Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   06 сарын 04, 2017

7 хоногийн тойм: Мазаалай сансарт + Америкийн ухралт + Реал Мадридын давамгайлал

Дэлхийг "гонсойлгосон" Трампын шийдвэр эсэргүүцэгчдийн нүдээр. Эх сурвалж: QZ | AP

Монголын анхны хиймэл дагуул

Монголын сансар судлалын салбарын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал өнгөрсөн шөнө боллоо. Энэ бол монгол инженерүүдийн гараар бүтсэн хиймэл дагуул сансарт хөөрсөн явдал юм. Э.Маскийн SpaceX-ийн бүтээсэн ахин ашиглагддаг пуужингуудын нэг Falcon 9-ий тээвэрлэж буй Dragon нэртэй сансрын хөлөг нь Олон Улсын Сансрын Станц руу 3 тонн орчим судалгааны материал, төхөөрөмж тээвэрлэж байгаа дотор манай улсыг төлөөлөх "Мазаалай" нэртэй бичил хиймэл дагуул багтаж байгаа гэнэ. Сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл BIRDS-ийн хүрээнд, Япон улсад сансрын инженерчлэлийн чиглэлээр докторантурт суралцаж буй МУИС-ийн судлаачид болох Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нарын бүтээсэн энэхүү хиймэл дагуул 400 км өндрөөс өндөр нягтаршилтай камерыг ашиглан 100 метрийн нарийвчлалтайгаар дэлхийн болон эх орныхоо зургийг сансраас хэсэгчлэн авч илгээхээс гадна 437MHz давтамжтай радио долгионоор дуут дохио ба Монгол Улсын төрийн дууллыг сансраас эгшиглүүлэх ажээ. Эдгээрээс гадна шинжлэх ухааны дөрвөн ч туршилтыг хийх "Мазаалай" хиймэл дагуулыг хөөргөснөөр Монгол улс сансарт өөрийн орон зайтай болж байгаагаараа ач холбогдолтой билээ. 11 дэх удаагаа Олон Улсын Сансрын Станц руу ачаа тээвэрлэж буй SpaceX 2 дахь удаагаа уг Dragon хөлгийг ашиглаж байгаа нь энэ ажээ. Сонирхуулахад, энэ нь NASA-ийн дэргэдэх Кеннедигийн сансрын төвөөс хөөрсөн 100 дахь сансрын нислэг болсон гэнэ. Энэ төвөөс хамгийн анхны сар луу хийсэн аялал мөн эхэлж байжээ.

МУИС: Монголын анхны “Мазаалай” хиймэл дагуулыг тээвэрлэх Фалкон-9 пуужин амжилттай хөөрлөө
Techcrunch: SpaceX-ийн ээлжит нислэг амжилттай боллоо

Монголоос гадна Бангладеш, Гана, Нигери улсууд BIRDS төсөлд хамрагдаж, анхны хиймэл дагуулаа хөөргөжээ.

Трампын огцом шийдвэр

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн жил дэлхийн 196 орны төрийн тэргүүний санал нэгтэйгээр баталсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг "Парисын тунхаглал"-аас улсаа гаргах болсныг зарласан нь олон нийтийг цочроов. 2100 он гэхэд дэлхийн дулаарлыг 1.5 градусаас ихгүй байхаар барьж, 2050 он гэхэд хүлэмжийн хийх хэрэглээг хязгаарлан тэгд хүргэх, мөн байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний технологи дахь хөрөнгө оруулалтыг нэмэх зэрэг чухал агуулгуудыг багтаасан энэхүү тунхаглалаас АНУ гарсан нь энэ хэлэлцээрийн цаашдын ирээдүйг ихээхэн бүрхэг болгов. Трамп сонгуулийн амлалтандаа хүрч энэхүү гэрээнээс татгалзаж байгаагаа зарлахдаа "Би Парисын биш Питсбургийн иргэдээс сонгогдсон. АНУ-ын эрх ашигт нийцсэн, ашигтай гэрээг ахин хийх болно" хэмээн мэдэгджээ. Тэрээр Б.Обамагийн амласанчлан АНУ-ын 3 тэрбум доллар хандивлах учиртай, хөгжиж буй орнуудад гэрээний заалтуудаа биелүүлэхэд туслах Green Cimate Fund-ийн санхүүжилтийн механизмыг онцлон шүүмжилсэн. Энэ шийдвэрийн дараагаар түүний зөвлөх багт ажиллаж байсан Цахиурын хөндийн нөлөө бүхий энтрепренер, Tesla, SpaceX-ийн Элон Маск, Диснейн CEO Роберт Айгер нар ажлаа хүлээлгэж өгч байгаагаа зарласан юм. Мөн Apple, Google, Facebook тэргүүтэй 25 компани нийлсэн мэдэгдэл гаргаж, АНУ-ын засаг захиргааг гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүсэн, өөрсдийн зүгээс гэрээний нөхцөлүүдийг биелүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг гүйцэтгэхээ батлан илэрхийлэв. Үүний дараагаар Калифорни, Нью Йорк, Вашингтоны амбан захирагчид нэгдэн, "Амбан Захирагчдын Нэгдэл"-ийг байгуулан, тус тусын муждаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, журмуудыг гарган хэрэгжүүлэхээ мэдэгджээ. Одоогоор тус нэгдэлд Америкийн нийт 51 сая иргэдийг төлөөлөх 180 хотын захирагч нэгджээ.

