Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   06 сарын 05, 2017

Онцлох бизнес: Cannondale - Дэлхийн чанарыг монгол дугуйчдад

Урин дулаан цаг ирж, дугуйчид замдаа гарчээ. Жилээс жилд огцом нэмэгдсээр буй дугуйчдын армийг дэлхийн хэмжээний чанартай, стандарттай, баталгаатай бүтээгдэхүүнээр хангадаг нэгэн бизнесийг бид энэ удаа онцолж байна. Cannondale Mongolia бол унадаг дугуйн борлуулалтаар төрөлжсөн хамгийн анхны дэлгүүрүүдийн нэг бөгөөд өдгөө хамгийн олон нэр төрлийн дугуйг санал болгодог, бие даасан засвар үйлчилгээний төв ажиллуулж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг чухалчилдаг байдлаараа зах зээлд тэргүүлэгчдийн нэг болж нэгэнт чаджээ. Cannondale Mongolia-ийн үүсгэн байгуулагчдын нэг, триатлоны спортын улсын аварга Н.Оргилтой хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. 

Бизнесийн нэр: Cannondale Mongolia
Үйл ажиллагааны чиглэл: Дугуйн худалдаа, фитнесийн тоног төхөөрөмж нийлүүлэлт, консалтинг
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2010 оны 9-р сар
Үүсгэн байгуулагч: О.Ноож, Н.Оргил, Н.Наранбат
Ажилчдын тоо: 13
Вэб: Cannondale Mongolia

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Анхны санаа маань триатлоны спорттой шууд холбоотой. Миний бие усанд сэлэлт, дугуй, гүйлт гэсэн гурван спортыг нэгтгэсэн триатлоны спортоор хичээллэж байсан үе л дээ. Тэр үед л мэргэжлийн хэмжээнд бэлтгэл сургуулилалт хийж, тоног төхөөрөмжүүдийн талаар судлах үед манай оронд дугуйн спортын хөгжил зогсонги байдалтай, дугуйн бизнес өөрөө тэг цэг дээрээ байгаа болохыг анзаарсан. Үүгээрээ дамжуулж спортоо сурталчлах, хөгжүүлэхээс гадна олон нийтийн эрүүл мэндэд хэрэгтэй эерэг бизнес гэдэг утгаар хийхээр шийдсэн.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Хоёр талаас нийлж, өөр өөрсдийн хуримтлал дээрээс үндэслэн бизнесээ босгосон.

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?

Бид бүгд триатлоны спортыг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж байсан нэг хүрээллийн хүмүүс. Зорилго, тэмүүлэл нэгтэй байсан учир хамтрахаар болсон. Тухайн үед О.Ноож Триатлоны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол Н.Наранбат одоо ч шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.

Юугаараа онцлог, бусдаас өөр вэ?

Бид салбартаа дэлхийн топ брэндүүдийн нэг Cannondale болон GT-ийн дугуйнуудыг албан ёсны эрхтэйгээр борлуулдаг. Албан ёсны эрхтэй байснаараа бид сайн чанартай, олон улсын хэмжээний дугуйг вэб дээр байгаа үнээр нь монголын хэрэглэгчдэд зарж чаддаг юм. Мөн баталгаат хугацаа, үйлчилгээний стандартыг санал болгоно. Рам нь л гэхэд насан туршийн баталгаатай байх жишээтэй. Угаас эдгээр брэндүүд маань салбартаа үргэлж шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн санал болгодог, инновацилаг байдлаараа тэргүүлдэг.

Бид яг одоогоор 60 гаруй нэр төрлийн дугуй борлуулж байна. Ямар ч насны, ямар ч хэрэглээтэй хүмүүс өөрт тохирсон дугуйгаа олох боломжтой гэсэн үг. Үүнээс гадна дагалдах хэрэгслүүд, хувцас, хэрэглэлүүд бий. Өөрсдийн хэрэглээнээс хамаараад өөрийгөө иж бүрэн тоноглоод гарах бололцоог олгоно.

Мөн Хаан Банктай хамтран бид урьдчилгаагүй, хөнгөлөлттэй нөхцөл бүхий 2 жил хүртэлх хугацаатай лизингийн үйлчилгээг санал болгож байгаа.

