нээсэн нь тохиолдол биш. Яагаад гэвэл манай хаягжилтын систем сайн хөгжөөгүйгээс бид "Энэ барилгын баруун талд, тэрний хойно" хэмээн нэг нэгнээ ололцох гэж хэдэн секундыг илүү зарцуулж, нэлээд юм болдог. Хүн бүхний алдаж буй энэ жижиг хугацааг нийт хүн амаар тооцвол Монгол улс хоногт хэдэн цагийг дэмий үрж байдаг бол? Ийм нөхцөлд what3words Монголд хаягжилтын асуудлыг технологийн тусламжтай шийдэж, иргэдийн амьдралыг хөнгөвчлөн, бизнесүүдийн үр ашгийг нэмэгдүүлж байна.

Бизнесийн нэр: what3words
Хаяг: ///цэнэг.эрдэмтэй.өнгөлөх, ///powerful.gains.animates
Үйл ажиллагааны чиглэл: Хаягжилтын систем
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2013 оны 3 сар
Үүсгэн байгуулагч: Крис Шэлдрик
Ажилтны тоо: Нийт 38, Монголд 3 (мөн 100 орчим гэрээт хэл шинжээчидтэй хамтран ажилладаг)
Вэб: what3words.com

What3words-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал М.Уянга

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Байршлыг 3 үгээр хялбархан нэрлэж хүссэн газраа асуудалгүй олж очих боломжийг анх манай үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Крис Шэлдрик хэмээх эрхэм анх олсон юм. Хөгжмийн концерт зохион байгуулдаг ажил хийдэг байсан Крис хамтлагийн гишүүдээ нэг цэгт, тохирсон цагтаа цуглуулахад их хэцүү байдаг байсан юм билээ. Ингээд хаягжилтыг хамгийн хялбараар GPS-ийн урт бөгөөд түвэгтэй тоог өдөр тутам ашиглахгүйгээр хүссэн газраа хүрч болох шийдэл хайж, математикч найзтайгаа хамтран ердөө 3 үгээр ямар ч газрыг хаяглаж дөнгөдөг систем бодож олсон байгаа юм. Бүх дэлхийг 3х3 метр буюу 9 м.кв-аар 57 триллион дөрвөлжинд хувааж, тэдгээрийгээ дахин давтагдаагүй 3 үгийн хослолоор ялган нэрлэсэн энэ технологи сүүлийн жилүүдэд Британиас төрөн гарсан хамгийн онцлох стартап-д тооцогдож байгаа. Одоогоор 3 үгт хаягжилтын системийг нийт 170 гаруй улс оронд 14 хэл дээр ашиглаж байна. Монгол улсын хувьд what3words-ийн албан ёсны төлөөлөгчийн газраа нээхээр ажиллаж буй хамгийн анхны улс болж байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл Монгол улс what3words-ийн албан ёсны төлөөлөгчийн газартай болох гэж буй дараагийн 5 улсыг түүчээлэн явж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Анх 3 найз what3words-ийг үүсгэн байгуулахдаа тал талаас хуримтлалаа үүсгээд эхлүүлсэн байдаг. Яваандаа их шинэлэг, инновацилаг санаа учраас Intel Capital, Deutsche Bahn, Horizons Ventures зэрэг томоохон фирмүүдээс хөрөнгө оруулалт хийсэн.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Манай технологийн хувьд what3words гэсэн үндсэн апп-аас гадна зөвхөн Монгол улсад зориулан what3words Mongolia гэсэн тусдаа апп-ийг бий болгосон. what3words апп-ийг ашиглан утасны сүлжээ, интернэттэй байгаагаас үл хамааран өөрийн байгаа газрын хаягийг 3 үгээр, дахин давтагдахгүйгээр нэрлэх боломжийг олгож байгаа нь хамгийн том давуу тал юм. Өөрөөр хэлбэл та манай апп-ийг татаж авсан тохиолдолд офлайн горимд ямар ч асуудалгүй ажиллана. Дэлхийг 57 триллион 3х3 метр квадратад хувааж тус бүрт нь “хөгжилтэй” 3 үгийг алгоритмын аргаар оноож өгсөн нь мөн шинэлэг. Одоо жишээ нь бидний сууж байгаа энэ газар л гэхэд монголоор бол ///боодол.жуулчид.нийлэх, харин англиар ///blackouts.fishery.palace гэсэн хаягтай байна.

3 үгт хаягийн бас нэг давуу тал нь Монгол эсвэл бусад хэл дээрх 3 үгт хаяг нь нэг нэгнийхээ орчуулга биш болохоор та дэлхийн аль ч хэсэгт явж байсан өөрийн байршлыг Монгол хэлээр 3 үгээр илэрхийлэх боломжтой юм. Манай технологи дэлхийн гадаргууг бүхэлд нь 3 үгт хаягаар хаягжуулахад нийт Англи хэлнээс 40 мянган үг, Монгол хэлнээс 25 мянган үгийг ашигласан. 3 үгт хаягаа цээжлэх, ашиглахад хялбар болгох үүднээс бид хүн ам ихтэй, хотын төвийн газруудыг аль болох богино үгээр, хөдөө хээр газруудын байршлыг урт үгээр хаягжуулсан байгаа.