VOX: Трамп үгүй гэв. Яагаад? Тэр илүү сайн гэрээг хүсэж байна
NPR: Трампын шийдвэрээс үүсэх 5 үр дагавар

Урьдчилан таамаглагдаж байсан ч Трампын энэ шийдвэр олон талаараа "гэнэтийн" байв. Гэхдээ дэлхийн бусад улс орнууд Парисын хэлэлцээрийг урагшлуулна гэдгээ амласаар.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Андройд үйлдлийн системийг бүтээгч Энди Рубин өөрийн шинэ компани Essential-ийн эхний бүтээгдэхүүнүүдийг зарлалаа. Эдгээрээс хамгийн анхаарал татсан нь 699 доллараар борлуулагдах, онцгой дизайн, бат бөх чанартай гэх 360' камертай утас байв. Онлайн орчинд хар тамхи болон бусад хууль бус бүтээгдэхүүн борлуулагдах талбар болон хөгжиж байсан Silk Road-ийг үүсгэн байгуулагч Росс Ульбрих давж заалдах шатны шүүхэд ялагдал хүлээн, 2 жилийн өмнө хүлээсэн бүх насаараа хоригдох ял нь хэвээр үлдлээ. Хоолны орц, жорын хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг Blue Apron олон нийтийн компани болох хүсэлтээ гаргалаа. Өнгөрсөн жил 800 сая долларын борлуулалт хийсэн, нийт 2 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй тэд 2012 онд байгуулагдсан бөгөөд 100 гаруй сая доллар босгох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. IPO хийхээр зэхэж буй өөр нэг стартап Spotify Азийн зах зээлд нэвтрэх эхний оролдлогоо ойрын өдрүүдэд хийх гэж байгаа бололтой. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд 160 сая гаруй хэрэглэгчтэй Вьетнам болон Тайланд улсад үйлчилгээгээ нээх ажээ. Microsoft-ийн эзэмшдэг видео чат үйлчилгээний тэргүүлэх аппуудын нэг Skype маш том шинэчлэлийг хийлээ. Тэд зөвхөн видео дуудлага хийхээс илүүтэй сошиал чатын хэрэглээг хангах амбицтай байгаагаа илтгэн энэхүү өөрчлөлтийг хийсэн байна. Хэрэглэгчид видео дуудлагын үеэр видео, зураг хуваалцах боломжтой болсноос гадна Snapchat Stories-тэй төстэй, гэхдээ 24 цаг биш 7 хоног хадгалагдах Highlights болон чатбот, эможи, стикерүүд зэргийг нэмж хэрэглэх боломжтой болжээ. Snapchat-ийн гаргаж буй 149 еврогийн үнэтэй Spectacles шил энэ сараас эхлэн Европт худалдаанд гарах болсон байна.

The Verge: Exclusive: Энэ бол Essential утас
Forbes: Blue Apron-ий IPO-г ойлгох нь

360 градусын видео хийж, зураг авах боломжтой гар утас таны сонирхлыг татах уу?