Манай сервис төв "Оддын хотхон"-д байрладаг. Ямар ч брэндийн дугуйтай хүмүүс дугуйндаа тоноглол хийлгэх, засвар үйлчилгээ хийх шаардлага гарвал манайд хандаж болно. Зөвхөн сервис үйлчилгээгээрээ дагнаж ажиллаж байгаа бараг ганц газар байх.

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд унадаг дугуйн спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой санаачилгуудыг байнга дэмждэг. Эгнээндээ 200 гаруй гишүүдийг багтаасан "Залуу дугуйчин" клубийг хамтран үүсгэн байгуулж, долоо хоног бүр зохион байгуулдаг аялал, арга хэмжээнүүдийг нь дэмждэг. Клубийн гишүүд манай дэлгүүрээс хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой байдаг юм. Ийм клубийн гишүүн болж, аялалд нь хамрагдсанаар ялангуяа анхлан дугуй унаж байгаа хүмүүс илүү аюулгүй, хөгжилтэй байж, хамт олны нэг хэсэг болох давуу талтай байдаг.

Бизнесийн алсын хараагаа хэрхэн тодорхойлсон бэ?

Бид зөвхөн дугуйн борлуулалт биш спортоор төрөлжсөн цогц консалтинг үйлчилгээ үзүүлэгч болох алсын хараатай. Үүнийхээ хүрээнд фитнессийн тоног төхөөрөмж нийлүүлэх, фитнес төлөвлөлт зэрэг ажлуудад оролцож эхлээд байна. Барилгын зураг төсөл гарах үеэс нь буюу хоосон цаасан дээрээс эхлээд талбайн хуваарилалт, өрөөний зохион байгуулалтын ажлыг нь төлөвлөж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нь нийлүүлж, угсарч, сүүлд нь хүний нөөцийн асуудлыг нь шийдэх буюу багш, сургагч нараар хангах гэсэн цогц үйлчилгээг үзүүлэх зорилготойгоор ажиллаж байна.

Байгууллагын үнэт зүйлс, зарчим тань юу вэ?

Бидний хамгийн үнэт зүйл бол чанар. Бид дэлхийн брэндийг дэлхийн стандартын хамтаар Монголд авчирч, хэрэглэгчдэд сэтгэл ханамж өгөхийг зорьдог.

Үүнээс гадна "хэрэглэгчийн үнэнч байдал"-д ихээхэн ач холбогдол өгдөг. Бид ажиллагсдаа жил бүр сургалтанд хамруулж, салбарт маань ямар төрлийн шинэлэг бүтээгдэхүүн, инноваци явагдаж байгааг танилцуулан, хэрэглэгчдэд ямар мэдээлэл хүргэх вэ гэдэг талаас нь сургадаг. Дэлгүүрт орж ирсэн худалдан авагчид тохирсон дугуйг нь санал болгох, хэрэгтэй мэдээллийг хүргэх, туршиж унуулах, зөвлөгөө өгөх зэргээр үйлчилнэ. Бизнесийн логик талаасаа үнэтэй дугуйгаа зарах нь их ашиг өгч болох ч тохирсон дугуйг нь л санал болгохыг илүүд үздэг. Анх интерьерээ гаргаж, дэлгүүрээ нээхдээ ч эдгээрийг бодолцож, зохион байгуулалтыг нь өөрсдөө хийж байлаа.

Cannondale-ээс явуулдаг лояалти хэрэглэгчийн системийн дагуу дугуй эзэмшигчид Cannondale-ийн шошготой бусад бүтээгдэхүүнүүдийг 30-50 хувийн хямдралтайгаар авах боломжийг мөн олгодог.

Дугуй авсан хүн ганцхан удаа худалдан авалт хийгээд зогсдоггүй, ахиад нэмэлт хэрэгслүүд авахаас гадна дугуйгаа сэлгэж, шинэ худалдан авалт хийж байдаг онцлогтой. Cannondale-ээс дугуй авсан хүн дараагийн дугуйгаа авахдаа үргэлж буцаж ирж, манайхаас худалдан авалт хийдэгт би хувьдаа баяртай байдаг даа.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй тал нь юу вэ?