Энэ системийг бид хэрэглэгчдэдээ ямар ч үнэ төлбөргүйгээр зөвхөн апп-аа татаж аваад ашиглах боломжийг олгож байгаагаараа давуу талтай. Бизнесийн байгууллагуудын хувьд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээс хамааран мэдээлэл технологийн түвшинд холболт хийснээс бусад тохиолдолд мөн үнэгүй ашиглах бүрэн боломжтойг дурдах нь зүйтэй болов уу. Хамгийн ойрын жишээ бол манай what3words Mongolia апп-ийг татаж авсан л бол лагерьт гэртээ хүн урих тохиолдолд 3 үгт хаягаа хэлэхэд л нөгөө хүн офлайн горимд интернетийн ямар ч шаардлагагүйгээр олж очих боломжтой болж байгаа юм. Үүнтэй яг ижилээр хоол хүргэлт эсвэл бусад хүргэлтийн үйлчилгээний хувьд жолооч нь 3 үгт хаяг ашиглан лагерьт байгаа үйлчлүүлэгчээ төөрч будилахгүйгээр олон дахин залгаж хаяг заалгах шаардлагагүйгээр олоод очих боломжтой. Апп-аасаа тухайн газрынхаа 3 үгт хаягаа мессеж, фэйсбүүк, твиттер гээд л төрөл бүрийн сувгаар бусадтай хялбар хуваалцдаг нь амар. Хамгийн ойрын жишээ бол удахгүй болох наадмын өдрүүдэд Хүй 7 худгийг зорихдоо нэг нэгнийгээ яаж олох вэ гэж санаа зоволтгүй. Мөн апп дээр бүртгүүлж орвол хайлтын түүхээ үзэж болдог болох гэж байгаа нь таны амьдралыг бүр л хялбарчилна.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Манай компанийн гол зорилго бол хаягжилтыг илэрхийлэх олон улсын стандарт болох явдал. Тэгэхээр улс бүхэнд стандарт болохоор ажиллана гэсэн үг. Энд гэхдээ нэг тодруулга хийхэд 3 үгт хаягжилтыг нэвтрүүлнэ гэдэг нь хуучин хэрэглэдэг хаягаа хаяна гээнэ, орлоно гэсэн үг биш, хамтад нь хэрэглээд хуучин хаягаа илүү сайжруулж байна гэсэн үг юм. Соёлын Төв Өргөөний хойно, Хас банкны зүүн талд гэж тайлбарладаг явдлыг нь багасгаж цаг хэмнэн, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа юм.

Ойрын зорилго гэвэл what3words апп Voice recognition буюу аудио хэлбэрээр ажилладаг болох гэж байгаа. Эхний ээлжинд бид Англи хэл дээр энэхүү үйлдлийн тохиргоогоо хийж байгаа ба энэ нэмэлт нь тун удахгүй гарах гэж буй апп-ийн шинэ хувилбар дээр гарна.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС ТАНЬ ЮУ ВЭ?

Бидний хувьд Doing good by doing business буюу зөв замналаар ёс зүйтэй ажиллаж өөрсдийн технологиор дамжуулан нийгэм, эдийн засаг, улс орны хэмжээнд эерэг өөрчлөлтийг бий болгохыг чиглэл болгон ажиллаж байна. Монгол дахь төлөөлөгчийн газрын хувьд анхдагч гэдэг утгаараа өдөр тутмын үйл ажиллагаагаа бусад 5 улсад байгуулагдах гэж буй what3word-ийн төлөөлөгчийн газруудад үлгэр жишээ болгох зорилготой ажиллаж байгаа.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Саяхан Монгол дахь баг маань шинээр бүрдэж эрч хүчтэйгээр ажлаа эхлээд байна. Бид сүүлийн үед өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах хэдэн үе шаттай арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн хүргэлтийн үйлчилгээ, цахим худалдааний шинэ эринд хөл нийлүүлэн ажиллаж буй бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн байгаа. Одоогоор бид Монгол Шуудан, Монос, PizzaHut, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, UB Passport, Нийслэл Guide, Номадсын сүлжээ ресторан, Remax Best үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар гэх мэт газруудтай хамтран ажиллаж эхлээд байна. Ер нь бизнесүүдэд маань хүргэлт хийх, хаягтай ажиллах хэрэгцээ их байдаг болохоор манай технологийг талархаж хүлээж авч байна. Энэ нь цаашид энгийн иргэдийн өдөр тутмын амьдралд ямар давуу талыг авчрах вэ гэхээр бид зөвхөн тодорхой тооны хүргэлтийн үйлчилгээгээр үл хязгаарлагдахгүйгээр өөрсдийн хүссэн банк, санхүүгийн байгууллага, үүрэн сүлжээний томоохон компаниудаас кредит карт, сим карт гэх мэтийг цаг хугацаа алдахгүйгээр хаана байгаагаасаа үл хамааран хүргүүлэн авах боломжтой болно гэсэн үг юм.

Бид мөн энэ 6-р сард хэд хэдэн арга хэмжээ хийхээр төлөвлөж байна. 7-р сард Playtime хөгжмийн наадамтай хамтран ажиллахаар болсон байгаа. Тэгэхээр энэ жилийн Playtime дээр залуус ///нийцтэй.майхны.найзархаг гэсэн 3 үгийг ашиглаад Монгол шилтгээнд очиж болох бол очсон даруйдаа байршлаа олоод л найзуудаасаа төөрнө, нэгнийгээ олох гэж зүдрэх асуудалгүй болох нь.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Монгол улсад анхлан нэвтрүүлж буй шинэ технологи гэдэг утгаараа хэрэглэгчид болон байгууллагуудад технологийн давуу тал, бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг таниулах нь бидний хувьд гол анхаарал хандуулах зүйл гэж харж байгаа. Нөгөө талаас улсын хэмжээнд аваад үзвэл бид орчин үед цахим худалдаа, хүргэлтийн хэрэгцээ нэмэгдэж буй орчинд бизнес болон харилцагчийн үйлчилгээний салбарт далайцтай өөрчлөлтийг хийх гэж яваа болохоор ихээхэн урам зоригтой ажиллаж байна.

Татаж авах

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.