Спортын ертөнцийн эргэн тойронд

Европын хөлбөмбөгийн клубийн түвшний хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн энэ улирлын цомыг Реал Мадрид хүртэв. "Эзэн хааны клуб" Кардифф хотноо болсон финалын тоглолтонд Ювентусыг 4:1-ээр бут ниргэснээр 2 жил дараалан аварга цол хүртсэн анхны баг боллоо. Тэд тэмцээний рекорд болох 12 дахь цомоо өргөж байгаа нь энэ. Өнөө цагийн хөлбөмбөгийн ертөнцийн өнгийг тодорхойлогч К.Роналду 2 гоолыг энэ тоглолтонд оруулж, тэмцээний мэргэн буучаар 12 гоолтойгоор тодров. Шигшээд 7 дахь удаагаа ялагдал хүлээсэн анхны баг болсон Ювентус тоглолтыг онцгой эхлүүлж, тооны харьцааг 1:1 болгон эхний үеийг өндөрлүүлсэн ч Мадридын багийн эсрэг хүчин мөхөсдөв. 39 настай домогт хаалгач Ж.Буффон 3 дахь удаагаа Аваргуудын лигийн финалд ялагдал хүлээжээ. Парист явагдаж буй теннисийн их дуулгын нэг Ролан Гарросын 4-р тойрог эхэлж байна. Эрэгтэйчүүдийн төрөлд чансааны топ 8-д бичигдсэн теннисчид бүгд шөвгийн 16-д үлдээд байгаа бол эмэгтэйчүүдийн төрөлд №1 чансаатай А.Кербер эхний тойрогт ялагдснаар өрсөлдөөн улам бүр сонирхолтой болоод байна. NHL-ийн энэ улирлын шигшээ тоглолт буюу Стэнлийн цомын төлөө Нэшвилл болон өнгөрсөн жилийн аварга Питтсбург өрсөлдөж буй. Эхний 2 тоглолтдоо ялагдаад байсан Нэшвилл талбайдаа хийсэн тоглолтдоо 5:1-ээр ялалт байгуулснаар харьцааг 1:2 болголоо. Харин NBA-ийн финал өнгөрсөн долоо хоногт эхэлж, Өрнөд бүсийн аварга Голден Стэйт Уарриорс Леброн Жэймсээр удирдуулсан Кливлендийг эхний тоглолтдоо хожжээ.

Eurosport: Зидан хэрхэн Мадридыг өөрчилж, түүх бүтээв?
NYT: Реал Мадрид хэрхэн аваргаа хамгаалав?

К.Роналдугийн 2 гоол тоглолтыг тэр чигт нь өөрчлөв.

Лондонд ахин халдлага боллоо

Лондон хотноо ахин халдлага боллоо. Лондоны хамгийн их жуулчид цуглардаг газруудын нэг Borough Market-ийн ойролцоо ачааны битүү тэрэг хөлөглөсөн гурван этгээд явган зорчигчдыг дайран, улмаар машинаасаа гаран эргэн тойронд байсан энгийн иргэдийг хутгалсан хэрэг гарчээ. Хэргийн улмаас 7 хүн амь насаа алдаж, 48 хүн гэмтэл авсан гэдгийг цагдаагийн газар мэдээлж байна. Цагдаагийн газрынхан дуудлага хүлээн авснаас 8 минутын дотор алан хядагчдыг буудаж, аюулгүй болгожээ. Алан хядагчид бүгд тэсрэх бөмбөг мэт харагдах цээживчтэй байсан ч тэр нь хуурамч байсан гэнэ. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар машин 80 орчим км/цагийн хурдтай явж байсан бөгөөд "Аллахын төлөө" хэмээн хашгирч, энгийн иргэд рүү халдаж байсан ажээ. Их Британид сүүлийн 10 долоо хоногт 3 дахь удаагаа алан хядах ажиллагаа болж байгаа нь энэ юм. 2 долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө Манчестер хотноо поп дуучин Ариана Грандегийн тоглолтын үеэр бөмбөг дэлбэрч, 22 хүн амь насаа алдсан. Үүний өмнө Лондоны төвд, Вестминстерийн ойролцоо машинтай этгээд мөн халдлага хийж, 5 хүний аминд хүрсэн билээ. Ирэх долоо хоногт явагдах гэж буй парламентийн ээлжит бус сонгуулийн өмнөхөн болсон энэхүү халдлагын дараагаар олон улс орны төрийн тэргүүд болсон явдалд эмгэнэл илэрхийлж, терроризмын эсрэг тэмцлээ чангатгаж, Британийн ард түмэнтэй хамт байгаагаа илэрхийлсээр байна. Филиппиний нийслэл Манила хотын нэгэн казинод зэвсэгт этгээд халдлага хийж, 37 хүний амийг хөнөөн, 70 гаруй хүнийг шархдуулсан хэрэг гарлаа. Цагдаагийн газрын мэдээлж байгаагаар хэргийг үйлдэгч нь Филиппиний иргэн байсан бөгөөд бооцоот тоглоомд өрөнд орсны улмаас мөнгө олох сэдлээр энэ хэргийг үйлдэж, улмаар дараа нь өөрийнхөө амийг егүүтгэсэн гэнэ. Тэрээр халдлага хийх үеэрээ казиногийн кассаас 2 сая орчим долларыг авсан байжээ.

BBC: Бид яг одоогоор юу мэдэх вэ?
CNN: Филиппиний халдлагад 37 хүн амь насаа алдав

Лондон хот айдас дунд автан байна.

16933   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.