Агуулгаараа авч үзвэл манай бизнес нийгмийн сайн сайхан байдалд, нийтийн эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой, эерэг нөлөөлөл үзүүлж чадах бизнес юм. Анх үйл ажиллагаагаа эхлүүлж байхад дугуй зүгээр л хүүхдийн гадаа гарахдаа авч гардаг тоглоом төдий л эд байлаа. Харин одоо олон нийт дугуйн ач холбогдлыг ойлгож, хэрэглээ талаас нь хардаг болж байна. Олон хүн дугуй унаж ажил, сургуульдаа явж, спорт талаас нь хичээллэж, үр ашгийг нь хүртэж байна.

Илүүдэл жин, агаарын бохирдол, замын түгжрээ гээд олон том асуудал нийгэмд байна. Дугуй унаснаар хүн өөрөөсөө, хамгийн энгийнээр эдгээр асуудлын шийдэлд хувь нэмрээ оруулж байгаа гэж боддог. Манай бизнес байгаль орчинд, эрүүл мэндэд хамгийн ээлтэй бизнес байх.

Нөгөө талаар манай зах зээл жижигхэн, дугуй сонирхогчдын зах зээл бүр жижигхэн. Ийм нөхцөлд зарим өрсөлдөгчид маань хуурамч бүтээгдэхүүн борлуулах, хямдханаар зарах зэргээр ажиллаж байгаа нь харамсалтай санагддаг. Бүр манай брэндийн дугуйнуудыг "хулхийг" нь оруулж ирээд, хямдаар зарж олныг төөрөгдүүлсэн тохиолдол гарсан. Бидний хувьд бусад өрсөлдөгчтэйгээ нэгэнт л нэг зорилгын дор ажиллаж буй учир хамтарч ажиллаж, зах зээлээ хөгжүүлэхийг илүүд үздэг гэдгээ энэ ташрамд дуулгая.

Одоо та бүхэн юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Өмнө хэлсэнчлэн фитнесийн менежментийн консалтинг үйлчилгээндээ илүү анхааран ажиллаж байна. Бид Naadam, River Club зэрэг олон улсад үнэлэгдсэн хэд хэдэн газартай хамтран ажилласан. Монголд ирсэн олон улсын мэргэжилтнүүд FIBA-ийн стандартын заал, өндөр тааз, бүрэн тоноглолтой Naadam Fitness-ийг Азийн топ 10 клубийн нэг гэж үнэлсэн. Бид энэ тоог нэмэх зорилготойгоор хэд хэдэн төсөл дээр оролцоод явж байна. Фитнесийн тоног төхөөрөмжөөр дэлхийд тэргүүлэгчдийн нэг Matrix-тэй хамтарч ажиллаж байгаа.

Монголд бүрэн дэлгэрч амжаагүй байгаа дугуйн бусад төрлүүдийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой. Бид downhill буюу уулын дугуйн төрлийг хөгжүүлэх зорилгоор анхны тэмцээнээ зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Urban Downhill буюу хот доторх уруу зам дээрх дугуйн уралдааныг энэ ондоо явуулна. Мөн GT брэндтэй хамтран 10 тамирчныг сонгон авч, мэргэжлийн түвшинд бэлтгэж, олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц болгох хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа.

Cannondale-ийн хувьд энэ сарын дундуур 2017 оны унадаг дугуйн шинэ загваруудаа танилцуулахаар бэлдэж байна даа.

Хамгийн их борлуулагдаж буй эрэлттэй бүтээгдэхүүнээсээ танилцуулна уу?

Энэ жилийн хувьд хамгийн их борлуулагдаж буй дугуй бол Cannondale Trail 7 гэдэг дугуй байгаа. Европын дистрибьютер дээрээ урьдчилгаа нь төлөгдсөн байсан ч нийлүүлэлтээ хийгээгүй учраас манайд хөнгөлөлттэй үнээр орж ирэх боломжтой болсон. Үндсэн үнэ нь 1.5 сая төгрөг ч үүнээс шалтгаалан 800 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа дугуй. 29 инчийн, L размерын энэ дугуйг манайхан нэлээн сонирхож, авч байгаа шүү.

Гэрэл зургийг Э.Соёл-Оргил

26733   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.